Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 107

 

МАГАДЛАЛ

 

2017.01.04                                                  Дугаар 107                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/05450 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: ХХХХ нь 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс “ХХХХ” ХХК-ийн сэлбэг захиалгын ажилтнаар 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад ажлаасаа үндэслэлгүйгээр халагдаж ажлаас халагдсан тушаалаа 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүний нөөцийн ажилтан ХХХХ-ээс гардаж авсан. Миний бие ажиллаж байх хугацаандаа аливаа ноцтой зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүр үлгэр жишээ гүйцэтгэж ирсэн болно. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “ХХХХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жерард Массоноос 16\01 дугаар мэдэгдлээр миний ажиллаж байсан сэлбэг захиалгын ажилтны орон тоог цомхтгож, хөдөлмөрийн гэрээг 2016 оны 5 дугаар сарын    15-ны өдрөөр дуусгавар болгож байгаа талаар мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдлийг миний бие 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээж авсан. Миний ажиллаж байсан ажлын байр нь байнгын үргэлжилсэн шинжтэй ажлын байр бөгөөд уг ажлын байрыг цомхтговол компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй байтал ажил олгогч хувийн санаа зорилгоор миний ажиллаж байсан ажлын байрыг цомхтгосон гэсэн шалтгаанаар намайг ажлаас халсан. Иймд “ХХХХ” ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 21 дүгээр тушаал нь хууль зөрчсөн болохыг тогтоож, нэхэмжлэгч ХХХХ намайг “ХХХХ” ХХК-ийн сэлбэгийн захиалгын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Монгол Улсад үүссэн эдийн засгийн хямралын улмаас компанид учирсан санхүүгийн хүндрэлийг даван туулах, компанийн үйл ажиллагааг доголдуулахгүй явуулах цогц арга хэмжээний хүрээнд Моннис группийн хэмжээнд нийт ажиллагсдаа багасгахаас өөр аргагүйд хүрсэн билээ. Группын хэмжээнд нийт ажилтнуудын тодорхой хувийг орон тооны цомхтголд оруулсан. Гэсэн хэдий ч тус компани ажилтнуудаа хуулийн дагуу цомхтгосон. Компанийн удирдлагын зүгээс сэлбэг захиалга, худалдааны хэлтсийн сэлбэг захиалгын ажилтны ажлын байрыг цомхтгохоор шийдвэрлэж, тухайн ажлын байранд ажиллаж байсан иргэн ХХХХтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуульд заасан журмын дагуу цуцалж, ажлаас нь чөлөөлсөн бөгөөд энэ нь дор дурдсан нөхцөл байдал болон нотлох баримтуудаар нотлогдоно.

“ХХХХ” ХХК нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг баримтлан 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр сэлбэг захиалгын ажилтны албан тушаалыг цомхтгож, тус албан тушаалд ажиллаж байсан ХХХХтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг гаргасан ба мэдэгдэлд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болгохоор тусгасан. Энэ талаар нэхэмжлэгч нь өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан байна. Ажил олгогчийн зүгээс ажилтныг 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллуулахаар мэдэгдэл өгсөн хэдий ч нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын гаргасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлаа гүйцэтгээгүй. Гэсэн хэдий ч компани мэдэгдэлд дурдсаны дагуу ХХХХийг 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласнаар тооцон уг хугацааны цалин болон ажлаас халагдсаны тэтгэмжийг нэхэмжлэгчид олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар “ажилтан ажлаас буруу халсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй” гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь ажлаас буруу халагдсан гэх гомдлоо мэдэгдэл хүлээн авсан өдөр буюу 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс хойш гүрван сарын дараа шүүхэд гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Компанийн хувьд сэлбэг захиалгын ажилтны албан тушаалыг цомхтгосон, энэ албан тушаалд ажилтан авч ажиллуулаагүй болно. Иймд компани нь сэлбэг захиалгын ажилтны албан тушаалыг цомхтгож, тухайн албан тушаалд ажиллаж байсан ХХХХийг хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлсөн. ХХХХийг ажилд эгүүлэн авах эдийн засгийн нөхцөл боломжгүй тул нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ХХХХийг “ХХХХ” ХХК-ийн сэлбэг захиалгын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 3 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 3 394 940 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХХ-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “ХХХХ” ХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ХХХХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 69 350 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг дутуу үнэлсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй ба нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. ХХХХ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Жерард Массон нь 2012 болон 2015 онд уг компанийн бүтэц, орон тоог батлан тушаал гаргаж байсан бөгөөд тулгараад буй эдийн засгийн хямралыг даван туулах зорилгоор Компанийн хуульд заасанчлан эрх олгогдсоны дагуу өөрийн эрх мэдлийн хүрээнд зарим орон тоог цомхотгоход хүрсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зохицуулсан. Ажилтны орон тоог цомхотгож байгаа нь ажил олгогч болон ажилтны хэн алиных нь буруутай үйл ажиллагаатай холбоогүй, санхүү эдийн засгийн хямралыг давж гарах, компанийг бүрэн дампуурахаас сэргийлж авч байгаа арга хэмжээ юм. Энэхүү хуулийн үндэслэлийг баримталж, Гүйцэтгэх захирал нь бүрэн эрхийнхээ хүрээнд шйдвэр гаргасан. Ингэхдээ удаан олон жил ажилласан, туршлагатай ажилтныг авч үлдэх зарчмыг барьсан ба сэлбэг захиалга хариуцсан 7 ажилтан хамгийн сүүлд буюу 2015 оны 5 сард ажилд орсон ХХХХ-ийн албан тушаалын орон тоог цомхотгосон. Эдгээр сэлбэг захиалга хариуцсан ажилтнуудын орон тоог 2015 онд Гүйцэтгэх захирал Жерард Массон тушаал гаргаж тогтоож байсан бөгөөд уг тушаалын нотариатаар гэрчлүулсэн хуулбар нь хэрэгт авагдсан баримт болно. Бусад 6 ажилтнууд нь хамгийн багадаа компанид 5 жил ажилласан бөгөөд ХХХХ-ийн хариуцаж байсан сэлбэг захиалгын ажилтны ажил үүргийг өмнө нь хийж байсан, цаашид ч хавсран ажиллах боломжтой ур чадвартай ажилтнууд юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг 40.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болгоход дараах 2 шаардлагыг тавьсан. Энэ талаар ажилтанд 1 сарын өмнө мэдэгдсэн байх, ажилтанд 1 сараас доошгүй хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон байх. Компанийн зүгээс ХХХХд сэлбэг захиалгын ажилтны орон тоог цомхотгож, ажлаас чөлөөлөх болсон талаар 2015 оны 3 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдэж, мэдэгдэл гардуулсан ба уг мэдэгдэлд ХХХХ гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагддаг. ХХХХ нь ийнхүү мэдэгдэл авснаас хойш ажлаа орхиж явсан бөгөөд нэг ч удаа ажилдаа эргэж ирээгүй, ажлаа зохих ёсоор ч хүлээлгэн өгөөгүй. Энэ нь түүний цаг бүртгэлийн программд бүртгэл хийгдээгүй болохыг нотолсон баримтаар тогтоогддог. Гэсэн ч компанийн зүгээс ажилтныг гомдоохгүй байх, орлогыг тасалдуулахгүй байх үүднээс 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл хугацааны цалинг бүрэн олгосон. Мөн түүнд 1 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон ба энэ нь хэргийн материалд авагдсан ХХХХ-ийн 3-5 сард дансанд нийтдээ 2 800 000 төгрөгийн цалин бодож шилжүүлсэн баримтаар нотлогддог.

Дээрхээс харахад компанийн зүгээс сэлбэг захиалгын ажилтны орон тоог цомхотгох буюу цөөрүүлж, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан, ажилтны хууль ёсны эрх ашгийг огт зөрчөөгүй болохыг анхан шатны шүүхээс зөв дүгнээгүй, нотлох баримтыг тал       бүрээс нь бодитой шинжилж үзэлгүй хэт нэг талыг барьж, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 21 тоот тушаалаар нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ХХХХд бүтэц орон тооны өөрчлөлтөөр орон тоо хасагдсан тухай мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу гардуулан өгсөн, тухайн өдрөөс хойш ажлаас чөлөөлөх хүртэл хугацаанд нэхэмжлэгч ажилдаа ирээгүй, түүнд 2016 оны 3-5 дугаар сарын цалинг бүтэн, ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг олгосон үйл баримтын талаар зохигч маргаагүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...“ХХХХ” ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлд гүйцэтгэх захирлын эрх үүргийг тодорхойлж өгсөн, түүнд компанийн бүтцэд өөрчлөлт оруулах, орон тоог цомхотгох тухай эрх олгогдоогүй...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт буюу хариуцагч компанийн дүрмийн 8.4.4-т гүйцэтгэх захирал нь “...ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах эрхтэй” байхаар заажээ.

Ажлын байрны тоо, байгууллагын бүтцийн асуудал нь ажил олгогчийн эрх хэмжээнд хамаарах бөгөөд хариуцагчаас ХХХХтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал нь хууль зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/05450 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул ажилд тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдох ХХХХ-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 139 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ТУЯА

 

        ШҮҮГЧИД                                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                      М.НАРАНЦЭЦЭГ