Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
Хэргийн индекс | 182/2017/00032/и |
Дугаар | 1061 |
Огноо | 2017-05-03 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 1061
С.Бат-Оргилын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/00484 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч С.Бат-Оргилын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Бат-Оргил,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан, Н.Шинэбаяр,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарсанаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч С.Бат-Оргил шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Бат-Оргил миний бие Төрийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын Зээлийн эрсдлийн удирдлагын хэлтсийн захирлаар ажиллаж байсан.
Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус банкны Гүйцэтгэх захирлын Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоолоор Төрийн банкны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, өмнө мөрдөгдөж байсан зохион байгуулалтын бүтцийг хүчингүй болгосон тул хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай мэдэгдлийг надад өгч, Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1411 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр буюу Төрийн банкны бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар, хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харъяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан гэсэн үндэслэлээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
С.Бат-Оргил миний бие дээрх Б/1411 дугаартай тушаалыг дараах үндэслэлээр хууль бус, үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:
1. Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.1.1-д “Орон тоо хасагдсан” гэдгийг тайлбарласан байдаг. Гэтэл “Төрийн банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 118 тоот тогтоолын хавсралтаар тус компанийн бүтцийг батлахдаа Эрсдэлийн удирдлагын газрын шууд харьяалах 2 хэлтсийн нэг нь Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтэс хэвээр байхаар шийдвэрлэсэн байдаг. Нэгэнт Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтэс гэсэн “ажлын байр үгүй болсон” нөхцөл байхгүй тул С.Бат-Оргил миний ажиллаж байсан “Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал”-ын орон тоог хасагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.
2. Гүйцэтгэх захирлын Б/1411 дугаартай тушаалын 1 дүгээр зүйлд “Төрийн банкны бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар, хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харъяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн” гэх нөхцөлийг хэлтсийн шинээр батлагдсан чиг үүрэг, бүтцийн харьяалал, ажлын байрны тодорхойлолтод зарчмын хувьд ноцтой өөрчлөлт ороогүй, уг өөрчлөлтөд нийцүүлэн ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байгаа.
3. Тус банкны зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өмнө надад ажлын байр санал болгоогүй бөгөөд миний хувьд татгалзсан үйл явдал болоогүй байтал тушаалд “ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан” гэх бодит байдалд үл нийцсэн нөхцөл заасан байна.
Иймд “Төрийн банк” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1411 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, С.Бат-Оргил намайг ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг нөхөн гаргуулж, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн банкны ТУЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоолоор бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэн батлагдсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт ажил олгогчийн ар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай үндэслэлд “аж ахуйн нэгж, байгууллага болон салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэж заасан. Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасны дагуу “Төрийн банк” ХХК-ийн байгуулалтын бүтцээс Зээлийн эрсдэлийн хэлтсийн захирлын орон тоо хасагдсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу С.Бат-Оргилд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдэх хуудсыг танилцуулж, мэдэгдсэн.
Хуульд заасны дагуу мэдэгдэлд заасан хугацаа дуусгавар болсноор Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны Б/1411 тоот тушаалаар С.Бат-Оргилтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1411 тоот тушаалын 2 дахь хэсэгт заасны дагуу С.Бат-Оргилд 3 сарын үндсэн цалинтай нь тэнцэх тэтгэмжийг, мэдэгдлийн хугацааны цалингийн хамт тооцож олгосон.
Банкны зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг мөрдлөг болгож, бүхий л хуулийн хүрээнд хийгдсэн болно. Иймд С.Бат-Оргилын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1411 тоот тушаал хүчингүй байх тул нэхэмжлэгч С.Бат-Оргилыг Төрийн банкны эрсдэлийн удирдлагын газрын зээлийн эрсдлийн удирдлагын хэлтсийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12 513 490 төгрөгийг хариуцагч “Төрийн банк” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч С.Бат-Оргилд олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч “Төрийн банк” ХХК-нд даалгаж,
Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж хариуцагч “Төрийн банк” ХХК-аас 215 166 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/00484 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.
Төрийн банкны ТУЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоолоор банкны бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор өмнөх зохион байгуулалтын бүтэц хүчингүй болж, уг бүтцээр Зээлийн эрсдэлийн хэлтсийн захирлын албан тушаалд ажиллаж байсан С.Бат-Оргилтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр цуцлах болсон тухай мэдэгдлийг мөн зүйлийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдэж, мэдэгдлийг гардуулсан. Улмаар Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 73 тоот хурлын шийдвэр болон Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1411 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.
Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсантай холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу С.Бат-Оргилд 3 сарын үндсэн цалинтай нь тэнцэх тэтгэмжийг, мэдэгдлийн хугацааны цалингийн хамтад нь олгосон.
Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлахтай холбоотой Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтын талаар Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан УДШ-ийн тогтоолын 15-д ... Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана. Ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтанд олгоно, мөн 15.1.1-д ... хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, aлбан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална... гэж тус тус тайлбарласан байдаг.
Дээрх тайлбарын дагуу банк Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг мөрдлөг болгон хэрэгжүүлсэн. Энэ дагуу С.Бат-Оргил нь ажлаа зохих журмын дагуу хүлээлцсэн, тэтгэмжийг хүлээн авсан болон дээрх асуудлуудаар маргадаггүй нь ажлаас халсан асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байгааг шүүх анхаарч үзнэ үү.
Дээрх үндэслэлүүдээс гадна хуульд заасны дагуу орон тоо хасагдах үндэслэл нь тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болохоос гадна гэрээнд заасан гол нөхцлүүд өөрчлөгдөх замаар үгүй болсон тохиолдол байдгийг шүүх анхааран үзнэ гэдэгт итгэлтэй байна.
Энэ нь ажлын байрны тодорхойлолт болон чиг үүрэгт өөрчлөлт орох, ажилтанд тавигдах шалгуур, ажил албан тушаалын харьяалал, түүнийг дагаад ажил албан тушаалын нэршил, цалин хөлсний өөрчлөлт, банкны хувь нийлүүлэгчээс өгөгдсөн чиглэлийн дагуу зардал, төсвийн хэмнэлт, оновчтой бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт зэрэг олон өөрчлөлтүүд хамаарч байгаа болно.
Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй бөгөөд С.Бат-Оргилын эрхэлж байсан ажил, албан тушаалын ажлын байрыг “Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал” гэх ажил, албан тушаалын ажлын байртай шууд адилтган үзэж, шийдвэрлэсэн нь буруу бөгөөд банк ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, С.Бат-Оргилын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч С.Бат-Оргил гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, банкны бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор С.Бат-Оргилын ажиллаж байсан албан тушаалын орон тоо хасагдсан тул ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж маргаж байна.
Хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1411 дүгээр “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төрийн банкны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.13, 9.2.20 дах заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.26, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тогтоол, Хүний нөөцийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 73 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэн С.Бат-Оргилыг Зээлийн эрсдэлийн хэлтсийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хэргийн 11 дүгээр тал/
Тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоолын хавсралтаар Төрийн банкны шинэ удирдлага, зохион байгуулалтын бүтцийг баталсан байх бөгөөд тус бүтцийн дагуу эрсдлийн удирдлагын газар нь зээлийн удирдлагын эрсдлийн хэлтэс, зах зээл үйл ажиллагааны эрсдлийн хэлтэстэй байхаар батлагдаж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан зээлийн эрсдлийн хэлтсийн захирлын албан тушаалын нэр нь зээлийн эрсдлийн удирдлагын хэлтсийн захирал болжээ.
/хэргийн 30, 31 дүгээр тал/
Нэхэмжлэгч С.Бат-Оргилын ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолт болон одоогийн ажлын байрны тодорхойлолт зэргийг харьцуулан үзвэл ажлын байрны үндсэн зорилго хэвээр байх ба сүүлд боловсруулсан ажлын байрны тодорхойлолт үндсэн зарчим, агуулгын хувьд эхний ажлын байрны тодорхойлолтыг дэлгэрэнгүй болгосон гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.
Тодруулбал, бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан “зээлийн эрсдлийн хэлтэс” нь “зээлийн эрсдлийн удирдлагын хэлтэс” гэж нэршлийн хувьд өөрчлөгдсөн гэх үйл баримт зохигчдын тайлбар, дээрх тогтоол, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал үгүй болсон гэх үндэслэлгүй байна.
Иймд шинээр бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг байхгүй болсон, орон тоо хасагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хариуцагч хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэл, шалтгааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу нотлох баримтаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Түүнчлэн ажлаас чөлөөлөх тухай 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хугацаанд гардуулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч нотлох баримтаар үгүйсгээгүй гэж түүнийг ажилд нь эгүүлж тогтоосонтой холбоотойгоор, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт шүүх 12 513 490 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/00484 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлс 215 166 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
С.ЭНХТӨР