| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0057/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/75 |
| Огноо | 2021-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/75
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч Д.М-Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-Эд холбогдох эрүүгийн 2125000000040 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Д.М-Э нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамын 6-30 тоотод согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Л, дагавар охин У.У нарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.М-Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М-Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Насанд хүрээгүй хохирогч У.У, түүний хууль ёсны төлөөлөгч буюу хохирогч С.Л нар “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч С.Лгийн “2021 оны 01 сарын 06-ны өдөр гэртээ 3 хүүхэдтэйгээ байж байхад хамтран амьдрагч Д.М-Э нь архи үнэртүүлсэн орж ирсэн. Орж ирээд та нарыг цас шүүрд гэж хэлээ биз дээ, яахаараа шүүрддэггүй юм, би наад ажлыг чинь хийчихье гээд бээлий өмсөөд, духандаа гэрэл зүүгээд миний том охин У.Уын толгой руу нь хогийн шүүрээр цохиод авсан чинь толгой нь хагарсан. Том охин У.Уыг шүүрний иш, хүүхдийн коршок, духны төмөр гэрэл зэргийг хагартал цохиж зодсон. Салгах гэж очсон дунд охин Уярамыг олон удаа түлхэж унаган хувцаснаас нь чирч юм мөргүүлсэн. Би болиулах гэсэн боловч намайг үснээс зулгааж унагаан толгой, нуруу руу өшиглөөд байсан болохоор би яаж ч чадаагүй бид нар гарч тусламж дуудах гэхээр нь хаалга таглаж зогсчихоод байхаар нь би чи маргааш энэ үйлдэлдээ харамсана даа гэхэд та нарыг одоо алчихъя гээд хутга байдаг газар луу явах хооронд дунд охин Уярам гараад гүйчихсэн. Би У-мын араас гараад гүйтэл Д.М-Э гараад ирэхээр нь охиноо зугтаалгах гээд Д.М-Этэй гудамжинд үлдсэн. Намайг чирээд гэр лүү авч орох гээд би орохгүй гэтэл намайг 2 удаа өшиглөж байснаа хаячихсан. Д.М-Э нь 2018 оны намар болон 2019 оны намар нэг удаа ухаан алдтал зодож байсан. 2019 онд цагдаад хандаад 200 000 төгрөгөөр торгуулаад өнгөрч байсан. Мөн миний охидуудыг хувцасаа солих гээд нүцгэн байхад нь байнга очиж, хардаг, том охин У.Уын хөнжил рүү согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гараа хийж байсан зэрэг үйлдэл гаргадаг” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40-41-р хуудас/
2. Насанд хүрээгүй хохирогч У.Уын “Д.М-Э ах согтуу орж ирээд та нар миний хэлсэн үгийг биелүүлэхээ байжээ гээд өөрөө шүүр авч, бээлий өмсөөд духандаа гэрэл зүүгээд гарах гэж байснаа бид нарыг харааж, зүхэж орилж эхэлсэн намайг гэнэт барьж байсан шүүрнийхээ ишээр толгой руу цохиод авсан. Миний толгой хагараад нүүр дагаад цус гоожиж байсан. Д.М-Э ах шүүрний ишээр олон удаа ишийг хугартал толгой руу цохьсон. Дүүгийн бие засдаг горшокоор зодож горшок хагарсан чинь духандаа зүүж байсан гэрлээ эвдэртэл толгой руу цохьсон. Ээж дундуур орж ирэн Д.М-Э ахыг салгах гэхэд ээжийг үсдэж унагаад толгой руу олон удаа өшиглөж зодсон. Миний дүү Уярам бас салгах гээд ирэхэд нь миний дүүг олон удаа түлхэж, унаган чирж түлхсэн ээжийг ажилдаа явсан хойгуур дүү У бид хоёрыг байнга дээрэлхэж харьцдаг, гар хүрчихээд дараа нь ээждээ хэлбэл бүгдийг нь алаад шоронд явна шүү гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 43-р хуудас/
3. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 64 дугаартай “У.Уын биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн мөр, хоёр сарвуунд цус хуралт, баруун гарын эрхий хуруу, нуруунд зулгаралт үүсчээ. Хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн мөр, хоёр гарын сарвуунд цус хуралт нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 21-р хуудас/
4. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 63 дугаартай “С.Л-гийн биед хуйханд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын гадна ба дотор хэсэг нуруунд цус хуралт үүсчээ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 26-р хуудас/
5. Уртын гол багийн Хамтарсан багийн хурлын тэмдэглэл. /хх-ийн 91-93-р хуудас/
6. Д.М-Э-д холбогдох зөрчлийг хэргийн материалууд. /хх-ийн 94-102-р хуудас/
7. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-9-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.М-Э нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн Баян замын 6-30 тоотод буюу гэртээ согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч С.Л, түүний дагавар охин У.У нарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа тул шүүгдэгч Д.М-Э-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг буюу хоёр хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Д.М-Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 500 000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулах, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хогийн шүүр, хагарсан хүүхдийн суултуур, хар өнгийн духны гэрэл зэргийг устгах, шүүгдэгч Д.М-Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувийн эзэмшлээс битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Л-гийн “2021 оны 01 сарын 06-ны өдөр гэртээ 3 хүүхэдтэйгээ байж байхад хамтран амьдрагч Д.М-Э нь архи үнэртүүлсэн орж ирсэн. Орж ирээд та нарыг цас шүүрд гэж хэлээ биз дээ, яахаараа шүүрддэггүй юм, би наад ажлыг чинь хийчихье гээд бээлий өмсөөд, духандаа гэрэл зүүгээд миний том охин У.Уын толгой руу нь хогийн шүүрээр цохиод авсан чинь толгой нь хагарсан. Том охин У.Уыг шүүрний иш, хүүхдийн коршок, духны төмөр гэрэл зэргийг хагартал цохиж зодсон. Салгах гэж очсон дунд охин Уярамыг олон удаа түлхэж унаган хувцаснаас нь чирч юм мөргүүлсэн. Би болиулах гэсэн боловч намайг үснээс зулгааж унагаан толгой, нуруу руу өшиглөөд байсан болохоор би яаж ч чадаагүй бид нар гарч тусламж дуудах гэхээр нь хаалга таглаж зогсчихоод байхаар нь би чи маргааш энэ үйлдэлдээ харамсана даа гэхэд та нарыг одоо алчихъя гээд хутга байдаг газар луу явах хооронд дунд охин Уярам гараад гүйчихсэн. Би Уярамын араас гараад гүйтэл Д.М-Э гараад ирэхээр нь охиноо зугтаалгах гээд Д.М-Э-тэй гудамжинд үлдсэн. Намайг чирээд гэр лүү авч орох гээд би орохгүй гэтэл намайг 2 удаа өшиглөж байснаа хаячихсан.” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч “Д.М-Э ах согтуу орж ирээд та нар миний хэлсэн үгийг биелүүлэхээ байжээ гээд өөрөө шүүр авч, бээлий өмсөөд духандаа гэрэл зүүгээд гарах гэж байснаа бид нарыг харааж, зүхэж орилж эхэлсэн намайг гэнэт барьж байсан шүүрнийхээ ишээр толгой руу цохиод авсан. Миний толгой хагараад нүүр дагаад цус гоожиж байсан. Д.М-Э ах шүүрний ишээр олон удаа шүүрний ишийг хугартал толгой руу цохьсон шүүрний ишийг хугартал толгой руу цохьсон. Дүүгийн бие засдаг горшокоор зодож горшок хагарсан чинь духандаа зүүж байсан гэрлээ эвдэртэл толгой руу цохьсон. Ээж дундуур орж ирэн Д.М-Э ахыг салгах гээд ирэхэд ээжийг үсдэж унагаад толгой руу олон удаа өшиглөж зодсон. Миний дүү Уярам бас салгах гээд ирэхэд нь миний дүүг олон удаа түлхэж, унаган чирж түлхсэн ээжийг ажилдаа явсан хойгуур дүү Уярам бид хоёрыг байнга дээрэлхэж харьцдаг, гар хүрчихээд дараа нь ээждээ хэлбэл бүгдийг нь алаад шоронд явна шүү гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 63 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 64 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.М-Э нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамын 6-30 тоотод согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Л, дагавар охин У.У нарыг зодож, хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Д.М-Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.М-Э-нийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Л, насанд хүрээгүй хохирогч У.У нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хогийн шүүрний иш, цэнхэр өнгийн хүүхдийн хагарсан горшок, хар өнгийн духны гэрэл зэргийг устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сайхан овгийн Д.М-Э-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-Э-нийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-Эд оногдуулсан 1 000 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 200 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэг эд мөрийн баримтаар ирүүлсэн хогийн шүүрний иш, цэнхэр өнгийн хүүхдийн хагарсан горшок, хар өнгийн духны гэрэл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС