Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1589

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн СЭ91020518 регистрийн дугаартай, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 104 дүгээр байр 28 тоотод оршин суух Боржигон овогт Андрейгийн Мөнх-Амгалангийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 5872251 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, маахуур гудамжид оршин байх “Ноёншаг” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 33.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Мөнх-Амгалан нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Ноён шаг” ХХК-тай Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Маахуур гудамж F блок 1 дүгээр орц 10 давхарт H тоотод байрлах 2 өрөө 43,5 мкв бүхий орон сууцыг захиалан худалдан авахаар орон сууц бариулах F блок тоот гэрээ байгуулсан. Гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ажлыг 2016 оны 2 дугаар улиралд гүйцэтгэж дуусахаар мөн гэрээний нийт төлбөр 43.500.000 төгрөг байхаар тохиролцсон. Захиалагч миний бие гэрээний нийт төлбөр 43.500.000 төгрөгөөс 14.000.000 төгрөгийг урьдчилан төлсөн байдаг бөгөөд энэ нь гэрээний 3.1 дэх заалтаар нотлогдсон. Мөн гэрээ байгуулагдмагц гэрээний төлбөрт 19.500.000 төгрөгийг төлөхөөр заасан бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 19.500.000 төгрөг төлсөн. Гэрээний үлдэгдэл 10.000.000 төгрөгийг 12 дугаар сарын 18-ны өдөр төлөхөөр тохиролцсон байдаг. 2016 оны 06 дугаар сард барилга ашиглалтанд орох байсан боловч зөвхөн 4, 5 дугаар давхар баригдаж байсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сард ашиглалтанд орохоор болсон гэж хэлсэн. Харин 2016 оны 7 дугаар сард үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэдэг үндэслэлээр “Ноён шаг” ХХК нь Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзсан. Нэгэнт “Ноён шаг” ХХК-ийн зүгээс гэрээнээс татгалзаж байгаа бол гэрээг цуцласан акт дээр гарын үсэг зураад өмнө нь төлсөн мөнгөө буцааж авья гэхэд одоогоор боломжгүй байна. гэрээнд зааснаар байрыг худалдсаны дараа мөнгийг чинь олгоно гэсэн. Орон сууц зарагдахгүй байсан учир би өөрөө орон сууц худалдан авах сонирхолтой байгаа хүн олоод “Ноён шаг” ХХК дээр дагуулан очсон боловч надаар дамжиж байгаа хүнд зарахгүй гэсэн утгатай юм яриад буцааж байсан. Түүнчлэн би өөрөө ханшаар нь нэмэгдсэн үнийг нь төлөөд худалдаж авъя гэхэд зөвшөөрөөгүй. Тухайн орон сууцыг ипотекийн 8 хувийн зээлд хамруулан нэгэн иргэнд зарж байгаа бөгөөд тэрээр урьдчилгаа 13.000.000 төгрөгийг төлсөн гэдэг боловч надад мөнгө өгөөгүй байсаар байна. “Ноён шаг” ХХК-ийн зүгээс асуудыг шийдэх ямар нэгэн алхам хийгээгүй хийх ч сонирхолгүй байсаар надад цаг хугацаа эдийн засгийн хувьд хохирол учруулсаар өдийг хүрч байгаа учир нэхэмжлэл гаргаж байна. “... Ноён шаг ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалан бариулах тухай F блок тоот гэрээний дагуу 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 14.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 19.500.000 төгрөг, нийт 33.500.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 327.078 төгрөгийн хамт “Ноён шаг” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч  нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 А.Мөнх-Амгалан нь 2015 оны 08 дугаар сарын 15-ний өдөр “Ноён Шаг” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ хийсэн нь үнэн. Гэхдээ тухайн үед 100 хувь төлөөд худалдан авах үнэ 1.350.000 төгрөг байсныг байрны борлуулалт хийж өгнө гэж 2 найзтайгаа нийлж худал хэлэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Маахуурын гудамжид баригдаж байсан Ф блокод 1м.кв-ийг нь хямдруулан 1 сая төгрөгөөр тохиролцож захиалгын гэрээ хийсэн. Гэрээ хийгдсэнээс хойш А.Мөнх-Амгалан болон түүний найз нар манай компанид 1 ш орон сууц ч борлуулж өгөөгүй усанд хаясан чулуу шиг алга болсон. 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 14.000.000 төгрөг, 2015 оны 08 сарын 18 нд 19.500.000 төгрөгийг тус тус төлсөн. Үлдэгдэл 10.000.000 төгрөгийг 2015 оны 12 сарын 18-ны өдөр төлж дуусгахаар гэрээнд заагдсан боловч хугацаандаа төлөөгүй. Бид гэрээнд тохирсон хугацаанд болон гэрээний хугацаа дууссанаас хойш удаа дараа утсаар ярьж мэдэгдсэн боловч үлдэгдэл төлбөр төлөгдөөгүйн дээр гэрээнд заасан хугацаа нэгэнт 6 сараар хэтэрсэн. Гэрээнд заасан нийт үнийн дүн гэрээний хугацаанд төлөгдөж дуусаагүй тул, захиалгын гэрээний 4.1.6 болон 5.2 дахь заалтуудын дагуу 2016 оны 07 сарын 02-ний өдрийн ерөнхий захиралын цохолтоор гэрээг цуцалж А.Мөнх-Амгаланд утсаар шууд мэдэгдсэн. Бид гэрээг цуцлах хүртэл А.Мөнх-Эрдэнэд төлбөрийг төлөх тухай байнга сануулж ирсэн бөгөөд үлдэгдэл төлбөрийг хойшлуулах тухай ямар нэгэн аман болон бичгээр тохиролцоо хийгээгүй болно. Тус барилга нь 2015 оны 12 сард 4 давхрыг дуустал цутгагдсан байсан. Бид 2 талаас тохиролцсон гэрээний эрх үүргийн дагуу байр захиалгын гэрээг цуцалсан болно. Бид төлбөрөө төлөхийг шаардсан. /Тус гэрээний 4.1.4-д Захиалагч талыг гэрээнд заасан төлбөрөө төлөхийг шаардах эрхтэй/ гэж заасан байна. Тус гэрээний 4.1.6 болон 5.2-дахь заалтыг үндэслэн захиалгын гэрээг гүйцэтгэгч талаас цуцалсан. Тус гэрээний 5.5 дахь заалтын дагуу бид тухайн орон сууцыг эхлээд худалдан борлуулах бөгөөд худалдан авсан этгээд төлбөрийг хийж дуусгасны дараа гэрээ ёсоор А.Мөнх- Амгаланд төлбөрийг эргүүлэн өгнө. Худалдан авсан этгээд нийт үнийн дүнгийн 30 хувийг бэлнээр үлдэгдэл төлбөрөө 8 хувийн ипотекийн зээлээр төлөхөөр гэрээ хийгдсэн боловч өнөөдрийн байдлаар 13 сая төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөр нь орж ирээгүй байдалтай байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Мөнх-Амгалан нь хариуцагч “Ноёншаг” ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 33.500.000 /гучин гурван сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч гэрээнд зааснаар захиалсан орон сууцыг худалдаж төлбөрийг худалдан авсан этгээд төлсөний дараа төлнө гэсэн тайлбарыг гаргажээ.

“Ноёншаг” ХХК, А.Мөнх-Амгалан нар нь 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Ф блок” дугаар бүхий “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээ байгуулж, гүйцэтгэгч “Ноёншаг” ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар Маахуур гудамж Ф блокийн 1 дүгээр орц, 10 дугаар давхар “Н” тоот 43.5 м.кв орон сууцыг 1 м.кв-ыг 1.000.000 төгрөгөөр тооцон 2 өрөө орон сууцыг 2016 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгөх, захиалагч А.Мөнх-Амгалан нь гэрээ байгуулахад орон сууцны нийт төлбөр 43.500.000 төгрөгөөс урьдчилгаанд 19.500.000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөх, үлдэгдэл төлбөрийг гэрээний Хавсралт 1-д зааснаар төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 5-7 дугаар тал/

Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд оролцогч талуудын эрх, үүрэг, гэрээний агуулга болон зорилго, талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн идэрхийлэлд дүгнэлт хийж үзвэл нэг талаас орон сууц барьж гүйцэтгэн шилжүүлэх үүрэг, нөгөө талаас гүйцэтгэсэн орон сууцыг хүлээн авч, хөлс төлөх үүргийг харилцан хүлээх агуулга илэрхийлэгдсэн байх тул Монгол улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч А.Мөнх-Амгалан нь 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 14.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 19.500.000 төгрөг нийт 33.500.000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан 35, 40 дугаар бүхий орлогын ордерын тасалбарын баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч үүнд маргаагүй. /хх-ийн 9 дүгээр тал/

            Зохигчдын хооронд 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан “Ф блок” дугаар бүхий “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээний Хавсралт 1-д заасан төлбөр төлөх үүргээ захиалагч биелүүлээгүй улмаас гүйцэтгэгч талын санаачлагаар гэрээг цуцалсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Монгол улсын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 33.500.000 төгрөгийг нэхэмжлэгч А.Мөнх-Амгалан нь хариуцагч “Ноёншаг” ХХК-иас шаардах эрхтэй байна.

Хариуцагч “Ноёншаг” ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээний 5.5-д “энэхүү гэрээг цуцалсан тохиолдолд захиалагчийн төлбөрийг эргүүлэн өгөхдөө эхлээд тухайн байрыг худалдах бөгөөд худалдан авсан этгээд төлбөр хийсэн үед эргүүлэн олгоно” гэж зааснаар орон сууцыг бусдад худалдсан боловч төлбөр бүрэн орж ирээгүй тул урьдчилгаанд төлсөн 33.500.000 төгрөгийг төлөх боломжгүй гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан бөгөөд хэдийгээр талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч талуудын тохиролцоо хуульд нийцсэн байх шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д “энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх эрхтэй” гэж зохицуулснаар хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч “Ноёншаг” ХХК-иас 33.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Мөнх-Амгаланд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Ноён шаг” ХХК-иас 33.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Мөнх-Амгаланд олгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Мөнх-Амгалангаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327.080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ноёншаг” ХХК-иас 327.080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Мөнх-Амгаланд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.ЭНХЖАРГАЛ