Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2023/0140

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Бийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0885 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Ц.Б

Хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын дарга

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш

 

Хэргийн индекс: 128/2022/0446/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0885 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Бээс гаргасан “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/1342 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цэргийн ахмад цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч Ц.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх "... нэхэмжлэгч Ц.Б нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Орон тооны бус ёс зүйн албаны хурлын тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 27-нд Ц.Бийн өөрийнх нь бичсэн илтгэх хуудас, “Салимоны ханд” нь согтолтын зэрэгт нөлөөлөхгүй талаарх эрх бүхий байгууллагын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдсон. Энэ үндэслэлээр Ц.Бийг “Төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны акт өөрөө хууль зүйн үндэслэлтэй. ... хариуцагч захиргааны байгууллагыг сонсох ажиллагаа явуулаагүй гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. ... шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн, уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй" гэж дүгнэн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжпэгчийн маргаж буй хууль зүйн үндэслэлд бүрэн гүйцэт дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой харьцуулан үнэлээгүй. Учир нь миний бие 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл мэндийн шалтгаантай байсан бөгөөд удирдах албан тушаалтнаас ажлын байрны байнгын дарамт үзүүлж ажпын байрны тодорхойлолтод заагаагүй ажлыг хийх, ажлаа хүлээлгэн өгөхийг удаа дараа шаарддаг байсан, үүнтэй холбоотой Онцгой байдлын ерөнхий газраас дотоод хяналт шалгалт хийгдэж “Нягтлан бодогч болон ахлах нягтлан бодогч нарын албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийн дагуу ажиллуулах тухай тушаал, шийдвэр гарч “Албан тушаалын тодорхойлолт” хэд хэдэн удаа өөрчлөгдсөн.Үүнтэй холбоотой баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан. Үүнийг шүүх анхаарч үзээгүй. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга "... зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна гээд бичээд өгүүл чамайг өөр газарт сэлгэн ажиллуулъя” гэсэн тул аргагүйн эрхэнд миний бие тайлбар бичиж өгсөн. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээ хийх журамд заасны дагуу цусанд шинжилгээ хийж согтолтын зэргийг тогтоодог. Үүнтэй холбоотой баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Гэвч анхан шатны шүүх үүнтэй холбоотой дүгнэлтийг хийгээгүй, уг журмыг нотлох баримтаар аваагүй. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.1-д “сануулах”, 48.1.2-д “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 48.1.3-д “төрийн албанаас халах”, 48.1.4-д “төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, 48.1.5-д “хуульд заасан бусад” гэж тус тус заасан.

Миний бие “удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, “Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн” гэх хуулийн урьдчилсан нөхцөл байдал бүрдээгүй, хангалттай тогтоогдоогүй байхад зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоож, 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг цуглуулалгүй, 26 дугаар зүйлд зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй Ц.Б надаас холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож, сонсох ажиллагааг явуулаагүй шууд сахилгын хамгийн хүнд шийтгэлийг хариуцагч ногдуулан албанаас халсан. Үүний улмаас миний төрийн алба хаах, хөдөлмөрлөх, эрх ноцтой зөрчигдсөн. Маргаан бүхий тушаалд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-д “утсаар санал авах” гэж заасныг үндэслэсэн байна. Гэвч надаас тушаал гарах өдер буюу 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газраас утсаар ярьж, "... таныг дуудаж, тайлбар авна’ гэсэн тул миний бие Сэлэнгэ айнгаас Улаанбаатар хот орохоор явж байхад үдээс хойш дахин холбогдож, түр байж бай, таныг дуудна” гэсэн боловч мөн өдөр тушаал гарсан байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0885 дугаар шийдвэрий хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1. Нэхэмжлэгч Ц.Бээс Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/1342 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цэргийн ахмад цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2. Нэхэмжлэгч Ц.Бийн хүчингүй болгуулахаар маргасан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/1342 дугаар захирамжаар “Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн 2021 оны зургаадугаар хуралдааны шийдвэрээр Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед удаа дараа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, албан тушаалын үүргээ хэрэгжүүлээгүй” гэсэн үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогч, ахмад Ц-ны Бт 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

3. Давж заалдах гомдолд “...анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж буй хууль зүйн үндэслэлд бүрэн гүйцэт дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой харьцуулан үнэлээгүй...” гэжээ.

4. Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын 1-д “Дараах арга хэмжээ авч ажиллахыг ...Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт үүрэг болгосугай” 1.7-д “төрийн албан хаагч ..., ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа...хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох”, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Сахилга хариуцлага, дэг журмыг өндөржүүлэх тухай” 03 дугаар албан даалгаврын 1.6-д “Албан хаагчид ажлын болон ажлын бус цагаар...архидан согтуурсан, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан бол төрийн албанаас халах хүртэлх сахилгын хариуцлага ногдуулах”, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/22 дугаар тушаалаар батлагдсан “Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.4.9-д “Байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг хориглох” гэж тус тус заажээ.

5. Нэхэмжлэгч Ц.Б нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь 2021 оны 10 сарын 27-ны өдрийн шуурхай хуралдааны тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Орон тооны бус ёс зүйн албаны хурлын тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Ц.Бийн өөрийнх нь бичсэн илтгэх хуудас, Салимоны ханд нь согтолтын зэрэгт нөлөөлөхгүй Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 130/207 дугаар албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон байх ба энэ үндэслэлээр “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48.1.3-д заасанд нийцсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

6. Мөн нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “... 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл мэндийн шалтгаантай байсан. ....Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга "... зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна гээд бичээд өгүүл чамайг өөр газарт сэлгэн ажиллуулъя” гэсэн тул аргагүйн эрхэнд миний бие тайлбар бичиж өгсөн, албан тушаалын тодорхойлолт хэд хэдэн удаа өөрчлөгдсөн, зөрчлийн шинж байдлыг харгалзан үзээгүй...” гэх зэрэг гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

7. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”,  27 дугаар зүйлийн 27.4-т ” Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна”, 27.4.4-т “утсаар санал авах” гэж заасан гэж заасан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Захиргааны шийдвэрийн төсөл танилцуулах хуудас”-аар нэхэмжлэгч Ц.Бт мэдэгдэхэд тэрээр хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг утсаар өгсөн байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

8. Өөрөөр хэлбэл дээрх асуудалтай холбоотойгоор Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шуурхай хуралдаан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Орон тооны бус ёс зүйн албаны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар хэлэлцэж тайлбарыг нь сонссон нь хуралдааны тэмдэглэлээр, мөн өөрийнх нь бичгээр өгсөн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тайлбараар мэдэгдэх, сонсох ажиллагаа хийсэн нь тогтоогдож байна.

9. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь шийдвэр гаргах ажиллагаанд оролцсон гэж үзэхээр байх тул түүний “...нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож, сонсох ажиллагааг явуулаагүй шууд сахилгын хамгийн хүнд шийтгэлийг хариуцагч ногдуулан албанаас халсан” гэх гомдол үндэслэлгүй байна.

10. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0885 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Бийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

       ШҮҮГЧ                                                                Н.ДОЛГОРСҮРЭН

                    ШҮҮГЧ                                                     Т.ЭНХМАА

      ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ