| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0048/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/53 |
| Огноо | 2021-02-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/53
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б
Улсын яллагч Л.Э
Иргэний нэхэмжлэгч А.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц
Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цт холбогдох эрүүгийн 2025004850011 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн нутаг дэвсгэрт УНС улсын дугаартай “Тоёота Аурис” загварын тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаасХӨҮ улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган Ж.Ж, П.С нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Цыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ “Манай ээж 91 настай. Миний асрамжинд байдаг. Энэ хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Хэрэг болсноос хойш согтууруулах ундаа амсаагүй, их зүйл бодож байгаа” гэв.
Иргэний нэхэмжлэгч А.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Хохирлоо төлсөн. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол гарсан газр дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 6-11-р хуудас/
2. Насанд хүрээгүй хохирогч Ж.Жын “2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр аав, ээж, дүү М, эмээ Уранчимэг нарын хамтаар Орхон аймагт эгчийндээ ирчихээд буцаад Хөвсгөл аймгийн Тариалан сум руу аавынхаа машинтай буцаад явж байтал Дархан нэхий дэлгүүр өнгөрөөд явж байтал манай машиныг хар өнгийн машин ирээд мөргөсөн тэгээд би ухаан алдаад нэг сэртэл эмнэлэгт байж байсан. Яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Миний толгой өвдөнө, нүд унтаад сэрхээр хавагнаж хавдана, хамар битүүрнэ, хөл өвдөнө байнга алхаж гишгэж болохгүй, хэвтрийн дэглэм сахиж байгаа толгой болон чих рүү хатгаж өвдөж байгаа” гэсэн мэдүүлэг. /хх-ийнн 31-р хуудас/
3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 770 дугаартай “Ж.Ж-ын биед суурь ба хүнхрээ ясны /баруун талын дух/ ил хугарал, тархины эдийн хүнд зэргийн няцрал, тархины комын байдал, тархины ялыг бэхэлж тогтоох хагалгааны дараах байдал, зүүн хацар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дээд ба дотор хананы хугарал, хамрын ясны бяцарсан хугарал, хуйханд зөөлөн эдийн няцрал, үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, баруун урдаас арагш чиглэсэн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Суурь ба хүнхрээ ясны /баруун талын дух/ ил хугарал, тархины эдийн хүнд зэргийн няцрал, тархины комын байдал, тархины ясыг бэхэлж тогтоох хагалгааны дараах байдал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.3.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Зүүн хацар ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний ухархайн дээд ба дотор хананы хугарал, хамрын ясны бяцарсан хугарал, хуйханд зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 57-59-р хуудас/
4. Хохирогч П.С-ын “2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үдээс хойш хуурай ах Б.Ц-тай гордод уулзаад манай гэрийн ойролцоо Б.Ц ахын машин дотор 2 ширхэг Нийслэл нэртэй пиво уусан. Тэгээд Б.Ц ах машинаа бариад өөрийнхөө гэрийн ойролцоо очсон. Тэгээд дэлгүүрээс дахин 8 ширхэг лаазтай пиво авч уусан. Хүн тус бүр нийт 6 ширхэг пиво нийт 12 ширхэг лаазтай пиво уусан. Тэгээд намайг гэр лүү хүргэж өгнө гэж хэлээд машинтайгаа Их залуу багийн самбараар горд чиглэл буюу зүүн гар тийш эргэж байсан. Тэгээд явж байгаад гэрэл гялбаад осол гарсан. Тухайн үеийн үйл явдалаа сайн санахгүй байна. Б.Ц ах согтуугаар өөрийн унаж явсан УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон тээврийн хэрэгсэл дотор нь бид хоёр явж байсан. Хир хурдтай явж байсныг сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-28-р хуудас/
5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 769 дугаартай “П.Сын биед гавал тархины ил гэмтэл, тархины эдийн духны дэлбэнгийн хүнд зэргийн няцрал, дух ясны ил бяцарч цөмөрсөн хугарал, тархины эдийн дарагдал, зүүн нүдний ухархайн бүх хананы хугарал, зүүн хацар ясны хугарал, зөөлөн бүрхүүл дор цус харвалт, зүүн талын нүүрний мэдрэлийн саажилт, зүүн нүдний дээд зовхины буулт, дух, зүүн хөмсөгт 3 тооны няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно” гэсэн дүгнэлт. /хх-ийн 53-55-р хуудас/
6. Гэрч Д.У-гийн “Би өөрийн төрсөн хүү болох Ж, бэр Б, Ж.Ж, ач охин Ж.Ж, ач хүү Мөнгөншагай нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сумаас Хөвсгөл аймгийн Тариалан сум руу гэрлүүгээ явахаар Дархан нэхий төвөөс гутал авчихаад “Тоёота королла” маркийн ХӨҮ улсын дугаартай автомашинаар хөдлөөд төв замаар явж байхад нэг машин урсгал сөрж орж ирээд манай машинтай мөргөлдсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 33-34-р хуудас/
7. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 221 дугаартай “Б.Цын биенээс авсан цусанд 2,1 промилл процент этилийн спирт илэрсэн” гэсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 77-78-р хуудас/
8. Тээврийн хэрэгслийн техникийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 27, 28 дугаартай дүгнэлтүүд. /хх-ийн 91-107-р хуудас/
9. “Бан Хас” ХХК-ны 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 20/02/2068, 20/02/2069 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлангууд /хх-ийн 112-119-р хуудас/
10. Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-р хуудас/
11. Зам тээврийн осол дээр тогтоосон мөрдөгчийн магадлагаа: “Жолооч Банзрагчийн Б.Ц нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.” 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн зүйл заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хх-ийн 124-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Б.Ц нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг дэвсгэрт автотээврийн хэрэгсэл жолоодон явахдаа, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, тоёота королла маркын ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гаргаж, Б.Ж.Ж, П.С нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт хуулийн дагуу цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч нарын мэдүүлэг, гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт, гэрч Д.У, Б.Ж, Б, Ж.Ж нарын мэдүүлгүүд, хяналтын камерын үзлэгийн тэмдэглэл,тээврийн хэрэгслийн техникийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Цыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар зүйлийн 10 дах хэсгийн 2.1 дэх зааснаар согтуурсан үедээ автомашин жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцох саналтай байна. эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасны дагуу Б.Цт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх, Б.Цт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих саналтай байна. Эд мөрийн баримтанд хураагдсан Б.Цын 196267 дугаартай жолооны үнэмлэхийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх, хяналтын камерны бичлэгийг хэрэгт үлдээх санал гаргаж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц дүгнэлтдээ “Б.Цын үйлдсэн гэмт хэргийн гэм буруутай маргахгүй байгаа. Оногдуулах ялын хувьд хөнгөрүүлэх байдлаар санал, хүсэлт гаргаж байна. Шүүгдэгч Б.Цын хувьд согтуурсан үедээ тээврййн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцож бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй, маргахгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2-т заасны дагуу оногдуулах үндсэн ял 2 төрөл байгаа. Жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хувьд маргах, нэмж хэлэх зүйл байхгүй. Өмгөөлөгчийн хувьд ялыг хөнгөрүүлэх үндэслэл байна гэж үзэж байна. Хувийн байдлын үүднээс авч үзвэл, шүүгдэгч Б.Ц нь 54 настай, олон жил Эрдэнэт үйлдвэрт ажилласан, 2022 онд өндөр насны тэтгэвэртээ гарна. Мөн учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн. Машины эвдрэлийн үнэлгээ 2 400 000 төгрөг болсон ч шүүгдэгч Б.Ц нь өөрийн санаачлагаараа машины нийт үнэлгээ болох 5 500 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч Б.Ж болон Б.У нартай байнгын холбоотой байгаа. Хохирогчдын хувьд хохиролгүй болсон гэх санал, тайлбар гаргаж өгсөн. Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа тул ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно. Тусгайлан ялыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, нийгмээс тусгаарлахгүйгээр ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Шүүх насанд хүрээгүй хохирогч Ж.Ж “2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр аав, ээж, дүү М, эмээ У нарын хамтаар Орхон аймагт эгчийндээ ирчихээд буцаад Хөвсгөл аймгийн Тариалан сум руу аавынхаа машинтай буцаад явж байтал Дархан нэхий дэлгүүр өнгөрөөд явж байтал манай машиныг хар өнгийн машин ирээд мөргөсөн. Тэгээд би ухаан алдаад нэг сэртэл эмнэлэгт байж байсан” гэсэн мэдүүлэг, хохирогч П.С “2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хуурай ах Б.Ц ахтай үдээс хойш гордод уулзаад манай гэрийн ойролцоо Б.Ц ахын машин дотор 2 ширхэг Нийслэл нэртэй пиво уусан. Тэгээд Б.Ц ах машинаа бариад өөрийнхөө гэрийн ойролцоо очсон. Тэгээд дэлгүүрээс дахин 8 ширхэг лаазтай пиво авч уусан. Хүн тус бүр нийт 6 ширхэг пиво нийт 12 ширхэг лаазтай пиво уусан. Тэгээд намайг гэр лүү хүргэж өгнө гэж хэлээд машинтайгаа Их залуу багийн самбараар горд чиглэл буюу зүүн гар тийш эргэж байсан. Тэгээд явж байгаад гэрэл гялбаад осол гарсан” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 770 дугаартай Ж.Жын биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэрч Д.У “Би өөрийн төрсөн хүү болох Ж, бэр Б, Ж.Ж, ач охин Ж.Ж, ач хүү М нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Хөвсгөл аймгийн Тариалан сум руу гэрлүүгээ явахаар Дархан нэхий төвөөс гутал авчихаад “Тоёота королла” маркийн 4957 ХӨҮ улсын дугаартай автомашинаар хөдлөөд төв замаар явж байхад нэг машин урсгал сөрж орж ирээд манай машинтай мөргөлдсөн” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 221 дугаартай “Б.Цын биенээс авсан цусанд 2,1 промилл процент этилийн спирт илэрсэн” гэсэн шинжээчийн дүгнэлт, Тээврийн хэрэгслийн техникийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 27, 28 дугаартай дүгнэлтүүд, “Бан Хас” ХХК-ны 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 20/02/2068, 20/02/2069 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлангууд, Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Банзрагчийн Б.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 9851 УНС улсын дугаартай “Тоёота Аурис” загварын тээврийн хэрэгсэл жолоодон яваад урсгал сөрж 4957 ХӨҮ улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган Ж.Ж, П.С нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ц нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Цыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Б.Цын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ж.Ж, хохирогч П.С нарын эрүүл мэндэд хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч Д.У-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Ц нь насанд хүрээгүй хохирогч Ж.Жд 19 500 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Ж-д 5 500 000 төгрөгийн хохирол тус бүр төлсөн. Мөн хохирогч П.Сад эмчилгээний зардал төлж барагдуулсан байна. Иргэний нэхэмжлэгч Д.Уранчимэг, А.Мөнгансарнай нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгчийн жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Буурал овогт Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар Б.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 2 жилийн хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүрийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, Б.Цын 196267 дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС