Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 505

 

                                                                                                                                                                                                                                                                              

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Х.Б, Г.Э, Я.Х,

          Ш.Т, Г.Г, Б.Ш нарт

           холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Оюунтунгалаг,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч П.Ганбилэг,  

Шүүгдэгч Х.Бгийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,

Шүүгдэгч Ш.Т, Б.Ш нарын өмгөөлөгч Ц.Нармандах,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишигийн даргалж хийсэн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нийн гаргасан давж заалдах гомдлоор Х.Б, Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарт холбогдох эрүүгийн 201625012411 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Алаг адуу овогт Хашпүрэвийн Х.Б, 1992 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “00-д эдийн засагч ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Баялаг хотхоны 64 дүгээр байрны 00 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 00007/,

2. Жугнай овогт Ганхуягийн Г.Э, 1988 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Баялаг хотхоны 64 дүгээр байрны 00 тоотод оршин суудаг,

2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 306 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял шийтгүүлж байсан, /РД: 0004/,

3. Чингүнжав овогт Явуухулангийн Я.Х, 1991 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 00 байрны 00 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 0002/,

4. Боржигон овогт ШТ, 1991 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Сүүний 00 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 0000001/,

5. Жансав овогт Ганболдын Г.Г, 1978 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 000 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 0010315/,

6. Олхонууд овогт Батсүхийн Б.Ш, 1992 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 18 дугаар байрны 50 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 000/,

Х.Б нь Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Нисора” цамхагийн 6 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Есөн шижир” ХХК-д эдийн засагчаар ажиллаж байхдаа зээлийн материал хянах үүргээ ашиглаж “Мобиком” корпорацийн 2222 лавлах дугаараас 9911-тэй дугаар эзэмшигчийн болон, “Есөн шижир” компанийн нэр дээр дугаар шилжигдсэн эсэхийг асууж лавласан мэтээр гарын үсэг зурж,

2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 99118672, 99116843 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 12.000.000 төгрөг,

2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 99112196 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.000.000 төгрөг,

2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 99114358 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.500.000 төгрөг,

2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 99115625, 99117865 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 13.000.000 төгрөг,

2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 99113714, 99114721 дугааруудыг барьцаалж зээл авах баримтуудыг хуурамчаар үйлдэж, материалуудыг шалгах үүргээ ашиглаж буюу албан тушаалын байдлаа ашиглаж, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хооронд “Мобиком” корпорацийн “Гэрээ шилжүүлэх” №151214615839, 15121461548, 15121461544, 15121461543, 151214615839, 151214615840, 151214615878, 151214615879 баримтуудыг хуурамчаар үйлдэж хохирогчийг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух аргаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж бусдад нийт 50.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Г.Э нь Х.Б, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нартай бүлэглэн,  

2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 99118672, 99116843 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 12.000.000 төгрөг,

2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 99112196 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.000.000 төгрөг,

2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 99114358 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.500.000 төгрөг,

2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 99115625, 99117865 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 13.000.000 төгрөг,

2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 99113714, 99114721 дугааруудыг барьцаалж зээл авах гэрээ, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хооронд “Мобиком” корпорацийн “Гэрээ шилжүүлэх” №151214615839, 15121461548, 15121461544, 15121461543, 151214615839, 151214615840, 151214615878, 151214615879 баримтуудыг тус тус хуурамчаар үйлдэж “Есөн шижир” ХХК-ийг буюу хохирогчийг төөрөгдөлд оруулж, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж бусдад нийт 50.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт,

Я.Х нь Х.Бтай бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 99112196 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.000.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 99114358 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.500.000 төгрөг тус тус “Есөн Шижир” ХХК-иас авч бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэгт,

 

Ш.Т нь Х.Бтай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 99115625, 99117865 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 13.000.000 төгрөг “Есөн Шижир” ХХК-иас авч бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэгт,  

 

Г.Г нь Х.Бтай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 99118672, 99116843 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 12.000.000 төгрөг “Есөн Шижир” ХХК-иас авч бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэгт,

 

Б.Ш нь Х.Бтай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 99113714, 99114721 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 13.000.000 төгрөг “Есөн шижир” ХХК-иас авч бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Х.Б, Г.Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюунтунгалагаас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жугнай овогт Ганхуягийн Г.Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Чингүнжав овогт Явуухулангийн Я.Х, Боржигон овогт Шаравдоржийн Ш.Т, Жансав овогт Ганболдын Г.Г, Олхонууд овогт Батсүхийн Б.Ш нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Алаг адуу овогтой Хашпүрэвийн Х.Бд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, шүүгдэгч Алаг адуу овогт Хашпүрэвийн Х.Бг бичиг баримт ашиглаж бусдыг хуурч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Х.Бг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Бд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Алаг адуу овогт Хашпүрэвийн Х.Бгаас нийт 45.077.000 /дөчин таван сая далан долоон мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч “Есөн шижир” ХХК-д олгож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуурамчаар үйлдсэн гэх 23 хуудас баримт, Мобиком-ын ажилтан Бүрэнгэрэлийн гарын үсэг бүхий гэрээ шилжүүлэх үндсэн гэх баримт 1 хуудас зэргийг хэрэг хадгалах хугацаа дуустал тус тус хэрэгт үлдээж, энэ хэрэгт Боржигон овогт Шаравдоржийн Ш.Т, Олхонууд овогт Батсүхийн Б.Ш, Алаг адуу овогт Ганхуягийн Г.Э нь 36 хоног, Чингүнжав овогт Явуухулангийн Я.Х 9 хоног, Жансав овогт Ганболдын Г.Г 3 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдаж, ...шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Алаг адуу овогт Хашпүрэвийн Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тухайн  өдрөөс эхэлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Боржигон овогт Шаравдоржийн Ш.Т, Олхонууд овогт Батсүхийн Б.Ш, Жугнай овогт Ганхуягийн Г.Э, Чингүнжав овогт Явуухулангийн Я.Х, Жансав овогт Ганболдын Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй тухайд шүүгдэгч Х.Бг шүүх гэм буруутайд тооцсон боловч энэхүү гэмт үйлдлээ төгс гүйцэтгэхэд ашиглах арга хэрэгслээ болгосон буюу энэ хэрэгт хамжигчаар татагдан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль бус дүгнэлт хийж, тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх үндэслэлгүй дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Нөгөө талаар энэ байдал нь шүүх хэргийн талаар бодитой дүгнэлт хийхэд ноцтойгоор нөлөөлсөн буюу шүүгдэгч Х.Бгийн гэм буруугийн хэр хэмжээг тодорхойлох, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ялыг зөв оногдуулахад нөлөөлсөн гэж үзнэ. Түүнчлэн хохирсон байгууллагын кассаас бэлэн мөнгө тоолж авсан гэм буруутай этгээдүүд компанийн өмнө ямар ч хариуцлага хүлээлгүй, хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нар нь Х.Бтай үгсэн тохиролцож, гарах үр дагаврыг мэдсээр байж шууд санаатайгаар. иргэний үнэмлэхээ өөрийн биеэр авч ирж, миний дугаарыг барьцаалж зээл олгож өгөөч гэж, хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж байгаа мэт үндсэн зээлдэгчээр гарын үсэг зурж, гэмт хэргийг нь төгс үйлдэлцсэн. Хэрэв Х.Бтай үгсэн тохиролцож хамтран зээлдэгчээр ороогүй, өөрийн биеэр ирж гарын үсэг зураагүй, барьцаалах дугаар минийх гэж зохиомол байдлыг санаатайгаар бий болгож, үйлдэх гэж байгаа гэмт хэргийг нуун далдлаагүй, гэмт хэрэг үйлдэхээс татгалзсан байсан бол энэ гэмт хэрэг үйлдэгдэхгүй, хохирогчид их хэмжээний хохирол учрахгүй байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн тухайд 2015 оны Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, “гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно”, “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж дурдсан байхад шүүх энэ хэрэгт үйлдлээрээ санаатай хамжигчаар хамтран оролцсон Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Шүрэнцэцэг нарын үйлдлийг шалган тогтоосон хэрэгт авагдсан тодорхой нотлох баримтуудыг үгүйсгэсэн талаар үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Тодруулбал, шүүгдэгч Г.Э нь тухайн гэмт хэргийн объект болох “Есөн шижир” ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа “Бусдын эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдэж 2015 онд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлээр ял шийтгүүлж байсан атлаа, мөн тус компанид эдийн засагчаар ажиллаж байсан өөрийн эхнэр Х.Бд гэмт хэрэг үйлдэх арга замыг зааж зөвлөх, гүйцэтгэх замаар хамтран оролцсон, бусад хамжигч Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нар буюу бүгд 26-40 настай, дээд боловсролтой, бие эрүүл, ухаан саруул, хэрэг хариуцах чадвартай этгээд бөгөөд бүгд, өөрсдөө зээлж авч байгаа мэтээр зээлийн баримт болон байгууллагын кассын баримтанд гарын үсэг зурж бэлэн мөнгө гардан тоолж аваад гэмт хэргийн объектоос зориуд холдуулан гэртээ аваачиж хадгалаад, дараа нь Х.Бд дамжуулан өгч байсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөөр байтал шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон нь илт хууль ёсны бус шийдвэр гэж үзэж байна. Энэ нь гэм буруутай этгээдүүдэд ял завшуулснаас гадна хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх үндсэн хуулийн зарчим алдагдаж, хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзнэ” гэв. 

 

Хохирогчийн өмгөөлөгч П.Ганбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэв” гэж ганц зүйл дурдсан нь туйлын хангалтгүй, хариуцлагагүй дүгнэлт болжээ. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Я.Х, Ш.Т, Г.Э, Г.Г, Б.Ш нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь дараах нотлох баримт болон бусад баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв гэж дүгнэсэн. Энэ баримтууд гэдэгт шүүгдэгч Х.Бгийн “энэ хүмүүс намайг ийм хэрэг хийж байгаа гэж мэдээгүй” шүүгдэгч Я.Х, Ш.Т, Б.Ш нарын “би гэмт хэрэгт оролцож байгаагаа мэдээгүй, үндсэн зээлдэгч болсон гэдгээ ч мэдээгүй”, шүүгдэгч Г.Гын “гуйгаад байхаар нь тусалсан, анзаараагүй” гэсэн мэдүүлгүүдийг шүүх ийм дүгнэлт гаргасан нь алдаатай дүгнэлт гэж үзэж байна. Хэрэглэх ёстой хуулийг шүүх хэрэглээгүй. Гэтэл Л.Х.Б нь анхны мэдүүлэгтээ “Я.Х, Ш.Т, Г.Э, Г.Г, Б.Ш нарыг надад тусалсан, тусалсаны хариуд тодорхой хэмжээний мөнгө өгсөн” гэж үнэнийг мэдүүлсэн. Г.Гад 500.000 төгрөг, Б.Ш, Ш.Т нарт 300.000 төгрөг, Я.Хд 500.000 төгрөг өгсөн гэж мэдүүлдэг. Цаашдаа 2-3 мэдүүлгээ өмгөөлөгчтэй өгөхөд мэдүүлэг нь өөрчлөгдсөн. Анхан шатны шүүх хуралдааны явцад Я.Х, Ш.Т, Г.Э, Г.Г, Б.Ш нар нь энэ гэмт хэрэгт тодорхой хэмжээнд гэм буруутай, хохирлыг хамтран төлнө гэдгээ хүлээсэн байхад шүүх үүнийг харгалзан үзэхгүйгээр хэрэгсэхгүй болгосныг хууль бус гэж үзэж байна. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 13 дугаар хуудаст Б.Ш “үйлдлээ хүлээн зөвшөөрч, хохирлоо төлнө” гэсэн байна. Г.Эы хувьд мөн л “гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч, бүх хохирлыг хамт төлнө”, 14 дүгээр хуудаст Я.Хаас хуралдаан даргалагч “танд байгууллагыг залилсан үйлдэлд оролцоо байна уу” гэж асуухад “байгаа. Байгаа хохирлоос төлөлцөнө” гэсэн. Ш.Т “надад буруутай үйлдэл байгаа. Хохирлоос төлнө”, Б.Ш “гэм буруутай үйлдэл хийсэн гэдгээ хуулийн зөвлөгөө аваад мэдсэн. Хохирлоо төлнө”, Г.Г “гэм буруутай гэж үзнэ байна. Юун дээр буруутай вэ гэхээр гэрээг харалгүй, хайхрамжгүй хандаж, гарын үсэг зурсандаа буруудаж байна. Ийм учраас хохирлоо төлнө” гэсэн мэдүүлгүүдийг шүүх хуралдааны явцад өгсөн байхад анхан шатны шүүх огт харгалзан үзээгүй. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлийн 24-25 дугаар хуудаст шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг, Ц.Нармандах нарын өгсөн тайлбарт “миний үйлчлүүлэгч Ш.Т, Б.Ш нарын хувьд гарын үсэг зурсан байдлаас болоод “Есөн шижир” ХХК-д хохирол учирсан байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол учирсан, гэм буруутай байна гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. 12.376.000 төгрөгийн бодит хохирол учруулсан гэж үзэж байна. Үүнийг шүүх анхаарч үзээсэй” гээд шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээгээд хохирлоо төлнө гэж хэлсэн байхад анхан шатны шүүх үүнийг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Я.Х, Ш.Т, Г.Э, Г.Г, Б.Ш нар зохиомол байдлыг бий болгоогүй, барьцаалж байгаа 9911-тэй дугааруудыг миний дугаар, иргэний үнэмлэхээ авч ирээд үндсэн зээлийн гэрээнд гарын үсэг зурж мөнгийг хүлээн авч, компаниас авсан мөнгөнөөс тодорхой хэмжээний хувь аваад идэвхитэй үйлдэл хийсэн нь гэмт хэргийг төгс үйлдэх гол нөхцлийг бүрдүүлсэн. Эдгээр хүмүүс нь хэрвээ үүнээс бид нар татгалзаж байна гээд гэмт хэрэг үйлдэгдэж байхыг хүлээн зөвшөөрөөгүй бол энэ гэмт хэрэг үйлдэгдэхгүй байх боломжтой байсан. Г.Эы хувьд яагаад энэ гэмт хэрэгт татагдаад байна вэ гэхээр Г.Э нь Х.Бгийн нөхөр. Компаниас авсан зарим мөнгийг Г.Эы дансаар авсан байдаг. Энэ нь хавтаст хэрэг авагдсан байгаа. “Дансаар аваад бид хоёр хамт мөнгийг үрсэн” гэдэг. “Яагаад мөнгө авсан шалтгаанаа тайлбарла” гэхээр “гадагшаа явах гэж мөнгө авсан” гэдэг боловч цаад санаа нь ингэж мөнгө авчихаад үүнийг төлөх санаа зорилго байхгүй. Шууд гадагшаа яваад энэ асуудлыг орхих байсан гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тоггоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэв. 

 

Шүүгдэгч Х.Бгийн өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд манай зүгээс ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй. Хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд Х.Бгийн гэм буруугийн асуудал болон ял шийтгэлийн талаар ямар нэгэн тайлбар хэлээгүй. Яагаад гэвэл хохирогч талаас хэргийг хэрэгсэхгүй болгосон хүмүүсийг гэм буруутай гэж үзээд гомдол гаргасан. Шүүгдэгч мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэг хүртэл гэм буруугийн асуудлын талаар маргадаггүй. Хийсэн хэргээ гэмшиж ойлгодог. Тийм учраас анхан шатны шүүхийн оногдуулсан хорих ялд ямар нэгэн гомдол, саналгүй. Өмгөөлөгчийн хувьд хохирогч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж аваад хэргийг анхан шатны шүүх рүү буцаах бол Х.Бгаас “Х.Бгийн Ертөнц нь 1 нас, 8 сартай. Одоо түүний эхийн асрамжид байгаа” нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Х.Б нь бага насны хүүхэдтэй, боломжоороо мөнгийг нь өгсөн. Хэрэг шүүх дээр шилжиж ирсний дараа 1.000.000 төгрөгийг өгсөн. Одоогоор цагдан хоригдож байгаа учраас төлбөрийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байгаа юм. Төлбөрийг эхнээс нь төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлаа илэрхийлдэг учраас хэрвээ хэргийг буцаавал таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү” гэв. 

 

Шүүгдэгч Ш.Т, Б.Ш нарын өмгөөлөгч Ц.Нармандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Хохирогч талаас гаргасан давж заалдах гомдолд Б.Ш Х.Б нар холбоотой гэж яриад байна. Үүнд миний үйлчлүүлэгч нар 9911-тэй дугаарыг “энэ миний дугаар юм. Үүнд зээл олгоод өгөөч” гэсэн асуудлыг ярьдаггүй. Яагаад очоод гарын үсгээ зураад мөнгийг гэртээ аваад байж бай гэсний дагуу найздаа итгээд очиж мөнгийг нь аваад гэртээ байж байтал Х.Б очиж авсан үйлдэл байдаг. Тийм учраас үүнийг гэм буруутай үйлдэл, санаатай тохиролцсон асуудал гэж ярьж болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв. 

 

Прокурор Э.Оюунтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг прокурорын зүгээс хүлээн зөвшөөрч, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж эсэргүүцэл бичээгүй. Я.Х, Ш.Т, Г.Э, Г.Г, Б.Ш нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Яллах дүгнэлт үйлдэхдээ эдгээр хүмүүст холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн хэдий ч хэрэг хянагдаж байх явцад эдгээр хүмүүсийн үйлдэл гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн үйлдэл биш байна гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон. Гомдол гаргаснаар прокурорын шийдвэрийг дээд шатны прокуророос хүчингүй болгосноор би шүүх дээр ялласан. Шүүхээс эдгээр хүмүүсийг гэмт хэрэг үйлдэхэд нь хамтран оролцоогүй гэж үзэж үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон. Үүнийг прокурорын зүгээс хүлээн зөвшөөрч байгаа.  Х.Бд оногдуулсан хорих ял, хэргийн зүйлчлэлийн тухайд тохирсон байна гэж үзсэн. Анхан шатны шүүхэд 6 жилийн хорих ялын санал тавьсан ч шүүхээс 2 жилийн хорих ял өгсөн. Үүнд шүүгдэгчийн хувийн байдал, бага насны хүүхэдтэй, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзсан байх. Анхан шатны шүүхэд эдгээр хүмүүс нь хамжигч буюу гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцож байсан гэдэг байдлаар мэтгэлцдэг. Гэмт хэрэг үйлдэхэд хамжигч нь урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэгч үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ гэсэн. Харин эдгээр хүмүүс нь энэ гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амласан нь тогтоогддоггүй. Тиймээс хамжигч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Хэрэгсэхгүй болгосон ч гэсэн шийтгэх тогтоолыг хүлээн аваад иргэний хариуцагчаар тогтоох нь зөв үү, буруу юу гэдэг байдлаар бодож байсан. Иргэний хариуцагч нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийг хууль ёсоор хариуцах ёстой хүн мөн үү, биш үү гэдгийг бодож байгаад хохирогчийн ярьж байгаагаар Х.Б нь 300.000, 500.000 төгрөг өгсөн гэдэг тайлбар өгсөн. Нотлох баримтын шаардлага хангахгүй тайлбар болохоор нь үнэлж чадаагүй. Хэрвээ тэр нь тогтоогдсон бол түүгээр нь хариуцуулаад хариуцагч гэх нь зүйтэй байсан байх. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй учраас хэвээр үлдээх саналтай байна” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, мөн анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийсэн буюу Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Х.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Нисора” цамхагийн 6 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Есөн шижир” компанид эдийн засагчаар ажиллаж байхдаа зээлийн материал хянах үүргээ ашиглаж “Мобиком” корпорацийн 2222 лавлах дугаараас 9911-тэй дугаар эзэмшигчийн болон, “Есөн шижир” компанийн нэр дээр дугаар шилжигдсэн эсэхийг асууж лавласан мэтээр гарын үсэг зурж,

2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 99118672, 99116843 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 12.000.000 төгрөг,

2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 99112196 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.000.000 төгрөг,

2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 99114358 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.500.000 төгрөг,

2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 99115625, 99117865 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 13.000.000 төгрөг,

2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 99113714, 99114721 дугааруудыг барьцаалж зээл авах баримтуудыг хуурамчаар үйлдэж, материалуудыг шалгах үүргээ ашиглаж буюу албан тушаалын байдлаа ашиглаж, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хооронд “Мобиком” корпорацийн “Гэрээ шилжүүлэх” №151214615839, 15121461548, 15121461544, 15121461543, 151214615839, 151214615840, 151214615878, 151214615879 баримтуудыг хуурамчаар үйлдэн ашиглаж, бусдыг хуурч, нийт 50.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нийн мэдүүлэг /хх-53-56-1хх/, гэрч М.Гантулгын мэдүүлэг /хх-59-60-1хх/, гэрч Р.Бүрэнгэрэлийн мэдүүлэг /хх-67-68-1хх/, гэрч Б.Мөнхнарангийн мэдүүлэг /хх-70-1хх/, гэрч С.Мөнхсайханы мэдүүлэг /хх-71-72-1хх/, гэрч Г.Хаш-Эрдэнийн мэдүүлэг /хх-73-74-1хх/, гэрч Д.Мөнхбатын мэдүүлэг /хх-76-77-1хх/, гэрч Ч.Ариунзулын мэдүүлэг /хх-79-1хх/, гэрч Б.Доржбатын мэдүүлэг /хх-59-2хх/, гэрч Ц.Тулгын мэдүүлэг /хх-60-61-2хх/, шүүгдэгч Х.Бгийн мэдүүлэг /хх-141-148-1хх, 199-200-2хх/, шүүгдэгч Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарын мэдүүлгүүд /хх-153-155, 159-161, 165-167, 170-172, 176-178-1хх/, “Есөн шижир” ХХК-ийн кассын зарлагын баримт /хх-16, 22, 27, 34, 41-1хх/, Я.Х, Ш.Т, Б.Ш, Г.Г нарын “Есөн шижир” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ /хх-19-20, 25-26, 31-32, 38-39, 45-46-1хх/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5595 дугаартай дүгнэлт /хх-102-119-1хх/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол... гэж заасан гэмт хэргийн шинжийг Х.Бгийн үйлдэл хангасан тул анхан шатны шүүхээс түүнд уг зүйл хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдалд нь тохирсон байна. Мөн шүүх төлбөрийн асуудлыг зөв шийдвэрлэжээ.  

Прокуророос Г.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарын хийсэн үйлдлүүд тогтоогдсон боловч тэд Х.Бгийн үйлдсэн гэмт хэрэгт урьдчилан амлаж хамжигчаар бүлэглэн оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй ба анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Харин шүүхээс тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон атлаа шүүгдэгч нарын хувьд талаар ямарваа нэгэн шийдвэр гаргаагүй орхигдуулжээ. Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарыг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн, шийтгэх тогтоолын 1 дэх заалтад нэмэлт өөрчлөлт оруулан зөвтгөх боломжтой.     

Шүүгдэгч Х.Бгийн үйлдэлд дээр заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргээс гадна мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн байж болох шинжтэй боловч 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн /хх-1-1хх/ энэ хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэснийг буруутгах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь шүүгдэгч Х.Бгаас бусад шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсанаар өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтын “Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюунтунгалагаас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жугнай овогт Ганхуягийн Г.Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Чингүнжав овогт Явуухулангийн Я.Х, Боржигон овогт Шаравдоржийн Ш.Т, Жансав овогт Ганболдын Г.Г, Олхонууд овогт Батсүхийн Б.Ш нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюунтунгалагаас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жугнай овогт Ганхуягийн Г.Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Чингүнжав овогт Явуухулангийн Я.Х, Боржигон овогт Шаравдоржийн Ш.Т, Жансав овогт Ганболдын Г.Г, Олхонууд овогт Батсүхийн Б.Ш нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарын тус тус цагаатгасугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЗОРИГ

 

                                      ШҮҮГЧИД                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ