Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 374

 

Иргэн Б.Батболд, Б.Эрдэнэчимэг, С.Дариймаа,

Г.Ичинхорлоо нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Б.Батболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганболд, У.Сайнбаяр, Н.Оролжмаа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Анхбаяр, Б.Даваажанцан нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 272 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2016/0540 дүгээр магадлалтай, иргэн Б.Батболд, Б.Эрдэнэчимэг, С.Дариймаа, Г.Ичинхорлоо нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оролжмаа, Н.Ганболд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Анхбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 272 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 35 дугаар зүйлийн 35.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтуудыг тус тус баримтлан Б.Батболд, Б.Эрдэнэчимэг, С.Дариймаа, Г.Ичинхорлоо нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,  Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/508 тоот захирамжийн Б.Батболд, Б.Эрдэнэчимэг, С.Дариймаа, Г.Ичинхорлоо нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2016/0540 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны    едрийн 272 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тухайн маргаан бүхий газартай холбоотой асуудлаар 2007 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд “Мон-Аналитик” ХХК нь нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчид 2007 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/2007 тоот Эвлэрлийн гэрээг байгуулж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу Дружба зуслангийн эзэмшлийн газрын эргэн тойрон бүхий 500 метр квадрат газрыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөс бусдад шинээр газар ашиглах, эзэмших эрх олгохгүй байхаар дурдсан.

Нийслэлийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай 982 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгасан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас тухай бүр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг холбогдох хуулийн дагуу биелүүлсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6 дахь хэсэгт /нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар...түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу... шүүгчийн захирамж байгаа/ заасан.

Гэтэл анхан шатны шүүх нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцлийг заагаагүй гэдгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй дүгнэсэн. Учир нь Засаг даргын А/508 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлаагүй, 2006 оны шүүхийн шийдвэрийг биелүүлэх 982 дугаар шүүхийн захирамжийг хууль зүйн үндэслэл болгон гаргасан захирамж юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу 2006 оны шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас удаа дараа шаардлага тавьж байсны үр дүнд тус захирамжийг гаргасан. Шүүхийн шийдвэрийг андуурч ойлгосон мэтээр шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй холбогдох хуулийг буруу хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эзэмших эрхийг хүчингүй болгох 6 үндэслэлийг журамлан мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дах хэсгийг баримтлан эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар дурдаж байна. Үүнээс үзвэл 2 шатны шүүх хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргаж холбогдох хуулийг буруу хэрэглэж байгаа нь харагдаж байна. Хариуцагчийн зүгээс бүх шатны шүүх хурлуудад маргаан бүхий захирамжийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй урьд 2006 онд тус асуудлаар шүүхийн шийдвэр гарсан бөгөөд түүнийг баримтлан Засаг даргын захирамж гарсныг тайлбарладаг. Мөн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай 2012 оны 982 дугаар шийдвэр, нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн албан бичиг зэрэг нотлох баримтаас тус үйл баримтууд шууд харагдаж байхад үндэслэл бүхий хуулийн шаардлага хангаж чадсангүй.

Иймд маргаан бүхий газрын талаарх асуудлыг урьд нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оролжмаа, Н.Ганболд нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 235 дугаар захирамжаар нэхэмжлэгч "Мон-Аналитик" ХХК-ийн хүүхдийн зуслангийн захиргааны нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох хэрэгт талууд харилцан тохиролцож, эвлэрсний дагуу хариуцагч нь "Дружба" хүүхдийн зуслангийн газрын орчны эргэн тойронд 500 м хүртэл газарт хамгаалалтын бүс тогтоож, уг бүсэд бусдад газар эзэмшүүлэхгүй байх үүрэг хүлээснээр тус хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т "энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол ... шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ" гэж заасан тул дээрх шүүгчийн захирамж заавал биелэгдэх хүчин чадалтай эрх зүйн баримт бичиг мөн болно.

"Мон-Аналитик" ХХК нь захиргааны хэргийн шүүхэд уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлтээ гаргасны дагуу шүүгчийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр "шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай" 982 дугаар захирамж гарган, 2007 оны 235 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад үүрэг болгосон билээ.

Ийнхүү шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны журмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргаас шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/508 дугаар захирамжаар иргэн Б.Батболд, С.Дариймаа, Б.Эрдэнэчимэг, Г.Ичинхорлоо нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Энэхүү захирамж 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан захирамж учир анхан шатны шүүх энэхүү захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах ёсгүй. Харин Засаг дарга захирамж гаргахдаа нэхэмжлэгч нарын эрхийг хөндсөн эсэхэд л хяналт тавих боломжтой байсан.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд 2007 оны Эвлэрлийн гэрээний заалтуудад дүгнэлт хийж буюу шийдвэртээ "... эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэх талаар тохиролцоогүй" гэж үзсэн нь илт хууль зүйн үндэслэлгүй байна.

Тухайлбал, Эвлэрлийн гэрээнд "Сүхбаатар дүүргийн Засаг дарга хүүхдийн зуслангийн орчин хамгаалалтын бүс тогтоож, уг орчинд бусдад иргэдэд газар эзэмшүүлэхгүй үүрэг хүлээсэн" заалт нь тодорхой байхад шүүхүүд "гэрээг хэрэгжүүлэх арга замыг гэрээнд тохироогүй" гэж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр баталгаажсан гэрээг буруутгаж байгаа нь хууль бус болно.

Мөн шүүхүүд "... хуулийн дагуу эрхийн доголдолгүй газар эзэмшиж буй иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ..." гэж дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус юм.

Учир нь Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т "ой бүхий газар, таримал ой, бут сөөг, мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна" гэж;

Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т "ойн тухай хууль тогтоомжийг зөрчсөний улмаас ойн санд, эсхүл тухайн иргэний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан этгээдэд хууль зүйн хариуцлага хүлээлгэх болон ... шаардах эрхтэй" гэж;

Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10-т "ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулахыг хориглоно" гэж тус тус заасан байдаг.

НИТХ-ын 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор батлагдсан "нийслэлийн ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын журам"-ын 4.1, 8.3-ийг зөрчсөн, мөн нийслэлийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/819 дүгээр захирамжаар ногоон бүсийн ойд газар олгохыг хориглосон, эдгээрийг тус тус зөрчсөн байдаг.

Хууль, журам, захирамжийн заалтуудаас харвал хүүхдийн зуслан байрлаж байгаа ойн сан бүхий газарт иргэдэд зуслангийн зориулалтаар газар олгосноор ойн түймэр гарах, унаган байдал алдагдаж, бохирдох өндөр эрсдэлтэйгээс гадна ой дотор газар жорлон ухах, бохир угаадасаа хөрсөнд асгаснаар ойн хөрс бохирдох бодит хор уршигтай бөгөөд энэ нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах тул ийнхүү ойн сан бүхий газарт зуслангийн барилга, байгууламж барих зориулалтаар  газар  олгосон зөрчлийг арилгуулахаар  шаардах эрх гуравдагч этгээдэд ийнхүү дээрх хуулийн дагуу олгосон.

Гэтэл шүүхүүд нэхэмжлэгч нар ойн сан бүхий газарт газар эзэмшиж байгаа нь хууль, журам, захирамжийн дээрх заалтуудад нийцэхгүй байгаад огт дүгнэлт өгөөгүй нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Анхан шатны шүүх нь дээрх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, түүний хууль зүйн үр дагаварт дүгнэлт өгч, уг акт хуульд нийцсэн эсэхийг хянах ёстой. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэгч нарыг Газрын тухай хуулийн дагуу хүсэлт гаргасан, газрын төлбөрөө төлсөн гэх мэтээр маргаан бүхий захиргааны актын үндэслэлд огт хамаарахгүй, маргаанаас гадуур асуудалд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэсэн, энэ талаар давж заалдаж гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй.

2. Шүух хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны жууам зөрчсөн нь шуүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн нь дараах үндэслэлээр тогтоогдож байна. Үүнд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх ёстой.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас анхан шатны шүүхэд хандан "өөрт бий болсон хүндэтгэн үзэх шалтгаан"-аа тайлбарлаж, нотлох баримтыг ирүүлсэн байхад гуравагдагч этгээдийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан, давж заалдах шатны шүүх нь энэ байдалд огт дүгнэлт өгөөгүй атлаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж байгаа нь "мэтгэлцэх" зарчим, "шүүхийн шийдвэр хууль ёсны байх" зарчимд огт нийцэхгүй байна.

Мөн анхан шатны шүүх гуравдагч этгээдийн талаас итгэмжлэх эрхгүй этгээд итгэмжлэл олгосон гэж үндэслэлгүйгээр дүгнэлт хийсэн бөгөөд энэ байдалд давж заалдах шатны шүүх мөн л огт дүгнэлт өгөөгүй байна.

Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сэргэлэн нь өвчний улмаас тус хэрэг маргаанд оролцож чадаагүй бөгөөд тус хэрэгт өмгөөлөгчийн хамт оролцохоор хүсэлттэй байсан боловч шүүх хүсэлтийг хүлээн авалгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг хайхралгүй шүүхийн шийдвэр гаргасан.

Мөн анхан шатны шүүх шийдвэртээ "захирал Н.Бямбажав итгэмжлэл олгосон боловч, гуравдагч этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Ч.Цогт-Очир байх тул Н.Бямбажавын томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сэргэлэн хүсэлт гаргах эрхгүй" гэжээ.

Шүүх шийдвэртээ итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сэргэлэн 13 удаа хүсэлт гаргасан, уг хүсэлтийг нь шүүх удаа дараа хүлээж авсан гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн атлаа, одоо хүсэлт гаргах эрхгүй гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр өөрөө логикгүй, зөрүүтэй дүгнэлт гаргасан байна.

"Мон-Аналитик" ХХК-д холбогдох улсын бүртгэлийн лавлагаа Улсын бүртгэлийн байгууллагын буруутай ажиллагаанаас болж гарсан гэдэг нь тогтоогдсон бөгөөд тус компанийг Н.Бямбажав итгэмжлэх эрхтэй этгээд гэдэг нь нотлогдоод байхад давж заалдах шатны шүүх анхан шатны буруу шийдвэрийг зөвтгөх үүргээ огт биелүүлсэнгүй.

Нөгөө талаас шүүх санаачлагаараа "Мон-Аналитик" ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан учраас хэрэв шүүх тус компанийг Н.Бямбажав төлөөлөх эрхгүй, Ч.Цогт-Очир төлөөлөх эрхтэй, ийм учраас тус компанийг итгэмжлэлээр төлөөлөх эрхтэй этгээд нь С.Сэргэлэн биш гэж үзсэн юм бол тус компанийн хууль ёсны төлөөлөх эрхтэй этгээдийг шүүхэд ирүүлэх, эрх, үүргийг танилцуулах, хэргийн материалтай танилцах эрхийг нь хангахгүй үүрэгтэй.

Мөн түүнчлэн шүүх хэрэг маргааныг хөндлөнгийн байж шийдвэрлэх ёстой этгээд тул гуравдагч этгээдийг хэн хууль ёсоор төлөөлөх ёстой, түүний эрх, итгэмжлэл зэргийг шалгаж, нягтлах үүрэгтэй атал энэхүү үүргээ биелүүлэхгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл бий болж байна.

Хэрэв шүүхээс гуравдагч этгээдийг өмгөөлөгч авах эрхээ хангасан бол энэхүү алдаанууд шүүхгүйгээр засагдах боломжтой байсан боловч анхан шатны шүүх гуравдагч этгээдийг өмгөөлөгч авах эрхийг хязгаарлаж Үндсэн хууль зөрчсөн.

Анхан шатны шүүх хэргийн нэг талыг оролцуулаагүй шүүх хуралдааныг явуулсан атлаа шийдвэртээ "мэтгэлцэх боломжоор хангасан" гэж бичжээ.

Мэтгэлцээн явуулаагүй байж, мэтгэлцэх зарчмыг хангасан гэж бичиж байгаа анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар логикоор гарсан гэж ойлгох вэ, үүнийг хэрхэн ойлгосноо давж заалдах шатны шүүх магадлалдаа бичээгүй байгааг давж заалдах шатны шүүх үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үү.

Анхан шатны шүүх зөвхөн цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх эрхтэй бөгөөд нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй гэдгээ мэдэхгүй байна.

Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн гаргасан 2 гэрч асуулгах хүсэлтийг хүлээн авсан боловч ямар ч ажиллагаа хийгээгүй байж маргааныг шийдвэрлэсэн.

Учир нь гэрч шүүхэд дуудснаар ирэхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т "мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсхүл зориуд худал мэдүүлэг өгсөн бол хуульд заасан хариуцлага оногдуулна", 37.4-т "хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн дуудсанаар ирж чадахгүй гэрчээс байгаа газарт нь очиж мэдүүлэг авч болно", 37.5-д "гэрч шүүхийн дуудсанаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг албадан ирүүлэхийг шүүхээс эрх бүхий байгууллагад даалгаж, холбогдох зардлыг гэрчээр гаргуулахаар тогтоож болно" гэж заасны дагуу ажиллагаа явуулах үүрэгтэй, бас эрхтэй.

Анхан шатны шүүх ийнхүү нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй байхад давж заалдах шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, хууль зөрчсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу 2007 оны шүүхийн шийдвэрээр баталгаажсан зүйл баримт бол "Дружба" зуслангийн эргэн тойронд 500 м хүртэлх газрыг хамгаалалтын бүс гэж тогтоосон явдал.

Гэтэл нэхэмжлэгч нар нэгэнт шүүхээр шийдвэрлэгдээд тогтоогдсон энэхүү үйл баримтын талаар маргаж шүүх түүнийг нь хүлээн авч, үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх үзлэг явуулах эрхтэй ба ийнхүү үзлэг явуулахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т "хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна" гэж заасны дагуу явуулах ёстой.

Гэтэл гуравдагч этгээдээс удаа дараа маргаан бүхий газрын үзлэгийг хийхдээ биднийг байлцуулах, маргаан бүхий газар дээрх хэргийн бодит нөхцөлтэй танилцах, адил тэнцүү байдлаар тайлбар хийх боломж олгох хүсэлтийг өгсөн боловч анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн хамт явж, түүнийг маргаан бүхий газар дээр дангаар байлцуулан үзлэг гэгчийг явуулсан байдаг.

Энэ нь анхан шатны шүүхийн илт хууль бус ажиллагаа, хэрэгт хувийн сонирхолоор хандсан гэж үзэх ноцтой зөрчил байхад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж байгаа нь хууль бус байна.

Дээрх байдлуудаар анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг маш олон байдлаар ноцтой зөрчсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Анхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: иргэн Б.Батболд, Б.Эрдэнчимэг, С.Дариймаа, Г.Ичинхорлоо нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд "Мон-Аналитик" ХХК-ийн өмгөөлөгчөөс тус хэргийг шийдвэрлэсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 272 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 540 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Анхан болон давж заалдах шатны шүүхээс "эвлэрлийн гэрээний зүйл заалтаар хуулийн дагуу эрхийн доголдолгүй газар эзэмшиж буй иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэх талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч нарын буруутай үйлдэл байхгүй" гэж дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Гэтэл 2007 онд газрыг бусдад эзэмшүүлж, ашиглуулахгүй гэж эвлэрлийн гэрээг байгуулах үед маргаан бүхий газруудад эзэмших эрхийг олгоогүй байсан бөгөөд 2011 онд нэхэмжлэгч нар газар эзэмших эрхтэй болсон. Үүнээс үзэхэд нэгэнт цаашид иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхгүй гэж эвлэрлийн гэрэз байгуулсан, уг гэрээг хуульд харшлаагүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар захирамжаар баталсан нь хуулийн хүчин төгөлдөр хэвээр бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх тул шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргийнхээ дагуу хууль зөрчсөн шийдвэрээ зөвтгөн, хүчингүй болгосон хариуцагчийг буруутгах боломжгүй.

Эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулан шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар хэрэгжин биелэгдэхээр болсон тул "гэрээг хэрэгжүүлэх талаар тохиролцоогүй" гэсэн нь үндэслэлгүй болжээ.

Мөн "нэхэмжлэгч нарын буруутай үйлдэл байхгүй" гэдгээр хууль, шүүгчийн захирамжийн дагуу үүссэн "Мон аналитик" ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байгаа нь шүүхээс иргэн, хуулийн этгээдүүдийн эрхийг тэгш бусаар хандсан гэж үзэхээр байна.

2. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч болон гуравдагч этгээд, түүний төлөөлөгч өмгөөлөгч нараас гаргасан гомдлын бусад үндэслэлийг хэрхэн дүгнэсэн, үгүйсгэсэн талаар тайлбар өгөөгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзсэн үндсэлэлээ тодорхой заагаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг зөрчжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэхэд хариуцагч нь газар эзэмших эрх үүсээгүй гуравдагч этгээд "Мон аналитик" ХХК-ийн үндэслэлгүй шаардлагаар бусад ямар нэгэн эрхийн доголдолгүй газар эзэмшиж байгаа ... нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ" гэжээ.

Харин давж заалдах шатны шүүхээс "гуравдагч этгээдэд газар эзэмших эрх үүсээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлсэн дүгнэлт хийсэн" гэж нэхэмжлэлийг хангасан үндэслэлийг хууль зөрчсөн гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн атлаа энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэсэн нь ойлгомжгүй, зөрчилтэй дүгнэлт хийсэн байна.

Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэн үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-д заасны дагуу шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/508 дугаар захирамжаар “...нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ... 235 дугаар захирамж, шүүгчийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ... 982 дугаар захирамжийг тус тус үндэслэн” Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 316 дугаар захирамжийн иргэн Б.Эрдэнэчимэг, Г.Ичинхорлоо, Б.Батболд, С.Дариймаа нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон, нэхэмжлэгч нараас “... 500 иргэнээс зөвхөн 4 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, ... хууль бус” гэж, хариуцагчаас “... шүүхийн шийдвэр биелүүлсэн, хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, 2007 онд “Мон-Аналитик” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох “...Оросын хүүхдийн Дружба зуслангийн эзэмшил газар болон ойн сан бүхий эргэн тойрон эрүүл ахуй, халдвар хамгааллын 500 метр хүртэлх газарт газар олгож буй Сүхбаатар дүүргийн Засаг даргад цаашид шинээр газар олгохгүй байх талаар зохих акт гаргахыг даалгах, ойн сан бүхий газарт хашаа сууц барьсан иргэдэд зуслангийн газар хувьчлах талаарх асуудлыг зогсоолгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэх явцад “Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Газрын алба нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтын амны төгсгөлд орших “Мон-Аналитик” ХХК-ийн Дружба зуслангийн эзэмшил 26 га газар болон түүний эргэн тойрон эрүүл ахуй, халдвар хамгааллын 500 метр хүртэл ойн сан бүхий газарт 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш /бусдад/ ... газар олгохгүй байх... ”-аар тохиролцон Эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх (тухайн үеийн нэрээр)-ийн шүүгчийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нараас “... /уг Эвлэрлийн гэрээ нь/ илтэд гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон, ...  нэг талыг барьсан, үзтэл хууль бус эвлэрэл байсан” гэх боловч нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг дахин хянах, түүний хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрхийг өөр бусад шүүхэд хуулиар олгоогүй болно.

Харин, Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг, Г.Ичинхорлоо, Б.Батболд, С.Дариймаа нарт тус бүрт нь 700 м.кв газрыг “Шарга морьт” гэх байршилд зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нарт олгогдсон газар нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “...2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш бусдад олгохгүй” гэж шийдвэрлэсэн газрын байршилд багтсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч Б.Батболдын  өмгөөлөгч Н.Номин-Эрдэнээс шүүх хуралдаан дээр “... Б.Батболдод эзэмшүүлсэн газар нь “Мон-Аналитик” ХХК-ийн эзэмшлийн газарт хамааралгүй” гэж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... манай кадастрын зургаар баталгаажсан газрын хил хязгаарт орсон” гэх зэргээр маргаж байх тул уг үйл баримтыг эцэслэн тогтоохгүйгээр маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Түүнчлэн, гуравдагч этгээдээс “... эвлэрлийн гэрээ байгуулах үед эдгээр иргэд маргаан бүхий газарт газар эзэмшээгүй байсан” гэж маргаж байхад анхан шатны шүүх “... эвлэрлийн гэрээний зүйл заалтаар хуулийн дагуу эрхийн доголдолгүй газар эзэмшиж буй иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэх талаар тохиролцоогүй” гэж дүгнэхдээ 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар шүүгчийн захирамжаар талуудын эвлэрэл батлагдах үед нэхэмжлэгч нар нь уг газрыг “эрхийн доголдолгүй” эзэмшиж байсан эсэхтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулалгүй, хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангасангүй.

Иймд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “... шүүх нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн биелүүлээгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин, анхан шатны шүүх гуравдагч этгээд “Мон-Аналитик” ХХК-ийг шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж, түүний хүсэлтээр шүүх хуралдааныг 13 удаа хойшлуулсан, анхан шатны шүүх хуралдааныг 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зарлаж, шүүх хуралдааны товыг 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, ... мэтгэлцэх зарчмыг хангаагүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 272 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2016/0540 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд “Мон-Аналитик” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА