Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/87

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Н.Д

Хохирогч О.А

Шүүгдэгч Л.Б-Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-Эд холбогдох эрүүгийн 2125000000081 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Л.Б-Э нь 2021 оны 01 сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ О.Аийг автомашины суудлын дэрний төмрөөр толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Б-Э-нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б-Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч О.А мэдүүлэхдээ “Л.Б-Э-ний ярьж байгаагаар би найзуудтайгаа тухайн өдөр гадуур гарсан. Орой нь намайг гэртээ ирж хоноогүй гэж байна. Би гэртээ ирж хоносон. Намайг гэрт ирэхэд гэрийн гадаа өөрөө байгаагүй. Өглөө 08 цагт ажилдаа явах гээд гарахад гадаа унтаж байсан. Би сэрээлгүй шууд ажилдаа явсан. Ажил дээр орж ирээд элдэв муу үгээр доромжлоод машиндаа чирээд аваад гарсан. Ажил дээр ирж эвгүй дарамталж байсан болохоор мөн одоо ирээд дарамтлаад байх вий дээ гээд айгаад ажлаа хийж чадахгүй байгаа. Энэ хүн ийм зүйл гаргаагүй байсан бол би ажлаа хийгээд цалингаа авах байсан. Би одоо 1 сарын цалин болох 500 000 төгрөг нэхэмжилж байгаа” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч О.А-ийн “Л.Б-Э-тэй уулзахаар машин дээр нь очиход шууд намайг үгийн зөрүүгүй машин руугаа чирч суулгахад манай найз миний ардаас гарч ирээд машины хаалгыг онгойлгоод намайг машинаас буулгах гэтэл Л.Б-Э шууд хаалгаараа Намуундарийг цохиж унагаагаад намайг машинд суулгаад аваад явсан. Би ажилтай намайг буулга гэж Л.Б-Эд хэлэхэд миний үгийг тоохгүй Дэнжийн эцсээс цааш айл байхгүй эзгүй газар намайг авч очоод хэрүүл маргаан хийж машиндаа байсан нэг шил архийг урд суудал дээр сууж байсан Ууганбаярын хамт уусан. Би тэр 2-г архи уугаад байхаар нь машинаас буугаад зугтах гэтэл Л.Б-Э ардаас хөөж ирээд дэгээдэж унагаагаад багалзуурдаад машиндаа суулгах гэхээр нь би эсэргүүцэл үзүүлэхэд миний гар болон нуруу руу цохисон. Машины хаалга тухайн үед онгорхой байсан учир арын суудал дээр байсан суудлын төмөртэй дэрийг авч Л.Б-Э рүү шидэхэд намайг машиндаа суулгачихаад өөрөө машины дэрээ аваад жолооч талд сууж байснаа арагшаа хараад намайг сандалны төмөртэй дэрээр духан тус газар цохиж цус гоожуулсан. Тэгээд цагдаа дуудаж өгчихөөд өөрөө эмнэлэг дээр очиж духан дээрээ 3 оёдол тавиулсан. Би Л.Б-Ээс болж ажлаасаа гарсан, ажилгүй болсон хугацааны 1 сарын цалин болох 500 000 төгрөг гаргуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 37-42-р хуудас/

 

2. Гэрч Б.У-рын “Нэг сэрээд харахад Дэнж рүү явсан. О.А, Л.Б-Э хоёр хоорондоо маргалдаад байсан. Удалгүй Дэнжийн нэг уулан дээр очоод Л.Б-Э бид хоёр хагас шил архи байсан тэрийг ууж байгаад би тэр хоёрт хандан та хоёр ярилцаж учраа ол битгий хэрэлдэж маргалдаад бай гэж хэлсэн. Намайг бие засчихаад машинд буцаж суухад О.Аийн духнаас цус гарчихсан тэрийгээ гараараа барьчихсан байхаар нь юу болсон бэ гэж Л.Б-Ээс асуухад сандалны дэрний төмрөөр О.Аийг цохичихлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 48-49-р хуудас/

 

3. Гэрч М.Ц-гийн “Манай найз Л.Б-Э өнөөдөр надад найз охиноо цохичихсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 51-52-р хуудас/

 

4. Гэрч Я.Ц-гийн “2021 оны 01 сарын 24-ний орой байсан санагдаж байна манай найз залүу намайг хардаад машины дэрээр цохичихлоо гэж хэлсэн тэгээд би толгойд нь 3 оёдол тавьсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 46-р хуудас/

 

5. Гэрч О.У-гын “2020 оны 9 сараас эхлэн Хангайн бүх худалдааны төвийн Тайхар цайны газарт ажилладаг байсан, сарын 500 000 төгрөгийн цалин авдаг. Ажлаас нь халаад 2021 оны 02 сарын 18-ны өдөр ажилд нь буцааж авсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 44-р хуудас/

 

6. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 108 дугаартай “О.Аийн биед духанд шарх үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Духанд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 30-34-р хуудас/

 

7. Суудлыг дэрийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 53-59-р хуудас/

 

8. Яллагдагч Л.Б-Э-ний “Би хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Би О.Аийг цохисон нь үнэхээр миний буруу” гэх мэдүүлэг /хх-ийн 60-64-р хуудас/болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Б-Э нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт өөрийн найз охин болох О.Аийн толгойн тус газар нь авто машины суудлын дэрээр цохисон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа тул шүүгдэгч Л.Б-Э-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Л.О.А нь шүүгдэгчээс 500 000 төгрөг нэхэмжилж үүнээс нь 100 000 төгрөгийг төлсөн байх тул үлдсэн 400 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Б-Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн ял хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Л.Б-Э-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх, гэмт хэргийн хохиролд 500 000 төгрөг нэхэмжилснээс 350 000 төгрөг төлөгдсөн байна. Үлдсэн 150 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналыг гаргаж байна. Хэргийн улмаас шүүгдэгч Л.Б-Э нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа. Энэ таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт дагалдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг машины суудлын дэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналыг гаргаж байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.Аийн “Л.Б-Этэй уулзахаар машин дээр нь очиход шууд намайг үгийн зөрүүгүй машин руугаа чирч суулгахад манай найз миний ардаас гарч ирээд машины хаалгыг онгойлгоод намайг машинаас буулгах гэтэл Л.Б-Э шууд хаалгаараа Намуундарийг цохиж унагаагаад намайг машинд суулгаад аваад явсан. Би ажилтай намайг буулга гэж Л.Б-Эд хэлэхэд миний үгийг тоохгүй Дэнжийн эцсээс цааш айл байхгүй эзгүй газар намайг авч очоод хэрүүл маргаан хийж машиндаа байсан нэг шил архийг урд суудал дээр сууж байсан Ууганбаярын хамт уусан. Би тэр 2-г архи уугаад байхаар нь машинаас буугаад зугтах гэтэл Л.Б-Э ардаас хөөж ирээд дэгээдэж унагаагаад багалзуурдаад машиндаа суулгах гэхээр нь би эсэргүүцэл үзүүлэхэд миний гар болон нуруу руу цохисон. Машины хаалга тухайн үед онгорхой байсан учир арын суудал дээр байсан суудлын төмөртэй дэрийг авч Л.Б-Э рүү шидэхэд намайг машиндаа суулгачихаад өөрөө машины дэрээ аваад жолооч талд сууж байснаа арагшаа хараад намайг сандалны төмөртэй дэрээр духан тус газар цохиж цус гоожуулсан. Тэгээд цагдаа дуудаж өгчихөөд өөрөө эмнэлэг дээр очиж духан дээрээ 3 оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.У-рын “Нэг сэрээд харахад Дэнж рүү явсан. О.А, Л.Б-Э хоёр хоорондоо маргалдаад байсан. Удалгүй Дэнжийн нэг уулан дээр очоод Л.Б-Э бид хоёр хагас шил архи байсан тэрийг ууж байгаад би тэр хоёрт хандан та хоёр ярилцаж учраа ол битгий хэрэлдэж маргалдаад бай гэж хэлсэн. Намайг бие засчихаад машинд буцаж суухад О.Аийн духнаас цус гарчихсан тэрийгээ гараараа барьчихсан байхаар нь юу болсон бэ гэж Л.Б-Ээс асуухад сандалны дэрний төмрөөр О.Аийг цохичихлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч М.Ц-гийн “Манай найз Л.Б-Э өнөөдөр надад найз охиноо цохичихсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Я.Ц--гийн “2021 оны 01 сарын 24-ний орой байсан санагдаж байна манай найз залүу намайг хардаад машины дэрээр цохичихлоо гэж хэлсэн тэгээд би толгойд нь 3 оёдол тавьсан” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 108 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Л.Б-Э-нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.Б-Э нь 2021 оны 01 сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт О.Аийг автомашины суудлын дэрний төмрөөр толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар.

 

            Шүүгдэгч Л.Б-Э-ний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Б-Э-нийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч О.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин, орлого болох 500 000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч 250 000 төгрөгийн хохирол төлж, 150 000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Л.Б-Ээс гаргуулаж хохирогчид олгох нь зүйтэй.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан автомашины суудлын дэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Б-Эд буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Лааган овогт Л.Б-Э-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-Э-нийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-Эд оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-Ээс 150 000 төгрөг гаргуулан хохирогч О.Ат олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан автомашины суудлын дэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Б-Эд буцаан олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС