| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2017/00170/И |
| Дугаар | 103/ШШ2017/00180 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 103/ШШ2017/00180
| 2017 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 103/ШШ2017/00180 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 3 дугаар гудамжны 100 тоотод оршин суух, Боржигон овогт Долгорсүрэнгийн Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Хорих 0427 дугаар ангид ял эдэлж байгаа Буриад овогт Баатарын Батболдод /ЦА76072876/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг, хариуцагч Б.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Долгорсүрэнгийн Оюунцэцэг миний бие 1997 онд Баатарын Батболдтой танилцаж, 2006 онд бид хууль ёсны дагуу гэрлэлтээ батлуулсан. 2000 онд бидний дундаас хүү О.Балжинням төрсөн. Тухайн үед бид хоёр гэрлэлтийн баталгаагүй байсан учир хүү маань надаар овоглосон. Миний хүү 9-р анги төгсөөд, одоо сурдаггүй гэртээ байдаг. 2010 онд Б.Батболд нь шүүхээр шийтгүүлж 25 жил хорих ял авсан. Одоо Багануур дүүргийн Хорих 0427 дугаар ангид ял эдэлж байгаа. Оюунцэцэг миний бие өөр хүнтэй суугаад 2 хүүхэд гаргасан, энэ хүн манай дагавар охиныг оролдсон хэргээр ял шийтгүүлсэн учраас цаашид Баатарын Батболдтой амьдрах боломжгүй, хуулийн дагуу гэрлэлтийг цуцалж, хүү Балжиннямыг миний асрамжид үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баатар овогтой Батболд миний бие нь Долгорсүрэнгийн Оюунцэцэгтэй 1997 онд танилцаж 2010 он хүртэл амьдарсан. Бидний дундаас хүү Балжинням 2000 онд төрсөн. Би өөрөө 2010 онд шүүхээр шийтгүүлж ял эдэлж байгаа тул бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Энэ хүн өөр хүнтэй суугаад 2 хүүхэд гаргасан учраас эргэж амьдрах боломжгүй, хүүтэйгээ л уулзаж баймаар байна, Эрүүгийн хуульд өөрчлөлт ороод хэрэгжиж эхэлвэл 2-3 жилийн дараа суллагдах байх гэв.
Шүүхээс гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, шийтгэх тогтоолын хуулбар, О.Балжиннямын шүүхэд өгсөн тайлбар зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг нь хариуцагч Б.Батболдод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг, хариуцагч Б.Батболд нар нь 2000 онд гэр бүл болж 2006 оны 09 сарын 06-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа хүү Балжиннямыг 2000 оны 08 сарын 07-ны өдөр төрүүлэн эцэг эхийн үүргээ гүйцэтгэн хамтран амьдарч байсан болох нь 1973 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 1649 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.
Хариуцагч Б.Батболд нь өөрийн дагавар охиноо хүчиндсэн гэмт хэрэгт холбогдон 2010 оны 06 сарын 02 ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3, 125 дугаар зүйлийн 125.2, 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсгүүдэд зааснаар 25 жилийн хорих ялаар шийтгэгдэн уг ялаа чанга дэглэмтэй хорих ангид эдэлж байгаа, нэхэмжлэгч Д.Оюунцэцэг нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаа тогтоож 2 хүүхэд төрүүлсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдсон гэрлэгчид нь цаашид хамтран амьдрах боломжгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар 3 сар хүртэл хугацаагаар эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэн мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан үндэслэлээр зохигчдын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн өсөж торних орчин нөхцөл, боломж бололцоо, эхийн хайр халамж, ёс суртахууны байдал, эцэг Батболд нь олон жилийн хорих ялаар шийтгэгдсэн зэргийг нь харгалзан хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Оюунцэцэг нь хүү О.Балжиннямыг төрүүлээд захиргааны журмаар төрсний гэрчилгээ авахдаа зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан учир өөрийн нэрээр овоглосон байх бөгөөд хариуцагч нь өөрийн хүүхэд гэдэгт маргаагүй тул шүүхийн журмаар эцэг мөн эсэхийг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Долгорсүрэнгийн Оюунцэцэг, Буриад овогт Баатарын Батболд нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2000.08.07-ны өдөр төрсөн О.Балжиннямын эцэг Баатарын Батболд мөн болохыг тогтоосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар Оюунцэцэгийн Балжиннямыг эх Д.Оюунцэцэгийн асрамжид үлдээсүгэй.
4. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ