| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2021/0014/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/16 |
| Огноо | 2021-04-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
Улсын яллагч Н.Амаржаргал,
Өсвөр насны шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ,
Түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхбат,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М. -д холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг 2021 оны 04 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2004 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Х аймгийн Б суманд төрсөн, 16 нас 06 сар 21 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, сумын Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн 2-р курсын оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Ж. ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт М.. /РД:.................../
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Өсвөр насны шүүгдэгч М. нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний шөнө Х аймгийн сумын 2 дугаар баг, ... дугаар байрны гадна талбайд хүүхдийн тоглоомын хажууд тавьсан хохирогч А.Б-ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй, улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 560.000 төгрөгийн хохирол учруулж, “Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд өсвөр насны шүүгдэгч М.М нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний шөнө Х аймгийн Б сумын 2 дугаар баг, 46 дугаар байрны гадна талбайд хүүхдийн тоглоомын хажууд тавьсан хохирогч А.Б -ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй, улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 560.000 төгрөгийн хохирол учруулж, “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
-Өсвөр насны шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд тодорхой мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй.” гэв.
-А.Б -ийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 03 дугаар хуудас/
-Хохирогч А.Б -ийн мөрдөн шалгах ажиллгаанд хохирогчоор өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн үед Улаанбаатар хотын мотоцикль худалдааны төв болох "Нарны буман гэрэл" гэх газраас 2.200.000 төгрөгөөр улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийг худалдан авч байсан юм. Би тухайн мотоциклоо өөрийн хэрэгцээнд 2 жил гаран хугацаанд хонь хариулахдаа унадаг байсан. Би 2020 оны 10 дугаар сарын 20-н орой 21 цагийн орчимд хөдөөнөөс улаан өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклтойгоо орж ирээд Бор-Өндөр сумын 2 дугаар баг, 46 дугаар байрны гадаа хүүдийн тоглоомын талбайн хажууд мотоциклоо байрлуулж тавиад гэртээ орсон юм. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн орчим би гэрээс гараад харахад миний мотоцикль байхгүй байсан. Би тухайн үед хүргэн ах Батдоржийг унаад явсан байж магадгүй гэж бодоод Батдорж ахруу утсаар залгаж үзэхэд утас нь холбогдохгүй байсан. Би тэгээд хөдөө малруугаа таньдаг хүнээрээ машинтай хүргүүлсэн юм. Тэгээд би маргааш өдөр нь Бор-Өндөр сумын төвд орж ирээд Батдорж ахтай уулзаж миний мотоциклийг унаж явсан эсэх талаар асуухад Батдорж ах миний мотоциклийг унаж яваагүй мэдэхгүй байсан. Миний харснаар тухайн газарт ямар нэгэн ул мөр байгаагүй. Миний мотоциклийн түлхүүр надад өөрт байсан. Тухайн үед миний мотоциклийн кундагтарын залгуурыг салгаж байгаад асаагаад унаад явсан байж магадгүй юм. Хятад мотоциклууд ер нь бол кундагтарын утсыг нь салгахаар асчихдаг. Батдорж ах миний мотоциклийг унаж яваагүй учраас өөр хүн хулгайлсан байх гэж бодож байна. Надад ямар нэгэн сэжиглэж байгаа хүн байхгүй. Би тухайн үед хүргэн ах Батдоржийг унаж явсан байж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Би сайн мэдэхгүй байна шинээр нь худалдаж аваад 2 жил гаруй хугацаад ашигласан. Одоогийн зах зээлийн үнэ ханшаар үнэлүүлнэ. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 11-12, 53 дугаар хуудас/
-Гэрч Т.О -ийн 2021 оны 02 сарын 11-ний өдөр өгсөн: “...Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн 48-аар байрны 50 тоотод оршин суудаг. Манай нөхөр Б 2020 оны 10 дугаар арын 20-ны орой 21 цагийн орчимд Б сумын 6 дугаар багийн нутаг байх хөдөө гэрээсээ өөрийнхөө улаан өнгийн улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” маркийн мотоциклтойгоо Б сумын төвд орж ирээд 46 дугаар байрны гадаах хүүхдийн тоглоомын талбайн хажууд мотоциклио байрлуулж тавиад гэрт орж ирсэн юм. Намайг цонхоор харахад манай мотоцикль 46 дугаар байрны гадаа 2 дугаар орцны харалдаа зогсоосон байсан. Тэгээд манай нөхөр маргааш өглөө нь буюу 2020 оны 10 сарын 21-ний өдрийн өглөө 08 цаг өнгөрч байхад хөдөө гэр рүүгээ явах гээд гарсан юм. Удалгүй буцаж орж ирээд мотоцикль алга байна гэсэн. Тухайн үед нөхөр бид 2 хүргэн ах Батдорж ахыг унаад нэг тийшээ явсан байж магадгүй гэж бодоод Батдорж ахаас асуух гэтэл тухайн үед Батдорж ахын утас нь холбогдохгүй байсан. Тэгээд манай нөхөр Б хөдөө гэррүүгээ өөр унаагаар хүргүүлсэн юм. Тухайн өдрийн орой Батдорж ахтай би утсаар холбогдож манай мотоциклийг унаж явсан эсэх талаар асуухад Батдорж ах манай мотоциклийг жолоодож яваагүй би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би 2021 оны 02 сарын 08-ны өдөр Б сумын Засаг даргын тамгын газрын байранд явж байхад Б сумын МСҮТөвд сурдаг залуучууд Бор-Өндөр сумын 44 дүгээр байрны гаднаас мотоцикль хулгайлсан гэж хүнээс дам үг сонссон, тийм учраас цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж шалгуулах хүсэлт өгсөн. Би ямар содон шинж тэмдэгтэй мотоцикль байсан эсэхийг сайн мэдэхгүй. 2019 оны хавар нөхөр бид 2 Улаанбаатар хотоос шинээр нь худалдан авч байсан юм. Би 2021 оны 02 сарын 08-ны өдөр Б сумын МСҮТ-ийн сурагч хүүхдүүд мотоцикль хулгайлсан талаар хүмүүс ярьж байхыг сонссон өөр надад мэдэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-н 15-16 дугаар хуудас/
-Гэрч У.Б-ийн 2021 оны 03 сарын 02-ны өдөр өгсөн: “...Би Х аймгийн Б сумын 2 дугаар багийн 46 дугаар байрны 87 тоотод эхнэр хүүхдийн хамт оршин суудаг. Манай хадам дүү болох Б 2020 оны намар 10 дугаар сарын 20-нд хөдөө гэрээсээ өөрийнхөө улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикльтой Б сумын төвд орж ирээд манай 46 дугаар байрны урд талаасаа 2 дахь орцны гадаа зогсоол дээр тавиад шөнө нь хулгайд алдсан байсан юм. Тухайн орой 21 цагийн орчимд би гадуур явж байгаад гэррүүгээ орох гэж яваад хадам дүү Б -тэй таарахад мотоциклио гадаа хүүхдийн тоглоомын талбайд данхраадаж орхиод гэррүүгээ орж байгаа харагдсан. Би маргааш өглөө нь 08 цагийн орчимд босоод цонхоор харахад хадам дүү Б -ийн улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикль байхгүй байсан. Би бодохдоо өглөө эрт хөдөө буцаад явсан юм байна гэж ойлгосон. Тэгээд би тухайн өдөр ажлаар хөдөө яваад орой гэртээ ирэхэд манай эхнэр Б -гийн мотоцикль хулгайд алдагдсан байна гэж хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Намайг харахад хадам дүү Б 46 дугаар байрны урд талаасаа 2 дугаар орцны гадаа хүүхдийн тоглоомын зүүн урд хэсэгт байрлалтай данхраадаж тавиад гэррүүгээ орж байсан юм. Тухайн орой би Баярхүүтэй таарсан түүнээс хойш мотоцикль нь алга болсон талаар маргааш орой нь мэдсэн, надад өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 19-20 дугаар хуудас/
-Өсвөр насны яллагдагч М.М -ийн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 20-ны орой 23 цаг өнгөрч байхад Бор-Өндөр сумын 2 дугаар баг 51 дүгээр байранд байдаг хүнсний дэлгүүрээр орж ундаа авч уусан. Тухайн үед би ганцаараа явж байсан. 51 дүгээр байрны хүнсний дэлгүүрээс гараад 46 дугаар байрны баруун талд нь байдаг тоглоомын талбайн хажууд очиж суусан. Тоглоомын талбайн хажууд сууж байтал тоглоомын талбайн зүүн урд талд зогсоол дээр улаан өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикль байхаар нь очиж үзсэн. Тухайн үед миний ойр орчимд хүн байгаагүй. Манай найзууд өөрсдөө мотоцикльтой яваад байдаг болохоор мотоцикль унаж хамт явах гэж уг мотоциклийг хулгай хийх санаа төрсөн. Тэгээд мотоциклийн кундакторыг салгаад гишгээд асаасан. Мотоциклио асаагаад 46 дугаар байрны гаднаас хөдлөөд Б сумаас зүүн хойшоо чигтээ 1 км орчим яваад жоншны шорооны жалганд хэвтүүлж үлдээгээд Б сум руу алхаад харьсан. Тухайн үед 2020 оны 10 дугаар сарын 21-ний 01 цаг болж байсан. Энэ хэргийг хийснээс хойш 4 хоногийн дараа мотоцикль үлдээсэн газраа эргэж ирээд хулгайлсан мотоциклио аваад явсан. Би уг мотоциклийг Б суманд хааяа л унадаг байсан. Надад мотоцикль хулгайлаад зарж борлуулах санаа, зорилго байгаагүй. Би ганцаараа мотоцикль хулгайлсан. Би өөрөө мотоцикль унах гэж хулгай хийсэн. Тэрнээс биш хулгайлсан мотоциклио зарж борлуулах, худалдах зорилгоор хулгай хийгээгүй. Надад ямар нэгэн дарамт шахалт, хэн нэгний уруу таталт, ятгалга байхгүй. Би өөрөө ганцаараа мотоцикль хулгайлсан” гэх мэдүүлэг /хх-н 45 дугаар хуудас/
-Хулгайд алдагдсан БНХАУлсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-н 05, 50-51 дүгээр хуудас/
-“Фэйр Валуэшн” ХХК-ийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикльд зах зээлийн үнэлгээ тогтоосон 2021 оны 02 сарын 17-ны өдрийн 2021/ШД58 дугаартай үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хх-н 29-31 дүгээр хуудас/
-2021 оны 03 сарын 22-ны өдөр өсвөр насны яллагдагч М.М -д “Нас тоолох ажиллагаа хийсэн тэмдэглэл” /хх-н 48-49 дүгээр хуудас/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг болно.
Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:
-Б овогт М.М /РД:......./ иргэний үнэмлэхний хуулбар, иргэний мэдээлэл, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36, 63, 65 дугаар хуудас/
-Гэрч Н.С-ийн 2021 оны 03 дугар сарын 23-ны өдөр өгсөн: “Манай хүү М.М нь бага байхаасаа аав, ээж дээрээ өсөж хүмүүжсэн бөгөөд Энхжин цэцэрлэгт сурч байгаад Бор-Өндөр цогцолбор сургуульд 1 дүгээр ангиасаа суралцаж, 9 дүгээр ангийг төгссөн. Улмаас сумын МСҮТөвд засварчин мэргэжлээр сурч байгаа. Хичээл сурлагандаа дундаж, зан байдлын хувьд хүнд их тусархуу, сэргэлэн хүүхэд. Айлын бага хүүхэд болохоор их эрх өсгөсөн. Архи, тамхи огт хэрэглэдэггүй, бид нарт мэдэгдсэн зүйл байхгүй. Архаг хууч өвчин гэхээр зүйлгүй, сэтгэцийн эмгэггүй. Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Анги дундаа зохион байгуулсан нийтийг хамарсан арга хэмжээнд идэвхи, санаачлагатай оролцдог. ...Ямар учраас хэрэг төвөгт холбогдох болсон талаар болон ямар хүмүүстэй найзалж, нөхөрлөж байгааг нь сайн мэдэхгүй байна. Уг нь хөөрхөн ааштай хүүхдүүдтэй найзлаад байх шиг байдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/
-Гэрч А.М-ын 2021 оны 03 дугар сарын 23-ны өдөр өгсөн: “...М.М -ийн ангийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хариуцан ажиллаж байгаа. Хичээл сурлагандаа давгүй, мэргэжлийн хичээлдээ дур сонирхолтой, биеэ дайчлах чадвар сайтай. ...Зан байдлын хувьд даруухан, төлөв хүүхэд, хичээлийн идэвхи оролцоо сайтай, сагсан бөмбөг тоглодог. Архи, тамхи хэрэглэдэггүй байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/
-Гэрч Ц.М -ын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “Миний бага хүү М.М нь ...хүний үгээр байдаг, үгэнд сайн ордог, даруухан хүүхэд. Архи, тамхи огт хэрэглэдэггүй, надад мэдсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/
-Гэрч М.Б -н 2021 оны 03 дугар сарын 24-ний өдөр өгсөн: “...Миний төрсөн дүү бөгөөд их төлөв даруу, томоотой хүүхэд. ...Айлын бага хүүхэд болохоор эрхлүүлсээр байгаад дураар нь өсгөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/
-Х аймгийн Б сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 137 дугаартай ам бүл болон оршин суух газрын хаягийн тодорхойлолт /хх-ийн 62 дугаар хуудас/
-0106520 дугаартай “Суралцагчийн хувийн хэрэг”-ийн хуулбар /хх-ийн 66-70 дугаар хуудас/
-БГ20192026862 дугаартай “Суурь боловсролын гэрчилгээ”-ний хуулбар / хх-ийн 71 дүгээр хуудас/
-Х аймгийн Б сумын Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 34 дугаартай “М.М нь манай сургуулийн 2.5 жилийн сургалттай, Хүнд машин механизмын авто засварчны 2а ангид суралцдаг ба анги удирдсан багш, нийгмийн ажилтан арг гэртэй нь холбоотой ажилладаг нь үнэн болно.” гэх тодорхойлолт, суралцагчийн тодорхойлолт /хх-ийн 72, 73 дугаар хуудас/
-Өсвөр насы хүүхдийн зан байдлын тодорхойлолт /хх-ийн 74 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй бөгөөд өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна. Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан хэр нь түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Б-д 560.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон, эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУлсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг хохирогчид хүлээлгэн өгсөн ба хохирогч А.Б нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй, шүүх хуралд суухгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 53, 77 дугаар хуудас/ байх тул өсвөр насны шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
2.Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч М.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бичгийн бусад баримтаар тогтоогдож байгаа бөгөөд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Өсвөр насны шүүгдэгч М.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16 нас 01 сар 03 хоногтой байсан болох нь хэрэгт авагдсан өсвөр насны шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нас тоолох ажиллагаа явуулсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялаас сонгож хэрэглэхээр хуульчлагджээ.
Мөн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” үндэслэл журмыг тодорхойлсон ба уг хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж тус тус заасан байна.
Өсвөр насны шүүгдэгч М.М нь Хаймгийн Б сум дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн “Хүнд машин механизмын засварчин”-ы 2 дугаар ангид суралцдаг талаарх захирлын тодорхойлолт, суралцагчийн тодорхойлолт зэргийг үндэслэн М.М-д нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэв.
Түүнчлэн хохирогч А.Б-д мотоциклийг хүлээлгэн өгсөн /хх-ийн 80 дугаар хуудас/ тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд өсвөр насны шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч М.М нь шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улсын дугааргүй, улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хохирогч А.Б-д хүлээлгэн өгсөн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч М.М -д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч Б овогт М-ын М -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч М.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг өсвөр насны шүүгдэгч М.М-д хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.М -д 1 /нэг/ жилийн хугацаагаар авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хэнтий аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улсын дугааргүй, улаан өнгийн “Даюун” мотоциклийг хохирогч А-ийн Б-д хүлээлгэн өгсөн, энэ энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Өсвөр насны шүүгдэгч М.М -д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ