Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/141

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

Улсын яллагч С.Б

Хохирогч М.О

Шүүгдэгч Э.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э-т холбогдох эрүүгийн 2025004660005 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Э.Э

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Э.Э-ыг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дүгээр хороо Баянхошууны 32-02 тоотод оршин суух иргэн Б.Номин-Эрдэнийн байнга амьдрах орон байранд цонхоор нь нэвтрэн орж автомат угаалгын машин 1 ширхэг, хагас автомат угаалгын машин 1 ширхэг, агаар шүүгч 1 ширхэг, 2 ширхэг ханын цаг, 1 ширхэг морин хуур, 2 ширхэг жаазтай зураг, 1 ширхэг сэнс, 1 ширхэг жин хэмжигч зэрэг эд зүйлийг хулгайлж 2,095,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 19-39 тоотод оршин суух иргэн М.Батбаатарын байнга амьдрах зориулалттай Монгол гэрт нэвтрэн орж зурагт, угаалгын машин, дугуйтай чемодан, пүүз, “Эрдэнэт” хивс, гар дрилл зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1,335,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн Овоотын 22-21 тоотод байрлах иргэн М.Оюунчимэгийн Монгол гэрийн тооноор нэвтрэн орж 32 инчийн BSB зурагт, хромон гутал 1 хос зэрэг эд зүйлийг хулгайлан 361,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э-ын мэдүүлсэн “хэргээ хүлээн зөвшөөрч байна, харамсаж гэмшиж байна. Хохирлыг төлнө гэх мэдүүлэг,

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч М.О-н мэдүүлсэн “хаалга эвдэж зурагт хромон гутал авсан байсан. Үүнийгээ буцааж авсан. Харин хаалгаа засаагүй хэвээрээ байна. Мөн хэн орсныг мэдэхгүй мөнгөн аяга хөөрөг алга болсон. Хаалгаа засуулж авмаар байна” гэх мэдүүлэг,

-Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1хх-ийн 95-101-р хуудас/

-Хохирогч Б.Н-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... 2020 оны 07 дугаар сарын 29-ний орой 22 цагийн орчимд манай эгч Л.Энхтунгалаг залгаад танай гэрт хулгай орсон байна гэж над руу залгасан. Манайх тухайн үед Шадивлан зуслан дээр байдаг байсан. Тэгээд орой гэртээ ирэхэд манай гэрийн вакум цонхоор хулгай ороод эд зүйл аваад явсан байхаар дуудлага өгсөн... Манай гэрээс 2018 онд 1.339.000 төгрөгөөр худалдаж авсан Беко загварын бүрэн автомат угаалгын машин, 2020 он 3 сард Их дэлгүүрийн Номин худалдааны төвөөс 300.000 төгрөгөөр авч байсан хагас автомат угаалгын машин, 2020 оны 1 сард хувь хүнээс шинээр 1.000.0000 төгрөгөөр худалдаж авч байсан агаар цэвэршүүлэгч эдгээр зүйлс олдоогүй. Мөн бас 2 ширхэг ханын цаг, 1 ширхэг морин хуур, 2 ширхэг жаазтай зураг, 1 ширхэг сэнс, 1 ширхэг жин хэмжигч зэрэг эд зүйлс алдагдаад нөгөө хулгайчийн гэрээс цагдаа нар хурааж аваад бид нар хүлээлгэж өгсөн..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 102-109-р хуудас/

-Гэрч С.Ж мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... манай Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Баянхошууны 33-06 тоотод байрлах нийтийн байрны 05 тоот өрөөд Эрдэнэбаатар гэх залуу 2020 оны 07 сарын 15-ны өдөр манай эхнэр болох Оюунцэцэгтэй гэрээ байгуулан тухайн тоотод оршин суух болсон. Миний мэдэж байгаагаар тухайн өдрөөс хойш ирээгүй. Мөн гэрээ байгуулж өгсөн гар утасны дугаар холбогдохгүй байгаа манай 5 тоот өрөөнд ханын цаг 2 ширхэг, морин хуур ширхэг, Морины зурагтай 60:50 хэмжээтэй хатгамал жаазтай 1 ширхэг морины зурагтай жааз 1 ширхэг, сэнс 1 ширхэг, гудас, хөнжил 1 ширхэг пүүз 1 ширхэг, углааш 1 ширхэг, тэгээд цүнхтэй хувцас байсан ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 114-115-р хуудас/

 

-Мастер үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №21/003 дугаартай ...нийт үнэ 2,095,000 төгрөг... гэх дүгнэлт /1 хх-ийн 132-136-р хуудас/

 

-Шүүгдэгч Э.Э-ын яллагдагчаар мэдүүлсэн “... хашаа давж орж хашааны хаалгыг онгойлгоод уг байшингийн вакум цонхыг цохиж онгойлгоод байшинд ороход үүдний жижиг өрөөнд 1 ширхэг бүрэн автомат, 1 ширхэг хагас угаалгын машин, 1 ширхэг халаадаг сэнс, 1 ширхэг морин хуур, 1 ширхэг жингээ үздэг жин байхаар нь аваад ганцаараа авсан ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 149-149-р хуудас/

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 172-176-р хуудас /

 

-Хохирогч М.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн "... охин Дайриймаа нь над руу 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр утсаар залгаад ааваа манай гэрт хулгай орсон намайг ажилтай байх хойгуур зурагт, угаалгын машин эд зүйл алга болсон талаар хэлсэн юм. Би цагдаад мэдэгдсэн байгаа үзэж шалгаад явсан гэсэн юм. Түүнээс хойш би өөрөө хөдөөгөөс 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ирээд хартал манай гэрийн хаалга эвдрэл гэмтэлгүй хэвийн цоожийг маань түлхүүрээр нь онгойлгоод орсон байгаа юм. Манайх гэрийнхээ түлхүүрийг үүднийхээ довжооныхоо доод талын панеран доогуур шургуулаад хийчихдэг байсан юм. Үүнийг л мэддэг хүн орсон болж таараад байгаа юм. Тэгээд бас хивс, чемодан, гар дрилл, эрэгтэй хүүхдийн пүүз зэрэг эд зүйлс олдохгүй байгаа алдагдсан байна лээ. Брэндийг хэлж мэдэхгүй хар өнгийн 42 инчийн зурагт доод талдаа товчлууртай, зууван суурьтай байсан. Би 2017 онд 450,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Цагаан өнгийн 2 үйлдэлтэй угаалгын машин 550,000 төгрөгөөр 2019 онд худалдаж авсан. Хар өнгийн дугуйтай дунд зэргийн чемоданыг 2020 онд 85.000 төгрөгөөр худалдаж авсан байгаа юм. Манай хүүгийн найк брэндийн хар цагаан өнгийн пүүз 2017 онд 150.000 төгрөгөөр худалдаж авсан, том гэрийн хойморт дэвсэж байсан шар өнгийн голдоо 3 бөөрөнхий хээтэй хивс 2016 онд 600.000 төгрөгөөр, гар дрилл кэн брэндын шар ногоон өнгийн 2017 онд 15.000 төгрөгөөр худалдаж авч байсан эд зүйлүүд алга болсон байгаа юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 177-180-р хуудас/,

 

-Гэрч Б.Д-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Намайг гэртээ ирсэн чинь манай монгол гэрийн хаалганы цоож, цүү хэвийн байсан юм. Ер нь манай гэр цэвэрхэн байсан. Гэрийнхээ эд зүйлийг шалгатал угаалгын, машин, зурагт хивс зэрэг эд зүйл алдагдсан байхаар нь би гайхаад дүү Бумандоржоос асуусан чинь би мэдэхгүй би 09 цаг өнгөрөөгөөд гэрээ цоожлоод түлхүүрээ гишгүүрийн модон хавтас доогуур үлдээгээд ажил руугаа явахаар гарч буудал руу алхаж явахад танай найз залуу гэх ахтай таарсан. Доод талын дэлгүүрээс юм авах гээд ороод гараад ирсэн чинь нөгөө ах алга болсон байна. Тэгээд л би цааш яваад өгсөн юм гэж надад хэлсэн Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1 хх-н 182-186-р хуудас/,

 

-Мастер үнэлгээ ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 10-ны №-20/138, 2021 оны 01 дүгээр сарын №21/011 дугаартай ...нийт үнэ 1,335,000 төгрөг гэх дүгнэлт /1 хх-ийн 188-194-р тал/

 

-Шүүгдэгч Э.Э-ын яллагдагчаар мэдүүлсэн "... 2020 оны 6 дугаар сарын 07-ны үеэр СХД-ийн 24-р хорооны Дайриймаа гэх охинтой үерхдэг байсан гэрт нь хоночихоод маргааш өглөө нь эрэгтэй дүүтэй нь гэрт нь үлдсэн. Тэгээд дүү нь гараад явахаар нь Эрдэнэт явах замын зардал хийх санаатай угаалгын машин, 32 инчийн зурагт, хуйлаастай байсан хивсийг авсан... гэх мэдүүлэг /1 хх-ийн 47-р хуудас/

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх- ийн 5-9 тал /,

 

-Хохирогч М.О-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн“... Би өчигдөр гэрээсээ 22 цагийн үед гараад дүүгийнхээ гэрээр очиж хоночхоод өглөө иртэл миний гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгайч орж 32 инчийн ВSВ-ийн зурагт, миний нөхрийн шинэ хромон гутал алга болчихсон байна. 32 инчийн зурагтыг 2019 оны 08 дугаар сард үйлчилгээний төвийн ВSВ худалдааны төвөөс 300,000 төгрөгөөр худалдан авч байсан. Харин хромон гутлыг 2019 оны 09 дүгээр сард барааны зах дээрээс 300,000 төгрөгөөр худалдан авч байсан. Би гэрээсээ гарахдаа хаалга үүдээ цоожлоод өрхөө бүтээгээд гарсан. Өмнө нь манай гэрт хулгай орж байсан. Намайг өчигдөр өглөө 06 цагт гэртээ иртэл гэрийн доторх эд зүйл эмх цэгцгүй болчихсон, хаалганы цоожийг эвдчихсэн байсан. Би алдсан эд зүйлээ олж авмаар байна гэх мэдүүлэг /1 хх-ийн 10-12, 14-р хуудас/,

 

-Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... 2020 оны 06 дугаар сараас хойш манай хойд талын айл болох Ганхүлэг ах манай хуурай дүү ирчихсэн гэж байсан. Тэгэхэд Эрдэнэбаатарыг таньдаг болж манайхаар орж гардаг болсон. Тэрнээс сайн танихгүй. Хаанаас ирснээ ч хэлж байгаагүй. Эрдэнэбаатар тогтсон ажил хийдэггүй юм шиг байсан. Энд тэнд ажил гарвал хийдэг гэж байсан. 2020 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд манай аав Батхуяг, Ганхүлэг, Эрдэнэбаатар нар самарт явсан юм. Тэгэхдээ Эрдэнэбаатар гэр авсан. Бас 32 инчийн зурагт, хромон гутал авсан гээд өмсчихсөн явж байсан. Анх нокио утас барьдаг байж байгаад сүүлд самарт явж ирэхдээ Самсунг вайд 4 маркийн гар утас барьчихсан байсан. Тэрийгээ ломбардад тавьчихаад авсан гэж байсан. Өөр зүйлийг би сайн мэдэхгүй. Хүний 1.500,000 төгрөгтэй ирсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 13-р хуудас/,

-Шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны 02/02-193 дугаартай “...Үнэлгээнд хамрагдсан ВSВ маркын 32 инчийн зурагт 1 ширхэг 271,000 төгрөг ,эрэгтэй хүний хромон гутал 90.000 төгрөг тус бүр болж нийт үнэлгээ 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 361,000 төгрөгөөр үнэлэгдэв...гэх дүгнэлт /1 хх-ийн 17-24-р хуудас/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 221 дугаартай... Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн 1, 2 гэсэн дугаартай гарын мөрүүд нь MN00520010315, MN000037023 дугааруудаар нэгдсэн санд бүртгэгдсэн Э.Эын баруун гарын алга, долоовор хурууны хээтэй папилляр шугамын нийлэлт, төгсгөл, эхлэх, салаалалт зэрэг шинж тэмдгүүдээр тохирч байна. 3 гэсэн дугаартай гарын мөр нь нэгдсэн санд бүртгэлтэй гарын хээний дардас болон гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэх дүгнэлт /1 хх-ийн 30-31-р хуудас/

 

-Шүүгдэгч Э.Эын яллагдагчаар мэдүүлсэн "... М.Оюунчимэгийн гэрээс хулгайлж авсан 32 инчийн зурагт, хромон гутал 1 хос эд зүйлсээ би Яргуйт багт байрлах Ганхөлөг гэх хүний гэрт хадгалж байсан ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 42-47-р хуудас/

 

-Эд зүйл /зурагт,хромон гутал/ хураан авч М.Оюунчимэгт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / 1 хх-ийн 75-р хуудас/

 

-Хохирогч Б.Номин-Эрдэнэд ханын цаг,морин хуур, жаазтай хатгамал, жаазтай зураг, сэнс, жин хэмжигч зэрэг эд зүйл хүлээлгэн өгсөн талаархи тэмдэглэл /1 хх-ийн 154-155-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдлоо.

 

Үйл баримт: Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дүгээр хороо Баянхошууны 32-02 тоотод оршин суух иргэн Б.Номин-Эрдэнийн байнга амьдрах орон байранд цонхоор нь нэвтрэн орж автомат угаалгын машин 1 ш хагас автомат угаалгын машин 1 ш, агаар шүүгч 1 ш, 2 ш ханын цаг, 1 ш морин хуур, 2 ш жаазтай зураг, 1ш сэнс, 1ш жин хэмжигч зэрэг эд зүйлийг авч 2,095,000 төгрөгийн хохирол, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 19-39 тоотод оршин суух иргэн М.Батбаатарын байнга амьдрах зориулалттай Монгол гэрт нэвтрэн орж зурагт, угаалгын машин, дугуйтай чемодан, пүүз, “Эрдэнэт” хивс, гар дрилл, зэрэг эд хөрөнгийг авч 1,335,000 төгрөгийн хохирол, 2020 оны 10 сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн Овоотын 22-21 тоотод байрлах иргэн М.Оюунчимэгийн Монгол гэрийн тооноор нэвтрэн орж 32 инчийн BSB зурагт, хромон гутал 1 хос зэрэг эд зүйлийг авч 361,000 төгрөгийн хохирол тус тус учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед болон өмсөж байгаа хувцас, эд зүйлд нь үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн мэдүүлэгүүд, гэрчүүдийн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Эын бусдын байнга амьдарч байгаа гэр орон байранд цонх хаалгыг эвдэх, тооноор нь орох, түлхүүрийг нь олж орох зэрэг хууль бус аргаар зөвшөөрөлгүй, нууцаар нэвтрэн орж эд зүйлийг нь өөрийн эзэмшилд авч хохирол учруулсан эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг, “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Э.Эын хууль бус үйлдлийн улмаас хохирогч М.Оюунчимэгт 3,791,000 төгрөгийн, Б.Номин-Эрдэнэд 2,095,000 төгрөгийн, хохирогч М.Батбаатарт 1,335,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн мөр судлалын шинжилгээний дүгнэлтүүд, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй бүрэн нотлогдож тогтоогджээ.

 

Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Э 3 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирол гаргуулах саналтай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч, гэм буруугаа хүлээсэн тул хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулна уу. Хохирогчийн ярьсан хаалганы тухайд хэрэгт баримт, нэхэмжлэл авагдаагүй байна гэж тус тус дүгнэлт санал гаргасан.

 

Шүүгдэгч Э.Э нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлж авсан гэм буруутай үйлдлүүд нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгч гэм буруутай эсэх талаараа маргахгүй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хохирол нөхөн төлөгдөөгүй байдал шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялын хэмжээг сонгож оногдуулан, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Номин-Эрдэнэ, М.Батбаатар нар шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлөгдөөгүй гэж шүүхэд мэдэгджээ. Хохирогч М.Батбаатарт учирсан хохирол 1,335,000 төгрөг, хохирогч Б.Номин-Эрдэнэд 2,095,000 төгрөгийн хохирол учирснаас 2 ш ханын цаг, морин хуур, 2 ш жаазтай зураг, сэнс, жин хэмжигчийг хүлээлгэн өгсөн /1 хх-ийн 154-155-р хуудас/ байх тул төлөгдөөгүй үлдсэн 1,750,000 төгрөг, нийт 3,085,000 төгрөгийг Э.Эаас гаргуулан хохирогч нарт олгох нь зүйтэй. Хохирогч М.Оюунчимэгт учирсан хохирол нөхөн төлөгдсөн буюу эд зүйлийг хүлээлгэн өгсөн /1 хх-ийн 75-р хуудас/ байна. Шүүх хуралдаанд хохирогч М.Оюунчимэг “хаалгаа эвдсэн төлүүлмээр байна” гэсэн боловч хаалганы эвдрэлийн талаар шалгаж тогтоогоогүй, хохирогч нэхэмжлэл гаргаагүй, мөрдөн байцаалтад энэ талаар мэдүүлээгүй байгааг дурьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 154 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг заалаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э-ын цагдан хоригдсон 154 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Э.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-аас нийт 3,085,000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Номин-Эрдэнэд  1,750,000 төгрөг, хохирогч М.Батбаатарт 1,335,000 төгрөгийг тус тус олгуулсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ