| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/01817/И |
| Дугаар | 1448 |
| Огноо | 2016-04-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 1448
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн ХЛ57032371 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, эрдэнэтолгойн 6 дугаар гудамж 26 тоотод оршин суух, Цэвэг овогт Жамбалдоржийн Гансүхийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Гансүх шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гансүх миний бие 1979 оны 09 дүгээр сарын 1-нд 2 дугаар конторт мужаанаар ажилласан. 1988 оны 11 сарын 21-нд мужааны үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Худалдааны 2-р конторт ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарж ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад өгөх өөр ямарч баримт байхгүй, энэ тэнд шүүлгэж үзэхэд баримт тодорхойгүй байна. Иймд намайг 1979 оны 09 дүгээр сарын 1-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Худалдааны 2-р конторт мужаанаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Гансүх нь ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Ц.Гансүх нь 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд Худалдааны 2 дугаар конторт мужаанаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, 1975 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1976 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 126 дугаар Зам гүүрийн барилга трестийн зам барилгын ашиглалтын конторын даргын ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1975 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 116 дугаар Зам гүүрийн барилга трестийн зам барилгын ашиглалтын конторын даргын ажилд томилох тухай тушаал зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, түүнийг 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл Худалдааны 2 дугаар конторт мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Цэвэг овогт Жамбалдоржийн Гансүхийг 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд Худалдааны 2 дугаар конторт мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ