Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/48

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч С.Б-О

Шүүгдэгч Б.Э-А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-Ад холбогдох эрүүгийн 2025000000452 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Э-А нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” баарны гадна талбайд иргэн Д.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-Аг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э-А мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.Д.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.Д.Б-ын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн үед Богд гол баарнаас тамхи татах гээд гараад байж байтал зүс таних залуу чамд тамхи байна уу гэж асуухаар нь тэр залууд нэг ширхэг тамхи өгсөн. Тэгээд тэр зүс таних залуу манай 10 жилийн доод анги байсан, зүс таних болохоор бид хоёр 10 жилийн тухай ярьж байгаад хоорондоо маргалдаж намайг зүс таних залуу хоёулаа үзэх үү” гэхээр нь би тулж очоод “чи яах гээд байгаа юм бэ” гэж хэлтэл намайг шууд үүрэх мэхээр унагаасан юм. Унахдаа би баруун мөрөөрөө унаж эгэм далны холбоос яс салсан. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хагалгаанд орсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/

2. Гэрч Л.Э-ны “Гадаа зогсож байсан 3 залуугаас Б.Э-А тамхи гуйсан. Тэгээд Б.Э-А нөгөө нүдний шилтэй залуутай маргалдаад зогсоод байгаад Б.Э-А тэр залуутай зодолдохоор болоод нөгөө нүдний шилтэй залуу шилээ аваад найздаа өгсөн. Тэгсэн Б.Э-А малгайгаа тайлаад надад өгсөн. Тэгээд би хараад байж байтал нөгөө залуу Б.Э-Аг мөргөсөн. Б.Э-А нөгөө залууг үүрээд шидсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-10-р хуудас/

 

3. Гэрч Б.А-О-рын “2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай гэрт нэг шил архи хувааж уугаад Б.Д.Б-ын гэр очиод 2 том Нийслэл пиво уусан. Тэгээд Богд-гол бааранд 21 цагийн үед ороод 4 шил нийслэл пиво уугаад тамхи татахаар гадаа гарч тамхи татаж байхад нэг залуу тамхи гуйсан. Б.Д.Б тэр залууд юу гэж хэлсэнийг мэдэхгүй байна. Тэгээд Б.Д.Б нь над дээр ирээд нүдний шил бариад байж бай, энэ залуу бид 2 маргалдаж магадгүй юм шиг байна гээд шилээ өгөөд байж байтал үл таних залуу Б.Д.Б-ыг үүрээд газарт шидсэн. Би юу болж байна гээд очиж салгатал Б.Д.Б миний гар хөдлөхөө байчихлаа гар хугарсан юм шиг байна гээд байхаар нь би цагдаа болон түргэний тэрэг дуудаж үзүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-14-р хуудас/

4. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 815 дугаартай “Б.Д.Б-ын биед баруун эгэм далны их шаантан ясны холбоосын бүрэн тасрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үүссэн байж болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Б-О дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Э-А нь иргэн Б.Д.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан мөн хохирогч гомдол саналгүй гэж байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Торгох ялыг 5 сар, сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчилж төлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч Б.Э-А-гийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг нь хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт дагалдан ирээгүй болохыг дурдаж байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Д.Б-ын “2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн үед Богд гол баарнаас тамхи татах гээд гараад байж байтал зүс таних залуу чамд тамхи байна уу гэж асуухаар нь тэр залууд нэг ширхэг тамхи өгсөн. Тэгээд тэр зүс таних залуу манай 10 жилийн доод анги байхыг, зүс таних болохоор бид хоёр 10 жилийн тухай ярьж байгаад хоорондоо маргалдаж намайг зүс таних залуу хоёулаа үзэх үү” гэхээр нь би тулж очоод “чи яах гээд байгаа юм бэ” гэж хэлтэл намайг шууд үүрэх мэхээр унагаасан юм. Унахдаа би баруун мөрөөрөө унаж эгэм далны холбоос яс салсан. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хагалгаанд орсон” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Эрдэнэсайханы “гадаа зогсож байсан 3 залуугаас Б.Э-А тамхи гуйсан. Тэгээд Б.Э-А нөгөө нүдний шилтэй залуутай маргалдаад зогсоод байгаад Б.Э-А тэр залуутай зодолдохоор болоод нөгөө нүдний шилтэй залуу шилээ аваад найздаа өгсөн. Тэгсэн Б.Э-А малгайгаа тайлаад надад өгсөн. Тэгээд би хараад байж байтал нөгөө залуу Б.Э-А-г мөргөсөн, Б.Э-А нөгөө залууг үүрээд шидсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Б.А-О-рын “2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай гэрт нэг шил архи хувааж уугаад Б.Д.Бын гэр очиод 2 том Нийслэл пиво уусан. Тэгээд Богд-гол бааранд 21 цагийн үед ороод 4 шил Нийслэл пиво уугаад тамхи татхаар гадаа гарч тамхи татаж байхад нэг залуу тамхи гуйсан Б.Д.Б тэр залууд юу гэж хэлсэнийг мэдэхгүй байна. Тэгээд Б.Д.Б нь над дээр ирээд нүдний шил бариад байж байа энэ залуу бид 2 маргалдаж магадгүй юм шиг байна гээд шилээ өгөөд байж байтал үл таних залуу Б.Д.Б-ыг үүрээд газарт шидсэн. Би юу болж байна гээд очиж салгатал Б.Д.Б миний гар хөдлөхөө байчихлаа гар хугарсан юм шиг байна гээд байхаар нь би цагдаа болон түргэний тэрэг дуудаж үзүүлсэн” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 сарын 10-ны өдрийн 815 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Э-А нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” баарны гадна талбайд иргэн Д.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Э-А-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-А-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нарууд овогт Б.Э-Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-Аг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-А-д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС