Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 534

 

 

 

    2021        05         10                                    2021/ШЦТ/534

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батаа,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Наранбулаг, О.Баясгалан,

шүүгдэгч*******,*******, тэдгээрийн өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******д, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт*******,******* нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00802 0841  дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн*******, 1980 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 15-50 Б тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, / /,

Монгол Улсын иргэн*******, 1987 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 15-50 Б тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /,

Монгол Улсын иргэн *******, 1966 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, инженер мэргэжилтэй, “Монгол Цонх” ХХК-д зөвлөх ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, АОС 6/1 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй,

Урьд Баянгол дүүргийн Прокурорын газрын 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 430 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан эрүүгийн хэргийг 2009 оны Өршөөл үзүүлэх тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 567 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, /

Шүүгдэгч*******,******* нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрхэт худалдааны төвийн гадна иргэн *******тай маргалдаж, улмаар өшиглөх, цохих зэргээр биед нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч ******* нь  2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрхэт худалдааны төвийн гадна иргэн*******той маргалдаж, улмаар гараараа түүний толгой тус газарт цохиж тархи доргилт, зүүн зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр урьд болсон шүүх хурлаар ороход би түрүүлээд болсон явдлын талаар ярьсан учир энэ талаар тайлбарлах боломж олдоогүй. Тухайн үед Н цагдаад баригдаж ирээд мэдүүлэхдээ ямар нэг шарх байхгүй гэж мэдүүлсэн боловч 1 сарын дараа Төв аймгийн Жаргалант сумын эмнэлэгт үзүүлсэн карт гарч ирсэн. Хяналтын прокурор Ариунжаргал энэ нотлох баримтыг хуулийг хүрээнд шалгаад хуурамч нотлох баримт бүрдүүлсэн байна гэж Нод холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн. 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр уг хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд буцсан. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын дарга Батболд нь энэ хэргийг шалгаж байсан прокурорыг О.Баярсайхан прокуророор сольсон. Хяналтын прокурор О.Баярсайхан нь Нын хуурамч нотлох баримт бүрдүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүгдэгч М, Н нарын өмгөөлөгч Наранбаатар нь энэ үйл явдалд голлох үүрэг гүйцэтгэсэн гэж би бодож байна. Би хүсэлт гаргах гээд Ариунжаргал прокурортой утсаар ярихад намайг энэ хэрэг дээрээс сольсон байна гэж хэлсэн. Ямар үндэслэлээр сольсныг лавлахад би сайн мэдэхгүй, дээрээс сольсон гэж хариу хэлсэн. Илтэд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож намайг энэ хэрэгт шударга бусын хонгил үүсгэж татан оролцуулж байна гэж би харж байна. Баянзүрх дүүргийн прокурорын газрын дарга Батболд, хяналтын прокурор О.Баярсайхан, өмгөөлөгч Наранбаатар нар бүгд Их засаг их сургуулийг төгссөн. Би энэ хэрэг дээр мөрдөн байцаагч, шүүх эмнэлгийн эмч нар хоорондоо хуйвалдаж намайг шударга бусаар энэ хэрэгт татан оролцуулж байна. Би боксын холбоонд ажиллаж байсан маань үнэн. Миний нэг гарын эрхий хуруу байхгүй. Заавал боксын холбоонд байсан гээд боксчин байх учиргүй. Мөн би Иргэдийн хуралд ажиллаж байсан. Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, сумын нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг. Мөн би энэ хэргийн талаар хууль зүйн сайдад гомдол гаргаж энэ хэргийг шалгуулна гэж бодож байна. Цаашид энэ талаар нэвтрүүлэг хийж шударга бусын хонгилын талаар олон нийтэд цацна гэж бодож байна. Би Солонгос улсад тархины хагалгаанд орсон. Би түүнээс хойш нэг ойтой нялх хүүхдээ харж байгаад би шүдэндээ эмплант хийлгэсэн. Би шүдний эмнэлэгт цаг аваад очих гээд явж байх үед Эрхэт худалдааны төвийн үүдэнд өөдөөс гурван машин урсгал сөрж гарч ирсэн. Би машины тавих гээд сигналдсан. Гэтэл ард талд мөн нэг машин ирээд зогссон байсан. Би машинаас бууж ард талын зайгаа хараад ард талд байсан машины багажийг цохисон. Гэтэл энэ хүн багаж руу цохисныг олон удаа өөрөөр тайлбарласан. Копуд руу цохисон, дугуй руу өшиглөсөн, шил рүү цохисон гэх мэтээр олон янзаар ярьсан. Хамгийн сүүлд нь багаж руу цохисон гэж хэлсэн. Машинаа холдуулчих урдаас машин гарах гээд байна гэхэд чадахгүй гэж хэлээд хаалгаа хаасан. Би дахин 2 удаа тогшсон. Энэ үйлдлүүд бичлэгт бичигдсэн байгаа. Н намайг машинаасаа бууж ирээд шууд цохисон. Намайг заамдаад цохих үед нүдний шил унасан байсан. Бид хоёр зууралдаад зогсож байх үед миний нүдний шил газар унасан, эхнэр нь гарч ирээд миний зүүн хөлний булчин руу өшиглөөд үсдэж унагасан. Миний тухайн үед өмссөн куртикны урагдалт нь газарт унаж үрэлтийн хүчээр урагдсан. Би харуулах гээд өнөөдрийн шүүх хуралдаанд авчирсан. Тухайн үед намайг унахад эхнэр нөхөр хоёр намайг хоёулаа цохиж, өшиглөсөн. Би цагдаагийн 102 дугаар утсанд дуудлага өгч байршилаа зааж өгсөн. Цагдаа нь надад гар тань гэмтсэн бол эмнэлэг дууд гэж хэлсэн. Эмнэлэг дуудаад гараа боолгох үед цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн машин ирсэн. Надад бүх бичлэг нь байгаа. Хажуу талын машины жолооч наад хүмүүс чинь зугтах гэж байна бичлэг хийгээд машиныхан дугаарыг баталгаажуулаад ав гэж хэлсэн. Бичлэг хийгээд зогсож байхад энэ хоёр хүн машинаараа ухарч байгаад миний зүүн хөлний шилбэ рүү мөргөсөн. Шүүх эмнэлгийн дүгнэлт дээр хөл зулгарсан байдал бичигдсэн байгаа. Н дахин машинаас бууж ирээд намайг цохиж унагаагаад утас авах гэж оролдсон. Энэ үйлдлүүдийг нэг залуу хараад бичлэг хийж байсан. Бичлэг хийж байсан залууг мөн айлган сүрдүүлсэн. Тэр залуу дугаараа үлдээлгүй явсан. Н мэдүүлэг өгөхдөө тогтворгүй дандаа өөрчлөгдсөн мэдүүлгүүд өгсөн. Эхний мэдүүлэгтээ би машинаас бууж тэр хүн дээр очсон гэж мэдүүлсэн. Дараагийн мэдүүлэгтээ би машин дотроо сууж байхад миний нүүр рүү цохисон гэж мэдүүлсэн. Мөн дараагийн мэдүүлэгтээ нүүр рүү цохисон гэдэг мэдүүлэг нь байхгүй, дагз руу цохисон гэж өөрчилсөн. Энэ мэдүүлгүүдээс авч үзэхэд машинд сууж байгаа хүний дагз машины суудлын хэсгийн толгойн түшлэгээр хамгаалагдах ёстой. Энэ хоёр хүн машин дотроо  уурлаж маргалдсан, их уур омогтой байсан гэж үзэж байна. Бүх зүйл бичлэг дээр тодорхой байгаа. Намайг янз бүрийн хараалын үгээр хараасан гэж мэдүүлсэн. Би тийм үйлдэл гаргаагүй. Би тухайн үед цагдааг ирэхэд энэ хоёр хүн зугтаад явсан байсан. Би бичлэгийн хийгээд үлдсэн байсан. Би цагдаагийн байгууллагат очиж мэдүүлэг өгөх үед цагдаагийн хошууч бичлэгээс машины улсын дугаарыг хараад шүүгээд утас руу нь ярьсан. Гэтэл Н энэ утас худалдаж авсан гэж худал мэдүүлсэн. Би тухайн өдөр шүүх эмнэлэг орчоод гэмтлийн эмнэлэг орсон. Төв аймгийн Жаргалант сумын эмч Бадамцэцэг болон хэрэгт холбогдоод байгаа М нар нэг нутгийн хүмүүс, танил тал гэж хардаж байна. Анхны эмнэлгийн картан дээр бичсэн нь шүүх эмнэлгийн дүгнэлт шиг бичсэн байсан. Хүний тархины баруун, зүүн ховдол гэж байдаг. Энийг хүн энгийн нүдээр гаднаас нь харах болгоомжгүй. Томограф, рентигэн туяагаар харах боломжтой. Бадамцэцэг гэдэг эмчтэй хуйвилдан тохирсон гэж би хардаж байгаа. Дараагийн асуудал 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр /7792 УБЕ/ улсын дугаартай приус-20 маркийн авто машин Улаанбаатар хотоос гарсан тухай бүртгэл хэрэгт байгаагүй. Мөн би эдгээр хүмүүсийн ёс бус үгээр хараагаагүй. Би олон нийтдээ хариуцдаг ажил хийдэг. Би их хуралд хүртэл нэр дэвшиж байсан. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олон жил ажиллаж байгаа. Би Хэнтий аймгийн Батноров сумын хүн, би жил болгон “Дээлтэй Монгол” өдөрлөгт оролцдог. Би Мыг дээл өмссөнөөр нь доромжлоогүй. Намайг энэ хэрэгт шударга бусаар татан оролцуулж байгаад би гомдолтой байна. Энэ хэргийг шүүх үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна” гэв.

Шүүгдэгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би төрөөд удаагүй нялх биетэй байсан. Хөдөө явах гээд хүнсээ цуглуулах гээд явж байх үед энэ хүн машины баруун гуфр хэсэгт цохисон. Манай нөхөр машинаасаа гарч энэ хүнтэй маргалдаж ноцолдоод байсан. Яг яагаад нэг нэгнийгээ цохисон, хэдэн удаа яаж цохисныг би мэдэхгүй. Нялх хүүхдээ гэрт орхиод 3 цаг болсон миний хөх чинэрээд би нөхрийгөө явъя гээд хөдлөх гэтэл энэ хүн бичлэг хийгээд байсан. Манай нөхөр хууль бусаар бичлэг хийж болохгүй гээд энэ хүнтэй маргалдаад ноцолдоод байсан. Би машинаасаа дахин бууж нөхрийгөө салгаж машинд суулгасан. Би энэ хүний биед огт хүрээгүй, энэ хүнийг цохисон асуудал байхгүй. Би 2 удаа машинаас бууж нөхрийгөө салгасан. Миний талаар худал мэдүүлэг өгч гүтгэж байгаад би гомдолтой байна. Шүүх энэ хэргийг шударгаар шүүх байх гэж бодож байна. Хэрэгт мэдүүлэг өгсөн хүмүүс намайг огт хараагүй, тухайн үед энэ хүнд ойртоогүй гэж мэдүүлсэн.” гэв.

Шүүгдэгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүлээрээ хөдөө явах гээд хүнсээ цуглуулахаар Баянзүрх зах руу явж байсан. Тухайн өдөр хөл хөдөлгөөн ихтэй, мөн түгжрэл ихтэй 20 гаруй минут түгжирээд зогсож байсан. Гэнэт нэг хүн гарч ирээд миний машины баруун ард талын багаж хэсэгт 2-3 удаа цохисон. Би машиныхаа цонхыг доошлуулаад та яагаад миний машиныг цохиод байна вэ гэхэд та нар шиг оркуудаас болж  түгжрэл үүсэж байна. Бас та нар урсгал сөрөөд яваад байна гэж уурласан. Би ганцаараа биш энэ хүмүүс бүгдээрээ урсгал сөрөөд явж байна гэдгийг хэлсэн. Гэтэл ямар том дуутай бацаан бэ гээд намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Би эхнэр рүүгээ хараад энэ хүн өвчтэй юм байхдаа гэж хэлэхэд чи муу юу гээд байнаа гээд миний ар дагз руу цохисон. Миний толгой манас хийгээд 2-3 секунд болоод би машинаас буусан. Би буугаад та яаж байнаа гэхэд арагш хоёр алхсан. Би дөхөөд очиход миний зүүн нүд рүү хүчтэй цохисон. Би тухайн үед тэврээд авахад намайг 2-3 удаа мөргөх болон заамдах үйлдэл хийсэн. Би тэр үед зөрүүлээд цохилцсон. Би салах зорилгоор хүчтэй түлхэхэд Б арагш унахдаа ардаа байсан машины карланыг гараараа барьж унахдаа гараа зүсчихсэн. Манай эхнэр машинаасаа бууж ирээд юун зодоон цохион болоод байнаа машиндаа суу гэж намайг машинд суулгасан. Гэтэл энэ хүн утсаа гаргаж ирээд бичлэг хийж миний машины цонхонд дөхөж ирээд байсан. Би та яагаад бичлэг хийгээд байгаа юм гэхэд та хоёрыг тийм ч амар явуулахгүй, би шүүх цагдаад танилтай, та хоёрыг насаар чинь суулгана гэж хэлсэн. Би бичлэг хийж байгаа камерыг унтраах зорилгоор машинаасаа дахин буусан. Гэтэл энэ хүн бичлэг хийхээ зогсоохгүй, бид хоёр дахин ноцолдсон. Манай эхнэр буцаж машинаасаа бууж ирээд намайг авч явсан. Яг тэр үеийн бичлэг энэ хүний утас нь дээр байгаа. Тухайн үед манай эхнэрийг дээл өмсчихсөн энэ оркууд оркынхоо хувцсыг өмсчихсөн байна, хар авгай, янхан гэх мэтээр доромжилсон. Манай эхнэр наад хүн чинь ойлгохгүй хүн байна явъя гээд бид хоёр арваад удаа ухарч эргэж байж машинаа эргүүлж явсан.” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын хажуу талын Эрхэт төвийн үүдэнд машинтайгаа орох гээд байж байтал 77-92 УБВ машины жолооч ард талд тулаад хөдлөхгүй болохоор нь би машинаасаа буугаад ар талд нь очоод машиных нь копудыг тогшоод “урдаас машинууд гарах гээд байна, жоохон урагшилчхаач, би машин гаргаадахъя” гэхэд “чадахгүй” гэж хэлээд хаалгаа хаасан. Дахин “жоохон урагшилчхаач” гэхэд бууж ирээд намайг заамдаж зуурахаар нь би гарыг нь тавиулаад түлхэхэд эхнэр нь бололтой дээлтэй эмэгтэй бууж ирээд араас хөл рүү өшиглөхөд нөгөө залуу нь дахин намайг заамдаад нүүр лүү 4-5 удаа гараараа цохиход эмэгтэй нь араас үсдээд газар унагаагаад, эрэгтэй нь миний баруун гарыг бетонон зам дээр нэг хөлөөрөө миний зүүн гарыг гишгэж байгаад нөгөө хөлөөрөө 2-3 удаа дэвсэлсэн. Гэтэл миний зүүн гарын яс нь ёрдойгоод гараад ирсэн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 8-9/,

“... 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын хажуу талын “Эрхэт” худалдааны төвийн гадна зогсоол нь дүүрэн өөдөөс машин ирж байхаар нь ухрах гэхэд ард машин зогсож байхаар нь уг машины багаж руу нь 2 удаа аяархан тогшоод “би ухрах гэсэн юмаа, өөдөөс машин ирж байна, чи урсгал сөрөөд орсон байна, зам тавиад өг, би ухрах гэсэн юмаа” гэхэд үл таних эрэгтэй хүн “солиор” гээд хаалгаа хаасан. Тэгээд дахиад багаж руу нь 2 удаа цохиод “нэг бол чи урагшаа хөдөлчих, урд чинь зай байна” гэхэд жолооч нь үгийн зөрүүгүй “чи машин цохидог хэн бэ” гээд намайг заамдаад авахаар нь би түүний гарыг тавиулаад цохиход миний дух руу 1-2 удаа цохиход миний нүдний шил газарт унасан. Би шүдний шилээ авах гэж байхад миний уруул руу заамдаж байхдаа 3-4 удаа цохисон. Энэ үед түүний эхнэр гэх эмэгтэй машинаасаа бууж ирээд миний зүүн гарын сарвуун дээр дэвссэн. Энэ хооронд түүний эхнэр миний толгой руу 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 14-15/,

Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын хажуу талын Эрхэт төвийн зүүнээс баруун руу явах чиглэлд түгжрээд зогсож байхад жолооч талын арын копуд руу 2-3 удаа хүн цохисон. Тэгээд би толиндоо харахад нэг танихгүй хүн миний машины арын дугуй руу өшиглөж байгаа харагдсан. Тэгээд би цонхоо доошлуулаад “та яаж байна, яагаад машин цохиод байгаа юм бэ” гэхэд “муу приус унасан орк минь та нараас болж түгжрэл үүсдэг, урсгал сөрөөд яваад байна шүү дээ” гэхэд нь би “миний урд талын машин хойд талын машин бүгдээрээ л явж байна, яагаад над руу уурлаад байгаа юм бэ” гэхэд миний машин дээр ирээд манай эхнэрийг харчхаад “оркууд дээлээ ч гэсэн өмсчихсөн, гэж доромжлоод байсан. Тухайн үед гэр бүлээрээ хөдөө явах гээд манай эхнэр дээл өмсчихсөн байсан. Тэгэхээр нь би “приус ч гэсэн машин шүү дээ” гэхэд “чиний наад машин чинь 10 гаран сая төгрөгнийх, харин минийх 100 гаран сая төгрөгнийх за юу, ялгаа байгаа биз дээ, цагдаа шүүхэд олон танилтай, та хоёрын хоёулыг шоронд хийнэ шүү” гээд дайраад байсан. Тэгэхээр нь би эхнэр лүүгээ хараад “ямар мэдрэл хүн бэ” гэж хэлсэн чинь миний толгойны дагз хэсэгт гараараа 1 удаа хүчтэй цохисон. Тэгээд миний толгой манас хийгээд би машинаасаа бууж очоод “та яаж байна аа” гэхэд хойшоогоо 2-3 алхсан. Тэгэхээр нь би өөдөөс нь алхаад очиход миний зүүн нүд рүү хүчтэй цохисон. Тэгээд би болиулах гээд тэр хүнийг тэврээд авахад намайг цохиод байсан ба намайг мөргөх шиг болоод шүд нь миний толгойны зулай хэсэгт мэдрэгдсэн... Миний тархи хөдөлсөн байсан, нэл улайлттай хөхөрсөн байсан, толгойны зулай хэсэг хавдсан байсан. Энэ гэмтлийг надтай маргалдсан Б гэгч машин дотор байхад миний дагз руу хүчтэй нэг удаа цохисон, машинаас гараад “та яаж байна” гэхэд миний зүүн талын нүд рүү гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь түүнийг тэврээд авахад миний зулай руу мөргөсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 239-241/,

Гэрч******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баянзүрх захын зүүн талд зүүнээс баруун тийш түгжрээд явж байхад үл таних хүн чанга дуугаар орилоод байхаар нь толинд харахад миний машины дугуй орчимд өшиглөөд байхаар нь цочоод цонхоо доошлуулаад та яагаад машин тэрэг өшиглөөд байгаа юм бэ, юу болсон юм бэ гэхэд уг хүн өө муу приус унасан орк бацаан минь яагаад урсгал сөрөөд байгаа юм бэ иймэрхүү лааз унасан юмнууд дүрэм зөрчиж явдаг гэхээр нь үгүй та одоо юу яриад байгаа юм бэ хүмүүс ч явж байна, би ч бас адилхан явж байна гэхэд өө ямар том дуутай бацаан бэ гээд эхнэрийг харчихаад эхнэр үстэй дээл лоузан малгайтай байсныг харчихаад өө муу хөдөөний малнууд дээлтэй явж байна гэж орилсон...миний нүүр хамар орчимд нэг удаа цохихоор нь өөдөөс гараараа 2 удаа түлхсэн. Тэгтэл уг хүн хойшоо хөл алдаад газарт унахдаа хойно зогсож машины урд крилоноос бариад газарт унасан. Тэгтэл уг хүний гар нь цус болсон байсан...уг хүний гар нь нилээн ярагдсан зүсэгдсэн байдалтай байсан. Тэгтэл нөгөө хүн эхнэртэйгээ нийлээд намайг нийлж зодлоо гээд дахиж орилж чарлаад утсаараа бичлэг хийгээд янз бүрийн хараалын үг хэлээд доромжлоод байсан. Тэр үед миний нэг нүд хөхөрсөн. Толгой 3 хоног өвдсөн. Төв аймгийн Жаргалант сумын эмчээр бариулсан. Ингэж үзүүлэхэд ямар нэгэн өвчний түүх нээлгэж эмчээр ямар нэгэн юм тэмдэглүүлээгүй. Би нүд хөхөрсний маргааш нь билүү нөгөөдөр нь эхнэрийн гар утсан дээр зураг авсан. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй...би үл таних хүн намайг цохихоор нь өөрөөсөө холдуулах гээд 2-3 удаа түлхсэн. Дараа нь нуруу руу нь тохойгоороо тохойдсон. Өөр бол гар хүрээгүй. Манай эхнэр тэр хүнтэй маргалдаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 16-18/,

Гэрч******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...үл таних хүн машины баруун хойд буфер дугуй орчим өшиглөөд гараараа 2 цохисон. Тэгэхээр нь манай нөхөр цонхоо онгойлгоод гайхаад юу болсон талаар асуухад шууд ирээд хөдөөний оркууд тэнэг мангар гэх зэргээр элдвээр хэлээд үгийн зөрүүгүй доромжилж байснаа манай нөхрийг машин дотор сууж байхад нь нүүр рүү нь нэг удаа цохихоор нь манай нөхөр уурлаад машинаас буугаад харилцан зодолдсон бие биенийгээ түлхээд зууралдаад байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад нөхрийгөө машинд буцааж суулгасан байхад үл таних хүн дахиж ирээд хэл амаар доромжлоод гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд доромжлоод байхаар нь манай нөхөр гар утсыг нь булаацалдаж нилээн үзсэн...манай нөрийн нүд хөхөрсөн байсан. Үүнийг нь 3 хоногийн дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн самсунг а50 маркийн гар утсаар зургийг нь авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 21-23/,

Гэрч Ж.Тэгшбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэр лүүгээ явж байхад Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Эрхэт худалдааны төвийн ойролцоо байдаг бөөний төвөөс хүнсний ногоо авчхаад гэр лүүгээ явж байхад үл таних 40-50 орчим насны хар өнгийн Ланд круйзер маркийн машинтай эрэгтэй хүн “намайг зодчихлоо” гээд гараа үзүүлэхээр нь “гар чинь яасан юм бэ” гэхэд “намайг эхнэр, нөхөр 2 зодсон” гэсэн. Тэгэхээр нь “гарыг чинь яаж ийм болгосон юм бэ” гэхэд “тэр 2 миний гаран дээр дэвссэн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 24-25/,

Гэрч Д.Бадамцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...С.Н гэх хүн надад 3 удаа үзүүлсэн. Анх 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн орой 21:00-22:00 цагийн хооронд дараа нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр орой 18 цагаас хойш цагийг нь санахгүй байна хамгийн сүүлд 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 07 цаг 50 минутын үед тус тус үзүүлсэн. Анх 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Н нь үзүүлэхдээ түүний зүүн нүдний хөмсөгний доод өнцөгт хөхөлбөр туяатай бага зэрэг улаагаад хөхөрсөн нүдний салст руугаа улайсан байсан ба нүүрэнд өөр гэмтэл байхгүй хүзүүний урд хэсгээс эгэм хүртлээ самардуулсан юм шиг зулгарсан шинэ 10-аад шархтай байсан. Энэ гэмтлийг яаж авсан бэ гэхэд үл таних хүн хувцасны захнаас заамдсанаас болоод үүссэн гэсэн. Хүзүүнд учирсан шарх нь ойролцоогоор 10-аад см орчим урттай байсан. Хүзүүний хойд талд болон биед өөр шарх сорви байхгүй байсан. Би өмнө нь бичиж өгсөн эмчилгээгээ үргэлжлүүлээд бичиж өгөөд одоо над дээр ирээд хэрэггүй чи КТГ-т үзүүл гэж хэлэхэд үзүүлээгүй байсан. Тэгээд чимээгүй байж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө эмчээ миний толгой өвддөг зовиур арилахгүй, зүүн нүд бүрэлздэг болоод байна гэхээр нь КТГ хийлгэ гээд ганц хоёр эм бичиж өгсөн байхаа. Би тархи доргилт гэх гэмтлийг бодит үзлэг, асуумж хоёрыг үндэслээд энэ оношуудыг тавьсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 112-114/,

Гэрч О.В.Юрьевин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Нарантуул худалдааны төвөөс Баянзүрх дүүргийн худалдааны төвд бараа буулгах зорилгоор Эрхэт худалдааны төвийн урдуур явсан. Тэр үед миний хувьд нэг урсгалтай замаар урсгал сөрж явсан, гэхдээ миний урд цагаан өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл явахаар нь замаа товчлоод араас нь дагаж явсан. Эрхэт худалдааны төвийн урд хэсэгт явж байхад уг цагаан өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан залуувтар эрэгтэй, гарцаас ухарч байсан Ланд Круйзер маркийн настай жолоочтой маргалдаж эхэлсэн. Миний хувьд юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Ингээд тэр хоёр хоорондоо маргалдаад байсан бөгөөд би хэрхэн юу болсон талаар мэдээгүй, гэхдээ Ланд Круйзер унаж явсан настай жолоочийн гараас цус гарсан байдалтай гараа өргөөд яваад байсан. Тэгэхэд Приус маркийн машин унаж байсан залуу нь Ланд Круйзер унаж байсан настай хүн рүү дайрч давшилсан байдалтай байсан бөгөөд залуугийн араас эхнэр бололтой дээлтэй эмэгтэй татаж чангаагаад байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 184-185/,

Яллагдагч******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “яасан их дуутай бацаан бэ” гээд миний дагз руу гараа зангидаж байгаад нэг удаа цохихоор нь “та яаж байна” гэхэд “би шүүх, цагдаад танилтай, та нарыг насаар чинь шоронд суулгаж чадна” гэсэн. Тухайн үед уг хүн их ууртай бухимдалтай байсан... миний нүд рүү нэг удаа хүчтэй цохисон, аль нүд гэдгийг мэдэхгүй байна, нүдний хөхөрсөн зургийг эхнэрийн утсан дээр авсан байгаа. Би түүнийг өөрөөсөө холдуулах гээд хүчтэй түлхсэн, тэгтэл хохирогч хөл алдаад хойшоо газарт унасан. Тэгээд босож ирэхдээ гар нь урагдсан байсан. Би тухайн үед хохирогчийг  машины карлоны ирмэгээс бариад гараад зүсчихлээ гэж ойлгосон. Хохирогч унаад босож ирэхэд гар нь цус болчихсон байсан. Хохирогч намайг цохихоор нь би бултах гэж байхдаа бид 2 толгойгоороо мөргөлдсөн. Энэ үед духны зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлийг авсан байж магадгүй гэж бодож байна. Хохирогч зүүн хөлөөрөө намайг өшиглөхөд би хөлөөрөө хаахад зүүн шилбэний улайлт нь гэмтлийг авсан байх боломжтой. Би ер нь өөрөө хохирогч байгаа юмаа. Намайг зүгээр машиндаа суулгаад явж байхад машин руу цохихоор нь “яагаад машин цохиод байгаа юм бэ” гэхэд хохирогч өөрөө ирж намайг цохисон.  Одоо хүртэл миний толгой өвдөж байна би шүүх эмнэлэгт үзүүлмээр байна. Нэмж хэлэхэд хохирогч миний нүд рүү  нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 89-90/,

Яллагдагч******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэр хүнд метр ч ойртоогүй, нөхрөө салгаж аваад машин руугаа суулгасан. Би тухайн үед доромжлоод байхаар нь ууртаа үл таних хүнд үг хэлсэн байхаа. Би хохирогчийн биед огт хүрээгүй. Хохирогч намайг биед нь халдаагүй байхад худал мэдүүлэг өгч гүтгэж байгаад би гомдолтой байна. Бид 2 хохирогчийн машиныг хааж зогссон зүйл огт болоогүй. Хохирогч эхлээд машины хойд салхины шил рүү цохиод машины хойд тал руу өшиглөсөн. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Ийм гэмтэл учруулсан байх ёсгүй ямар ч зодоон цохион болоогүй. Манай нөхөр хохирогч 2 бие биеэ түлхэлцсэн. Би машиндаа сууж байсан. Би ямар ч гэм буруугүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй. Харин хохирогч худал мэдүүлэг өгсөнд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 96-97/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, яагаад гэвэл******* нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр намайг бүлэглэн зодчихоод хэргийн газраас зугтаж цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж яваад замын цагдаад саатуулагдан 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирж мэдүүлэг өгөхдөө шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй, өвчний түүх нээлгээгүй, тэмдэглүүлээгүй ямар нэгэн бүртгэлгүй гэж мэдүүлэг өгч байснаа 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өмгөөлөгч авч яллагдагчаар татагдсаныхаа дараа 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Жаргалант сумын эмч С.Бадамцэцэгийн аман яриа зовууриар нөхөж бичсэн картыг үндэслэн Ш.Цэцэгмаа эмч дүгнэлт гаргасан байх тул энэ дүгнэлт нь өмгөөлөгчийн зохиомол зүйл гэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Би зүв зүгээр явж байгаад хүнд зодуулаад нэг шүд унаж, нэг хуруу ажиллахгүй болж эрүүл мэнд, эд материалаараа хохирсонд гомдолтой байна... тэгтэл миний нүүр ам руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Энэ үед миний харааны шил газарт унаад доошоо харах хооронд араас нэг хүн намайг үсдэж газарт унагаасан. Намайг газарт унасан байхад******* миний гарын шуу сарвуу хэсэгт хөлөөрөө дэвссэн ба зүүн хөлөөрөө дэвсэж гишгэж байгаад баруун хөлөөрөө сарвуун дээр дэвссэн. Миний үснээс зулгаасан эмэгтэй толгой руу 2 удаа өшиглөсөн...******* нь гэрчийн мэдүүлэг дээрээ худлаа мэдүүлэг өгсөн бас үйл явдал машины тээшний хажууд болсон явдлыг хэрэг үүсгээд шалгаад эхэлчхээд хуурамч нотлох баримт бүрдүүлж байгаад гомдолтой байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 8-9/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1995 дугаартай:

“1. *******ын биед зүүн сарвууны 5 дугаар хурууны үе хоорондын ил мултрал, шарх, духны зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салстын дунд хэсэгт язарсан шарх, цус хуралт, зулгаралт, тархи доргилт, 1 шүдний булгарал, баруун шилбэний урд доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. 3. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. 6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

7. 8. Дээрх гэмтлүүдийн зүүн сарвууны 5 дугаар хурууны үе хоорондын ил мултрал, шарх, духны дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын салстын дунд хэсэгт язарсан шарх, цус хуралт, зулгаралт, тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун  шилбэний урд доод хэсгийн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

9. 10. Шүдний булгаралт гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алданги 5 хувь алдагдуулна” гэх дүгнэлт /1хх-ийн 29-30/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Батбаатарын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1489 дугаартай:

2. Шинжилгээнд ирүүлсэн хүрэмд ханзралт, гогдолт гарсан байна.

3. Хүрэмд гарсан 135мм, 30 мм хэмжээтэй гэмтлүүд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд байна. Хүрэмд гарсан 5х15х5мм, 5х5мм, 20х8мм хэмжээтэй гэмтлүүд хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчний үйлчлэлээр гарсан шинэ гогдолтууд байна. гэх дүгнэлт /1хх-ийн 33-34/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Батбаатарын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4621 дугаартай:

1.*******ын биед тархи доргилт, зүүн зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1хх-ийн 48-49/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Одончимэг, Ө.Сарангэрэл, Ч.Эрдэмболор нарын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1189 дугаартай:

1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4621 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2.*******ын биед тархи доргилт, зүүн зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа нь хохирогч*******ын биед учирсан гэмтлийг 2020.04.13-ны өдрийн үзлэг болон 2020.01.27-ны өдрийн Д.Бадамцэцэг эмчийн үзлэгээр гэмтлийн зэргийг тогтоосон байна.

4. Эмч Бадамцэцэг нь*******ыг үзэж зовуурь, мэдрэлийн үзлэгээр илэрсэн өөрчлөлтүүдэд үндэслэн тархи доргилт гэж оношилсон байна.

5. Амбулаторийн картад тусгагдсан 2020.01.27-ны өдрийн С.Бадамцэцэг эмчийн үзлэг болон шинжээч эмчийн үзлэгээр гэмтлийн зэрэг тогтоосон нь үндэслэлтэй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /1хх-ийн 197-198/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Одончимэг, Ө.Сарангэрэл, Ж.Ганцэнгэл нарын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1238 дугаартай:

1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1995 дугаар дүгнэлтийн 1.4 дүгээр хариултын зүүн сарвууны 5 дугаар хурууны үе хоорондын ил мултрал, 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 924 дугаартай шинжээчийн нэмэлт дүгнэлтийн 2 дугаар хариултын зүүн сарвууны 5 дугаар хурууны үе хоорондын ил мултрал гэсэн нь үндэслэлгүй, бусад хариултууд үндэслэлтэй байна.

2. *******ын биед зүүн сарвууны 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал шарх, духны зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салстын дунд хэсэгт язарсан шарх, цус хуралт, зулгаралт, тархи доргилт, 1 шүдний булгарал, баруун шилбэний урд доод хэсэгт зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хохирогч *******ын биед зүүн сарвууны 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал шар гэмтэл учирсан ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. *******ын биед учирсан зүүн сарвууны 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, шарх, духны зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салстын дунд хэсэгт язарсан шарх, цус хуралт, зулгаралт, тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун шилбэний урд доод хэсгийн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, 1 шүдний булгарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1хх-ийн 213-217/,

Мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 1, 5/, Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 4/, хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 6/,  шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /1хх-ийн 44/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, хохирлын баримтууд /1хх-ийн 73-83/, “Оргил дент” эмнэлгийн тодорхойлолт /1хх-ийн 80/, *******ын нэхэмжлэл /1хх-ийн 82/, мөрдөгчийн санал /1хх-ийн 83/, прокурорын тогтоол /1хх-ийн 84/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 103/, өвчний түүх /1хх-ийн 105/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 52, 65, 2-р хх-28 /, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51, 66/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч*******,******* нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрхэт худалдааны төвийн гадна иргэн *******тай маргалдаж, улмаар өшиглөх, цохих зэргээр биед нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь,

Хохирогч *******ын: “... 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын хажуу талын Эрхэт төвийн үүдэнд машинтайгаа орох гээд байж байтал 77-92 УБВ машины жолооч ард талд тулаад хөдлөхгүй болохоор нь би машинаасаа буугаад ар талд нь очоод машиных нь копудыг тогшоод “урдаас машинууд гарах гээд байна, жоохон урагшилчхаач, би машин гаргаадахъя” гэхэд “чадахгүй” гэж хэлээд хаалгаа хаасан. Дахин “жоохон урагшилчхаач” гэхэд бууж ирээд намайг заамдаж зуурахаар нь би гарыг нь тавиулаад түлхэхэд эхнэр нь бололтой дээлтэй эмэгтэй бууж ирээд араас хөл рүү өшиглөхөд нөгөө залуу нь дахин намайг заамдаад нүүр лүү 4-5 удаа гараараа цохиход эмэгтэй нь араас үсдээд газар унагаагаад, эрэгтэй нь миний баруун гарыг бетонон зам дээр нэг хөлөөрөө миний зүүн гарыг гишгэж байгаад нөгөө хөлөөрөө 2-3 удаа дэвсэлсэн. Гэтэл миний зүүн гарын яс нь ёрдойгоод гараад ирсэн байсан...”

“... 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын хажуу талын “Эрхэт” худалдааны төвийн гадна зогсоол нь дүүрэн өөдөөс машин ирж байхаар нь ухрах гэхэд ард машин зогсож байхаар нь уг машины багаж руу нь 2 удаа аяархан тогшоод “би ухрах гэсэн юмаа, өөдөөс машин ирж байна, чи урсгал сөрөөд орсон байна, зам тавиад өг, би ухрах гэсэн юмаа” гэхэд үл таних эрэгтэй хүн “солиор” гээд хаалгаа хаасан. Тэгээд дахиад багаж руу нь 2 удаа цохиод “нэг бол чи урагшаа хөдөлчих, урд чинь зай байна” гэхэд жолооч нь үгийн зөрүүгүй “чи машин цохидог хэн бэ” гээд намайг заамдаад авахаар нь би түүний гарыг тавиулаад цохиход миний дух руу 1-2 удаа цохиход миний нүдний шил газарт унасан. Би шүдний шилээ авах гэж байхад миний уруул руу заамдаж байхдаа 3-4 удаа цохисон. Энэ үед түүний эхнэр гэх эмэгтэй машинаасаа бууж ирээд миний зүүн гарын сарвуун дээр дэвссэн. Энэ хооронд түүний эхнэр миний толгой руу 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын  2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1238 дугаартай шинжээчийн дүгнэлтээр,

Шүүгдэгч ******* нь  2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрхэт худалдааны төвийн гадна иргэн*******той маргалдаж, улмаар гараараа түүний толгой тус газарт цохиж тархи доргилт, зүүн зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  болох нь

Хохирогч*******ын: “... 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын хажуу талын Эрхэт төвийн зүүнээс баруун руу явах чиглэлд түгжрээд зогсож байхад жолооч талын арын копуд руу 2-3 удаа хүн цохисон. Тэгээд би толиндоо харахад нэг танихгүй хүн миний машины арын дугуй руу өшиглөж байгаа харагдсан. Тэгээд би цонхоо доошлуулаад “та яаж байна, яагаад машин цохиод байгаа юм бэ” гэхэд “муу приус унасан орк минь та нараас болж түгжрэл үүсдэг, урсгал сөрөөд яваад байна шүү дээ” гэхэд нь би “миний урд талын машин хойд талын машин бүгдээрээ л явж байна, яагаад над руу уурлаад байгаа юм бэ” гэхэд миний машин дээр ирээд манай эхнэрийг харчхаад “оркууд дээлээ ч гэсэн өмсчихсөн, гэж доромжлоод байсан. Тухайн үед гэр бүлээрээ хөдөө явах гээд манай эхнэр дээл өмсчихсөн байсан. Тэгэхээр нь би “приус ч гэсэн машин шүү дээ” гэхэд “чиний наад машин чинь 10 гаран сая төгрөгнийх, харин минийх 100 гаран сая төгрөгнийх за юу, ялгаа байгаа биз дээ, цагдаа шүүхэд олон танилтай, та хоёрын хоёулыг шоронд хийнэ шүү” гээд дайраад байсан. Тэгэхээр нь би эхнэр лүүгээ хараад “ямар мэдрэл хүн бэ” гэж хэлсэн чинь миний толгойны дагз хэсэгт гараараа 1 удаа хүчтэй цохисон. Тэгээд миний толгой манас хийгээд би машинаасаа бууж очоод “та яаж байна аа” гэхэд хойшоогоо 2-3 алхсан. Тэгэхээр нь би өөдөөс нь алхаад очиход миний зүүн нүд рүү хүчтэй цохисон. Тэгээд би болиулах гээд тэр хүнийг тэврээд авахад намайг цохиод байсан ба намайг мөргөх шиг болоод шүд нь миний толгойны зулай хэсэгт мэдрэгдсэн... Миний тархи хөдөлсөн байсан, нэл улайлттай хөхөрсөн байсан, толгойны зулай хэсэг хавдсан байсан. Энэ гэмтлийг надтай маргалдсан Б гэгч машин дотор байхад миний дагз руу хүчтэй нэг удаа цохисон, машинаас гараад “та яаж байна” гэхэд миний зүүн талын нүд рүү гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь түүнийг тэврээд авахад миний зулай руу мөргөсөн...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1189 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй тул түүнийг цагаатгаж өгнө үү гэж мэтгэлцсэн ба шүүх хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар гэм буруутай гэж дүгнэсэн болно.

Прокуророос шүүгдэгч*******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,  

шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч*******,******* нарт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг,   

Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч *******ын хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 3.036.660 төгрөгийг шүүгдэгч С.Н,******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгох,

Хохирогч С.Нын хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 10.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогчид олгохоор тус тус шүүх шийдвэрлэв.

Хохирогч*******, ******* нар нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч*******,*******, ******* нарт хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч*******,*******, ******* нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.*******,******* нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

- *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар*******,******* нарт тус бүр 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял,

-Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар   С.Н,******* нарт 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр, *******д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол  хуулийн  хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар*******,*******, ******* нарт нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,*******,*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар С.Н,******* нараас нийт 3.036.660 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч *******д,  

*******аас 10.000 төгрөгийг гаргуулж хохирогч*******од тус тус олгосугай.

7. Хохирогч*******, ******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол*******,*******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР