| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0111/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/114 |
| Огноо | 2021-04-14 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Батмөнх-Очир |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/114
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч С.Б-О
Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н-ид холбогдох эрүүгийн 2125000000093 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр Үйлчилгээний төвийн хойд авто замын явган хүний гарц дээр ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дүгээр заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Алтантулгыг тээврийг хэрэгслээр мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Нийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 1 131 400 төгрөг төлсөн” гэв.
Хохирогч Н.А шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ “Шүүх хуралд оролцохгүй одоогоор гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна” гэжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-12-р хуудас/
2. Хохирогч Н.А-гын “Би 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цагийн үед 1-21-т байх ажлын байран дээр очиж цагаа бүртгүүлчхээд ажилдаа гарсан. Миний хариуцсан талбай буюу 2-2, 2-3 дугаар байрны нутаг дэвсгэрийн хогийг цэвэрлэж дуусаад Ай гэх ажлын газрын хүнтэй цуг үйлчилгээний төвийн таксины зогсоолын урд явган хүний гарцаар эхний эгнээг гараад дараагийн эгнээг гарах гэж байхад машинд мөргүүлж газар унасан. Өөр юм сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-17-р хуудас/
3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 96 дугаартай “Н.А биед гавал тархины битүү гэмтэл, гавлын дух ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, тархины хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал, аалзавч бүрхүүл дорхи цус харвалт, зүүн умдаг болон суудал ясны зөрөөтэй хугарал, зүүн ухархайн дээд хананы хугарал, зүүн хоншоор ясны хугарал, дух баруун өвдөгт 2 тооны зулгаралт, дух, зүүн цавь гуя, баруун өвдөгт зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Дух ясны хугарал, гавлын суурь ясны хугарал, тархины эдийн цусархаг няцрал, хатуу хальсан дээрх цусан хураа, аалзавч бүрхүүл дорхи цус хуралт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Умдаг болон суудал ясны хугарал, хоншоор ясны хугарал нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Ухархайн хананы хугарал, зөөлөн эдийн цус хуралтууд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чавдар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно. Гэмтэл нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ослын улмаас үүссэн байж болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 42-45-р хуудас/
4. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-н Орхон аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-58-р хуудас/
5. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1000684, ОРХ/21-042 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 63-70-р хуудас/
6. Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №02 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 73-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Б-О дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөх сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Үйлчилгээний төвийн хойд талын явган хүний гарцан дээр зорчигч Алтантулгыг тээврийн хэрэгслээр мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол буюу аарцаг ясны хугарал гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан, гэм буруутайд тооцуулах бүрэн үндэслэл байна. Өнөөдрийн байдлаар хохирогч А-гын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хохирлын эмчилгээний зардал болон бусад нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлсөн болох баримтыг гаргаж өгч байна. Хэрэг прокурорын шатанд байхад хохирогч Н.А нь нэхэмжлэх төлбөр байхгүй. Миний эмчилгээний төлбөрийг бүгдийг нь төлж байсан гэсэн тул шүүгдэгч Д.Н нь бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч Д.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Д.Нид ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй харин хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн учруулсан хохирлыг арилгасан гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Тиймээс шүүгдэгч Д.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Шүүх хохирогч Н.А “Би 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цагийн үед 1-21-т байх ажлын байран дээр очиж цагаа бүртгүүлчхээд ажилдаа гарсан. Миний хариуцсан талбай буюу 2-2, 2-3 дугаар байрны нутаг дэвсгэрийн хогийг цэвэрлэж дуусаад Айнагүл гэх ажлын газрын хүнтэй цуг үйлчилгээний төвийн таксины зогсоолын урд явган хүний гарцаар эхний эгнээг гараад дараагийн эгнээг гарах гэж байхад машинд мөргүүлж газар унасан. Өөр юм сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г-гийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 96 дугаартай дүгнэлт, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-н Орхон аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1000684, ОРХ/21-042 дугаартай дүгнэлтүүд, Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.М-лын 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №02 дугаартай мөрдөгчийн магадлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр Үйлчилгээний төвийн хойд авто замын явган хүний гарц дээр 1190 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дүгээр заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Алтантулгыг тээврийг хэрэгслээр мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Н нь явган зоригч давуу эрхтэй хөдөлгөөнд оролцохоор заасан гарцан дээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүйгээс хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ныг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Д.Нийн үйлдлийн улмаас Н.А эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардлыг төлсөн байна. Хохирогч Н.А нь “цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ” гэснийг шүүх хүлээн авч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мэргэд овогт Д.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суугаа газар, ажилаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5, 7.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Н.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС