Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 484

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

С.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Байгалмаа,

шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч А.Нацагдорж,

хохирогч Н.Ж-гийн өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч А.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдлоор С.Б-д холбогдох 201201041295 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С.Б, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт хх дүүргийн хх дүгээр хороо, хх дүгээр байрны хх тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

 

С.Б- нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны 1 дүгээр салбарт хохирогч Н.Ж-д “Монголын Эсперанточ Залуучуудын холбоо” төрийн бус байгууллагын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 500 мкв газрын 250 мвк-ыг “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр шилжүүлж, улмаар уг газар дээр хамтран барилга барина гэж 50,000 ам доллар, өөрийн эзэмшлийн Хандгайт дахь зуслангийн газраа зарна гэж 1,000 ам доллар, нийт 51,000 ам доллар буюу 60,501,302 төгрөгийг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: С.Б-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох 201201041295 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч С.Б-г бусдын 50,000 ам доллар буюу 59,315,000 төгрөгийг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар олж авсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар С.Б-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүйг тус тус дурдаж,

80-92 УБЛ улсын дугаартай RC000225 арлын дугаартай Киа бонго маркийн, 69-36 УБР улсын дугаартай V24740130А арлын дугаартай Мицүбиши пажеро маркийн автомашин, 90-46 УБЧ улсын дугаартай KMFXKS7APTU011847 арлын дугаартай Хьюндай портер маркийн автомашин, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000266 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 140 тоот орон сууцны байр тус тус битүүмжилсэн, С.Б-гийн Худалдаа хөгжлийн банк дахь 470000282, 740000283 тоот данс, Хаан банк дахь 5031025762 тоот данс, Хадгаламж банк дахь 10330017291 данс, Голомт банк дахь 1102969838, 1501017150, 2010005858 тоот данснуудын зарлагын гүйлгээний захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч А.Нацагдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх С.Б-д холбогдох 51000 ам долларын хэргээс 50000 долларын хэргийг хэрэгсэхгүй болгож, 1000 долларын үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. С.Б- Ж-д 2007 онд Хандгайт дахь богины зусланг үзүүлж зарах талаар ярилцсан. Ж- 2009 онд уг газарт очиход танихгүй хүмүүс бид үүнийг авсан гэх мэдүүлэг. 2007 оны 9 дүгээр сарын 13-нд Б-д уг газраа бусдад шилжүүлэх, сунгалт хийх газрын албаны баримтаар Ж-г залилан мэхэлж 1000 доллараар хохироосон гэсэн нь үндэслэл муутай юм. Одоо уг зуслангийн газар эзэмших эрх Б-гийн нэр дээр байдаг. Газрын төлбөр гэж авсан 1000 ам долларыг төлсөн байх тул түүнд холбогдох хэрэг, үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Хохирогч Н.Ж-гийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь өөрөө эргэлзээ бүхий байдаг. Хохирогч Н.Ж- 500 мкв газрын 250 мкв нь газрыг эзэмшихээр 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр банкнаас зээл авч шүүгдэгч С.Б-д бэлнээр өгсөн байдаг. Шүүгдэгч С.Б- бэлнээр авсан мөнгөө өөрийн данс руу хийсэн. Даваасүрэнгийн мэдүүлэгт 2007 оноос хойш энэ газар хураагдсан, үйл ажиллагаа явуулах эрх нь байгаагүй. Үүнийг далимдуулж газар байна гэж 50,000 ам.доллар авсан. Дараа нь шарга морьтод газар байсан, байгаагүй хамаагүй нийтэд нь харуулж байгаад газар олж өгнө гэж тухайн цаг үеийн ханшаар энэ мөнгийг авсан. Тэгэхээр 500 мкв газраас 250 мкв-ыг нь шилжүүлэх эрхтэй шууд холбоотой энэ нөхцөл байдлуудыг гарахад залилан мэхлэх гэмт хэргийн шинж харагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, гэм буруугийн асуудлыг энэ хоёр газартай хамааруулж гэм буруутайд тооцож өгнө үү. 1,000 ам.долларын асуудал удаан хугацааны дараа буцаан олгогдсон ч гэсэн энэ мөнгийг тусад нь шийдвэрлэсэн болохоор гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.

 

Прокурор Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...С.Б- нь “Монголын Эсперанточ Залуучуудын холбоо” төрийн бус байгууллагын 500 мкв газрын 250 мкв газарт хамтран барилга барина, хөрөнгө оруулах зорилгоор хохирогч Ж-гаас 50,000 ам.доллар авсан. Дээрх 50,000 ам.доллараар барилга барих зориулалтын дагуу ашигласан гэдэг боловч уг 50,000 ам.долларыг зориулалтын дагуу зарцуулаагүй байсан. “Монголын Эсперанточ Залуучуудын холбоо” төрийн бус байгууллагын өр төлбөрт өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар харагддаг. Газрын төлбөрт төлсөн гэж ярьсан боловч газрын төлбөртэй холбоотой баримт байдаггүй. Тийм учраас 51,000 ам.долларын асуудлыг зориулалтын дагуу зарцуулаагүй учир залилангийн шинжтэй гэж үзсэн. С.Б- нь газар эзэмших гэрчилгээг хохирогчид өгсөн. Энэ газар эзэмших гэрчилгээ нь хуурамч болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хуурамч газар эзэмших гэрчилгээ өгсөн үйлдлийг залилсан гэж үзсэн. 1,000 ам.долларын асуудалд Шарга морьт дахь зуслангийн газар зарна гэдэг санаачлалыг шүүгдэгч С.Б-гийн зүгээс гаргасан. Уг газрыг авна гэж тохиролцсон. Анхнаасаа 1,000 ам.долларын оронд энэ газрыг авна гэж хохирогч хэлсэн байдаг. Хохирогч 50,000 ам.долларыг шилжүүлэх үед шүүгдэгч С.Б- 1,000 ам.долларыг хамт шилжүүлчих гэж нийт 51,000 ам.долларыг авсан. 2014 онд шүүгдэгч С.Б-гийн зүгээс хохирогч Н.Ж-гийн эхнэрийн дансанд газрын төлбөр 1,000 ам.долларыг шилжүүлсэн. Шүүгдэгч С.Б-гийн нэр дээр шарга морьтод газар байдаггүй. 1,000 ам.доллар авсан нь залилангийн шинжтэй гэж яллах дүгнэлт үйлдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх С.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

1. С.Б- нь 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны 1 дүгээр салбарт хохирогч Н.Ж-д “...зуслангийн газраа зарна...” гэж түүнээс 1,000 ам доллар /1,186,302 төгрөг/-ыг итгэл эвдэх аргаар олж авсан болох нь хохирогч Н.Ж-, гэрч Л.О нарын мэдүүлгүүд, 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр С.Б-гийн Голомт банк дахь дансанд 51,000 ам доллар орсон тухай дансны хуулга, Өмч газрын харилцааны албаны “С.Б-гийн нэр дээр байгаа Хандгайтын богины зуслан дахь газрын эрхийн тухай” 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг, 1,000 ам долларыг 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хохирогч Н.Ж-гийн эхнэр Л.Оын Голомт банкны дансанд буцааж шилжүүлсэн мөнгөний баримтын хуулбар /2-р хх-ийн 220 тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч А.Нацагдоржийн “...зуслангийн газар эзэмших эрх одоо ч Б-гийн нэр дээр байдаг. Газрын төлбөр гэж авсан 1000 ам долларыг төлсөн байх тул түүнд холбогдох хэрэг, үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Үндэслэл нь:

 

С.Б- нь 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны 1 дүгээр салбарт хохирогч Н.Ж-д “...Зуслангийн газраа зарна...” гэж түүнээс 1,000 ам доллар /1,186,302 төгрөг/-ыг итгэл эвдэх аргаар олж авсан болох нь:

хохирогч Н.Ж-гийн “...монголдоо ажиллаж амьдрах санаатай гэдгээ хэлсэн. Тэгсэн Б- надад миний энэ Шарга морьт дахь газрын талыг авахгүй юу даа гэхээр нь чи хэдэд өгөхийн гэсэн 1000 долларт зарнаа гэсэн. Тэгэхээр нь би газрын бичиг баримт хэний нэр дээр байдаг юм гэсэн миний хөгшөөн, санаа зоволтгүй би чамд бичиг баримтыг нь аваад өгчихнөө гэсэн. Багын танил Б-гийн авгай нотариатч, мөн Б-гийн охин манай охинтой сурдаг болохоор итгэсэн. Миний эхнэр О, мөн Б-гийн эхнэр Тунгалаг нар бид хоёрын хоорондох яриаг сонсож байсан. 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ...Голомт банкны 1 дүгээр салбар дээрээс мөнгө аваад Б-д өгсөн. ...2009 оны зун би амралтаараа ирээд Б-тай уулзаад Шарга морьтын газраа авья, хашаа татья гэхэд би өөрийнхөө газрыг зарсан, чиний газар байгаа гэхэд би нөгөө газраа очиж айлаас нь асуухад бүх газраа зарсан гэхээр нь надад зарчихаад яаж байгаа юм гэхэд би чамд өөр газар өгнөө, найз нь мөнгө хэрэг болоод зарчихсан юм гэсэн...” /1-р хх-ийн 35-38 тал/, 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Тэр үед эхнэр нь ч гэсэн сонсож байхад миний газрын талыг ав гэсэн. Ямар үнэтэй юм гэхэд 1000 ам доллар гэсэн. Бичиг баримтыг нь яах вэ гэхэд санаа зоволтгүй янзлаад өгнө гэсэн...” /4-р хх-ийн 24 тал/,

Н.Ж-гийн эхнэр Л.Оын “...Б- надад миний энэ шарга морьт дахь зуслангийн газрын талыг авахгүй юу даа гээд 1000 ам долларт авахаар болсон. Тэр үед манай нөхөр газрын бичиг баримт хэний нэр дээр байдаг талаар асуухад миний хөгшөөн санаа зоволтгүй миний нэр дээр байдаг юм, би чамд бичиг баримтыг нь аваад өгчихнөө гэж хэлж байсан...” /1-р хх-ийн 41 тал/,

шүүгдэгч С.Б-гийн “зуслангийн газар зарна” гэсэн үйл явдлын талаар 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр анх удаа цагдаад өгсөн  “...Польшоос ирвэл зуслангийн газарт хамт байж болох юм гэдэг саналыг хэлж байсан. Түүнээс биш зуслангийн газраа өгөх талаар ярьж байгаагүй. Зуслангийн газраа шилжүүлнэ гэдэг яриаг огт санахгүй байна. ...Өнөөдөр 51,000 ам доллар авсан гэдгийг ч санахгүй байна...” гэсэн тайлбар /1-р хх-ийн 22 тал/, 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...1000 ам доллар нь Хандгайтын зуслангийн газар Ж-д газар олж өгье гээд авсан мөнгө юмаа...” /1-р хх-ийн 53 тал/, 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...мөн зуслангийн газрын асуудлын тухайд хэлэхэд Хандгайтад байдаг газрын талаар бид гэр бүлийн найзууд гэсэн үүднээс нэг дороо хөршүүд байвал зүгээр юм гэж ярилцаж байсан. 2007 он байсан ба тухайн үед хүмүүс хашаа хатгаад газраа зардаг байсан юм, тэр үед газар олдож магадгүй туслая гэсэн яриа яригдаж байсан. ...Би эхлээд зуслангийн газар авах мөнгө гэж ойлгоогүй. Харин сүүлд О над руу утсаар ярьж тайлбарлаж хэлсний дараа би ойлгосныхоо дараа 1000 ам долларыг буцаагаад шилжүүлсэн...” /3-р хх-ийн 84 тал/, 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...зуслангийн газрын 1000 ам долларын тухайд Н.Ж- бид нар манай зуслан дээр очиж газрын үнэ ямар байгаа талаар ярилцсан. Хүүхдүүд нэг сургуульд сурдаг, нэг дороо байвал ямар вэ гэдэг талаар ярилцсан...” /4-р хх-ийн 23 тал/, 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Тухайн үед Ж- эхнэртэйгээ манай зуслангийн газрыг сонирхсон би газар олж өгсөн, ханш нь ойролцоогоор 1000 ам доллар болно....” /5-р хх-ийн 235 тал/,

С.Б-гийн эхнэр Б.Т-ийн “...төлбөр тооцооны асуудлыг би мэдэхгүй...” /3-р хх-ийн 17-18 тал/ гэх мэдүүлгүүд,

2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр С.Б-гийн нэр дээрх Голомт банкны 1102969828 дугаарын валютын данс руу 51,000 ам доллар буюу 60,501,302.49 төгрөгийн орлого Голомт банкны 1 дүгээр салбар дээрээс орсон баримт /1-р хх-ийн 11 тал/,

2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Н.Ж-гийн эхнэр Л.Оын хадгаламжийн данснаас 51,000 ам долларын зарлага Голомт банкны 1-р салбар дээрээс зарлагаар гарсан баримт  /1-р хх-ийн 11 тал/,

хохирогч Н.Ж-гийн эхнэр Л.Оын Голомт банкин дахь валютын данс руу 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр “Монголын Эсперанточ Залуучуудын холбооноос буцаах 99190633” гэсэн утгатайгаар 1000 ам долларын орлого хийсэн баримт /2-р хх-ийн 220 тал/ зэргээр нотлогджээ.

 

Хохирогч Н.Ж- мөрдөн байцаалтад “Шарга морьтын газар” гэдэг боловч хохирогч Н.Ж-гаар уг газрыг заалган газар дээр нь шалгах ажиллагааг явуулахад Н.Ж-д зарна гэсэн С.Б-гийн газар нь “Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын богино гэх газарт  байрлалтай газар болох нь /5-р хх-ийн 44-47 тал/ тогтоогдсон байна. 

 

Гэхдээ С.Б- “Хандгайтын зуслангийн газар одоо ч миний нэр дээр байгаа, би залилаагүй...” гэдэг, С.Б- нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богино гудамжинд байрладаг эзэмшлийн газартай /4- хх-ийн 16-19, 2 хх-ийн 67-69 тал/ боловч:

2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр уг газрыг зарна гэж 1000 долларыг нь авсан атлаа хохирогч Н.Ж-гийн цагдаад гаргасан гомдлоор 1000 долларыг нь 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр буцаан шилжүүлсэн үйл баримт,

С.Б-гийн өөрийнх нь удаа дараагийн “....зуслангийн газрыг зарна гэснийг мэдэхгүй, зуслангийн газар олж өгье гэж авсан, зуслангийн газрын мөнгө гэж ойлгоогүй...” гэх зөрүүтэй мэдүүлэг зэргээр “С.Б-гийн 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны 1 дүгээр салбарт хохирогч Н.Ж-д зуслангийн газраа зарна гэж түүнээс 1,000 ам долларыг итгэл эвдэх аргаар олж авсан” гэдэг нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 С.Б-гийн “...хохирогч Н.Ж-д шарга морьтод байгаа зуслангийн газраа зарна гэж түүнээс 1,000 ам долларыг итгэл эвдэх аргаар олж авсан...” үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангаж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй...” үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүхийн С.Б-гийн дээрх үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс хийсэн дүгнэлтүүд хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

2. С.Б- нь Н.Ж-тай “...Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 500 мкв газрын 250 мвк-ыг шилжүүлж, улмаар уг газар дээр хамтран барилга барина...” гэж тохиролцож, 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны 1 дүгээр салбарт 50,000 ам доллар /59,315,000 төгрөг/-ийг авч, хохирогч Н.Ж-д “Монголын Эсперанточ Залуучуудын холбоо” төрийн бус байгууллагын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 500 мкв газрын 250 мвк-ыг “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр шилжүүлсэн үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй болох нь:

2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн С.Б-, Н.Ж- нарын хооронд байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” /1-р хх-ийн 10, 2-р хх-ийн 43 тал/,

“...Газарт хөрөнгө оруулалт хийж, хамтран барилгын ажлыг бариулж дуусгана. ...Хөрөнгө оруулалт хавсралт 1-ээр хийгдэнэ...” гэсэн 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн С.Б-, Н.Ж- нарын хооронд байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”/1-р хх-ийн 10 тал/,

хамтран байгуулсан гэрээнийхээ дагуу тус газар дээр барилга бариулахаар зураг төслийг хамтран хийлгэж байсан талаарх хэрэгт авагдсан барилга угсралтын ажлын төсөв /1-р хх-ийн 61-83 тал/, барилгын эскиз /1-р хх-ийн 175-180 тал, 2-р хх-ийн 88-100 тал/,

барилгын зураг төслийг хийсэн “Эгэл” ХХК-ийн захирал С.Сэргэлэнгийн гэрчээр мэдүүлсэн “...С.Б- нь Баянзүрх дүүрэгт газартай, уг газартаа барилга барих зорилготой хоёр талаасаа нийлж зураг төслийг манай компаниар хийлгэсэн. ...Манай компани барилгын зураг төсөл, эскизийг 100 хувь хийж өгсөн...” /2-р хх-ийн 164 тал/, “Эгэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Оюунчимэгийн гэрчээр мэдүүлсэн “...Н.Ж-г манай найз зураг төсөл хийлгэнэ гэж дагуулж ирж уулзуулж байсан. Б-г нь танихгүй. ...С.Б-, Н.Ж- хоёр зураг төслийн мөнгийг 50,50 хувиар төлнө гэж байсан. Урьдчилгааны 50 хувийн С.Б-, Н.Ж- нар хувааж төлсөн. Ажлын явцын 30 хувийн Ж- төлөөд 20 хувийг өгөлгүй алга болсон...” /2-р хх-ийн 165 тал/ гэх мэдүүлгүүд,

бариулах барилгынхаа зураг төслийг хийлгэхээр Н.Ж-гийн эхнэр Л.О, С.Б-гийн эхнэр Б.Тунгалаг нарын “Эгэл” ХХК-д төлбөр төлж байсан баримтууд /1-р хх-ийн 15-16 тал/,

Монголын эсперанточ залуучуудын холбооны гүйцэтгэх захирал О.Даваасүрэнгийн гэрчээр мэдүүлсэн “...Манай эзэмшлийн газрыг хураалгахаас өмнө газар дээрээ 14 давхар барилга барих талаар С.Б-, Н.Ж-тай холбогдож гэрээ байгуулан нотариатаар орсон гэдэг. ...Тухайн үед хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан баригдах барилгын 1-3 дугаар давхрыг холбооны мэдэлд, 4-14 давхрыг Н.Ж-, С.Б- нар өөрсдийн мэдэлд авч ашиг гаргах юм ярьж байсан. ...Н.Ж- хөрөнгө оруулалт хийж барилга бариулахаар болж газрыг заруулахыг болиулсан...” /2-р хх-ийн 77 тал/  баримтууд зэргээр нотлогдож байна.

 

Түүнчлэн С.Б-гийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн “...2009 онд манай газрыг газрын албанаас хүчингүй болгочихсон. Энэ талаар би Ж-д зөндөө хэлсэн, газар хүчингүй болсноос хойш Ж- бид хоёрын хооронд маргаан гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг нь:

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 141 дугаар шийдвэрээр тогтоогдсон “...газар эзэмших эрхийн хугацаа нь 2009 оны 1 дүгээр сарын 28-нд дуусах байсан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулахаар Монголын эсперанточ залуучуудын холбоо ТББ хүсэлт гаргасныг Нийслэлийн газрын алба хүлээн авч хянаад 2009 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 02/1321 дугаар албан бичиг, 2010 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 5/1927 дугаар албан бичгээр “...газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан болно...” гэсэн хариуг өгсөн байна...” гэсэн нөхцөл байдал /4-р хх-ийн 6-7 талд байгаа Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс/,

“...Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Монголын эсперанточ залуучуудын холбоо” ТББ-ын Нийслэлийн газрын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн газрын албанд даалгасугай...” гэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 141 дугаар шийдвэр /4-р хх-ийн 1-8 тал/,

Н.Ж-гийн мөрдөн байцаалтад хохирогчоор эхний удаагаа мэдүүлсэн “... 2010 оноос хойш би Б-гаас мөнгө нэхээд явж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38 тал/ зэргээр нотлогдож байна.

 

Иймд С.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлээс “...С.Б- нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны 1 дүгээр салбарт хохирогч Н.Ж-д “Монголын Эсперанточ Залуучуудын холбоо” төрийн бус байгууллагын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 500 мкв газрын 250 мвк-ыг “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр шилжүүлж, улмаар уг газар дээр хамтран барилга барина гэж 50,000 ам долларыг нь залилсан…” гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

            Харин дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж зааснаар хохирогч Н.Ж-гийн иргэний нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж заагаагүй байх тул энэ талаар нэмэлт заалтыг давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд оруулав.

 

 Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг баримтлаагүй, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгийг дутуу баримталсан зэрэг алдаа гаргасныг тус тус зөвтгөсөн өөрчлөлтийг магадлалаар оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолын:

 

            тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчууд овогт Самбуугийн Б-д холбогдох 201201041295 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч С.Б-г бусдын 50,000 ам доллар буюу 59,315,000 төгрөгийг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчууд овогт Самбуугийн Б-д холбогдох 201201041295 дугаартай эрүүгийн хэргээс “...С.Б- нь бодит байдлыг нуух замаар Н.Жасранг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны 1 дүгээр салбарт хохирогч Н.Ж-д “Монголын Эсперанточ Залуучуудын холбоо” төрийн бус байгууллагын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 500 мкв газрын 250 мвк-ыг “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр шилжүүлж, улмаар уг газар дээр хамтран барилга барина гэж 50,000 ам долларыг буюу 59,315,000 төгрөгийг залилсан...” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж,

           

            тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчууд овогт Самбуугийн Б-д холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй...” гэснийг “...Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчууд овогт Самбуугийн Б-д холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэж өөрчилж,

            тогтоох хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон үйлдэлд холбогдох иргэний нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг Н.Ж-д мэдэгдсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж,

 

            тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч А.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ