Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ ШЦТ/268

 

 

 

 

 

 

    2021        05          17                                  2021/ШЦТ/268

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч М.Энхбаатар,

хохирогч Б.Батжаргал,

шүүгдэгч А.Б,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Бэсүд цэцэн овогт А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011016090143 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сандэй 2 плазад ээлжийн ахлах ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Бага нарангийн 25-04 тоотод оршин суудаг, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Бэсүд цэцэн овогт А.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч А.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Хайрхан хөгжлийн төв-2” Спорт цогцолборын зааланд сагсан бөмбөг тоглож байхдаа цуг тоглож байсан хохирогч Б.Батжаргалтай “булхайцаж, хэрүүл маргаан хийж тоглолоо” гэх шалтгаанаас болж маргалдан түүнийг заамдаж аваад хамран тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч А.Бүрэнтулгын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...түүнийг нэг л удаа нүүрэн тус газар нь цохисон бөгөөд үүнийгээ би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43х/,

- хохирогч Б.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 03-ны оройн 22 цаг 30 минутын орчимд “Хайрхан хөгжлийн төв-2”-т заал авахаар найз охин Энхжин, түүний найз охин Юмжирдулам, Мөнх-Эрдэнэ нарын хамт очсон. Зааланд тоглож байхад манай ажлын газрын ах Алтанхуяг найзуудтайгаа заал авч байсан. Тэд нар бүгдээрээ эрчүүд, манай баг 2 эмэгтэй хүнтэй байсан. Тэгээд тоглож байхад дээгүүрээ шалдан, доогуураа хар өнгийн шорттой ах манай багийн 2 эмэгтэйг цохиж мохиод, бохир тоглоод байсан. Тэр үед юм хэлээгүй, намайг шийд рүү бөмбөг шидэж байх үед бөмбөг шидүүлэхгүй алдаа гаргахаар нь аятайхан тоглооч ээ гэтэл шууд намайг заамдаж аваад хамар руу нэг удаа гараараа цохиод авсан. Тэнд тоглож байсан манай найз нар салгасан. Тэр үед заалны цаг ч дууссан болохоор тэгсгээд харьцгаасан. Маргааш өглөө нь босоод ирэхэд миний хамар зүүн тал руугаа далийчихсан байхаар нь Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн эмчид үзүүлэхэд хамар чинь далийгаад хугарчихсан байна гэхээр нь Сэвхэн хувийн эмнэлэгт очиж хамраа тэгшлүүлсэн. Тэгээд хамар хугарснаа мэдээд Алтанхуяг ахаас нөгөө залуугийн нэрийг асуухад Бүрэнтулга гэж хэлсэн. Тэр хүний 95842423 дугаарын утас руу нь залгаад хамар хугарсан байна гэтэл мөнгө төгрөгийг чинь өгчихье гэж хэлээд одоо болтол утсаа авахгүй алга болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,

- хохирогч Б.Батжаргалаас Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл болон түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-14х/,

- хайрхан хөгжлийн төв-2 Спорт цогцолборын заалны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-18х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж Ганцэнгэлийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10262 дугаартай “Б.Батжаргалын биед хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 31-32х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч А.Б шууд санаатайгаар хохирогч Б.Батжаргалыг үл ялих зүйлээр шалтаглан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Батжаргалын зүгээс энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 150.000 төгрөг нэхэмжилсэн нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба уг хохирлыг шүүхийн хэлэлцүүлгийн үед төлж барагдуулсан тул шийтгэх тогтоол гарах үед А.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээж байдал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор тохирох ял шийтгэлийг шүүх оногдуулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-нд тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1.Шүүгдэгч Бэсүд цэцэн овогт А.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бд 500 нэгж буюу 500.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар А.Бд торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Хохирогч Б.Батжаргал нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид нийт 150.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэрэг үлдээсүгэй.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.БАТГЭРЭЛ