Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 149/ШТ/0041

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                 С.Төртулах

                        Улсын яллагч                               О.Нандинцэцэг

                        Шүүгдэгч                                          Ц.З нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Зд холбогдох 213200000033 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суух хаягтай. Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 09-ны 155 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112-р зүйлийн 2-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цогтын З /РД:*/

 

Холбогдсон хэргийн талаар:

Ц.З нь 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Үтрэмийн 2-44 тоотод Б.Тбын эрх, эрх чөлөөнд халдаж,  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.З мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн миний мэдүүлэг үнэн зөв тул шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

Эрүүгийн  213200000033 тоот хавтаст хэргээс:

Шүүгдэгч Ц.З нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 04 дүгээр сарын 11-ний орой 18 цагийн орчим өөрийн төрсөн дүү Ц.Бжын байшинд ороход ширээн дээр нэг бүтэн том пиво байсан. Тэгээд Б.Тб бид хоёр ширээний 2 талд суугаад би Б.Тбт “яагаад Ц.Бжын гэрт архи пиво авч ирээд уугаад байгаа юм бэ” гэхэд “би авчраагүй Одко гэх эмэгтэй авчирсан” гэж хэлээд байж байхад гаднаас Б.Тбын эхнэр Б.Дб, Ц.Бж 2 орж ирсэн. Б.Тб бид 2 хоорондоо хэрэлдэж маргалдаад Б.Тб аяганд пиво хийгээд өгөхөөр нь би тэр аягатай пивыг Б.Тб рүү шидээд гараад яваад өгсөн. Тэгсэн Б.Тбын чихэнд оносон байсан би тэрийг мэдээгүй...гэжээ.

           Хохирогч Б.Тб мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн орчим би эхнэр Дбийн хамт дэлгүүр ороод буцаж харих замдаа Үтрэм 2-44 тоотод оршин суух Ц.Бжын гэрт нь ороход Бадамжаргал, Одко гэх эмэгтэйн хамт нэг шил архи хувааж уугаад сууж байсан. Тэгээд гаднаас Ц.Бжын ах Ц.З танихгүй хүнтэй цуг ирсэн. Ц.Бж “пиво хийгээд өгчхөөч” гэж Б.Дбд хэлэхээр нь би “яах гээд байгаа юм бээ, би хийгээд өгье” гээд Ц.Зд пиво хийж өгсөн. Ц.З надад хэлэхдээ “өдөр болгон манай дүү Ц.Бжынд архи уугаад байх юм” гэж хэлэхээр нь би “Ц.Бжд архи авч ирээгүй, намайг ирэхэд уугаад сууж байсан, энэ архи уугаагүй” гэж хэлэхэд аягатай пивоо миний нүүр лүү шидэхээр нь хажуу тийшээ болоход миний баруун чихийг оносон. Тэгээд Ц.З бид хоёр заамдалцаж аваад Ц.З миний уруул руу гараараа цохисон. Миний өмсөж байсан цамцыг татаад миний толгойг доошоо татсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 11 дүгээр хуудас/,

Гэрч Б.Дб мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “... Ц.Бж надад “наад пивоноосоо Ц.З ахад аягалаад өгчих” гэхээр нь би “үгүй” гэхэд Б.Тб пиво аягалаад өгөхөд Ц.З “та нар өдөр болгон ирж архи уух юм” гээд хоорондоо маргалдаад байсан. Б.Тб аяганд пиво хийгээд Ц.Зд өгөөд “уу” гэж хэлэхэд Ц.З аягатай пивоо Б.Тб руу шидээд, Б.Тбын өмсөж байсан юүдэнтэй цамцыг толгой дээгүүр нь давуулаад хоорондоо зууралдсан. Б.Тбын баруун талын чихнээс цус гараад тогтохгүй байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/,

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 85 дугаартай “ Б.Тбын биед баруун чихний дэлбэнгийн ар болон урд хэсэгт шарх, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/, яаралтай тусламжийн хуудас /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 31 дүгээр хуудас/, Шүүгдэгч Ц.Зын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 40 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг болно.                

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Нэг.Шүүгдэгч Ц.Зыг гэм буруутайд тооцох талаар:

  Шүүгдэгч Ц.З нь 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Үтрэмийн 2-44 тоотод Б.Тбын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хохирогч Б.Тбын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 11 дүгээр хуудас/, гэрч Б.Дбийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Шинжээчийн №85 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, мөн шүүгдэгч Ц.З нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:Хохирогч Б.Тбаас хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна. Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно. 

 

         Гурав.Шүүгдэгч Ц.Зд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.З нь 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Үтрэмийн 2-44 тоотод Б.Тбын эрх чөлөөнд халдаж,  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.З нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ц.Зд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.З энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Цогтын Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зыг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Ц.Зын торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт Ц.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.