Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 109

 

МАГАДЛАЛ

 

2017.01.04                                                  Дугаар 109                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Сайн инженеринг групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/05532 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Сайн инженеринг групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Норовтүн” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 26 802 575 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, үндэслэлгүйгээр авсан 9 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ганчимэг,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ө.Рэнцэнпэлжид,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: “Сайн инженеринг групп” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “Норовтүн” ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу ухмалын ажил 22 000 м3, далангийн ажил 6000 м3 хийж нийт 28 000 м3 ажлыг мэргэжлийн багаар технологийн дагуу инженерийн үйлчилгээг үзүүлж, гэрээний үнийг 35 000 000 төгрөг гэж тохирсон. Гэрээт ажлыг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр дууссан ба “Норовтүн” ХХК нь 30 000 000 төгрөгийг манайд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 5 000 000 төгрөг дутуу байгааг нотолсон баримтыг хэрэгт өгсөн байгаа. Улмаар 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ажил дуусахад нийт ажлын гүйцэтгэл 45030,86 м3 гэж ажил дууссан акт үйлдэгдэж зөрүү 17030,86 м3 ажил илүү хийгдсэн нь актаар батлагдсан. Гэрээний 4.2-т “ажил гүйцэтгэх явцад төсөвт тусгагдаагүй ажил гүйцэтгэсэн тохиолдолд санхүүжилтийг гүйцэтгэлээр тооцно гэж заасны дагуу илүү ажлын хөлс 21 288 575 төгрөгийг нэхэмжилж байна. Гэрээнд заасны дагуу “Норовтүн”  ХХК нь түлш, механизм, автомашинаар хангана гэсний дагуу “Норовтүн” ХХК нь төлөх ёстой байсан 2 удаагийн түлшний мөнгийг төлүүлж байсан, 340 000 төгрөгийг миний данснаас Багахангайн Тес Петролеумын шатахуун түгээх станцын түгээгчийн данс руу шилжүүлж байсан. Мөн 2015 оны 7 дугаар сарын 4-ны өдөр түрээсийн машинд түлш хэрэгтэй гээд н.Ганбаатараас 374 000 төгрөг аваад 200 000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр буцаан шилжүүлсэн боловч 174 000 төгрөгийг өгөөгүй байгаа тул нийт 26 802 575 төгрөгийг нэхэмжилсэн боловч өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гэрээний 2.3-т зааснаар алдангид 11 514 582 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд “Норовтүн” ХХК-иас 38 317 157 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “Сайн инженеринг групп” ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг бүрэн төлж барагдуулсан буюу нэмэлтээр 17 030 86 м.кв ажлын хөлс 21 288575 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Хэдий гэрээний 4.2-т “Ажлыг гүйцэтгэх явцад төсөвт тусгагдаагүй ажлыг гүйцэтгэсэн санхүүжилтийг гүйцэтгэлээр тооцно” гэж заасан хэдий ч манай байгууллагатай гэрээнд зааснаас илүү гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг харилцан тооцсон баримт байдаггүй, өөрөөр хэлбэл манай байгууллагатай илүү ажил хийсэн гэж гүйцэтгэл тооцож байгаагүй юм. Мөн ямар үндэслэлээр 1м.кв-ийг /1250/ төгрөгөөр тооцож байгаа нь ойлгомжгүй байна. Гэрээнд нийт ажлыг 35 000 000 төгрөг гэж 1 м.кв-ээр үнийг нарийвчлан тогтоогоогүй. Түүнчлэн 2015 оны 7 дугаар сарын 3, 4-ны өдрүүдэд түлшний мөнгө гэж нийт 714 000 төгрөг, 514 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, түлшний мөнгө авч байгаагүй. Манайх 30 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, 5 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч байгууллагын захирал н.Ганбаатарт өгсөн. Мөн нэхэмжлэгч тал илүү ажил хийсэн гээд илүү хөлс нэхэмжилж байна. Илүү хийсэн ажлыг дүгнэсэн акт байхгүй, талуудын хооронд хийгдсэн гэрээнд хэрэв илүү ажил хийсэн бол актаар баталгаажуулна гэж заасан байдаг боловч илүү ажил хийснийг баталгаажуулсан акт байхгүй. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Ганчимэг өөрийнхөө данснаас 340 000 төгрөгийг Эрдэнэсайханы данс руу шилжүүлсэн гэж ярьдаг боловч нотлоогүй байна. Өөрөө хэлбэл энэ 340 000 төгрөгийг “Норовтүн” ХХК-ийн төслийн ажилд зарцуулсан гэдгийг нотлоогүй байна. Мөн 174 000 төгрөгийг ямар үндэслэлээ нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Үндсэн нэхэмжлэл үндэслэлгүй учраас алданги тооцогдохгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Сайн инженеринг групп ХХК-ийн захирал Д.Ганбаатар 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 28 000 м3 далангийн ажлаа хийж гүйцэтгэж байхдаа компанийнхаа нэрийн өмнөөс манай компаниас 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр                4 000 000 төгрөгийг тус тус гэрээ хэлцэл хийлгүйгээр авсан тул нийт 9 000 000 төгрөгийг “Сайн инженеринг групп” ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбарт:Сайн инженеринг групп” ХХК-ийн захирал Д.Ганбаатар 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн Прокурорын газраас шийдвэрлэсэн 208А тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Дүүргийн прокурор болон Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан байгаа, хариу гараагүй байна. Сөрөг нэхэмжлэлээр шаардсан 9 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан “Норовтүн” ХХК-иас 7 190 000 төгрөгийг гаргуулан “Сайн инженеринг групп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 31 127 157 төгрөг болон “Норовтүн” ХХК-ийн 9 000 000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 491 160 төгрөг, хариуцагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Норовтүн” ХХК-иас 129 990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01546 дугаар Шүүгчийн захирамжаар “Мөнхжил чин” ХХК болон "Норовтүн" ХХК-ийн хооронд байгуулсан 09/2015 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралтууд болон гэрээнд заасан 2 үе шаттай ажлууд, нэмэлт ажлыг гүйцэтгэсэн актуудыг "Мөнхжил чин" ХХК-иас Баянгол дүүргийн иргэний анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 24346 дугаар Шүүгчийн захирамжаар 09/2015 дугаар Ажил гүйцэтгэх гэрээний дагуу "Мөнхжил чин" ХХК-иас ажлыг 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртлэх хугацаанд гүйцэтгэсэн өдөр тутмын ажлыг гэрэл зураг болон тухайн ажилд хяналт тавьсан инженер баталгаажуулсан мөн захиалагч "Мөнхжил чин" ХХК-ий хяналт тавьж байсан инженерээр баталгаажуулсан өдөр тутмын ажлын актуудыг "Мөнхжил чин" ХХК-иас гаргуулах тухай Шүүгчийн захирамжуудын дагуу нотлох баримтуудыг "Мөнхжил чин" ХХК-иас шүүхэд ирүүлээгүй байхад хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт бүрдсэн гэж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарган хэргийг шийдвэрлэсэн.

Мөн нэхэмжлэгч "Сайн инженеринг групп" ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд улсын тэмдэгтийн хураамжинд 199 190 төгрөг нэмж төлж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, энэ нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчаас хүлээж авсан, нэмэгдүүлсэн шаардлагын талаар хариуцагч "Норовтүн" ХХК-иас ямар нэг тайлбар, хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгчээс гаргасан нэмэгдүүлсэн шаардлагатайгаа холбогдуулж нотлох баримт гаргуулах болон хариуцагчийн тайлбартай танилцаж тайлбар гаргах, нотлох баримт гаргах эрхийг маань танилцуулалгүй шүүх хуралдааныг цааш үргэлжүүлэн хэргийг шийдвэрлэж хуулийг зөрчсөн.

Шүүхийн журмаар гаруулахаар заасан нотлох баримтууд шүүхэд бүрэн ирээгүйгээс тухайн иргэний хэргийг шийдвэрлэх явцад ерөнхий захиалагч "Транс гайд" ХХК болон захиалагч "Мөнхжил чин" ХХК-иудын эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх, нэхэмжлэгч "Сайн Инженеринг Групп" ХХК-иас гаргаж өгсөн ажлын гүйцэтгэлийн талаархи акт, нотлох баримтууд болох фото зураг болон "Молонгоо" ХХК-иас нэмэлт ажлын зураг төслийг "Норовтүн" ХХК-д гаргаж өгч, тухайн хяналт тавьж байсан компаний инженерүүд болох Э.Нямдорж, С.Баасансүрэн нарын гэрчээр асуугдсан мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудыг бодитойгоор харьцуулан үзэж дүгнээгүй хэргийг шүүхээс шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг хуульд заасан журмын дагуу дахин шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Сайн инженеринг групп” ХХК нь хариуцагч “Норовтүн” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 26 802 575 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлгүйгээр авсан гэх 9 000 000 төгрөгийг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг дараах байдлаар зөрчсөн байна. Тухайлбал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01546 дугаар захирамжаар “Мөнхжилчин” ХХК болон "Норовтүн" ХХК-ийн хооронд байгуулсан 09/2015 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралтууд болон гэрээнд заасан 2 үе шаттай ажлууд, нэмэлт ажлыг гүйцэтгэсэн актуудыг "Мөнхжилчин" ХХК-иас,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 24187 дугаар захирамжаар “Мөнхжилчин” ХХК-иас                488 415 584 төгрөгийг “Норовтүн” ХХК-д шилжүүлсэн санхүүгийн баримтыг “Мөнхжилчин” ХХК-иас,

Баянгол дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 24346 дугаар захирамжаар 09/2015 дугаар Ажил гүйцэтгэх гэрээний дагуу "Мөнхжилчин" ХХК-иас ажлыг 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртлэх хугацаанд гүйцэтгэсэн өдөр тутмын ажлыг гэрэл зураг болон тухайн ажилд хяналт тавьсан инженер баталгаажуулсан актуудыг гаргуулахаар заасан боловч эдгээр нотлох баримтыг ирүүлээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт болох “Трансгайд сервис” ХХК-иас шүүхэд ирүүлсэн 112 хуудас материалыг хариуцагчид танилцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан зөвтгөх боломжгүй, хэргийн үйл баримтанд дүгнэлт өгөх үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/05532 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 491 190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ТУЯА

 

       ШҮҮГЧИД                                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                          М.НАРАНЦЭЦЭГ