| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0066/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/70 |
| Огноо | 2021-03-10 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/70
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б
Улсын яллагч Л.Э
Шүүгэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүгдэгч Э.М, Г.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М, Г.М нарт холбогдох эрүүгийн 2125000000049 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Э.М, Г.М нар нь бүлэглэн 2020 оны 10 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 12 сарын 22-ны өдрийн хооронд мэдээллийн технологи ашиглаж “Jargalmaa Jargalmaa” гэх нэртэй фэйсбүүк хаягнаас ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.М, Г.М нарыг мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 56-59-р хуудас/
2. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 9-10-р хуудас/
3. Э.Мөнх-Эрдэний Хаан банкин дахь 5040026967 дугаарын дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд. /хх-н 12-50, 125-158-р хуудас/
4. Яллагдагч Э.М-Э-ний “Би найз Г.Мын хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын яргуйт багийн овоотын 3-** тоотод “Jargalmaa Jargalmaa” гэх фэйсбүүк хаяг ашиглан, мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Тоглоом зохион байгуулахдаа өдөр болгон тоглуулж байгаагүй. Ажлынхаа цаг заваар тоглуулдаг байсан. Мөрийтэй тоглоом зохион байгуулахдаа 1 ширээнд 8 хүнтэй, 5040026*** дугаарын хаан банкны данс руу улны 5000 төгрөгийг хийж тоглуулдаг байсан. Нэг гарсан хүндээ 35000 төгрөг өгдөг. Ашиг гэж 5000 төгрөгийг өөрсдөө авдаг байсан. Миний данс руу мөнгө ордог байсан болохоор би дансаа хөтөлж, Г.М хөзөр хольж тараадаг байсан. Ер нь бол 2-уулаа л дансаа ч хөтлөнө, хөзрөө ч тарааж тоглоом тоглуулдаг. Лайв хийж байгаа утсаа нэг газар байрлуулчихдаг байсан. Олсон ашигаа тухай бүр хоол хүнс, ойр зуурын ахуйн хэрэглээндээ зарцуулдаг. Олсон ашигаа нарийн тооцож гаргаж байгаагүй. Мөрийтэй тоглоом зохион байгуулж байх үед Яргуйт баг овоотын 3-** тоотод Г.М бид 2-оос өөр хүн байгаагүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг. /хх-н 193-р хуудас/
5. Яллагдагч Г.Мын “Би анх М-Э-ний хамтаар Загда1таа Загда1таа гэх фэйсбүүк хаягийг ашиглан Орхон аймгийн Баян-Өндөр сумын яргуйт багийн овоотын 3-37 тоотод 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Энэ хугацаанд бас тоглуулаагүй хоног байгаа. Ер нь бол ажлынхаа цаг заваар тоглуулдаг байсан. Тоглуулахдаа 1 ширээнд 8 хүнтэй, 5040026*** дугаарын хаан банкны данс руу улны 5,000 төгрөг хийж тоглуулдаг байсан. Хожсон хүндээ 35000 төгрөг өгч, өөрсдөө 5000 төгрөгийн ашиг гэж авдаг. Мөрийтэй тоглоом зохион байгуулахад Э.М бид 2-оос өөр хүн байдаггүй байсан. Өдөрт дунджаар 100,000 төгрөгийн ашиг олдог байсан. Олсон ашигаа хоол хүнсэндээ зарцуулдаг байсан. Э.М дансаа хөтөлж би хөзөр хольж тараадаг. Утсаа нэг газар байрлуулж тавьдаг байсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 195-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын гэм буруу нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч нар хэргээ хүлээн мэдүүлэг өгсөн. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан уг торгох ялаас чөлөөлөх саналыг гаргаж байна” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй тул шүүгдэгч нарт ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлөж өгнө үү” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, Э.М-Э-ний Хаан банкин дахь 504002*** дугаарын дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, шүүгдэгч нарын мөрдөн шалган ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.М, Г.М нар нь бүлэглэн 2020 оны 10 сарын 21-ний өдрөөс 2020 оны 12 сарын 22-ны өдрийн хооронд “Jargalmaa Jargalmaa” гэх нэртэй фэйсбүүк хаягаар хөзөр ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Э.М, Г.М нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.М, Г.М нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх боломжтой гэж үзэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хохирол учирсан байхыг шаардаагүй бөгөөд мөрийтэй тоглоомд оролцсон иргэдээс гэм хорын нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жагар овогт Э.М, Боржигон овогт Ганчимэгийн Г.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-Э-нийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Мыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М, Г.М нарт оногдуулсан 1 000 000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М, Г.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС