Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/13

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ********т холбогдох эрүүгийн 2127000000009 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, ******** оны ******** дугаар сарын ********-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, ******** настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн оператор мэргэжилтэй, “Севон” ХХК-д оператор жолоочоор ажилдаг, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, ******** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ********/РД: ********/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

           

            Шүүгдэгч ******** нь 2021 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж байсан тус сумын цагдаагийн тасгийн дарга ********, цагдаа ******** нарыг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

           

            Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

            2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр их согтуу байсан болохоор цагдаагийн албан хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүндрэл саад учруулсан. Миний буруу гэв.

 

            Хохирогч ********ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...2021 оны 01 дүгээр сарын 22 цагаас хойш эргүүлийн үүргийг хариуцсан сумандаа гүйцэтгэж байхад Бат-Өлзий сумын 5 дугаар баг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 00 цаг өнгөрч байхад саарал өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь төв замын зүүн талаас явган хүний зам дээгүүр даваад ухрах үйлдэл хийх үед нь тасгийн дарга цагдаагийн ахмад ******** тухайн тээврийн хэрэгслийг шалга гэж үүрэг өгсөн. Тэгсэн жолоочийн эсрэг талын арын хаалгаар нэг саарал цамцтай залуу бууж ирээд машины хаалга хаа гээд намайг хаалга машин хоёрын засвар хавчихаар нь би цаашаа гээд машины дотор талын хаалганы барилаас  гараараа барьж хаалгыг түлхсэн чинь тэр эрэгтэй тэнцвэрээ олохгүй хойшоо унасан. Тэр газар нь хальтаргаатай байсан. Тэгээд гэнэт уурлаж босож ирээд хөдөөний цагдаа нар пизданууд гөлөгнүүд хүн зоддог гэх мэтээр хэл амаар доромжилж чанга дуугаар орилоод намайг заамдаж бариад шанаа руу 3 удаа цохисон. Сүүлд машинаас гарч ирдэг саарал цамцтай залуу миний зүүн талын мөрдсийг ханз татаад хаясан...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-11 дүгээр хуудас/,

 

            Хохирогч ********гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Тухайн үед би өөрийн сууж байсан автомашинаас буугаад яваад очтол муу хөдөөний цагдаа намайг зодлоо гэж орилоод Загарзүсэмийн дүрэмт хувцаснаас заамдаж аваад 3-4 удаа шанаан тус газар цохьсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15 дугаар хуудас/,

 

            Гэрч ********ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Цагдаа нар бууж ирээд машинаа шалгуул гэж хэлсэн тухайн үед ******** машин жолоодож явсан. Би машинаас бууж ирээд буцаад машинд ороод суучихсан. ******** цагдаа нартай маргалдаад байсан. Тэгээд би ********ыг орилоод байхаар нь машинаас буусан. ...Тухайн үед ******** цагдаагийн өрөөсөн мөрдөс нь газар уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

            Гэрч ********ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

               “...Би тус өдрийн он сарыг санахгүй байна. Манай нөхрийн найз болох ******** над руу залгаад би Бат-Өлзийд ирчихсэн  байна. Та 2 хүрээд ир гэхээр нь бид 2 унаагүй гэсэн чинь ******** манай гэрт ирж нөхөр бид хоёрыг авсан. Тэгээд ******** гэх найзындаа очсон юм. Тэднийд ороход ******** хотоос авчирсан юм гээд 2-3 ширхэг хөлдүү пиво халаагаад сууж байсан гэрт байсан хүмүүс ********ийд хэсэг сууж байгаад ********ын хүүхэд нь халуураад уйлагнаад байхаар нь эмнэлэг явъя гээд ********ийнхээс гарсан. ******** нилээн халчихсан байсан тул машиныг нь ******** унаад би болон ********ын эхнэр, ********, ********ийн бид хэд эмнэлэг явахаар гарсан юм. Тэгээд ********ийхээс гараад арын худагны тэнд явж байхад цагдаа нартай таарсан. Цагдаа нар ирээд машинаас гараад ир гэж жолоо барьж явсан ********ад хэлсэн. Тэгээд ******** машинаас буугаад ардаас нь ******** буусан. ******** буухдаа машины хаалга хаагаагүй байсан. Тэгсэн ******** машины хаалга хаа хүүхэд даарчихлаа тэгээд машины хаалга хаахдаа цагдаагийн хөлийг хавчаад хаачих шиг болсон юм. Тэгсэн чинь цагдаа нь хөлөө авах гээд ********ыг түлхэх шиг болсон чинь ******** хойшоо унасан. Тэгээд ******** унаж босч ирээд цагдаа нар хүн зодлоо гээд уурлаад дайраад байхаар нь ********ыг машинд суу гэтэл ******** би өөрөө сууна гээд ухраад байсан. Тэгээд байж байтал ******** үснээс зулгаалаа гээд орилоод байсан хэсэг орилж байгаад цагдаагийн машинд суугаад явсан. Тухайн үеийн үйл явдлыг сайн санахгүй байна.  2 цагдаагийн алба хаагч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

            Яллагдагч ********ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Би тухайн өдөр орой ******** гэх найзынхаа гэрч ********, ******** гэх найзуудтайгаа миний машины ард байсан том савлагаатай “Нийслэл” пиво хувааж уугаад байж байсан чинь манай эхнэр над дээр хүүгийн бие өвдөөд байна гээд ах ********аар хүргүүлээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би ******** гэх найз руугаа залгаад чи машин бариад эмнэлэг яваад өгөөч гэж хэлсэн. Удалгүй ******** хүрч ирээд миний машиныг бариад би болон  манай эхнэр хүүхэд ********, ******** гэх хүмүүсийг суулгаад эмнэлэг рүү явж байх үед замд цагдаа нар таарсан. Тэгээд нэг цагдаа жолоочийн хажуу талын цонхон дээр ирсэн тэр үед ******** машинаас буусан буухдаа хаалгаа хаагаагүй болохоор нь би тойрч очоод хаалгаа хаах гэсэн чинь тэр цагдаа машин унтраах гэж байхад нь би хаалгаа хаах гэж байхдаа хөлийг нь хавчсан байх тэгсэн чинь намайг буцааж хойш нь түлхэх үед би газарт хойш унасан би бухимдаад босч ирээд жаахан чанга дуугаар ярьсан уусан пивондоо нилээн согтсон байсан болохоор зарим зүйлсийг сайн санахгүй байна. Ямар ч гэсэн босч ирээд тэр цагдаагийн энгэр хэсгээс барьж авсан. Тэгэх үед намайг газарт унагаасан тэр үед л би мөрдсийг нь тасалчих шиг болсон. Намайг цагдаагийн машинд суулгах үед нэг нь миний үснээс барьж доош дархаар нь миний уур хүрээд би тэр 2 цагдаагийн нэгэнтэй нь барилцаж авсан / аль нь гэдгийг санахгүй байна/ тэр үед манай эхнэр саалгаад намайг тайвшруулаад би цагдаагийн машинд суусан цагдаа нар намайг Хархорин сум дахь цагдаагийн хэлтэс дээр авчирсан ....” гэх  мэдүүлэг /хх-ийн 109-110 дугаар хуудас/

 

            Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчид /хх-ийн 1-2, 3 дугаар хуудас/ зэрэг болно.

 

            ********ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86-87 дугаар хуудас/, 

           

            Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, цалингийн дансны хуулганы  хуулбар, “Гансистем” ХХК-ийн тодорхойлолтын хуулбар,   /хх-ийн 89, 90, 92, 95, 98-99, 100 дугаар хуудас/ зэрэг болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

            Шүүгдэгч ******** нь 2021 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж байсан тус сумын цагдаагийн тасгийн дарга ********, цагдаа ******** нарыг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ******** үйлдсэн болох нь

            хохирогч ********, ******** нарын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 04-11, 12-15 дугаар хуудас/, гэрч ********э, Ц.******** нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 29-30, 34-35  дугаар хуудас/, шүүгдэгч ********ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Хууль сахиулагч гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгодог.

Хохирогч ******** нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад цолтой, ******** нь Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, дэд ахлагч цолтой, хэрэг гарах тухайн цаг хугацаанд албан үүргээ гүйцэтгэх явсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Шүүгдэгч ********ын дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

Иймд шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлжээ.

            Хохирогч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч ********, ******** нар нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүх, шүүгдэгч ********ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчимд нийцнэ.

            Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч ********ын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

            Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

            Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

            Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

             

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ********ыг 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар ******** нь 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. ******** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА