| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0279/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/76 |
| Огноо | 2021-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/76
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холбогдох эрүүгийн 2025000000279 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-9-1** тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Т.У-гийн толгойн тус газарт нь сандлаар цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Т.У “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5- 8-р хуудас/
2. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 11-р хуудас/
3. Хохирогч Т.У-гийн “2020 оны 06 дугаар сарын 13-ны өглөө 3 дугаар микрийн тэнд байдаг дэлгүүрээс Б.О 0.33 литрийн “Хараа” гэсэн нэртэй архи авч орж ирсэн. Мөн 2.5 литрийн “Сэнгүр” гэсэн нэртэй пиво гаднаас авч орж ирсэн. Тэгээд миний утсан дээр байсан зугаалганд явсан зургийг харснаа чи өөр тийшээ харсан байна гэсэн. Тэгэхээр нь би тал талаас олон утсаар хүмүүс зураг авч байсан энэ хүмүүс ч бас өөр тал руу харсан байгаа биз гэж хэлсэн. Тэгсэн чинь найз залуу руугаа харсан байна гичий минь гээд ногоон өнгийн модон сандал авч над руу шидчихээд гараад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-14-р хуудас/
4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №471 дугаартай “Т.Угийн биед духны зүүн дээд хэсэгт 1 тооны няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 21-22-р хуудас/
5. Шүүгдэгч Б.О-ийн “2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 3-р микрийн тэнд байрлах “Галтай” гэх хүнсний дэлгүүрээс 0.33 литрийн хараа гэсэн архи, мөн 2.5 литрийн нийслэл гэх пиво авч гэртээ орж архиа уугаад, пивоны талыг нь уусан. Хамтран амьдрагч Т.Уг ажлын газрынх нь хүнтэй хардаад, хэрэлдэж байх явцдаа сууж байсан сандлаа шидэж толгойг нь хагалсан. Тэгээд би гараад гэрээсээ гарч яваад ажил дээрээ очоод байж байталд цагдаа ирж аваад эрүүлжүүлэхэд хоносон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-30-р хуудас/
6. Шүүгдэгч Б.О-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 2019 оны 06 дугаар сарын 21- ний өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 40-41-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.О нь 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-9-132 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч П.Т.Угийн толгойн тус газар нь сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогдсон. Үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтаар бүрэн дүүрэн тогтоогддог. Шүүгдэгч Б.О нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр эхнэр П.Т.У-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт шийтгүүлж байсан. Мөн дараа нь 2020 оны 10 сард мөн П.Т.У-гийн эрх чөлөөнд халдсан хэргээр баривчлах шийтгэлээр 20 хоног шийтгүүлж байсан. Уг хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь хамтран амьдрагч П.Т.У-тай байнгын хэрүүлтэй байдаг мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь тогтоогдож байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Тиймээс шүүгдэгч Заанат овгийн Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000 төгрөгөөр торгох саналтай байна. Оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Уг хэргийн улмаас Б.О нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах мөн уг хэрэгт шүүгдэгчийн бичиг баримт дагалдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хохирогч Т.Угийн “2020 оны 06 дугаар сарын 13-ны өглөө 3 дугаар микрийн тэнд байдаг дэлгүүрээс Б.О 0.33 литрийн “Хараа” гэсэн нэртэй архи авч орж ирсэн мөн 2.5 литрийн “Сэнгүр” гэсэн нэртэй пиво гаднаас авч орж ирсэн. Тэгээд миний утсан дээр байсан зугаалганд явсан зургийг харснаа чи өөр тийшээ харсан байна гэсэн. Тэгэхээр нь би тал талаас олон утсаар хүмүүс зураг авч байсан энэ хүмүүс ч бас өөр тал руу харсан байгаа биз гэж хэлсэн. Тэгсэн чинь найз залуу руугаа харсан байна гичий минь гээд ногоон өнгийн модон сандал авч над руу шидчихээд гараад явсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Т.Угийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан тухай Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №471 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.О нь 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-9-132 тоотод хамтран амьдрагч Т.Угийн толгойн тус газарт нь сандлаар цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Б.Оийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Оийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Угийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн модон сандалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Заамад овогт Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн модон сандалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС