| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0036/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/40 |
| Огноо | 2021-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/40
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н
Улсын яллагч Н.Д
Шинжээч эмч Ж.Г
Гэрч Д.С, Г.Э
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.О, Я.Э
Шүүгдэгч Д.Б, Д.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б, Д.С нарт холбогдох эрүүгийн 2025000000344 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
2. Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-27-** тоотод Д.С-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар Д.С-гийн үснээс зулгааж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б, Д.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ “2020 оны 08 дугаар сарын 27-ны орой Д.С руу мессеж бичсэн. Яагаад мессеж бичсэн гэхээр манай нөхөр лүү залгаж ярьсан учраас Д.С руу мессеж бичсэн. Яагаад миний нөхөр лүү залгаад байгаа юм бэ? ямар учиртай юм бэ өгөх юм аа өгөөч хол бай гэсэн мессеж бичсэн. Эргүүлээд над руу мессеж бичиж доромжлоод байхаар мессеж бичихгүй орхисон. Тэгээд удалгүй хаалга тогшоод манай охин хаалгаа онгойлгосон чинь Д.С дүүтэйгээ орж ирсэн. Намайг элдэвээр доромжилж чи яах гэж ингэж мессеж бичээд байгаа юм бэ? чамд ямар гэм хийсэн юм бэ? гэж хэлсэн. Тэгээд би намайг элдэвээр доромжлож миний нөхөртэй явалдсан юм бишүү гэж хариу хэлсэн. Д.Сгийн дүү элдэвээр хэлж доромжлож дуугай байхгүй бол нөхрөөс чинь салгаж чадна шүү гэж хэлсэн. Тэгээд би чи нөхөртэй маань явалдсан нь үнэн биз дээ баталгаатай хүнээс сонссон гэж хэлсэн. Удаагүй гичий минь гэж ирээд үснээс зулгааж буйдан руу унагааж эргүүлж үснээс зулгааж газар унагааж дүү нь ирж үснээс зулгаасан. Яаж энэ хоёроос салснаа мэдэхгүй байна. Нэг мэдэхэд манай нөхөр Д.С дүү хоёрыг хөөгөөд гаргасан байсан” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ “2020 оны 08 дугаар сарын 27-ны орой Д.Б-гаас мессеж ирсэн. Нөхөртэй нь ямар ч холбоогүй найзын журмаар харьцаж байсан. Д.Б руу янхан банзал гэсэн мессеж явуулаагүй. Намайг Д.Б гүтгэж байна. Тухайн өдөр нөхөртэйгөө явалдсан гэсэн мессеж бичээгүй. Надад ирсэн мессеж нь хайртай хүн чинь зовох болно гэж доромжлосон мессеж ирсэн. Харилцан мессеж бичиж байгаад залгасан, Д.Сын утаснаас залгасан бас утсаа аваагүй. Нөхөрлүү нь залгасан. Нөхөр нь чи бид хоёрыг хардаад зүгээр байлгахгүй байна гэж хэлсэн тэгээд гэрт нь очсон. Яасан гэж чи хардаж байгаа юм бэ гэж асуусан. Д.Б гарч учраа олно гэж хэлсэн. Би нөхрийнх нь хажууд учраа олно гэж хэлсэн. Тэгээд хувцасаа өмсөөд хэрэлдэж байсан. Чи яасан гэж нөхөртэйгөө хардаж байгаа юм бэ гэсэн чинь Д.Б танай Оюу эгч чинь хэлсэн гээд тэгээд би газар дээр нь Оюу эгч рүү залгасан. Тэгээд Оюу эгч би тэгэж хэлээгүй юу яриад байгаа юм бэ? гээд Д.Б үгүй Лхагва ах чинь нөхөртэй чинь унтаж байсан гэж хэлсэн гэсэн тэгээд гарч учраа олно гээд байсан. Д.Бг үсэдсэн намайг үсдээд тэгээд би үснээс нь зулгаасан тэгээд буйдангийн хажуу талд унаад би доор нь унаад Д.Б дээр үснээс зулгааж байсан. Тэгээд Д.Бгийн гарыг дүү маань тавиулаад нөхөр нь Д.Бгийн гарыг тавиулсан. Удаан үсдэж зогсоогүй чи эхлээд тавь гэж хэлсэн. Тэгээд гаднаас Д.Бгийн эгч нь орж ирсэн. Нөхөр нь гэнэт уурлаад шүүгээрүүгээ очиж хутга аваад намайг хүн алахад битгий хүргээрэй гэж хэлээд дүү рүү маань чиглэсэн байсан. Дүү маань жирэмсэн байсан. Манай дүү том гэдэстэй хүн Д.Бгийн дээр гарч хэвтэх боломжгүй байсан. Манай дүү Д.Бг үсдээгүй. Д.Б манай дүү рүү заналхийлсэн төрөхдөө зовж төрнөдөө гэж хэлсэн. Тэгээд Д.Б манай дүү рүү үсдэх гэж хальт хүрээд нөхөр нь жирэмсэн хүнийг болиоч гэж хэлсэн. Газар унасан гэж байна тийм зүйл болоогүй. Хэрвээ тийм зүйл болсон бол нөхөр нь зүгээр байна гэж байхгүй. Холбоогүй алга болсон гэж байна. Д.Бгаас залхсан, жигссэн Д.Б гэр бүлээс гадуур харилцаатай. Нөхөр нь байгаа учраас хэлэхээ больё гэж бодож байсан” гэв.
Шинжээч эмч Ж.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Д.Б-д Тархины доргилт, дагзанд хуйхны зулгаралт, духны зөөлөн эдэд 1 тонны цус хуралт тогтоогдсон. Д.Сгийн биед Тархины доргилт тогтоодсон байна. Мөн эхлээд эмч онош тавихдаа өгүүлэмж авдаг. Зовиур асуусан. Зовиур нь оношлогооны 50% ач холбогдолтой. Тархи доргилтын үед хүн болгонд ижилхэн шинж тэмдэг илрэхгүй боловч ерөнхий шинж тэмдгүүд байдаг. Толгой өвдөнө, огуйлана, бөөлжинө, хамараас цус гарна, толгой эргэнэ, гуйвна дайвна гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ. Дараа нь эмч үзлэгээ хийнэ. Үзлэгт тархины битүү гэмтэлийн үед илэрнэ. Зарим хүнд илрэхгүй байж болно. Д.Сд манна гэдэг шинж тэмдэг илэрсэн байна. Энэ нь тархины битүү гэмтэлийн үед илэрдэг шинж тэмдэг. Мэдрэлийн эмчийн үзлэгээр тархи доргилт гэж оношлогдож ирсэн байсан. Өөрийн үзлэг хийгээд дээр нь нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр мөн нэмэлт шинжилгээгээр энэ бүгдийг үндэслэж тархи доргилтоо оношлосон байна” гэв.
Гэрч Д.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Тэр өдөр эгчтэйгээ гэрлүүгээ харих гээд явж байсан. Эгч рүү маань доромжлосон мессеж ирсэн, нөхөртэйгөө хардсан. Тэгээд залгасан утсаа авахгүй байсан. Нөхөртэйгөө хардсан юм бичээд байна. Нөхөр лүү нь залгасан нөхөр нь энэ ингээд балайраад байна гэж хэлсэн. Тэгээд эгч бид хоёр гэрт нь очсон. Тэгэхэд хэрүүл хийж байгаад гадаа гарч учраа олъё гээд гар, хувцаснаас татаад байсан. Мэдээж нөхөртэйгөө хардаж байгаа юм чинь нөхрийнхөө дэргэд учраа олмоор юм гэж бодсон. Маргалдаад эгч маань түрүүлж үсдсэн. Тэгээд харилцан үсдэлцэхээр нь салгасан. Мөн Д.Б-гийн нөхөр бид хоёр руу хутга бариад дайрсан” гэв.
Гэрч. Г.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “19 цагийн үед Д.С Д.С гэж дүүтэйгээ ирсэн. Хаалга хүчтэй тогшоод хүүхэд хаалга онгойлгосон. Танай эхнэр чинь над руу ийм мессеж бичээд байна гээд орж ирсэн. Өөрсдөө мессежнийхээ учраа ол гэж хэлсэн чинь хоорондоо хэрүүл хийж байгаад Д.С очоод Д.Бгийн үснээс зулгаасан. Мөн Д.С дүү нь ирээд үснээс нь зулгаасан. Тэгээд хоёуланг нь салгасан тэгээд гэрээсээ гаргасан” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Д.Сгийн “2020 оны 08 дугаар сарын 27-ны орои Д.Бгаас надад нөхрөөс хол бай гэсэн заналхийлсэн шинжтэй мессеж ирэхээр нь би шууд Д.Бгийн утас руу нь залгатал утсаа авахгүй болохоор нь Д.Бтай мессежээр зөндөө хэрэлдсэн. Би ямар учиртай намайг янз бүрийн мессеж бичээд заналхийлээд байгаа юм бол гэж бодоод 2-27-06 тоотод Д.Бгийн гэрт очсон. Би гэрт ороод шууд Д.Бд хандан чи ер нь яагаад намайг занаад байгаа юм бэ гэж асуухад намайг шууд гарч учраа ольё гээд Д.Б миний цамцнаас татахаар би гарахгүй гэсэн, гэнэт байж байснаа Д.Б намайг нөхөртэйгөө явалддаг гэж хэлээд байхаар нь би Д.Бгийн толгойноос нь үсдсэн чинь буцаагаад намайг Д.Б үсдээд харилцан үсдэлцэж байтал миний дүү болох Д.С ирж Д.Бг таттал Д.Бгийн нөхөр нь миний дүүг болиулсан тэгээд шууд нөхөр нь дүү бид 2-г гэрээсээ хөөж гаргасан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-11-р хуудас/
2. Хохирогч Д.Б-гийн “2020 оны 08 дугаар сарын 27-ны орой 19 цагийн үед Д.Сруу чи яах гэж нөхөрлүү залгаад байгаа юм бэ өгөх ёстой юмаа өгчихөөд хол бай гэж мессеж бичсэн удалгүй Д.Сгаас эвгүй үгтэй хариу ирэхээр нь би буцаагаад би чиний юу хийж байгааг мэднэ шүү буруу зүйл хийвэл буруу зүйл чинь чамд биш юмаа гэхэд чиний хайртай хүмүүс чинь үүрдэг юм шүү гэж хэлэхэд намайг Д.С янхан банзлаар нь дуудаж мессеж бичиж байгаад удалгүй хаалга дугараад онгойлгоход Д.С дүүтэйгээ манайд орж ирээд хэл ам хийж байгаад намайг гичий чинь юу гээд байгаа юм бэ гэж хэлээд шууд намайг үсдэж зулгаагаад хэн вэ гэж хэлээд миний үс болон хувцаснаас зулгаагаад буйдан руу түлхэхээр нь би Д.Сг болиулах гээд үс болон гарнаас нь татсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/
3. Гэрч Г.Э-ы “2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр би гэртээ 19 цагийн үед байж байтал Д.С, Д.С гээд дүүгээ дагуулчихсан манай гэрт орж ирээд Д.С манай эхнэр болох Д.Б руу чи над руу элдэв янзын мессеж бичлээ гэж хэлээд Д.С, дүүгийн хамт манай эхнэрийн үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь манай эхнэр Д.Б болиулах гээд Д.Сгийн үснээс зулгаасан тэгээд л бүгд газар унасан. Д.С манай эхнэрийн дээр дүүтэйгээ хэвтчихээд босохгүй байхаар нь би тэд нарыг салгаад гэрээсээ хөөж гаргасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/
4. Гэрч Д.Сын “2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манай эгч Д.Сд найз болох Д.Бгаас заналхийлсэн мессеж ирсэн эгч Д.Б-гийн утасруу залгахад утсаа авахгүй болохоор нь мессеж бичээд маргалдаад байх шиг байсан. Тэгээд эгч бид 2 Д.Б-гийн гэрт нь очоод эгч Д.Бд хандан чи яагаад намайг доромжлоод байгаа юм бэ, би танай нөхөртэй явалдаагүй гэж хэлээд маргалдсан чинь Д.Б гарч учраа ольё гэж хэлээд эгчийн хувцаснаас зулгаагаад байсан. Д.С эгч хоёулаа нөхрийн чинь хажууд учраа ольё гэсэч. Тэгээд л Д.С эгч Д.Бг үсдэлцээд Д.Б, Д.С эгчийн дээр нь гараад унахаар нь би Д.Бг татаад салгаж авсан. Харин Д.Бгийн нөхөр Д.С эгчийг татаж салгасан Д.Б над руу дайраад намайг үсдсэн. Д.Бгийн нөхөр нь надруу гэнэт хутга барьж дайрснаа эгч бид 2-г гэрээсээ хөөж гаргасан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/
5. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 сарын 01-ний өдрийн 641 дугаартай “...Д.Бгийн биед тархины доргилт. дагзанд хуйханд зулгаралт, духанд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт болон, зөөлөн эдийн гэмтэл нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 20-21-р хуудас/
6. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 сарын 01-ний өдрийн 642 дугаартай “... Д.С-гийн биед тархины доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 23-24-р хуудас/
7. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г-гийн “Тархины доргилт нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, мохоо зүйлийн үйлчлэл гэдэг нь өшиглөх, цохих, унах гэх мэт үйлчлэлүүд багтдаг. Үсдэсний улмаас тархи доргилт үүсдэг...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 88-89-р хуудас/
8. Яллагдагч Д.Сгийн “би уншиж танилцуулсан 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшеөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-32-р хуудас/
9. Яллагдагч Д.Б-гийн “Би түнхний саажилт өвчний улмаас хөдөлмөрийн чадамжаа 60% алдсан учир хөдөлгөөн хязгаарлагдмал байдаг. Миний биеийн байдал ийм байгаа учраас би өөрийгөө хамгаалах үүднээс Д.С-гийн гартай нь зууралдсан би ерөөсөө толгойд нь гар хүрээгүй. Д.С намайг үсдэхэд би зөрүүлээд үсдэлцэхэд Д.С-гийн дүү буйдангаас үсдэж газар сөхрүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86-р хуудас/ болон шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Яллагдагч Д.С Д.Б нар 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж үснээс зулгааж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Үйлдсэн хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтууд болох мэдүүлэгүүд, гэрч Д.С, Г.Э нарын мэдүүлэг, 641, 642 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Ж.Г-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шүүхэд шинжлэн судаллаа. Д.С Д.Б гэдэг хоёр эмэгтэйн хоорондоо найз нөхдийн харилцаатай ингээд харилцааны явцад хоорондоо үл ойлголцох маргалдах асуудал болсон байна. 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хоорондоо мессеж бичсэний улмаас Д.С нь Д.Бгийн гэрт очиж харилцан үснээс зулгаасан үйл явдал болсон байна. Тухайн өдрийг шинжлэн судлахад хурдан болж өнгөрсөн гэсэн мэдүүлгүүдийг гэрч нар болон яллагдагч нар хэлдэг. Бие биенийхээ үснээс зулгаалцаж маш хурдан үйл явдал болж өнгөрсөн байна. Тус бүрт эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан байна. Д.С-гийн биед сиптоманна нэмэх буюу тархины битүү гэмтэл илэрсэн хөнгөн зэргийн гэмтэл гэсэн дүгнэлт гаргасан. Д.Бгийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна гэсэн дүгнэлт гарсан. Шалтгаан нөхцөлийн тухайд харилцан бие биенээ зодолдож, үл хүндэтгэдэг байдлаас болоод эмэгтэй хүмүүс өнөөдөр бие биенээ шүүгдэгч болгоод зогсож байна. Уг хэрэгт Д.Б-гийн зүгээс огт хүрээгүй гэдэг мэдүүлэг өгдөг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар буюу шинжээчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, маш хурдан хугацаанд болж өнгөрсөн. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд огт хүрээгүй гэж байна. Аливаа юманд нэг хүн дандаа муу, нэг хүн дандаа цагаан байна гэж байхгүй. Энэ болж байгаа процесст үнэн зүйл гэж байх ёстой. Эдгээрийг бусад нотлох баримтууд нь яаж нотлож байгаа юм бэ үүнд шүүх бүрэлдэнхүүн анхаараасай гэж үзэж байна. Шүүх хуралдаанд өгсөн гэрч Г.Э эхнэрээ хамгаалаад ямар нэгэн байдлаар мэдүүлэгээ өгч болно. Үнэн зөв мэдүүлэг өгөхөө баталгаа гаргаж мэдүүлэгээ өгсөн. Ингэж мэдүүлэг өгөхдөө харилцан үсдэж байсан гэсэн мэдүүлэг өгсөн миний эхнэр хүрээгүй гэдэг байдлаар мэдүүлэг өгөөгүй. Мөн гэрч Д.С мөн адил мэдүүлсэн. Харилцан үснээс зулгааж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байна. Шинжээч эмч гэмтлийн зэргийн тухайд тайлбарлаж хэлсэн. Зайлшгүй хэн нэгнээс ашигтай байдлаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр тухайн үед болсон процессод дүгнэлт гаргасан. Гаргасан дүгнэлтээ шүүх хуралдааны үед тайлбарлаж мэдүүлж байна. Намайг үзэхэд энэ шинж тэмдгүүд байсан учраас хөнгөн гэмтэл гэдэг дүгнэлт гаргасан гэдэг тайлбар хэлсэн. Д.С Д.Б нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Иймээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хоорондоо хохирол нэхэмжлээгүй бусдад төлөх төлбөргүй гэсэн саналтай байна. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тул Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800 000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах уг торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800 000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах уг торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Хэргийн улмаас шүүгдэгч нар нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, урьдчилсан цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, бусад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болно” гэв.
Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д.Бг гэм буруугүй гэж үзнэ үү гэж шүүхээс хүсэж байна. Үүнд эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалт хийсэн гэж үзнэ үү гэж хүсэж байна. Яагаад гэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.С эхлэж Д.Бгийн үснээс зулгаасан гэдгийг бүгд гэрчилсэн. Монгол улсын Үндсэн хуулинд зааснаар би халдашгүй хүн надад хууль бусаар халдах ямар ч хүнд тийм эрх байх ёсгүй. Хуулийн дагуу гэмт хэрэг үйлдсэн гэмт үйлдэл таслан зогсоохын тулд халдаж байгааг миний биед хууль бусаар халдсан гэж үзэх үндэслэлгүй. Халдашгүй байх иргэн хүний хувьд Д.С хаана гэмт хэрэг үйлдэв, яах гэж очсон, уур уцаартай, хэрүүл хийх гэж очсон байна. Тэгэж очоод хүний үснээс зулгааж байхад өөрийгөө хамгаалсан байна. Д.Сгийн зорилгыг анхаарах хэрэгтэй гудамж, баар цэнгээний газар хэрэлдсэнгүй. Шууд Д.Бгийн гэрт нь очиж байна. Их ууртай очиж байна өөрөө мөнгө зээлсэн мөнгийг нь өгөөгүй байсан. Нөхөр Д.Сгийн хоорондын харилцаанд дургүйцсэн байж болно. Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх заасныг үндэслэж өөрийгөө болон бусдыг хамгаалж байгаа үйлдэлд нь гэмт хэргийн шинжгүй байна гэж заасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд мөрдөгчийн тогтоол, шийдвэрийг үзэхэд шүүх хуралдааны явцад нотлох баримтууд дүгнэлт өгч хэлсэн учраас шинжээч эмчийн дүгнэлтийг үндэслэлтэй үндэслэлгүй талаар мэтгэлцэхгүй гэж үзэж байна. Зөрчлийн хуулиар арга хэмжээ авах боломж байсан гэж үзэж байна. Эрүүгийн эрх зүйд аргагүй хамгаалалтыг ямар тохиолдолд үзэх вэ гэхээр шүүхийн практик ч бай онолын асуудалд ч бай. Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авах хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй гэсэн. Энэ нь Үндсэн хуульд заасан халдашгүй байдалтай холбоотойгоор эрүүгийн эрх зүйгээр зохицуулсан зохицуулалт байдаг. Д.Сг шууд очоод үснээс зулгаагаад авсан гэдгийг өөрийнх нь дүү нь тэгэж мэдүүлж байна. Д.С өөрөө тэгэж хэлсэн байсан. Хэн эхэлж довтолгоо хийсэн бэ гэдэг нь тодорхой болсон. Тэгвэл Д.Б үсэдсэнийх нь дараа үсэдсэн, дүү Д.С нь би эгчийн гарыг Д.Бгийн үснээс салгасан довтолгоо дуусаагүй байхад Д.Б өөрийгөө хамгаалахаар Д.Сгийн үснээс зуураагүй байж таарч байна. Үүгээр нотлогдож байна. Тиймээс Д.Бг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрийн гэртээ байсан өөрийгөө хамгаалах эрхтэй. Довтологооноос өөрийгөө хамгаалж хийсэн үйлдэл юм. Д.Бгийн зүүн чих нь эвгүй, үсээрээ байнга дарж явдаг. Түүнийг Д.С сайн мэдэж байгаа. Д.Бг согогтой гэдгийг Д.С мэддэг харин Д.С үсээ байнга боодог. Тэгэхээр Д.Б, Д.С хоёрын хувьд хэн нь үсэдэхэд илүү үснээс нь зулгаах боломжтой вэ? гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Д.Б хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрийн чадвараа 60% алдсан. Энэ хүн солонгост ажил хийдэг. Хөдөлмөрийн чадвараа алдаагүй босож сууж чадахгүй нь худлаа гэсэн баримтуудыг Д.Сгийн өмгөөлөгч гаргасан байна. Хөдөлмөрийн ямар нөхцөлд ажиллаж болох болохгүй гэсэн зүйл байдаг. Ихэвчлэн босоо байдалд ажиллах боломжтой. Сууж болох нь өөрт нь төвөгтэй байдаг. Энэ нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр юм. Түүнийг үндэслэж өөрийгөө хамгаалах харилцан зодолдож чадахгүй гэдгийг мэдэж байж түрүүлж үснээс нь зулгаах үйлдэл хийж чадахгүй. Тэгэхээр өөрийгөө хамгаалахын тулд үснээс нь зулгаасан байдал харагддаг. Д.Бгийн орой хэсэгт зулгарсан байсан. Түрүүн Д.С хэлж байна. Миний хумс урт учраас хүний үснээс зулгааж чадахгүй гэж хэлж байна. Тэгвэл урт хумс нь хүний арьсанд гэмтэл учруулдаг. Байнгын урт хумстай байдаг бол толгойноос нь зулгааж байхдаа зулгарал үүсгэсэн байх боломжтой. Иймээс аргагүй хамгаалалт гэж үзэж байна. Хүний гэрт дайрч орж ирж хүний эрх бие эрхтэнд халдсан ийм үйлдлээс аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бг гэм буруутайд тооцсон учраас өмгөөлөгчийн хувьд байр суурь өөр байсан боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс ялын талаар шүүхэд санал хэлэх ёстой. Д.Бг 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгуулийн шийтгэлийг оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Хүсэлт тавьж байгаагийн шалтгаан нь Д.Бгийн эрүүл мэндийн байдал, жирэмсэн, нэхэмжлэх зүйлгүй, эрүүл мэнд саринаагүй, хөдөлмөрийн чадвар алдаагүй эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 450 нэгжээр торгож өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байна. Д.Бг гэм буруугаа хүлээхгүй байгаа мэт ойлгогдож байгаа боловч аргагүй хамгаалалт гэдэг байр суурь нь өмгөөлөгчийн байр суурь юм. Хууль хэрэглээний хувьд эрх зүйн талаас нь тайлбарлаж байгаа гэдгийг шүүгч ойлгоосой гэж хүсэж байна. 450 000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаатай хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Ямар нэгэн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй ч гэсэн дээд хэмжээгээр торгох үндэслэл харагдахгүй байна” гэв.
Шүүгдэгч Д.Сгийн өмгөөлөгч Я.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д.С гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй. Яагаад гэвэл энэ хоёр эмэгтэй бол найзууд. Найзууд гэдэг бол бие биенийхээ болохгүй зүйлийг ойлгодог, ярилцдаг, болохгүй зүйлийг нь хэлдэг, энэ байдлаар 3 жил найзалсан байна. Өөрөө найзлахгүй гэдгийг хэлсэн. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бол тодорхой ойлгомжтой. 1 300 000 төгрөг нь нөхөр Д.С хоёрын хооронд яригдах асуудал. Хамаагүй мөнгөний төлөө Д.Б уулзах шалтгаан байхгүй. Мөн үндэслэлгүйгээр хардаж байгаа өөрөө явалдсан гэдгийг хараагүй. Нөхөр нь хүртэл би энэ эмэгтэйтээ явалдаагүй гэж хэлж байна. Үндэслэлгүй хардаж найзыгаа ойлгохгүй, Д.Бгийн алдааг хэлээд яахав гэдэг чинь харин эсрэгээрээ найзын чанар, тэгэхдээ би энэ хүнтэй одоо найзлахгүй гэж хэлж байна. Хэрэг болох шалтгаан нь мессеж бичсэнээс болсон. Өөрөө жирэмсэн байж найзынхаа дүүг элдэв үгээр харааж болж байгаа юм уу. Мессежээр дарамтлаад байхад очиж уулзаад учраа олъё гэж гэрт нь очсон байна. Нөхөр нь байгаа юм чинь учраа олж болох зорилгоор гэрт нь очсон байна. Сэдэлтийн талаар ярьлаа. Сэдэлт нь өөр зорилттой зодох, гэмтэл учруулая гэж бодоогүй очсон. Хэрүүл хийхэд хоёулаа гарч учраа олъё гэж хэлсэн байдаг. Гэтэл би чиний нөхөртэй явалдаагүй гэдэг үүднээс очсон байдаг. Хоорондоо ойлголцоогүй байдлаас хамаараад өнөөдөр ийм байдалд хүрсэн. Харин хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье миний буруу гэж хүсэлт гаргасан байсан. Таарамжгүй харилцаагаа энэ нөхцөлтэйгөөс улбаалаад гомдолтой гэж байгаа. Үсэдэлцээд зөрүүлээд үсэдсэн гэж гэрчүүд болон өөрөө хэлж байна. Д.Б өөрөө үсэдсэн гэдгээ мэдүүлэгтээ хэлсэн байсан. Хоромхон хугацаанд болсон явдал яагаад бий болсон бэ гэхээр мессеж, мөн бие биенээ хүндэлдэггүй, хүлээцтэй ханддаггүй ийм нөхцөл байдлаас болоод шүүгдэгч болсон ширээний ард сууж байна. Ичих хэрэгтэй залуу хүмүүс байж хоёрын хооронд явж бие биеэндээ гомдолтой гээд байгаа нь ёсгүй байна гэж хэлэх гээд байна. Шүүгдэгч Д.С-гийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Үүнийг шүүх харгалзаж үзээсээ гэж хүсэж байна. Д.Б үсдээгүй гэдэг боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэнд ямар гэмтэл учирсан, хэн хэрхэн яаж хохирсон, гэмтэл учирсан гэдгийг нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр нотолдог. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал, эрүүл мэндийн хувийн байдалтай холбоотой нөхцөл байдлаар шалтаг шалтгаан болж, хөдөлмөрийн чадвар алдсан эсэх нь харагдаж байгаа боловч гэм буруугүй хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ач холбогдолтой нь тодорхойгүй байна. Үе мөчний саажилттай боловч явж чадахгүй аргаа барсан хүн биш. Гэрчүүд бодит байдлыг харсан, 2 тийш нь салгасан гэдэг. Аргагүй хамгаалалт гэж үзэх нь тогтоогдохгүй байна. Аргагүй хамгаалалтыг үүнээс өөр ойлголт гэж үзэж байна. Довтолсоноор Д.Б бас довтолж Д.Сд хөнгөн гэмтэл учруулсан байна. Шударга байх хэрэгтэй хийсэн үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, нөхцөл байдал тогтоогдсон байхад аргагүй хамгаалалт гэж үзэхгүй. Гэм буруугийн хуралд Д.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож байна. Цагдаагийн газарт өгсөн мэдүүлэг, шүүхийн шат хүртэл мэдүүлэг өгөхөд гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг хэлдэг. Өөрөөр хэлбэл хийсэн үйлдэлдээ гэмшиж байгааг харгалзаж үзэж, анх өгсөн мэдүүлэг Д.Бгийн өгсөн мэдүүлгийг анхаарч харах ёстой. Хэргийг хүлээн зөвшөөрч байгааг мөн ял шийтгэлийн асуудлыг шүүх харгалзаж үзэж ёстой. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Тэгэхээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч нөхцөл байдал шүүгдэгч нарын ялыг ялгамжтай оногдуулах ёстой гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800 000 төгрөгөөр торгохоор санал хэлж байна. Энэ 800 нэгжийн аль алинд нь тэгшхэн хандвал шударга ёсны зарчим гэм буруугаа хүлээсэн мэтгэлцээний зарчим алдагдаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, прокурорын шатанд хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байх гэдгийг илэрхийлсэн. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэх боломжтой. 800 нэгж буюу 800 000 төгрөгөөр торгох санкц нь Д.С-гийн хувьд их байна. Өөрөөр хэлбэл 450 нэгжээс 1300 нэгж хүртэл торгох боломжтой. Доод хэмжээний санкц буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ямар үндэслэл байна вэ? гэхээр эрүүл мэнд, үр хүүхдээ харж байгаа өрх толгойлсон эмэгтэй, хүүхдийн эрүүл мэндийн байдлыг харгалзаж үзэх мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан шүүх үнэлэлт дүгнэлт өгөх байх гэж бодож байна. Тиймээс эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгож, 3 жил хүртлэх хугацаагаар төлөх боломжтой” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Сгийн “2020 оны 08 дугаар сарын 27-ны орой Д.Бгаас надад нөхрөөс хол бай гэсэн заналхийлсэн шинжтэй мессеж ирэхээр нь би шууд Д.Бгийн утас руу нь залгатал утсаа авахгүй болохоор нь Д.Бтай мессежээр зөндөө хэрэлдсэн. Би ямар учиртай намайг янз бүрийн мессеж бичээд заналхийлээд байгаа юм бол гэж бодоод 2-27-06 тоотод Д.Бгийн гэрт очсон. Би гэрт ороод шууд Д.Бд хандан чи ер нь яагаад намайг занаад байгаа юм бэ гэж асуухад намайг шууд гарч учраа ольё гээд Д.Б миний цамцнаас татахаар би гарахгүй гэсэн. Гэнэт байж байснаа Д.Б намайг нөхөртэйгөө явалддаг гэж хэлээд байхаар нь би Д.Бгийн толгойноос нь үсдсэн чинь буцаагаад намайг Д.Б үсдээд харилцан үсдэлцэж байтал миний дүү болох Д.С ирж Д.Бг татаж, Д.Бгийн нөхөр нь миний дүүг болиулсан. Тэгээд шууд нөхөр нь дүү бид 2-г гэрээсээ хөөж гаргасан” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Бгийн “2020 оны 08 дугаар сарын 27-ны орой 19 цагийн үед Д.Сруу чи яах гэж нөхөрлүү залгаад байгаа юм бэ өгөх ёстой юмаа өгчихөөд хол бай гэж мессеж бичсэн. Удалгүй Д.Сгаас эвгүй үгтэй хариу ирэхээр нь би буцаагаад би чиний юу хийж байгааг мэднэ шүү буруу зүйл хийвэл буруу зүйл чинь чамд биш юмаа гэхэд чиний хайртай хүмүүс чинь үүрдэг юм шүү гэж хэлэхэд намайг Д.С янхан банзлаар нь дуудаж мессеж бичиж байгаад удалгүй хаалга дугараад онгойлгоход Д.С дүүтэйгээ манайд орж ирээд хэл ам хийж байгаад намайг гичий чинь юу гээд байгаа юм бэ гэж хэлээд шууд намайг үсдэж зулгаагаад хэн вэ гэж хэлээд миний үс болон хувцаснаас зулгаагаад буйдан руу түлхэхээр нь би Д.Сг болиулах гээд үс болон гарнаас нь татсан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.С, Г.Э нарын мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 сарын 01-ний өдрийн 641 дугаартай дүгнэлт, 2020 оны 09 сарын 01-ний өдрийн 642 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Ж.Г-гийн “Тархины доргилт нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, мохоо зүйлийн үйлчлэл гэдэг нь өшиглөх, цохих, унах гэх мэт үйлчлэлүүд багтдаг. Үсдэсний улмаас тархи доргилт үүснэ” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.С, Д.Б нар нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-27-** тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан үсдэлцэж, унасны улмаас Д.Бгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, Д.Сгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Д.Б, Д.С нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б, Д.С нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч нараас гэм буруу, учирсан гэмтлийн талаар санал дүгнэлт гарсан боловч гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр Д.Б, Д.С нар нь маргалдаж, харилцан үсдэлцсэн үйл баримт эргэлзээгүй тогтоогдож байна. Тэдний үйлдлийн улмаас тархины доргилт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр тогтоогдож байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нар нь бага насны хүүхэдтэй, одоогоор хөдөлмөр эрхлээгүй байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар
Гэмт хэргийн улмаас Д.Б, Д.С нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гэм хорын нэхэмжлэл гаргаагүй байна.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баат овогт Д.С, Алаг адуу овогт Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Д.С нарыг оршин суугаа газраасаа буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс 2 сарын хугацаагаар явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Д.С нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Д.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС