Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/81

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Х.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ст холбогдох эрүүгийн 2125000000063 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Х.С нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт Ц.Э--ийн итгэмжлэн хариуцуулж үлдээсэн “Хуайвей Ү-6” маркийн гар утсыг бусдын эзэмшлийнх гэж мэдсээр байж завшиж 343 200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Сыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.С мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Ц.Э “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ц.Эийн “Би 2021 оны 01 дүгээр сарын 05- ны өдөр Наран багийн 43 дугаар гудманд Рина гээд айлд очтол хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь Шандын баруун задгайд айлд очих гээд алхаж явтал хөх өнгийн машинд гараа өргөөд суусан. Тэгээд машинд суугаад эгч нь айлаа мэдэхгүй байна, асууя гээд гар утсаараа залгах гэхэд цэнэггүй болсон байсан. Тэгээд гар утсаа цэнэглэж үлдээгээд эгч нь айлд ороод мөнгө аваад ирье гээд орсон. Ороод мөнгө аваад 5 минут л болоод гараад ирэхэд миний сууж явсан машин байхгүй байсан” гэх мэдүүлэг.х-ийн 7-р хуудас/

 

2. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ОРХ/20-115 дугаартай дүгнэлт. /хх-ийн 15-20-р хуудас/

 

3. Яллагдагч Х.Сын “2021 оны 01 сарын 05-ны өдөр 15 цагийн орчимд харих гээд явж байхад гудамжнаас нэг эгч гар өргөөд суусан. Тэр эгч согтуу байсан. Эхлээд дүүгийнхээ гэрийг олно гээд Шанд баг 17 дугаар сургууль ороод сургуулийн урд талын гудмаар ороод явж байхад утас цэнэггүй болчихлоо, цэнэглээд өгөөч гэсэн. Нэг айлд очтол тэр нь биш байж таарсан. Дахиад баруун задгай руу нэг айлд очиж тэр айлын гадаа очоод цэнэглэж байсан утсаа асаах гэтэл асаагүй. Гар утсаа цэнэглэж үлдээгээд ороод таксины мөнгө аваад гараад ирье гээд орсон. 10 орчим минут хүлээгээд манай хүүхдүүд дуудаад, түлээ, мод хоол гээд санаа зовоод явсан. Хоёр хоногийн дараа гар утсыг нь өгөөд мөнгөө авах гээд очиход хүн байхгүй байсан. Би зүс таних залууд 30 000 төгрөгөөр зараад бензин, гэртээ боов, талх авчирсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-26-р хуудас/

4. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 38-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.С нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн машинаараа таксинд явж байхад нь үйлчлүүлсэн иргэн Ц.Эийн итгэмжлэн хариуцуулан үлдээсэн “HUWEI” маркийн гар утсыг завшин бусдад зарсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн дүүрэн нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгч Х.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулан үлдээсэн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн гар утсыг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн. Шүүгдэгч Х.Ст 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд: 1. Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Эийн “Би 2021 оны 01 дүгээр сарын 05- ны өдөр Наран багийн 43 дугаар гудманд Рина гээд айлд очтол хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь Шандын баруун задгайд айлд очих гээд алхаж явтал хөх өнгийн машинд гараа өргөөд суусан. Тэгээд машинд суугаад эгч нь айлаа мэдэхгүй байна, асууя гээд гар утсаараа залгах гэхэд цэнэггүй болсон байсан. Тэгээд гар утсаа цэнэглэж үлдээгээд эгч нь айлд ороод мөнгө аваад ирье гээд орсон. Ороод мөнгө аваад 5 минут л болоод гараад ирэхэд миний сууж явсан машин байхгүй байсан” гэсэн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ОРХ/20-115 дугаартай дүгнэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүгдэгч Х.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Х.С нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байхдаа Ц.Эийн  үлдээсэн “Хуайвей Ү-6” маркийн гар утсыг авч явж зарж борлуулан 343 200 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Х.Сын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Сыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч П.Ц.Эт 343 200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд гар утсыг нь хүлээлгэн өгч хохирол төлөгдсөн тул  санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            5. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Эрүүгийн 2125000000063 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Еншин бөө овгийн Х.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ст оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС