Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 111/ШШ2019/0020

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга Н.Гантулга, нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга *******-д холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж зохих бичилтийг хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн *******ын ******* миний бие аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байгаад 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн Засаг дарга *******-ын “*******-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/88 дугаартай захирамжаар ажлаас халагдсан бөгөөд тус захирамжийн хууль бус болохыг Захиргааны хэргийн гурван шатны шүүх тогтоосноор аймгийн Засаг дарга

*******-ын 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн “*******-ийг ажилд томилох тухай” Б/156 дугаар захирамжаар ажилдаа эгүүлэн томилогдсон юм. Гэтэл Засаг дарга ******* 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “*******птангэрэлд сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халах тухай” ******* дугаартай захирамжаар хоёр сарын дараа дахин ажлаас хуулийн үндэслэлгүйгээр халаад байна. Би энэ захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны салбар зөвлөл гомдлын шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгасан, хариуг 2018 оны 7 дугаар сарын 29-ний дотор ирүүлнэ гэсэн албан бичиг ирүүлсэн боловч 7 дугаар сарын 29-ний дотор ирүүлээгүй учир шүүхэд хандаж байна. Би 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын ажлын байрны сонгон шалгаруулалтад орж тэнцэн тус ажлын байранд Төрийн албаны тангараг өргөж томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч юм. Миний мэргэжлийг ажлын байрны тодорхойлолтод нийцэхгүй байх буюу тухайн сонгон шалгаруулалтын ажлын байрны тодорхойлолт нь Газрын тухай хуулийн 20.3-т заасныг хангаагүй гэж тухайн үеийн Засаг дарга ******* үзэж аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөр сонгон шалгаруулалтын надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Захирамж хүчингүй болгох тухай” 288 дугаартай захирамжаар намайг ажлаас халж байсан.

Би энэ захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Нэхэмжлэгч ******* нь газрын харилцааны зохих мэргэжилтэй, тодруулбал Техникийн их сургуулийг Ашигт малтмалын ордын эрэл, зураглал мэргэжлээр төгсч /Геологич инженер мэргэшлийн цолтой/, түүнийг мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан гэж үзэн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдөр сонгон шалгаруулалтад бүртгэж оруулсан, түүний нэрийг дэвшүүлэх санал гаргасан нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан тухай илтгэх хуудас, танилцуулга, ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдож байна. Хуульд заасан болзол, шаардлагыг хангасан гэж үзэж сонгон шалгаруулалтад оруулсан, түүнчлэн нэр дэвшүүлэх саналаа тухайн үед гаргасан, холбогдох хуульд нийцүүлэн ажлын байрны тодорхойлолтоо боловсруулах нь захиргааны байгууллагын үүрэг атал нэхэмжлэгчийг энэ үндэслэлээр буруутгаж, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 141 дүгээр тогтоолыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.” гээд миний нэхэмжлэлийг хангаж 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар шийдвэрээ гаргасан ба Давах болон Хяналтын шатны шүүхүүд шийдвэрийг хэвээр үлдээж байсан юм.

Засаг дарга *******-ын *******-д сахилгын шийтгэл оногдуулж, ажпаас халах тухай” ******* дугаартай захирамжийн тэмдэглэл болон үндэслэл хэсэгт *******-ийн мэргэжил ажлын байрны тодорхойлолтод нийцэхгүй байна гэж дурьдсан байх бөгөөд зөвхөн энэ үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг хэрэглэж ажпаас халж байгаа нь уг захирамжийг хуульд үндэслэж гаргаагүй болохыг баталж байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэж шүүхэд хандаж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: “Иргэн ******* миний бие 2018 оны 8 сарын 02-ны өдөр танай шүүхэд аймгийн Засаг дарга *******-ын шийтгэл оногдуулж, ажлаас халах тухай ******* дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж зохих бичилтийг хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан юм. Би өөрийгөө хууль бус захирамжаар ажлаасаа үндэслэлгүй халагдсан, намайг ажлаас халсан захирамжийн хууль бус болохыг шүүх тогтоосон тохиолдолд урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох эрхтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа ажилдаа эгүүлэн тогтоолгох гэсэн шаардлагаар нэмэгдүүлж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлд тус тус заасныг үндэслэсэн миний хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн ДА-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ******* миний бие томилогдсон. Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/166 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн дагуу аймгийн хэмжээний нийт төрийн байгууллагуудын бүтэц, орон тоо, цалин тогтоолт, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн давхардал зэрэгт нэгдсэн хяналт шалгалтыг явуулсан. Уг шалгалтаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга *******-ийн мэргэжил нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын ажлын байранд тавигдах шаардлагад нийцээгүй байгаа нь шалгалтын явцад тогтоогдсон.

*******-ийн мэргэжил нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2017.12.27-ны өдрийн 1/2483 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын жишиг ажлын байрны тодорхойлолт, аймгийн Засаг даргын баталсан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагуудыг тус тус хангахгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн.”, 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалт “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байх тул *******-ийг Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай захирамжаар ажлаас халсан болно. Иймд *******лтангэрэлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Ц.А-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ******* миний бие томилогдсон. Аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “Нэгдсэн хяналт шалгалт хийх тухай” А/166 дугаар захирамжаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга *******-ийн мэргэжил нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажлын байрны жишиг тодорхойлолт, аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн.”, 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалт “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул *******ийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжаар ажлаас халсан.

*******-ийн ажилдаа эгүүлэн тогтоолгох гэсэн шаардлагыг нэхэмжлэлд нэмэгдүүлэх хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хуулийн 14.1-д хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн “Хөдөлмөрийн тухай” хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна.

Иймд *******-ийг ажпаас халсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж зохих бичилтийг хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж, нэхэмжлэлийн шаардлагыг “Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох”-оор ихэсгэсэн учир дээрх шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Маргаан бүхий захиргааны актыг хариуцагч 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гаргасан тул 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их хурлаас баталсан Төрийн албаны тухай хуулийг /хүчингүй болсон/ буцаан хэрэглэснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл тэдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна.” гэж заасан. Нэхэмжлэгч ******* Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Б/276  дугаар захирамжаар маргаагүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын улмаас аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул гуравдагч этгээдээр *******ийг таталгүй хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зарчмыг баримталж, *******-ийг төрийн албанд нэг жил орох эрхгүйгээр халсан үйл баримтыг түүний өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалыг өөр этгээдээр түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон үйл баримтаас тусдаа, өөрөөр хэлбэл үргэлжилсэн хууль зүйн факт гэж үзлээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, мэдүүлэг зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. “Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “*******-д сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халах тухай” ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “*******-ийг ажилд томилох тухай” Б/156 дугаар захирамжаар  *******-ийг Баянхонгор аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилжээ. Улмаар Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “*******-д сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халах тухай” ******* дугаар захирамжаар  *******-ийн мэргэжил нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсан аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын даргын ажлын байрны жишиг тодорхойлолт, аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8, 20.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халжээ.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т “хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх”, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д “аймаг, нийслэлийн газрын албаны даргыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн газрын албаны даргыг нийслэлийн газрын албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилох, чөлөөлөх”-өөр, 20 дугаар зүйлийн 20.3-т “аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны даргыг газрын харилцааны зохих мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн заалтуудыг үндэслэн *******-ийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажил, албан тушаалаас халсаныг шүүх хууль бус гэж үзлээ. Төрийн жинхэнэ албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй боловч ингэхдээ төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх зүйн харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн дараахь зохицуулалтыг анхаараагүй, үндэслэлийг тогтоогоогүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийг аль нэгийг ногдуулна.”, 26.1.1-д “сануулах”, 26.1.2-т “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж тус тус заасан.

Тухайн тохиолдолд ******* нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, 15 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл, 40 дүгээр зүйлд заасан хориглох зүйлийг аль алиныг зөрчөөгүй атал зөрчил гаргасан, албан үүргээ биелүүлээгүй төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалтыг үндэслэн халахаар захирамжилсныг үндэслэлгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актад дурдагдсан “...мэргэжлийн шаардлагыг хангаагүй...” гэх асуудал нь нэхэмжлэгчийг төрийн албанд нэг жил орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг ногдуулах үндэслэл биш байх бөгөөд Баянхонгор аймгийн Засаг дарга ******* хуулийн үндэслэлгүй захирамж гаргаснаараа Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.1-д “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... хууль дээдлэх зарчим баримтална.” гэж заасныг тус тус зөрчжээ.

Түүнчлэн төрийн байгууллагаас мөрдүүлэхээр гаргасан аливаа дүрэм журам, шийдвэр нь гарсан цаг хугацаанаасаа хойших харилцаанд үйлчилдэг бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ашигт малтмалын ордын эрх, зураглал мэргэжил  нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасан болзол, шаардлагыг хангасан гэж үзэн , нэгэнт томилон ажиллуулж байсан этгээдэд хамааруулан үзэх, хуулиас давсан шалгуурыг тогтоох боломжгүй юм.

Хоёр. “Урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч *******-ийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг хууль бусаар ногдуулсан нь дээрх байдлаар тогтоогдож, ажлаас халсан нь нэхэмжлэгчийн “хөдөлмөрлөх эрх”-ийг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” баталгааг алдагдуулсан байх тул урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж тус тус заасан. Нэхэмжлэгч *******ийн ажилгүй байсан буюу 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны нөхөн олговор 13.405.371  /Арван гурван сая дөрвөн зуун таван мянга гурван зуун далан нэгэн/ төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах нь зүйтэй.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.”, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч *******ийн үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдлийг тооцон түүнийг ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын дүнг гаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн /хүчингүй болсон/ 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгож, *******-ийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 13.405.371 /Арван гурван сая дөрвөн зуун таван мянга гурван зуун далан нэгэн/ төгрөгийг нэхэмжлэгч *******-д олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН