Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1062

 

“Алтандорнод монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00559 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Алтандорнод монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон Монгол банкинд холбогдох

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Анод банкны эрх хүлээн авагчаас 4.5 тэрбум төгрөг гаргуулж “Алтандорнод Монгол” ХХК-д олгох 77 хуудас шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т заасныг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг Монголбанкинд даалгах,

Анод банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа дуусгавар болоогүй байх тул “Анод банк” ХХК-ийн Монголбанкинд хадгалагдаж байгаа актив хөрөнгөөс гаргуулж, төлбөр авагчид олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Монгол банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанцогт, О.Дарханбаатар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Хариуцагч Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилсайхан,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уранбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Алтандорнод Монгол” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон Монголбанк нь Анод банкны эрх хүлээн авагчаас 4.5 тэрбум төгрөгийг гаргуулж манай компанид олгох гүйцэтгэх баримт бичиг үрэгдүүлсэн буруутай үйл ажиллагааг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Монголбанк нь “Анод банк” ХХК-ийн зээл болон авлага шаардах эрх, өмчлөх бусад хөрөнгийг шилжүүлэн авсан эрх залгамжлагчийнхаа хувьд шүүхийн шийдвэрийн дагуу “Алтандорнод Монгол” ХХК-д өгөх ёстой өр төлбөрийг төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох, 4.5 тэрбум төгрөгийг Монголбанк, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулах гэж нэмэгдүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримт, хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт, шаардлагад үндэслэн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Анод банкны эрх хүлээн авагчаас 4.5 тэрбум төгрөг гаргуулж “Алтандорнод Монгол” ХХК-д олгох 77 хуудас шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т заасныг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг Монгол банкинд даалгах, Анод банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа дуусгавар болоогүй байх тул “Анод банк” ХХК-ийн Монгол банкинд хадгалагдаж байгаа актив хөрөнгөөс гаргуулж, төлбөр авагчид олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах гэж тус тус өөрчилсөн.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 34 дүгээр шийтгэх тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 14/685 дугаартай зардал болон урамшууллын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг талуудын хэн аль нь ч цуцлаагүй, дуусгавар болгоогүй байгаа.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч буюу Анод банкны эрх хүлээн авагчид гүйцэтгэх баримт бичгийг хүлээлгэн өгсөн гэх боловч гүйцэтгэх хуудас хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон.

Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасны дагуу Анод банкны эрх хүлээн авагч манай компанид эсхүл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төлбөрийг шилжүүлэх үүрэг хүлээх ёстой.

Гэтэл Анод банкны эрх хүлээн авагч нь Иргэний хууль болон Дампуурлын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу шүүхийн шийдвэрээр “Алтандорнод Монгол” ХХК-д төлөх ёстой мөнгөн төлбөрийг барагдуулалгүйгээр Монгол банкнаас олгосон зээлийг хүүгийн хамтаар барагдуулж, эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгосон нь хэрэгт авагдсан банкны эрх хүлээн авагчийн тайлан болон бусад баримтаар тодорхойлогдож байна.

Иргэний хуулийн 32 дугаар зүйлд татан буугдаж байгаа хуулийн этгээдийн эд хөрөнгөөс шаардлага хангах дарааллын эхэнд буюу мөн зүйлийн 32.5.1-д “бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах болон шүүхийн шийдвэрээр гаргуулах бусад төлбөр” гэж тогтоосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.2, Иргэний хуулийн 32.5.1-д зааснаас үзвэл Анод бакны эрх хүлээн авагч нь шүүхийн шийдвэртэй өр төлбөр /шаардлага/-ийг тэргүүн ээлжинд барагдуулах буюу шүүхийн шийдэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлэх үүрэгтэй байсан нь тодорхой байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлд төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах талаар зохицуулсан ба мөн зүйлийн 57.6-д “...Төлбөр төлөгч нь банк байх тохиолдолд тухайн арилжааны банкны Монголбанкин дахь харилцах данснаас хасалт хийх буюу төлбөрийн шаардлагын хэмжээгээр дансны зарлагын гүйлгээг битүүмжлэн төлбөрийг гаргуулна” гэж тусгайлан заасан.

Иймээс Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Анод банкны Монголбанкин дахь данснаас хасалт хийх, гүйлгээг битүүмжлэх замаар төлбөрийг гаргуулж манай компанид олгох эрхтэй, үүрэгтэй болохыг хуульчилсан байна.

Банкны эрх хүлээн авагчийн тайланд Анод банкны актив хөрөнгө дууссан гэсэн шалтгаанаар шүүхийн тогтоолд заасан өр төлбөрийг барагдуулаагүй гэж тусгагдсан бөгөөд тэрхүү тайланг Монголбанк баталсан байдаг. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаар “Анод банк” ХК-ийн татан буугдсан эсэх талаар Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн дэлгэрэнгүй лавлагаанд “Анод банк” ХК нь татан буугдаагүй байна. Мөн “Анод банк” ХХК-ийн эзэмшилд үл хөдлөх эд хөрөнгө байдаг болох нь эрх бүхий байгууллагаас ирүүлсэн баримт бичигт дурдагджээ.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4-т “хуулийн этгээд эрх залгамжлалгүйгээр татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан тохиолдолд үүрэг дуусгавар болох тул “Анод банк” ХК нь улсын бүртгэлээс хасагдаагүй байгаа тохиолдолд “Алтандорнод Монгол” ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу 4.5 тэрбум төгрөгийг төлөх үүрэг дуусгавар болоогүй байна.

Мөн Монголбанкны ерөнхийлөгчийн 1999 оны 480 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Банкны эрх хүлээн авах арга хэмжээг хэрэгжүүлэхэд мөрдөх журам”-ын 1.2.3-т “Банкийг татан буулгах гэж Банкны тухай хуулийн 38 дугаар зүйлийн дагуу банкийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгаж, банкны эрх хүлээн авагчийг томилж, банкны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 45, 46 дугаар зүйл /шинэчлэн найруулсан хуулиар 64 дүгээр зүйл/-ийн дагуу, актив хөрөнгийг захиран зарцуулах замаар харилцагчдын нэхэмжлэлийг барагдуулж, үйл ажиллагааг нь дуусгавар болгохыг хэлнэ” гэж заасан. Гэтэл эрх хүлээн авагч нь хэд хэдэн нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэртэй өр төлбөрийг барагдуулаагүй, хуулийн этгээдийнх нь хувьд татан буулгаж, хасалт хийлгээгүй байгаа нь дээрх үйл ажиллагааг үргэлжилж байгааг илэрхийлж байна.

Иймд “Анод банк” ХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгах үйл ажиллагаа бүрэн дуусгавар болоогүй үргэлжилж байна гэж үзэхээр байна.

Анод банкны эрх хүлээн авагчийн тайланд “...банкны эрх хүлээн авах ажиллагааг хэрэгжүүлж эхлэх үед банкин дахь иргэд, аж ахуйн нэгжийн харилцах дансны үлдэгдэл 13.4 тэрбум төгрөг, хадгаламж 24.4 тэрбум, Монгол банкнаас авсан зээл 145.9 тэрбум төгрөг... “ байсан гэсэн. /Энэ дүнд Банкны эрх хүлээн авагчийн томилогдсоноосоо хойш зээлсэн 4.0 тэрбум төгрөг ороогүй болно/ Анод банкны хувьд Монголбанкнаас авсан нийт зээлийн задаргааг харуулбал дараах хэлбэртэй байна. Үүнд:

- Монголбанк нь Анод банкны бүрэн эрхт төлөөлөгчтэй байгуулсан зээлийн гэрээгээр 127.6 тэрбум төгрөг,

- Монголбанк нь “Анод банк” ХК-ийн банкны эрх хүлээн авагчтай зээлийн гэрээ байгуулж 4.0 тэрбум төгрөг,

- Мөн Анод банкинд онцгой дэглэм тогтоохоос өмнө Монгол банкнаас тус банкинд 18.3 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон байсан.

Монголбанкнаас авсан зээлийн зориулалт нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах зорилготой байсан бөгөөд Банкин дахь өнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн хүрээнд хийгдсэн ажиллагаа байсан.

Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий, Монгол улсад бүртгэлтэй арилжааны банкин дахь мөнгөн хадгаламжид төрөөс баталгаа гаргахаар заасан. Мөн зүйлийн 2.4-т “энэ хуулийн 2.1-д заасан баталгаанд иргэн, хуулийн этгээдийн банкин дахь харилцах дансны үлдэгдэл нэгэн адил хамаарна” гэж заасан учраас Монголбанкнаас олгосон зээлээр манай компанийн шүүхийн шийдвэртэй, Анод банкны харилцах дансанд төвлөрүүлсэн байсан 4.5 тэрбум төгрөгийг олгох хууль зүйн бодит үндэслэл байсан юм. Энэ хуулийн хүрээнд 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Засгийн газраас Монголбанктай байгуулсан санамж бичгийг үндэслэн Монголбанкнаас Анод банкинд харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах зорилготойгоор 131.6 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Энд “Алтандорнод Монгол” ХХК-ийн харилцах дансны үлдэгдэл 4.5 тэрбум төгрөг шүүхийн шийдвэрийн дагуу хамаарч байна.

Манай компани нь шүүхийн шийдвэртэй өр авлагыг барагдуулах талаар “Анод банк” ХК-ийн банкны эрх хүлээн авагч болон Монголбанкинд удаа дараа хандахад эрх хүлээн авагчийн зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй.

Монголбанк нь арилжааны банкуудын хэвийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох үүрэг хүлээгээгүй боловч үйл ажиллагаа нь доголдсон /банкинд онцгой дэглэм тогтоосон, бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон, эрх хүлээн авагч томилогдсон/ банкинд хууль ёсны дагуу хяналт тогтоож, хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагааг нь хуульд нийцүүлэн албадлагын арга хэмжээг авч банкны үйл ажиллагаанаас учирсан хохирлыг барагдуулах үүрэгтэй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Анод банкны эрх хүлээн авагчид шилжсэн гэх гүйцэтгэх хуудсыг төлбөр төлөгч Анод банкны эрх хүлээн авагч нь хүлээн авч банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн тайланд тусган улмаар Монголбанкны архивт хүлээлгэн өгсөн тухай хариуцагч Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбараар тодорхойлогдож байна.

Анод банкны эрх хүлээн авагчийн хувьд гүйцэтгэх баримт бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.3-д заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд буцаан шилжүүлэх үүрэгтэй байна.

Иймд Монгол банкинд хадгалагдаж байгаа гүйцэтгэх баримт бичиг нь үнэн хэрэгтээ Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шилжүүлэх ёстой баримт бичиг юм. Анод банкийг хуулийн этгээдийнх нь хувьд татан буулгах тохиолдолд уг хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг хангах дарааллыг хуульчилсан байдаг. Иргэний хуулийн 32 дугаар зүлийн 32.5.1-д “Бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах болон шүүхийн шийдвэрээр гаргуулах бусад төлбөр”... гэж нэн тэргүүнд шүүхийн шийдвэртэй өр төлбөрийг барагдуулахаар заажээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол нь шүүхийн шийдвэрт хамаарна.

Нөгөө талаар Банкны тухай хуульд эрх хүлээн авагч томилогдсон тохиолдолд банкны активийг худалдан борлуулсан орлогоос шаардлага хангах дарааллыг заасан байна. Үүнд:

Банкны тухай хуулийн 64.1.1-т “бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн банкнаас гаргуулж байсан төлбөр”, 64.1.2-т “банкны эрх хүлээн авах үйл ажиллагааны зардал”, 64.1.3-т “банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш бусдаас олгосон зээлийн төлбөр”, 4.1.4-т “хадгаламжийн албан журмын даатгалын нөхөн төлбөр”, 64.1.5-д “иргэний харилцах данс, хадгаламж, хүүгийн төлбөр”; 64.1.6-д “хуулийн этгээдийн харилцах данс, хадгаламж, хүүгийн төлбөр”, 64.1.7-д “бусдаас олгосон зээлийн төлбөр”, 64.1.8-д “бусад өглөг” гэж эрэмбэлсэн байдаг.

Анод банкны эрх хүлээн авагчийн танилцуулга тайланд тусгагдсанаар Монгол банк нь Анод банкны актив хөрөнгийг түүнд олгосон зээлийн төлбөрт тооцон ихээхэн хэмжээгээр бүхэлд нь шилжүүлэн авсан болох нь баримтаар тогтоогдож байна.

Монголбанк, Анод банкны бүрэн эрх төлөөлөгчтэй нийт 126.6 тэрбум төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан бөгөөд энэ нь Анод банкны мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдлийг тавьж олгоход зориулагдсан байжээ.

Мөн Анод банкинд онцгой дэглэм тогтоохоос өмнө Монголбанк тус банкинд 18.3 тэрбум төгрөгийн зээл олгосон талаар эрх хүлээн авагчийн тайланд тусгагдсан байна.

Улсын дээд шүүхийн 1997 оны “Төв банк /Монгол банкны/-ны тухай хууль, банкны тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 379 дугаар тогтоолын хоёрын 15 дугаар зүйлд “банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш бусдаас олгосон зээлийн төлбөр” гэдэгт банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш Монгол банкнаас олгосон зээл, Засгийн газраас гаргасан үнэт цаас, тэдгээрийн хүүгийн төлбөрийг ойлгоно. Үүнд банкны эрх хүлээн авагч томилохоос өмнө авсан зээлийн төлбөр хамаарахгүй” гэж тайлбарлажээ.

Мөн уг тогтоолын хоёрын 16-д “Банкийг татан буулгасны дараа төлөх боломжтой хэмжээнээс багагүйгээр тооцож банкны өр, хадгаламжийн хүүг бууруулна” гэдгийг худалдан борлуулсан актив хөрөнгөөс Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан ээлж дарааллын дагуу банкны өр, хадгаламжийнг хувь тэнцүүлэн олгож байхыг ойлгоно гэжээ.

Эндээс үзвэл Монголбанк нь Банкны тухай хуулийн 64.1.7-д заасан зээлийн төлбөрийг буруу ташаа ойлгон 64.1.3-д заасантай андуурч хуулийн этгээдийн харилцах данс, хадгаламж, хүүгийн төлбөрийг барагдуулалгүйгээр өөрийн олгосон нийт зээл /банкны эрх хүлээн авагч тоимлогдохоос өмнөх ба хойно олгосон бүх зээл/-ийн төлбөрт тооцон Анод банкны үлдэх бүх актив хөрөнгийг /137.2 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, авалга шаардах эрх, өмчлөх эрх болон үндсэн хөрөнгийг/ шилжүүлэн авч хуулиар тогтоосон дарааллыг зөрчсөн байгаа нь илэрхий байна.

Анод банкны эрх хүлээн авагч нь Монгол банкнаас авсан зээлийн мөнгөн хөрөнгөөр “Алтандорнод Монгол” ХХК-ийн харилцах данснаас авсан мөнгийг буцаан олгох шүүхийн шийдвэртэй өр төлбөрийг нэн даруй төлж барагдуулах ёстой атал төлж барагдуулалгүйгээр бусад этгээдүүдийн өр төлбөрийг барагдуулж, “Анод банк” ХК-ийн нийт актив хөрөнгийг Монголбанкинд зээлийн гэрээний үлдэгдэлд тооцон шилжүүлсэн байна.

“Анод банк” ХК-ийн нийт актив хөрөнгийг худалдан борлуулж дууссан талаар банкны эрх хүлээн авагч тайландаа тусгажээ. Гэвч “Анод банк” ХК-ийн актив хөрөнгийг Монгол банк болон Төрийн банкинд шилжүүлсэн тухай эрх зүйн үр дагавар бүхий баримт /актив, пассив хөрөнгө, шаардах эрх шилжүүлэх гэрээнүүд/-үүд байгаа талаар хариуцагчийн гаргаж өгсөн баримтад дурдсан байна.

Иймд Монголбанк нь “Анод банк” ХК-ийн актив хөрөнгийг шилжүүлэн авсан гэх баримт байх тул актив хөрөнгө нь дуусаагүйгээр барахгүй Монголбанкны өмчлөлд Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан дараалал зөрчин шилжүүлсэн байгаа нь баримтаар тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл “Анод банк” ХК-ийн үндсэн хөрөнгө, мөнгөн хөрөнгө, шаардах эрх, үл хөдлөх эд хөрөнгө, бусад эд хөрөнгө нийт 213.3 тэрбум төгрөгийн хөрөнгө нь Монголбанкинд хадгалагдаж байна.

Энэ талаар Анод банкны эрх хүлээн авагчийн тайланд тодорхой тусгасан байна. Тодруулбал: 2 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, 535 зээлдэгчид хамаарах 64.6 тэрбум төгрөгийн зээлийн шаардах эрх, 70.3 тэрбум төгрөгийн авлагын шаардах эрх, 101.6 сая төгрөгийн өмчлөх бусад хөрөнгө, 1.9 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг Монголбанкинд шилжүүлжээ.

Мөн 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0615/134 дугаартай “Нэмэлт гэрээ”-ээр нийт 951.3 сая төгрөгийн хүүнд тооцон дараах актив хөрөнгийг шилжүүлсэн байна. Үүнд: 150 сая төгрөгийн мөнгөн хөрөнгө, 360.9 сая төгрөгийн бусдаас авах авлагын шаардах эрх, 424.1 сая төгрөгийн өмчлөх бусад хөрөнгө буюу “Анод банк” ХК-ийн Активийг тус тус Монголбанкинд шилжүүлжээ.

Иймд, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Анод банкны эрх хүлээн авагчаас 4.5 тэрбум төгрөг гаргуулж “Алтандорнод Монгол” ХХК-д олгох 77 хуудас шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.3-т заасныг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг Монголбанкинд, Анод банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа дуусгавар болоогүй байх тул “Анод банк” ХХК-ийн Монголбанкинд хадгалагдаж байгаа актив хөрөнгөөс гаргуулж, төлбөр авагчид олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Анод банкны эрх хүлээн авагчаас 4,5 тэрбум төгрөгийг гаргуулж “Алтандорнод Монгол” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Анод банкны эрх хүлээн авагчаас 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 67 тоот албан бичгээр манайд хандаж Монголбанкны ерөнхийлөгчийн 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 446 тушаалаар “Анод банк” ХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсний дагуу татан буулгах комисс буюу банкны эрх хүлээн авагч татан буулгах үйл ажиллагааг гүйцэтгэж байх тул гүйцэтгэх баримт бичгийг манайд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хүсэлтийг хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т “Төлбөр төлөгч хуулийн этгээд татан буулгах, дампуурах зэргээр үйл ажиллагааг нь зогсоох үед гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс буюу дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ” гэж заасны дагуу 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/1612 дугаар албан бичгээр шийдвэр гүйцэтгэх 77 хуудастай баримт бичгийг Анод банкны эрх хүлээн авагчид шилжүүлсэн, гүйцэтгэх баримт бичгийг “Анод банк” ХХК-ийн хуульч н.Бархас 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хүлээн авсан тухай гарын үсгээ зуржээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс буюу дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ” гэсэн заалт байхад нэхэмжлэгч гүйцэтгэх баримт бичгийг шилжүүлсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулагдаагүй гэсэн нь хуулийн үндэслэлгүй юм.

Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 251 дугаар хууль бус тогтоол гарган гүйцэтгэх баримт бичгийг төлбөр төлөгчид буцаасан байна, энэ тухай Улсын Ерөнхий гүйцэтгэгчид хандахад бидний гомдлыг хянаж хууль зүйн үндэслэлтэй байх тул Улсын байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай актаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус тогтоолыг хүчингүй болгосон тул хуульд заагаагүй үндэслэлээр гүйцэтгэх баримт бичгийг Анод банкны эрх хүлээн авагчид буцаасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа мөн адил хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

“Алтандорнод Монгол” ХХК-иас Шийдвэр гүйцэтгэх газарт хандаж гаргасан гомдлын дагуу Улсын ерөнхий гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хянаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.4.2-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 251 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот улсын байцаагчийн актаар хүчингүйд тооцсон.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс буюу дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлсэн нь хуульд нийцсэн байна гэсэн хариуг 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2в/174 дугаарын албан бичгээр “Алтандорнод Монгол” ХХК-д өгч байжээ.

Улсын ерөнхий гүйцэтгэгчээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн гүйцэтгэх баримт бичгийг төлбөр төлөгчид буцаасан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгосон бөгөөд гүйцэтгэх баримт бичгийг Анод банкны эрх хүлээн авагчид шилжүүлсэн ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул гүйцэтгэх баримт бичгийг Анод банкны эрх хүлээн авагчид буцаасан шийдвэр хуулийн үндэслэлгүй юм.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Анод банкны эрх хүлээн авагчаас 4.5 тэрбум төгрөгийг гаргуулж “Алтандорнод Монгол” ХХК-д олгох Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02 тоот гүйцэтгэх хуудсыг хуульд заасны дагуу төлбөр төлөгч Анод банкны эрх хүлээн авагчид шилжүүлж холбогдох албан тушаалтанд гарын үсэг зуруулж хүлээлгэн өгсөн нь хуулийн дагуу явагдсан гэжээ.

 

Хариуцагч Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1.Банкны эрх хүлээн авах ажиллагаа дуусгавар болсноор “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчаас өөрийн үйл ажиллагаатай холбоотой архивын баримтыг Архивын тухай хуулийн дагуу Монголбанкны архивт шилжүүлж өгсөн.

Хууль болон гэрээ, шүүхийн шийдвэрийн дагуу ямар нэгэн үүрэг шилжиж ирээгүй болно. Монголбанк архивын баримт, материал хүлээн авч, хадгалж байгаа нь шүүхийн шийдвэр биелүүлэх, гүйцэтгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Өмнөх нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүхийн ажиллагааны явцад дээрх баримтыг Монголбанкны архиваас нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд өгсөн.

2. 2008 оны 11 дүгээр сарын 25-нд Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 жилийн хугацаанд хүчинтэй байхаар батлагдсан. Энэ хуулийн хүрээнд төр мөнгөн хадгаламжид учирсан хохирлыг бүрэн хариуцахаар заасны дагуу Монголбанкнаас 149.9 тэрбум төгрөгийн зээл олгосон.

Энэхүү зээлийг 2008 оны сүүлд тус банкны хадгаламж, харилцах дансны үлдэгдэлд зориулан олгосон.

Дээрх зээлийг “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагч 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 76.3 тэрбумыг барагдуулж, 75.8 тэрбум төгрөгийн үндсэн, 62.151,3 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. Энэхүү төлбөрийн үлдэгдлийг барагдуулах зорилгоор 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 0214/313, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0615/134 тоот гэрээгээр зээлийн төлбөрт тооцуулахаар актив хөрөнгө буюу муу зээлийн шаардах эрхийг шилжүүлсэн.

Монголбанк нь “Анод банк” ХК-ийн хууль бус ажиллагааны улмаас үүссэн бусдад өгөх өглөг, өр төлбөрийг төлөх үүрэг хууль, гэрээ болон шүүхийн шийдвэрээр хүлээгээгүй, хүлээх хууль зүйн үндэслэлгүй болохыг шүүхэд гаргасан албан ёсны тайлбартаа тодорхой дурдсан, түүнийгээ одоо ч дэмжиж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэл болон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2, 63.3-т зааснаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор Анод банкны эрх хүлээн авагчаас 4.5 тэрбум төгрөг гаргуулж “Алтандорнод Монгол” ХХК-д олгох 77 хуудас шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг Монголбанкинд, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолын дагуу бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 62 дугаар тогтоолоор үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 35 100 төгрөг, Монголбанкнаас 35 100 төгрөгийгтус тус гаргуулж “Алтандорнод Монгол” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэр нь нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүйгээр ИХШХШТХ-ийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хуульд нийцээгүй байна. Мөн ИХШХШТХ-д заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх, тус зүйлийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд ндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Банкны тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу Монголбанк нь банкны эрх хүлээн авагчийн нийт актив хөрөнгийг худалдан борлуулж дууссан тухай тайланг баталж, нийтэд мэдэгдсэнээр банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгодог. Үүнтэй холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны А-66 дугаар тушаадаар “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн тайланг баталж, банкны эрх хүлээн авах ажиллагааг 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөр дуусгавар болсонд тооцож, энэ тухай Өнөөдөр сонины 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №083 (5477) дугаарт нийтэлсэн. Хуулийн хүрээнд Монголбанкны хуулиар хүлээсэн үүрэг оролцоо дээрх ажиллагааны үндсэн дээр дуусгавар болсон.

2008 оны 11 дүгээр сарын 25-нд Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 жилийн хугацаанд хүчинтэй байхаар батлагдсан. Энэ хуулийн хүрээнд төр мөнгөн хадгаламжид учирсан хохирлыг бүрэн хариуцахаар заасны дагуу Монголбанкнаас 149.9 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэхүү зээлийг 2008 оны сүүлд тус банкны хадгаламж, харилцах дансны үлдэгдэлд зориулан олгосон.

Дээрх зээлийг “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагч 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 76.3 тэрбумыг барагдуулж, 75.8 тэрбум төгрөгийн үндсэн, 2.151,3 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөрийг төлөөгүй байсан. Энэхүү төлбөрийн үлдэгдлийг барагдуулж чадаагүй тул 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 0214/313, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0615/134 тоот гэрээгээр зээлийн төлбөрт тооцуулахаар муу зээлийн шаардах эрхийг шилжүүлэн авч, зээлийн төлбөрийг төлүүлсэн хэмжээгээр зээлийн өрийг хааж байгаа болно. Банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Банк төрийн хүлээх үүргийг хариуцахгүй, өөртөө тухайлан хүлээгүйгээс бусад тохиолдолд банкны хүлээх үүргийг төр хариуцахгүй” гэж заасны дагуу “Анод банк” ХК-ийн үүрэг, Банкны эрх хүлээн авагчийн бусад этгээдэд төлөх ёстой үүргийг Монголбанк хариуцах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, ИХШХШТХ-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн “Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолын дагуу бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 62 дугаар тогтоолоор үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэсэн хэсгийг хүчингүй болгон өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч “Алтандорнод Монгол” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Монголбанкинд тус тус холбогдуулан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Анод банкны эрх хүлээн авагчаас 4.5 тэрбум төгрөг гаргуулж “Алтандорнод Монгол” ХХК-д олгох 77 хуудас шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг Монгол банкинд даалгах, “Анод банк” ХК-ийн банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа дуусгавар болоогүй байх тул “Анод банк” ХК-ийн Монгол банкинд хадгалагдаж байгаа актив хөрөнгөөс гаргуулж, төлбөр авагчид олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасныг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь гүйцэтгэх хуудас шилжүүлж өгсөн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хариуцагч Монголбанк нь “Анод банк” ХК-ийн хууль бус ажиллагааны улмаас үүссэн бусдад өгөх өглөг, өр төлбөрийг төлөх үүрэг хууль, гэрээ болон шүүхийн шийдвэрээр хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

 

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчаас 4 510 893 757 төгрөгийг гаргуулж “Алтандорнод Монгол” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх ба уг шийтгэх тогтоолын дагуу бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 62 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

/хэргийн 1 дэх хавтасны 7-40, 67 дугаар тал/

 

Төлбөр төлөгч “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 67 дугаар “Монгол банкны Ерөнхийлөгчийн 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 446 тоот тушаалаар “Анод банк” ХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсний дагуу татан буулгах комисс буюу Банкны эрх хүлээн авагч нь татан буулгах үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа гэх үндэслэлээр гүйцэтгэх баримт бичгийг шилжүүлэн авах” тухай албан бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах гүйцэтгэгчийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 251 дүгээр тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч “Анод банк” ХК-ийн банкны эрх хүлээн авагчид гүйцэтгэх баримт бичгийг буцаахаар шийдвэрлэсний дагуу төлбөр авагч “Алтандорнод Монгол” ХХК-ийн 77 хуудас гүйцэтгэх баримт бичгийг 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/1612 дугаар албан бичгээр “Анод банк” ХК-ийн банкны эрх хүлээн авагч /хуульч Д.Бархас/-д шилжүүлэн өгснийг нэхэмжлэгчийн гомдлын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын улсын байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот актаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар зүйлд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах зохицуулалтыг зөрчиж, төлбөр төлөгчид өгсөн нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгож, мөн өдрийн 2в/174 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх баримт бичгийг Шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хуулийн үндэслэлгүй гэсэн хариуг нэхэмжлэгчид өгчээ.

 

Мөн нэхэмжлэгчийн гаргасан гомдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 5/1709 тоот албан бичгээр дээрх ахлан шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 251 дүгээр тогтоолыг улсын байцаагчийн актаар хүчингүй болгож зөвтгөж, энэ талаар 2015 оны 2в/174 тоот албан бичгээр хариу өгсөн болох нь дээрх албан бичиг нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

/хэргийн 48, 68-71 дүгээр тал/

Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хугацааг хуулиар тогтоосон. Гэтэл нэхэмжлэгч “Алтандорнод монгол” ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэхээс татгалзсан энэхүү эс үйлдэхүйтэй холбоотой гомдлоо дээрх хуульд заасан хугацаанд гаргаагүй байна. Нэхэмжлэгч нь уг хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаагүй буюу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэх Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт “Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд дампуурлын хэрэг үүсгэн дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлснээр үйл ажиллагаа нь сэргэн төлбөрийн чадвартай болсон боловч төлөвлөгөөний хугацаа дуусахад төлбөрийг барагдуулж дуусаагүй тохиолдолд дампуурлын хэрэг гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлнэ.”, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч “Алтандорнод монгол” ХХК-ийн өмнө хууль буюу гэрээгээр төлбөр төлөх үүрэг хариуцагч Монгол банкинд үүссэн талаар баримтгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Монгол банкинд “Анод банк” ХК-ийн банкны эрх хүлээн авагчтай холбоотой 77 хуудас шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг хүлээлгэн өгсөн  нь тогтоогдоогүй байхад уг баримт бичиг, төлбөрийг хариуцагч Монгол банкнаас шаардах эрх үүсээгүй нэхэмжлэгчид үүсээгүй болно.

 

Өөрөөр хэлбэл “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч “Алтандорнод Монгол” ХХК-д төлөх төлбөр, шийдвэр гүйцэтгэх 77 хуудас баримт баримт бичгийг Монголбанк нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэггүй тул түүнээс уг баримт бичгийг гаргуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Монгол банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00559 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3, 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор “Анод банк” ХК-ийн банкны эрх хүлээн авагчаас 4.5 тэрбум төгрөг гаргуулж “Алтандорнод Монгол” ХХК-д олгох 77 хуудас шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т заасныг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг Монголбанкинд даалгах, “Анод банк” ХК-ийн банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа дуусгавар болоогүй байх тул “Анод банк” ХК-ийн Монголбанкинд хадгалагдаж байгаа актив хөрөнгөөс гаргуулж, төлбөр авагчид олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэгч “Алтандорнод монгол” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Монгол банк давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                   

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

         ШҮҮГЧИД                                  А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                              С.ЭНХТӨР