| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2021/0014/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/21 |
| Огноо | 2021-01-11 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар *******,
улсын яллагч З.Алтансолонго,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******,
иргэний хариуцагчийн өмгөөлөгч *******,
шүүгдэгч Б.С,
шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Э овогт Б.С-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Б.С нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа явуулж буй ******* ХХК-тай цэцэрлэгийн барилгын сууринаас гаргаж багийн нутаг 10 мянгатын хойд талын хашаануудын ар талын хэсэгт түр буулгасан байсан шороог буцаан татаж, цэцэрлэгийн суурийг дүүргэх ажлыг гүйцэтгэх аман хэлцэл байгуулан, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус хуулийн этгээдийн өмчлөлийн ******* УБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл /ковш/-ээр ачигч машинд ачилт хийхээр шороог түрэх ажлыг гүйцэтгэхдээ тухайн шорооны цаана нуугдан тоглож байсан 6 настай *******ыг харалгүй шороог түрсний улмаас ******* шороонд дарагдаж амьсгалын замын хурц дутагдалд орж нас барсан, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ******* дугаартай хавтаст хэргээс:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8-р хуудас/,
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт тэмдэглэл /хавтаст хэргийн 9-16-р хуудас/,
3.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-21-р хуудас/,
4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26-р хуудас/,
5. Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31-р хуудас/,
6. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36-р хуудас/,
7. Насанд хүрээгүй гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-р хуудас/,
8. Амь хохирогч *******ы цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 43-р хуудас/,
9. Амь хохирогч *******ы хэрэг учрал болох үед өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 45-46-р хуудас/,
10. Шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын -ны өдрийн 42 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 48-45-р хуудас/,
11.Иргэний хариуцагч Ц.Гансүхийн мэдүүлэг /хавтаст хэргийн 142-144-р хуудас/,
.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 131-р хуудас/,
13. ******* ХХК-ийн захирлын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 20/30 дугаартай тушаал /хавтаст хэргийн 27-р хуудас/,
14. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, оршуулгын зардлын тооцоо /хавтаст хэргийн 155-170-р хуудас/,
15. Тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт /хавтаст хэргийн 73-75-р хуудас/,
16. Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2020 оны 05 дугаар сарын -ны өдрийн 177 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 78-р хуудас/,
17. 240 ортой Цэцэрлэгийн барилгын барилга угсралтын ажлын гэрээ /хавтаст хэргийн 79-86-р хуудас/,
18. Ховд аймгийн Прокурорын газрын 2020 оны дугаар сарын 17-ны өдрийн 5/16 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /хавтаст хэргийн 233-234-р хуудас/,
19. Яллагдагч Б.С, түүний өмгөөлөгч ******* нарын Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 237-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд
шүүгдэгч Б.С нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ******* ХХК-ийн барилга, угсралтын ажлыг гүйцэтгэж байсан Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгийн барилгын сууринаас гаргаж Жаргалант сумын багийн нутаг дэвсгэр 10 мянгатын хойд талын хашаануудын дэргэд түр буулгасан шороог буцаан татаж, цэцэрлэгийн суурийг дүүргэх ажлыг гүйцэтгэх талаар тус компанийн төслийн удирдагч, талбайн даамал *******тай аман хэлцэл байгуулан, ******* УБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу ковшийг жолоодон ачигч машинд ачилт хийхээр шороог түрэх ажлыг гүйцэтгэхдээ тухайн шорооны цаана тоглож байсан 6 настай *******ыг харалгүй шороог түрсний улмаас амь хохирогч ******* нь шороонд дарагдаж, цээж, хэвлийн дарагдлаас үүссэн механик амьсгал бүтэлтийн улмаас амьсгалын замын хурц дутагдалд орж нас барсан, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “ Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг тоот хашааны ертөнцийн зүгээр баруун талд ,40 метрийн зайд овоолготой шороон дотор дарагдсан гэх ба ... бүтээсэн зүйлийг авч үзэхэд 6-7 насны эрэгтэй хүүхдийн цогцос саарал ханцуйтай улаан өнгийн цамцтай цэнхэр өнгийн жинсэн шорттой, шортны урд хэсгээр норж нойтон болсон зүүн хөлдөө хар саарал өнгийн сандалтай баруун хөлөнд гуталгүй, биеийн ил харагдах байдлаар шарх сорви болон шалбарсан зүйлгүй байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-16-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “...Уг ковш нь гэх хүний эзэмшлийн Ковш гэх ба бичиг баримтгүй байна ....шар өнгийн хоёр талдаа онгойдог хаалгатай, урд хойд талдаа салхины шилтэй, салхины шил болон хаалганы шил хагараагүй бүрэн бүтэн.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-21-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бийн оны дугаар сарын -ны өдөр төрсөн 37 настай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын багт оршин суудаг, Шарынхан овогт С.Б/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр би ажил дээрээ байж байтал миний утас руу танихгүй дугаараас нэг эмэгтэй хүн залгаад чи хурдан ирэх хэрэгтэй байна, танай хүүхэд шороон доор ороод нас барчихсан байна гэж хэлсэн. Тухайн үед манай талийгаач хүүхэд шороонд дарагдсан газар ирэхэд Онцгой байдлын алба хаагч, эмнэлгийн ажилчид, цагдаа нар ирчихсэн байсан. Талийгаач хүүхэд дээрээ очих гэсэн боловч цагдаа, онцгой байдлын алба хаагч нар хүүхэд рүү ойртуулахгүй байсан. Талийгаач хүүгээ хальт харахад шорооноос гаргачихсан цоохор хувцсаар бүтээчихсэн байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26-р хуудас/,
Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 07 дугаар сарынэ 28-ны өдөр тус баригдаж байгаа цэцэрлэгийн суурийн эхний шатны булалтын ажлыг хийхээр хувь хүмүүсийн самосвал, өөрөө ачигч ковш зэргийг хувь хүмүүстэй нь тохиролцож, ажил хийлгэхээр аваад барилгын ажилдаа шороо зөөлгөхөөр ажиллуулсан. Тухайн өдөр би 3 самосвалд ковшоор шороо ачуулах ажлыг хийлгэж байсан ба ачуулж байсан шороо нь ******* ХХК-ийн барьж байгаа цэцэрлэгийн барилгын сууринаас гарсан шороог багийн нутаг 10 мянгатын хойд тал дээр хашаануудын ар талд түр буулгаж байсан юм. Тэр шороогоо буцаан татаж баригдаж байгаа цэцэрлэгийн суурийг дүүргэх ажлыг хийлгэж байтал өдөр 17 цагийн үед шороо ачуулж байсан самосвалын жолооч Гэрлээ гэх залуу миний утас руу залгаад энд шороо ачиж байгаа ковшийн жолоочийн буулгаж байсан шороон доор хүүхэд дарагдчихлаа гээд байна, энэ хавьд байгаа хүмүүс сандралдаад байна гэж хэлэхээр нь би цэцэрлэгийн барилга дээр байж байгаад тухайн осол болсон газарт машинаар ирсэн. ...Бид тухайн газрыг малтаад дарагдсан хүүхдийг хайгаад олдохгүй байхаар нь хүүхэд олдохгүй юм байна цаг алдаж байхаар гээд Онцгой байдал руу залгаж дуудлага өгье гэж бодоод Онцгой байдлын газрын 7043101 дугаарын утас руу залгаж өгчихөөд ард нь цагдаагийн газрын 7043102 дугаарын утасанд дуудлага өгсөн. Тэгээд тэнд байсан хүмүүстэй бид нар нийлээд тэр хавийн шороог ухаж малтаж байтал тухайн шоронд дарагдсан хүүхдийн толгой хэсэг нүүр нь шороон доороос гараад ирсэн. Тэгэхээр нь татаж гаргах гээд татаж байтал Онцгой байдлын газрын алба хаагч нар ирээд бид нарыг холдуулаад тухайн дарагдсан хүүхдийг шороон доороос ухаж гаргаж ирсэн. ...Миний танил болох гэдэг хүнээс барилгын ажилдаа цаашдаа ашиглаж хэрэглэе гэж бодоод той амаар тохиролцоод тухайн өдөр ковшийг нь 1 өдөр гуйж аваад ашиглаж байсан юм. ...Соёлхүү бид хоёр амаар тохиролцож 1-2 өдөр ажиллахаар болсон. Нарийн хөлс мөнгө тохиролцсон зүйл байхгүй. Хэдэн машин шороо ачуулснаас шалтгаалж мөнгийг нь өгье гэж бодож байсан юм. Бид хоёр амаар тохиролцохдоо хэдэн төгрөг гэдгээ тохиролцоогүй, ковш бариулсан хөлсийг нь би өгнө гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31-р хуудас/,
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед 10 мянгатад байдаг хадам ах гийнд эхнэр, хүүхэдтэйгээ ирээд хоол цай идээд байж байтал хадам ахын хашааны хойд талд хүмүүс орилолдоод шуугиад байхаар гараад иртэл овоолготой шорооны хажууд хүмүүс бөөгнөрчихсөн энд хүүхэд шороонд дарагдчихсан байна гэхээр нь би тухайн хүүхэд шороонд дарагдсан газарт яваад очиход хүмүүс шороог малтаад хонхойлгосон хүүхэд гарч ирэхгүй байна гээд байхаар нь би тухайн дарагдсан хүүхэдтэй хамт байсан гэх хүүхдээс хаана дарагдсаныг нь асууж байгаад заасан газарт нь хүрзээр малтахад тухайн шороонд дарагдсан хүүхдийн зүүн гар талын цамцны ханцуй нь цухуйгаад гараад ирэхээр дарагдсан шороог гараараа малтаад толгойг нь гаргаж ирсэн. Тэгээд удалгүй байж байтал Онцгой байдлын алба хаагч нар ирж тухайн шороонд дарагдсан хүүхдийн биеийг нь малтаж гаргасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-р хуудас/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эхнэр бид хоёрыг тухайн газарт ирээд шороо малталцахад самосвалын жолооч, ковшийн жолооч хоёр л хэдэн хүүхдүүдийн хамт шороо малтаж байсан. Тухайн үед бид нар тухайн хүүхдийг малтаж гаргахад ойролцоогоор 15-20 минут зарцуулсан байх удалгүй малтаад амь хохирогч хүүхдийн толгой хэсгийг гаргаж ирэхэд Онцгой байдлын алба хаагч нар ирээд бид нарыг холдуулаад малтаад гаргаад ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36-р хуудас/,
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Удалгүй бид нар малтаж байтал амь хохирогч хүүхдийн толгой нь гараад ирсэн. Тэгтэл Онцгой байдлын алба хаагч нар ирээд тэр хавьд байсан хүмүүсийг холдуулаад тухайн амь хохирогч хүүхдийг татаж гаргаж ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-р хуудас/,
Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн улсын дугаартай Норд бенз маркийн өөрөө буулгагч машинаар 6 дугаар сургуулийн дээд талд баригдаж байгаа 9-р цэцэрлэгийн барилгын ажлын суурины шороог зөөх ажил хийж байтал ковшийн жолооч гэнэт ковшноосоо буугаад овоолсон шорооны тийш гүйгээд явчихаар нь юу болсон юм бол гэж бодоод жолооч дээр хүрээд ирэхэд энд хүүхэд шороонд дарагдчихлаа гэж байна гэхээр нь ковшийн жолоочтой хамт малтаж байгаад тухайн дарагдсан хүүхэд шороон доороос гарч ирэхгүй болохоор би 9-р цэцэрлэгийн барилгын ажил хариуцан ажиллуулж байсан Болдбаатар руу утсаар ярьж болсон үйл явдлын талаар хэлсэн. ...Ер нь тэр өдөр хүүхдүүд тэр шороо ачих талбай дээр харагдаагүй, хаанаас ямар хүүхдүүд гараад ирснийг би сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Тэгээд шороон дээр очоод манай дүү тэр хүүхэдтэй шороо шидэлцээд тоглож байгаад дүү жаахан хэвтэж тайвширъя гэхээр нь би дүүгийнхээ хажууд хэвтэж байгаад миний шээс хүрээд байхаар нь би босоод цааш эргээд шээчихээд буцаад харахад дүүгийн дээрээс шороо нураад дарсан. Тэгэхээр нь би хажууд байсан хүүхдийн хамт ковшийн жолооч руу орилоод энд манай дүү шороонд дарагдчихлаа гээд орилсон чинь ковшийн жолооч бууж ирээд хаана дарагдсан юм бэ гээд шороо малтахаар нь би энд дарагдсан гэж зааж өгчихөөд гэрлүүгээ эгчдээ хэлэхээр гүйсэн. ...Бид хоёртой хамт тоглож байсан хүүхэдтэй амь хохирогч ******* элсээр байлдаж тоглож байгаад уурласан. Тэгээд тайвшрах гэж шороон дээр хэвтэж байсан юм”. Гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-р хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тухай 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 43-р хуудас/,
Цогцост хүлээлгэн өгсөн тухай 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 44-р хуудас/,
Хувцаст үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 44-46-р хуудас/,
Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын -ны өдрийн 42 дугаартай “Дүгнэлт 1. *******ы цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдоогүй. 2. ******* нь цээж, хэвлийн дарагдлаас үүссэн механик амьсгал бүтэлтийн улмаас амьсгалын замын хурц дутагдалд орж нас барсан.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 48-53-р хуудас/,
Яллагдагч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй холбоотой санал хүсэлт алга байна. ...Би 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байтал манай гэрийн гадна Гэрэлээ гэдэг хүн ирээд манай барилгын фундаамны шороо ачих гэсэн юм чи ажилгүй байвал ковш жолоодоод шороог ачилцаад өг, хөлс мөнгийг нь өгнө гэж байна гэж хэлэхээр нь би за тэгье гээд Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт 10 мянгатын барилга дээр очоод барилгын ажил хийж байсан эзэн болох Болдоо гэдэг хүнтэй тохироод 10 мянгатын хойд талд засмал зам дуусаад дээшээ өгсөхөд шороо асгачихсан байсан. Тэгээд тэнд байсан шороог машинд ачих ажил хийж байсан бөгөөд шороо ачиж байх явцад шороон дээр 2 хүүхэд тоглож байсан бөгөөд намайг шороо ачиж байхад дагаж гүйгээд байсан ба би та нар хол очиж тогло гэж хэлсэн. Тэгтэл нөгөө хоёр хүүхэд явсан бөгөөд удалгүй бас 10-д унадаг дугуйтай хүүхдүүд тоглож байсан ...миний ачиж байсан овоолготой шорооны хажуу талаас 2 хүүхэд гарч ирээд ахаа шороонд хүүхэд дарагдчихлаа гэж хэлэхээр нь би ковшоо зогсоогоод буугаад нөгөө дарагдсан гэсэн газарт очсон чинь нөгөө хоёр хүүхэд энд гэж заасан бөгөөд заасан газрыг нь ухаж хайсан боловч олдоогүй. Тэр хооронд шороо ачиж байсан хово машины жолооч бууж ирээд хамт хайлцсан боловч олдоогүй.Тэгтэл тэр хооронд бөөн хүмүүс ирчихсэн байсан бөгөөд нэг хүн нь энд байх шиг байна гээд хүүхдүүдийн заасан цэгээс өөр газарт заасан. Очоод малтаад үзсэн чинь хүүхдийн толгой хэсэг нь харагдсан ба тэр хооронд Онцгой байдлын хүмүүс ирээд нөгөө хүүхдийг гаргаж авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 108-109-р хуудас/,
0000225292 дугаартай “...ийн 6 настайдаа 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ослоор нас барсныг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нас барсны бүртгэлийн 06-д бүртгэж гэрчилгээ олгов.” гэх нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 170-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8-р хуудас/,
Яллагдагч Б.С түүний өмгөөлөгч ******* нарын Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Б.С миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлсөн, төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, цаашид учрах хор уршгийг ухамсарлан ойлгож байгаа тул өөртөө холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна.” гэх хүсэлт /хавтас хэргийн 237-р хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ******* ХХК-ийн барилгын ажлын гүйцэтгэж байсан Жаргалант сумын 9-р цэцэрлэгийн барилгын сууринаас гаргаж багийн нутаг дэвсгэр 10 мянгатын хашаануудын дэргэд түр буулгасан байсан шороог ковш жолоодон ачиж өгөх талаар барилгын ажлыг гүйцэтгэгч компанийн төслийн удирдагч *******тай амаар тохиролцсон, улмаар ын эзэмшлийн ******* УБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу ковшийг жолоодон Э.Гэрэлчулууны ачигч машинд ачилт хийхээр шороог түрэх үед хүүхдүүд дагаж гүйж байсан тул анхааруулж, хол очиж тоглоорой гэснээр хүүхдүүд холдсон тул ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэсэн. Улмаар амь хохирогч *******, түүний ах Б.Энхбуян нар танихгүй хүүхдийн хамт дахин овоолсон шороон дээр очиж элс, шороо шийдэн тоглож байхад овоолсон шорооны цаана тоглож байсан 6 настай *******ыг харалгүй Б.С нь ковшоор шороог түрсний улмаас ******* нь шороонд дарагдаж нас барсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.С нь ******* УБ улсын дугаартай ковш жолоодон шороо ачих ажлыг гүйцэтгэхдээ овоолсон шорооны цаана тоглож байсан хүүхдүүдийг харалгүй шороог түрсэн үйлдлийн улмаас амь хохирогч ******* шороонд дарагдаж цээж, хэвлийн дарагдлаас үүссэн механик амьсгал бүтэлтийн улмаас амьсгалын замын хурц дутагдалд орж нас барсныг болгоомжгүйгээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Сг ковш жолоодон шороо ачих ажлыг гүйцэтгэхдээ овоолсон шорооны цаана тоглож байсан хүүхдүүдийг харалгүй шороог түрж, амь хохирогч *******ы амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Сгийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* ХХК-ийг иргэний хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, Ховд аймгийн Прокурорын газрын 2020 оны дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай тогтоолоор барилгын ажлыг гүйцэтгэгч ******* ХХК-ийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгийн барилга, угсралтын ажлын төслийн удирдагч, талбайн даамал *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж улмаар прокурорын 2020 оны дугаар сарын 17-ны өдрийн 5/16 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, ******* ХХК-д Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулахаар материалыг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Сгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг 7669250 төгрөг, өмгөөллийн хөлс 2000000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20000000 төгрөг нийт 29669250 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 7635979 төгрөгийн хохирлыг нөхөн төлж өгсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, депозит дансны хуулгаар, мөн иргэний хариуцагчаас /*******/ 9000000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлж өгсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч нар нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, харин иргэний хариуцагчаас сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна” гэсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б болон хэрэг учрал болох үед амь хохирогчтой хамт тоглож байсан ах нь болох нарыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас сэтгэл зүйн гүн цочролд орсон, сэтгэл зүйн хохиролтой хэмээн дүгнэж, сэтгэл зүйн зөвлөгөө өгчээ. /хавтаст хэргийн 174-176-р хуудас/
Хэдийгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэл, санааны эдийн бус хохирлыг үнэлж баршгүй боловч 6 настай хүүхдээ алдсан, өрх толгойлсон эх хүний сэтгэл, санаагаар хохирсон байдлыг харгалзан иргэний хариуцагчаас 3000000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, үлдсэнийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.С урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 115-р хуудас/ тогтоогдож байгаа, мөн хохирлыг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Сгийн хувийн байдлын талаар гэрч Б.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр болох Б.С нь төлөв даруу зантай, архи, тамхи хэрэглэдэггүй, хүнд тусархаг, хүний үгнээс гардаггүй даруу төлөв зантай хүн байгаа юмаа. Б.С нь хувийн компанид манаачийн ажил хийдэг. Хажуугаар нь төрөл бүрийн ажил хийж амьдралаа залгуулдаг. Б.С нь ямар нэгэн сургуульд сураагүй. 1 жил цэргийн алба хаасан гэсэн хаана хаасныг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 135-р хуудас/, гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай дүү Б.С нь эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. 5-13 насны 4 хүүхэдтэй. Эхнэр нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Б.С нь даруу төлөв, хүний үгнээс гардаггүй, хүнд тусархаг, хамт олны дунд нэр хүндтэй, илүү дутуу олон зангүй, хүнтэй амархан ойлголцдог, өөрийгөө илэрхийлэх чадвар сайн, архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй, тамхи татдаг, ямар нэгэн муу зуршил байхгүй, тийм хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 137-р хуудас/, Б.Сгийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 60%-иар тогтоосон хугацааг сунгаж шийдвэрлэсэн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэр, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 50 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 103, 4-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Шүүгдэгч Б.Сг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заажээ.
Иймд шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тэнсэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж, тэнсэж үүрэг хүлээлгэсэн шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 7635979 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э овогт Б.С-д 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.С-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.С-д сануулсугай.
6. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар иргэний хариуцагч ******* ХХК-иас 3000000 /гурван сая/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 7635979 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.С-д хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
10 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК