Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/19

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2025000000432 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр согтуурсан үедээ Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг дэвсгэр Нарангийн энгэр гэх газарт хувийн таарамжгүй улмаас М.Этэй маргалдаж, нуруун тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч М.Э “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6хуудас/

 

2. Хохирогч М.Эийн “2020 оны 10 сарын 16-ны өдөр Б.Б-лгын хамт Жаргалант сум руу хамаатных нь залуу болох Г.Батмөнхийн гэрт очсон. Г.Б-хийн гэрт архи уусан. Б.Б намайг чи ямар хурдан согтдог юм бэ гээд маргаад байсан. Бид хоёр айлд хэрүүл хийгээд яахав гээд гэрээс гарч гадаа маргасан. Б.Б гутлынхаа түрийнээс шар иштэй хутга гаргаж ирээд миний нуруу руу нэг удаа хутгалсан. Би шууд сумын эмнэлэгт үзүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8хуудас/

 

3. Гэрч Г.Б-хийн “Манай гэрт хамаатны залуу Б.Б нэг танихгүй залуугийн хамт ирсэн. Тэр залууг М.Э гэж байсан. Б.Б, М.Э нар манайд ирэхдээ бага зэрэг халамцуу, бас нэг шил архитай манайд ирсэн. Авчирсан архийг нь бид гурав хувааж уусан. Б.Б та айлын шалан дээр шүлсээ хаялаа гээд М.Эийг загнаад байсан. М.Э нь айлд хоёулаа маргаад яах вэ гээд манайхаас гараад явсан. Намайг гэрт байхад М.Э нь Б.Б намайг хутгалчих шиг боллоо гээд хаширсан. Тэгэхээр нь гэрээс гараад тэр хоёрыг салгасан. М.Эийн нуруунаас цус гаргасан. Манай эхнэр Энхцогзол түргэн дуудсан. Удалгүй түргэн цагдаа ирээд Б.Б, М.Э нарыг аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-10-р хуудас/

 

4. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 748 дугаартай “М.Эийн биед нуруунд шарх, нуруу, баруун нүдний доод зовхинд цус хуралт, нүүрэнд зулгаралт үүсчээ. Нуруунд шарх, нуруу, баруун нүдний доод зовхинд цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 14-15-р хуудас/

5. Яллагдагч Б.Б-гын “М.Э ах айлын шалан дээр шүлсээ хаясан. Тэгэхээр нь би уурлаад та согтуу байгаа юм уу гээд М.Э ахтай маргалдсан. М.Э ах хоёулаа айлд маргаад яах, гэрээс гаръя гэхээр нь би дагаад гарсан. Гэрээс гараад М.Э ах намайг заамдаад авахаар нь би айсандаа гутлын түрийнд байсан хутгаар М.Э ахын баруун талын нурууны дунд хэсэгт нь нэг удаа хатгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч М.Этэй маргалдаж улмаар нуруун тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Б-гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогчид 250 000 төгрөгийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болох саарал өнгийн подволк, шар иштэй хутга, архины шил зэргийг устгах нь зүйтэй. Шүүгдэгчийн эзэмшлээс битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Эийн “2020 оны 10 сарын 16-ны өдөр Б.Б-гын хамт Жаргалант сум руу хамаатных нь залуу болох Г.Б-хийн гэрт очсон. Г.Б-хийн гэрт архи уусан. Б.Б намайг чи ямар хурдан согтдог юм бэ гээд маргаад байсан. Бид хоёр айлд хэрүүл хийгээд яахав гээд гэрээс гарч гадаа маргасан. Б.Б гутлынхаа түрийнээс шар иштэй хутга гаргаж ирээд миний нуруу руу нэг удаа хутгалсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Б-хийн “Манай гэрт хамаатны залуу Б.Б нэг танихгүй залуугийн хамт ирсэн. Тэр залууг М.Э гэж байсан. Б.Б, М.Э нар манайд ирэхдээ бага зэрэг халамцуу, бас нэг шил архитай манайд ирсэн. Авчирсан архийг нь бид гурав хувааж уусан. Б.Б та айлын шалан дээр шүлсээ хаялаа гээд М.Эийг загнаад байсан. М.Э нь айлд хоёулаа маргаад яах вэ гээд манайхаас гараад явсан. Намайг гэрт байхад М.Э нь Б.Б намайг хутгалчих шиг боллоо гээд хашгирсан. Тэгэхээр нь гэрээс гараад тэр хоёрыг салгасан. М.Эийн нуруунаас цус гарсан. Манай эхнэр Энхцогзол түргэн дуудсан” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 748 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр согтуурсан үедээ Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг дэвсгэрт Нарангийн энгэр гэх газарт хувийн таарамжгүй улмаас М.Этэй маргалдаж, нуруун тус газар нь хутгалж, нуруунд шарх, нуруу, баруун нүдний доод зовхинд цус хуралт, нүүрэнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Б нь шууд санаатай үйлдлээр бусдын нуруун тус газарт хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Баттулгыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч М.Эийн эрүүл мэндэд нуруунд шарх, нуруу, баруун нүдний доод зовхинд цус хуралт, нүүрэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар саарал өнгийн подволк 1 ширхэг, шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, “нутаг” нэртэй архины шил 1 ширхэг хураагдаж ирснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чонос овгийн Б.Б-гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гыг 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн саарал өнгийн подволк 1 ширхэг, шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, “Нутаг” нэртэй архины шил 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС