Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/24

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М-О

Улсын яллагч Б.О-Э

Хохирогч И.Т

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мт холбогдох эрүүгийн 2025000000437 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч М.М нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 46-**б тоотод гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн И.Тийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ “Мэдүүлэх зүйл байхгүй. Хэрэгт үнэн зөв тусгагдсан байгаа. Хохирогчийг цохьсон нь үнэн. Унагаж өшиглөсөн зүйл байхгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч И.Т мэдүүлэхдээ “Эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна. Харын яс хугарч эдгэрсэн” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч И.Т-ийн: “Баяраа гаднаас орж ирээд намайг тэврээд өвөр дээрээ суулгаад байхаар нь битгий миний биед хамаагүй хүрээд бай гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг өвөр дээрээ суулгаад үнсээд тавихгүй байхаар нь би уруулнаас нь хазаад тавиулсан чинь миний нүүр рүү 2-3 удаа цохиод газарт унасан байхад хүртэл дээр гарчихаад ямар зэвүүн хүүхэн бэ гээд гараараа цохиод байсан. Тэгээд би гутлаа өмсөөд үүдээр гарах гэж байгаад хаалганд нь гутал хавчуулагдаад урагдчихсан. Тэгээд арай гэж зугтааж гэртээ харьсан. Цаашид эмчилгээ хийлгэх зардал болон, урагдсан гутлаа төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 5-6-р хуудас/

 

2. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 796 дугаартай “И.Тийн биед зүүн нүдний зовхи, нүдний алимны салст, зүүн шанаанд цус хуралт үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл ба 11-р сарын 3-ны өдөр үүссэн байх боломжтой. Зүүн нүдний зовхи, нүдний алимны салст, зүүн шанаанд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 12-13-р хуудас/

 

3. Яллагдагч М.М-рын “И.Т миний өвөр дээр ирж суугаад намайг үнсээд байсан. Тэгж байгаад миний доод уруулнаас чанга хазаад болиоч гэсэн чинь тавихгүй байсан. М хажууд байсан бас болиоч гэсэн чинь болихгүй байсан болохоор би нэг удаа гараа зангидаж байгаад нүүр лүү нь цохьчихсон юм. Миний уруул хавдаад цус хураад язарсан байсан. Тэгээд их өвдөөд байхад болохгүй байсан учраас цохьчихсон юм. Миний буруу” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлтдээ:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.О-Э дүгнэлтдээ “Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ И.Т-ийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн зүгээс нотлох баримтаа гаргаж өгөөгүй учраас эмчилгээний зардал цаашид гарах нэхэмжлэх зүйлээ иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээх саналтай байна. М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн бол ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэж байсан учраас 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна. Энэ шүүх хуралдаанд шүүгдэгчээс гаргуулах зардалгүй. Битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан баримтгүй байна. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч И.Тийн “Баяраа гаднаас орж ирээд намайг тэврээд өвөр дээрээ суулгаад байхаар нь битгий миний биед хамаагүй хүрээд бай гэж хэлсэн тэгсэн чинь намайг өвөр дээрээ суулгаад үнсээд тавихгүй байхаар нь би уруулнаас нь хазаад тавиулсан чинь миний нүүр рүү 2-3 удаа цохиод газарт унасан байхад хүртэл дээр гарчихаад ямар зэвүүн хүүхэн бэ гээд гараараа цохиод байсан. Тэгээд би гутлаа өмсөөд үүдээр гарах гэж байгаад хаалганд нь гутал хавчуулагдаад урагдчихсан, тэгээд арай гэж зугтааж гэртээ харьсан. Цаашид эмчилгээ хийлгэх зардал болон, урагдсан гутлаа төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 796 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.М нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 46-**б тоотод гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн И.Тийг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, нүдний алимны салст, зүүн шанаанд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар.

 

            Шүүгдэгч М.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч И.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ гэсэн боловч холбогдох нотлох баримтаа ирүүлээгүй, нэхэмжлэл шаардлагаа хэрхэн гаргахаа мэдэхгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Адуучин овогт М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мт оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч И.Т нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС