Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 149/ШТ/0039

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                 С.Төртулах

                        Улсын яллагч                               О.Нандинцэцэг

                      Хохирогч                                       Ц.Бб

                      Шүүгдэгчийн өмгөөлөгч               А.Хандмаа

                        Шүүгдэгч                                          Г.Ч нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Чт холбогдох 2132000000025 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *оршин суух хаягтай. Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Их хотгойд овогт Ганболдын Ч /РД:* /

 

Холбогдсон хэргийн талаар:

Г.Ч нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ц.Ббын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ч мэдүүлэхдээ:...2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр би Төв аймгийн Сүмбэр суманд байдаг гэрээсээ баз хүргэн болох Д.Тгтэй хамт Сэлэнгэ аймгийн Мандал суманд мотоцикл худалдаж авах гэж ирээд хамт явсан дүү бас нэг хөлдөөгч худалдаж аваад машиндаа ачаад явж байгаад Ц.Бб гэдэг найз дүүтэйгээ таарч уулзаад бид хоёр архи дарс уугаад намайг Ц.Бб гаргаж өгөх гэж Сэлэнгэ аймгийн Мандал сумаас гарах “Мандал сум” гэсэн бичигтэй самбар дээр хамт очиж тэнд бид нар архи уучхаад жаахан юмнаас болоод маргалдсан. Тэгээд зодоон цохион болчихсон байсан. Тухайн үед би Ц.Ббыг барьж байсан аягаараа баруун талын шанаа тус газарт нь нэг удаа зохисон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Бб мэдүүлэхдээ:“...2021 оны 03 сарын 09-ний оройн 18 цагийн үед Мандал сумын гарах хаалга буюу “Мандал сум” гэсэн бичигтэй самбартай газарт энэ хэрэг болсон. Тухайн өдөр Д.Тг, Г.Ч хоёртой би Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвд байрлах “Сувд” гэх цайны газар таарахад Г.Ч “Сэлэнгэ аймгийн Мандал суманд мотоцикл авах зорилготой ирсэн” гэж хэлээд “ Ббаа ах нь нэг ганц юм уумаар байна мөнгө байна уу” гэж хэлсэн. Тэгээд би нэг шил архи авч өгөөд тэндээ мотоцикл авсан хүнтэйгээ хамт хувааж уусан. Дараа нь мотоцикл зарсан хүн нь ахиж нэг шил 0.5 литрийн шилтэй архи авч бид хувааж уусан. Тэгээд би Г.Ч, Д.Тг хоёрыг гаргаж өгөх гээд самбартай хөтөл рүү явсан. Очоод удаагүй Г.Ч бид хоёр муудалцсан. Урьд нь бас нэг муудалцсан байсан. Тэр асуудлаа яриад байж байтал миний толгой руу Г.Ч аягаар нэг удаа цохисон. Одоо миний биеийн байдал бариа заслаар яваад гэртээ байгаа. Шөнө унтаж чадахгүй байгаа. Би нээх гомдол санал гээд байсан юм байхгүй. Тархи толгойгоо л гайгүй болгож байвал нэгнийхээ мууг үзээд яах вэ гэж бодож байна. Үзүүлээд өгөх байх гэж бодож байна, одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй байна...гэжээ.

Эрүүгийн  2132000000025 тоот хавтаст хэргээс:

           Хохирогч Ц.Бб мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Г.Ч бид хоёр хэдэн жилийн өмнө маргалдаж, муудалцаж байсан тэр зүйлийг дахин яриад хоорондоо жоохон маргалдсан. Мандал самбар дээр Г.Чын хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад Д.Тг ах машиндаа утсаар яриад сууж байсан. Г.Ч бид хоёр хоорондоо маргалдаж байхад Д.Тг ах машинаасаа бууж ирээд “Та хоёр одоо болсон байна, битгий маргалдаад бай” гэж хэлээд ууж байсан 0.5 литрийн шилтэй тал архийг аваад хогийн цэг рүү шидэх үед Г.Ч аяга аваад миний толгой хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 07-08 дугаар хуудас/,

Гэрч Д.Тг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ц.Бб, Г.Ч хоёр гадаа уг архины талын уучхаад хоорондоо маргалдаад байх шиг байсан. Би хоорондоо маргалдаад байхаар нь машинаасаа буугаад Ц.Бб, Г.Ч хоёрын дэргэд очоод “та хоёр одоо болсон байна, хоорондоо битгий маргалдаад бай” гэж хэлээд ууж байсан тал архийг нь аваад хогийн цэг рүү хаячхаад эргээд хартал Г.Ч ууж байсан аягаараа Ц.Ббын толгой хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд Ц.Бб, Г.Ч хоёрыг салгаад Ц.Батбаярыг машиндаа суулгаад Мандал сумын нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12 дугаар хуудас/,

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 61 дугаартай “ Ц.Ббын биед баруун чамархайд хуйханд шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/, яаралтай тусламжийн хуудас /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын оршин суугаа газрын хаягийн лавлагаа /ХХ-ийн 39 дүгээр хуудас/, Шүүгдэгч Г.Ч ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 42 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.                

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Нэг.Шүүгдэгч Г.Чыг гэм буруутайд тооцох талаар:

  Шүүгдэгч Г.Ч нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ц.Ббын толгойн тус газарт нь шилэн аягаар цохиж Ц.Ббын биед баруун чамархайд хуйханд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Хохирогч Ц.Ббын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 07-08 дугаар хуудас/, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Шинжээчийн №61 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Г.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:Хохирогч Ц.Ббаас хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна. Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно. 

 

         Гурав.Шүүгдэгч Г.Чт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Г.Ч нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ц.Ббын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Г.Чт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 600 нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 6 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Ч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Их Хотгойд овогт Ганболдын Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чыг 600 нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Г.Чын торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.