| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2021/00025/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/28 |
| Огноо | 2021-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч Д.Ө нарыг оролцуулан Х аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Х овогт Д.Ө-д холбогдох .... тоот эрүүгийн хэргийг 2021 оны 05 сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 02-ны өдөр С аймгийн М суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дарьганга, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хаймгийн сумын 5 дугаар баг “Цагаан-Эрэг” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл
-Хэнтий аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 10 сарын 18-ны өдрийн 69 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорин ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, мөн шүүхийн 2003 оны 12 сарын 19-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2.1, 109.2.5-д зааснаар 1 жил 8 сарын хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Х овогт Д.Ө. /РД:.........../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Өнь 2021 оны 04 сарын 11-ний өдөр өглөө 09 цаг өнгөрч байхад Х аймгийн Б сумын 5 дугаар баг хуучин “Наадмын талбай”-н хажууд иргэн Г.Г-ийн нүүрэн тус газар цохиж улмаар эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсэг, зүүн бугалганы гадна, дунд хэсгүүдийн цус хуралт, хамрын нуруу, хэсгийн зулгаралт бүхий хохирол учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Д.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.Ө-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй” гэх,
-Хохирогч Б.Г-ийн “...Би Х аймгийн Б сумын 5 дугаар баг “Хадтын бууц” гэх газраас 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хонио зүүн урагш бэлчээсэн. Тэгээд гэртээ байж байх үед 09 цаг өнгөрч байхад манай хонийг мотоцикльтой хүн хойш хөөж байсан. Тэгэхээр нь эхнэр О-ны хамт машинтай очсон. Машинтай хонин дээрээ очих үед “Хор Дээвээ” гэх хүн тууж байсан. Би бүтэн нэрийг нь мэдэхгүй байна... танай хонийг энд бэлчээхгүй, чамайг ална гээд намайг элдвээр доромжлоод байхаар нь машинаасаа буугаад очсон. Буугаад мотоцикль руу ойртсон бууж ирээд л миний хамар луу цохисон. Миний хамарнаас цус шууд гоожсон. Тэгээд би бариад авсан, 2 удаа цохиод түлхсэн. Бид хоёрын голоор манай хөгшин орж ирж салгасан. Салгасны дараа машинтайгаа явах гэсэн машины түлхүүр сугалж авчихаад чамайг ингээд цагдаад өгөхийг чинь харья, чин хониндоо явган яв гэж хэлсэн...Түлхүүр өгөхгүй байж байгаад өгөхөөр нь Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэхэд хамар мурийсан, халуун дээр нь эмчилгээ хийнэ гээд мэдээ алдуулж эмчилгээ хийсэн... Миний хамар мурийсан, зүүн талын нүд хөхөрсөн, хамар дээр жижиг зулгарсан шарх үүссэн. Уг гэмтлүүдийг Хор Дээвээ гэх хүн 3 удаа цохиж учруулсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 06-07-р ху/
-Хохирогч Б.Г-ийн дахин өгсөн “...Энэ хүний жинхэнэ нэрийг Д.Ө гэдэг... Энэ хүн 2021 оны 04 сарын 11-ний өдөр 09 цаг өнгөрч байх үед миний нүүрэн тус газар 3 удаа цохиж уг гэмтлүүдийг үүсгэсэн. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 09-10-р ху/
-Гэрч У.О-ы “...Би 2021 оны 04 сарын 11-ний өдөр нөхрийн хамт хонио гаргачихаад би хониныхоо араас дагаад явган алхаад гүйцэхгүй үлдчихсэн юм. Манай нөхөр Г машинтай усанд явчихаад над дээр ирээд хонио нэг эргүүлчихээд харъя гээд явсан. Мотоцикльтой хүн манай хонийг хөөж байхаар нь очсон чинь манай зүүн талд нутагладаг Дээвээ гэдэг хүн байсан. Бид хоёрыг очсон мотоциклио унтрааж бууж ирээд “лалраа хонио татаж аваач” гээд орилохоор нь манай нөхөр Г машинаасаа буусан. Манай нөхрийг заамдаж аваад шууд цохисон...нөхрийн хамарнаас цус гарчихсан, зүүн талын яс нь цаашаа хонхойгоод орчихсон байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13-р ху/
-Гэрч Б.Н-ийн “...2021 оны 04 сарын 11-ний өдөр гэртээ байхад манай нөхөр Ө өглөө 6 цаг 30 минутын үед хонио дагаад явсан. Би 9 өнгөрөөгөөд 10 цаг болж байхад нөхөр дээрээ очсон. Намайг Бор-Өндөр сумын 5-р баг хуучин наадмын талбайн тэнд очих үед манай нөхөр мотоцикль дээрээ суучихсан энгэрээс нь Г.Г, эхнэртэйгээ зуурчихсан байсан. Би очсон энэ 2 надтай зууралдаад, зодолдоод байна гэсэн. Г.Г намайг зодсон гээд би явж цагдаад өгнө гээд гэж хэлсэн... Малын бэлчээр дээрээс болж муудсан. Г-ийн мал манай малын бэлчээр дээр ирсэн байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-р ху/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №42 тоот шинжээчийн “1.Г.Г-ийн биед хамар ясны далд хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсэг, зүүн бугалганы гадна дунд хэсгүүдийн цус хуралт, хамрын нуруу хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 24-25-р ху/
-Шүүгдэгч Д.Ө-ын “Иргэний үнэмлэхний лавлагаа, мэдээлэл” /хх-ийн 39-р хуудас/
-“Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 43, 46-52-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Ө нь 2021 оны 04 сарын 11-ний өдөр өглөө 09 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар баг хуучин “Наадмын талбай”-н хажууд иргэн Г.Г-н нүүрэн тус газар цохиж улмаар эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсэг, зүүн бугалганы гадна, дунд хэсгүүдийн цус хуралт, хамрын нуруу, хэсгийн зулгаралт бүхий хохирол учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Д.Ө-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Ө-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын зан байдал, шүүгдэгч, үл ойлголцол зэрэг шалтгаан нөхцлүүд нөлөөлсөн байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч М овогт Г.Г/РД:.../-ийн биед шинжээчийн дүгнэлтээр хамар ясны далд хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсэг, зүүн бугалганы гадна дунд хэсгүүдийн цус хуралт, хамрын нуруу хэсгийн зулгаралт бүхий гэмтэл учирж, хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд “...нэхэмжлэх зүйлгүй” /хх-09ху/ гэж мэдүүлсэн ба түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэжээ.
Шүүгдэгч Д.Ө нь шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хохирогч Г.Г-т эмчилгээний хохирол 99,000 /ерэн есөн мянга/ төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төлж барагдуулсан тухай “ХААН” банкны орлогын мэдүүлгийн баримтыг ирүүлсэн байна.
Иймд хохирогчийн нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хохирол төлсөн баримт зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Д.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Д.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Д-ын Ө-ыг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Д.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Д.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ