Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2019/00137

 

К Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01277 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1941 дугаар магадлалтай,

К Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

М Д ХХК-д холбогдох, 

Даатгалын нөхөн төлбөрт 27.533.675 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, 13.716.062 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...К Б нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Мандал женерал даатгал ХХК-тай зээлийн эрсдэлийн даатгалын чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож, 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12/83 тоот Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ, уг гэрээний дагуу цалингийн зээлийн эрсдэлийг даатгуулахаар 12/85 тоот Цалингийн эрсдэлийн даатгах хэлцлийг тус тус байгуулсан юм. Дээрх гэрээ, хэлцлийн дагуу К Б нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3015/1552 тоот Цалингийн зээлийн гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан АЗЗА ТӨХК-д ажилтай Г.Батсайханд олгосон 3.000.000 төгрөгийн, Таван толгой транс ХХК-ийн жолооч А.Батбаярт 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3017-2013/216 тоот цалингийн гэрээгээр олгосон 9.800.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3019/2013/218 тоот зээлийн гэрээгээр олгосон 1.200.000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3008/2013/56 тоот цалингийн гэрээгээр Эзэн сүлд ХХК-ийн ажилтан З.Амар-Эрдэнэд олгосон 14.000.000 төгрөгийн зээлийн эрсдэлийг даатгалд хамруулж даатгалын зохих хураамжийг төлж баталгаажуулсан. Гэтэл Дархан-Уул аймгийн Дархан АЗЗА Төрийн өмчит ХК-ийн захирлын 2014 оны 3 сарын 17-ны өдрийн 16/а тоот тушаалаар Г.Батсайхан, Эзэн сүлд ХХК-ийн захирлын 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1302/09/01 тушаалаар З.Амар-Эрдэнэ, Таван толгой транс ХХК-ийн ерөнхий захирлын 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 13/115 тоот тушаалаар А.Батбаяр нар ажлаас чөлөөлөгдснөөр цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцлийн 9 дүгээр зүйлийн З.е-д заасан даатгалын тохиолдол үүссэн юм. Иймд талуудын хооронд байгуулсан Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцлийн дагуу зээлдэгч Г.Батсайханы цалингийн зээлийн даатгалын нөхөн төлбөрт 1.693.647 төгрөг, алданги 823.000 төгрөг, нийт 2.540.470 төгрөг, А.Батбаярын цалингийн даатгалын нөхөн төлбөрт 9.144.042 төгрөг алданги 4.572.020 төгрөг, нийт 13.716.062 төгрөг, З.Амар-Эрдэнийн цалингийн даатгалын нөхөн төлбөрт 7.518.095 төгрөг, алданги 3.759.047 төгрөг, нийт 11.277.143 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...К Б ХХК нь М Д ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл болох З.Амар-Эрдэнийн даатгалын нөхөн төлбөрт 11.277.143 төгрөг, А.Батбаярын даатгалын нөхөн төлбөрт 13.716.062 төгрөг, Г.Батсайханы даатгалын нөхөн төлбөрт 2.540.470 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан байх бөгөөд эдгээр хэргүүдийг 2015 онд шүүхээр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрүүд гарсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М Д ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/01624 тоот шийдвэрээр К Б ХХК-ийн нэхэмжлэлтэй М Д ХХК-д холбогдох З.Амар-Эрдэнийн даатгалын нөхөн төлбөрт 11.277.143 төгрөг, А.Батбаярын даатгалын нөхөн төлбөрт 13.716.062 төгрөг, Г.Батсайханы даатгалын нөхөн төлбөрт 2.540.470 төгрөгийг тус тус гаргуулах тухай хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас А.Батбаярын 13.559.071 төгрөгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү тус шийдвэрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан биелүүлж, тус байгууллагын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1/20262 дугаар албан тоотоор М Д ХХК-ийн Голомт банк дахь 1105058866 тоот данснаас нь 13.559.071 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 225.745 төгрөг, нийт 13.784.816 төгрөгийг авсан. Гэтэл  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/01624 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар М Д ХХК нь К Б ХХК-д шилжүүлсэн 13.784.816 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч К Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...М Д ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 2-р хороо К Бны байр гээд, Улаанбаатар хот, утасны дугаар гэж дээр нь байна. Хэн нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй. Хариуцагч нь М Д ХХК нь өөрөө юм шиг байна. Манайх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах ёстой юу гэдэг асуудал гарч ирж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарлаж байгаа. Өмнө шүүхийн шийдвэр гарснаар М Д ХХК-иас мөнгө авсан болохоос биш, А.Батбаяр гэх хүнээс давхар мөнгө аваагүй. К Бийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй юм. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэн гаргасан бэ гэх асуудал давхар гарч ирж байна. Сөрөг нэхэмжлэлийн гаргасан хүн болох итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвалын итгэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг олгосон гэж н.Жавхлан өгсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийг хэдийг зааж байгаа болон нэхэмжлээд байгаа юу, хариуцаад байгаа юу гэдгээ тодорхой дурдаагүй байна. Хэн хэнд ямар шаардлага гаргаж байгааг шүүх тодруулаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх үндэслэл болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн нэг хэсэг болох хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн үзвэл эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэгч гаргагч этгээдийг нэхэмжлэгч гэнэ гэж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нэхэмжлэгч маань хаягаар К Б болж байгаа боловч доор нь хэн гэдэг нь тодорхойгүй, хаягаар нэхэмжлэл гаргаад байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01277 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан К Б ХХК-иас 13.784.816 төгрөг гаргуулж М Д ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т зааснаар М Д ХХК-иас 27.533.675 төгрөг гаргуулах тухай К Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч К Б ХХК-аас төлсөн 477 514 төгрөг, хариуцагч М Д ХХК-иас төлсөн 226.880 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч К Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 226.880 төгрөгийг гаргуулж, хариуцагч М Д ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1941 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226.875 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч М Д ХХК нь шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 62 дугаар зүйлийн 62.1.2, 62.1.3, 65 дугаар зүйлийн 65.1.9, 65.1.11 дэх хэсгүүдэд заасны зөрчсөн бөгөөд энэ талаар анхан болон давж заалдах шатпы шүүхүүдэд хэлсэн боловч хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгүй нэхэмжлэгч, хариуцагчийн аль алины оноосон нэр байхгүй, мөн оршин байгаа газар, хаяг тодорхойгүй сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасны дагуу Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийн хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэсэн заалтыг хэрэгжүүлэхдээ “...Харин К Б ХХК гэсэн оноосон нэр, ямар нэртэй гудамжид байрладаг зэргийг бичээгүй байх боловч аль дүүрэгт, хаана байршилтайг тодорхойлсон, үндэслэл хэсэгт оноосон нэр бүтнээр бичигдсэн байна” гэж тайлбарласан боловч аль дүүрэгт, хаана байршилтайг тодорхойлсон тухай сөрөг нэхэмжлэлд хаана бичигдсэн болон, хариуцагчийн эсвэл нэхэмжлэгчийн хаяг нь тодорхой бус, мөн “...үндэслэл хэсэгт оноосон нэр бүтнээр бичигдсэн байна...” гэсэн үндэслэл нь хариуцагч, нэхэмжлэгч эсвэл сөрөг нэхэмжлэгч аль болохыг тодорхой дурдаагүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хариуцагчийн хууль зөрчсөн сөрөг нэхэмжлэлийн зөрчлийг арилгуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадахгүй бөгөөд хууль зөрчихөд хүргэсэн байна. Шүүхийн шийдвэрүүдийн агуулгаас үзэхэд улсын тэмдэгтийн хураамж урьдчилж төлөхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж ойлгогдож байна. Түүнчлэн хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Сүхбаагар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 03-ны өдрийн 181/ШТ2018/00138 тоот шүүхийн тогтоолоор тус шүүхийн 2017 оны 6 сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/01624 тоот шийдвэр (биелэгдсэн)-ийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар М Д ХХК нь К Б ХХК-д шилжүүлсэн 13.784.816 төгрөгөө буцаан шаардах эрхтэй байна” гэж тайлбарласан байгаа нь өөрөө тодорхой бус, шүүхийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулаагүй болно. Иймд дээрх зөрчлүүдийг давх болон хяналтын шатанд засах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дах хэсэгт зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

М Д ХХК-с даатгалын нөхөн төлбөрт 27.533.675 төгрөг гаргуулах К Б ХХК-ийн үндсэн, Капиртон банк ХХК-с 13.716.062 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгчийн гомдолд зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдоогүй байна.

1.Нэхэмжлэгч, зохигчийн хооронд байгуулагдсан 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн эрсдлийн даатгалын чиглэлээр хамтран ажиллах 12/18 тоот болон  цалингийн эрсдлийг даатгах 12/85 тоот гэрээг үндэслэж, зээлдэгч Г.Батсайхан, А.Батбаяр, З.Амин-Эрдэнэ нарын зээлийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой даатгалын нөхөн төлбөр гаргуулах шаардлага гаргасан боловч нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар өмнө нь шүүх шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа нь хэргийн баримтаар тогтоогджээ. Иймээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй байна.

2. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

М Д ХХК-с А.Батбаярын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 13.716.062 төгрөг гаргуулж К Б ХХК-д олгох тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/01624 дүгээр шийдвэр биелэгдсний дараа шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж, хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр болжээ.

К Б ХХК-ийн А.Батбаяраас 10.169.929 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 619 дүгээр захирамж хүчин төгөлдөр байсан нь дээрх шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж хүчингүй болгох үндэслэл болжээ.

Нэгэнт зээлдэгчээс зээлийн төлбөр гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэхэмжлэгч К Б ХХК нь М Д ХХК-с зээлийн үүргийг эрсдэл гэж үзэн давхар нэхэмжлэх нь гэрээ болон хуульд нийцээгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй байна. Биелэгдсэн шүүхийн шийдвэр хүчингүй болсон тул хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.

3. Сөрөг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй буюу сөрөг нэхэмжлэлдээ хариуцагч, нэхэмжлэгч нарыг тодорхойлон заагаагүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.                       

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо мөн энэ тухай заасан ба магадлалд гомдлыг хангах үндэслэлгүйг тодорхой тайлбарлан дүгнэлт хийжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01277 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1941 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 226.875 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ