Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ ШЦТ/294

 

 

 

 

 

 

 

 

  2021        05          24                                  2021/ШЦТ/294

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч Б.М,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Цагаагчууд овогт Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011012530132 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, “Хишиг Арвин” ХХК-д механикч ажилтай, ам бүл 4,эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь Эхийн 16 дугаар гудамжны 1261 тоотод оршин суух,урьд ял шийтгүүлж байгаагүй, Цагаагчууд овогт Б.М

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Угалз” гэх нэртэй зочид буудалд хохирогч  З.Энхбаяртай маргалдан улмаар түүний нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Золбоо миний араас орж ирээд ширээн дээр байсан тал тамхиа аваад асаатал Энхбаяр гэх залуу тамхиа гэхээр нь Золбоо нөгөө татаж байсан тамхиа өгтөл Энхбаяр чи яахаараа тамхигүй байдаг юм, би чамд мөнгө өгөө биз дээ гэтэл Золбоо би мөнгөтэй байсан бол юу гэж акурк татаад байж байх юм гэтэл Энхбаяр агсраад эхэлсэн...болио гээд салгатал Энхбаяр та нарыг би ална гээд маргалдаад байсан. Тэгээд миний нүүр рүү цохиод авсан...чи намайг цохичихлоошд гэтэл би чамайг цохихоор яадаг юм гээд дахиад цохих гэхээр нь би зөрүүлээд нүүр рүү нь 1 удаа цохитол хойшоо ухраад дахиад хараагаад байхаар нь дахиад 2 удаа нүүр рүү нь цохисон...Би эдгээр гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54х/,

- хохирогч З.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед Мөнхцэцэг гэх найзтайгаа уулзаад манай гэрийн хажууд байж байгаад Мөнхцэцэгийн эмэгтэй найз дээр нь очсон...Ингээд буудал орсон...манай 3 найз явж байна гэнээ дуудчих уу гэж хэлсэн бөгөөд яах юм бэ гэж хэлтэл дуудчихъя гээд дуудсан. Тэр 3 залуу Сансараас ирсэн бөгөөд орж ирээд авсан пивоноос уусан. ...Ууж байгаад би тамхи гаргаж иртэл туранхай өндөр залуутай нь маргалдсан бөгөөд тэр залуу миний нүүрний шанаа хэсэг рүү 1 удаа цохисон. Би эхлээд болиулсан бөгөөд дахиад миний зүүн талын шанаа руу нэг удаа цохисон...Миний зүүн нүдэнд учирсан гэмтлийг ах нь гэх Мөнх-Эрдэнэ гэх залуу  нүдэнд гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/,

- хохирогч З.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Одоо ингээд бодоод үзэхээр намайг Мөнх-Эрдэнэ зодсон байна. Харин нөгөө 2 нь болох Тайванбаатар, Золбоо нар нь салгах гэж оролдож байсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/,

- гэрч Б.Тайванбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...Энхбаяр гэх залуу тамхи нэхээд байсан ба тэр үед Золбоо тамхи байхгүй байна, тал тамхи байна гэхэд Энхбаяр чи надад тамхины үлдэгдэл тат гэлээ гээд уурлаад агсраад Золбоо руу дайраад байсан ба тэр үед манай ах Мөнх-Эрдэнэ больцгоогооч гэхэд салгахад Энхбаяр манай ахын нүүр рүү эхэлж гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь манай ах Мөнх-Эрдэнэ уурлаад Энхбаярын баруун, зүүн талын нүүр болон нүд рүү 2-3 удаа гараараа цохиход Энхбаяр ах руу дайраад тэр хоёр ноцолдоод байхаар нь Золбоо, Мөнхцэцэг бид нар тэр хоёрыг салгах гээд дундуур нь орсон боловч дийлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Сарангэрэлийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7158 дугаартай З.Энхбаярын биед зүүн нүд, хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, цээж, зүүн чихний дэлбэнд цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтлүүдийн зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 45-46х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Мийг шууд санаатайгаар хохирогч З.Энхбаяртай маргалдан, улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч З.Энхбаярын зүгээс энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 326.223 төгрөг нэхэмжилсэн нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба уг хохирлыг төлж барагдуулсан байх тул шийтгэх тогтоол гарах үед Б.Мөнх-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин бусад хохирлын холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээж байдал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор тохирох ял шийтгэлийг шүүх оногдуулав.

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1.Шүүгдэгч Цагаагчууд овогт Б.Мд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мд 550 нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Мд торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Хохирогч З.Энхбаяр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.БАТГЭРЭЛ