| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2021/0072/Э |
| Дугаар | 2021/ ШЦТ/257 |
| Огноо | 2021-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2021/ ШЦТ/257
2021 05 13 2021/ШЦТ/257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Г.Ууганбаатар,
хохирогч Н.Бадрал, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,
шүүгдэгч Б.Э,
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011017881128 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, сантехникийн дулааны инженер мэргэжилтэй, Монгол банканд сантехникийн слесарь ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 47 дугаар гудамжны 1111 в тоотод оршин суух хаягт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Б.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 3-нд шилжих шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах “Ойн булаг” амралтын газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архи нэхэж хохирогч Н.Бадралын зүүн нүдний орчимд гараараа цохиж биед нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсөг, зүүн нүдний дотор буланд зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
- шүүгдэгч Б.Эы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр манай ажлынхан нийлж салхинд гарч Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ойн булаг гэх амралтын газар очиж хоносон. Би тухайн үед нэлээн их согтож ухаангүй болсон байсан ...нэг сэртэл амралтын газарт цагдаа нар ирчихсэн Н.Бадрал намайг цагдаа нарт зааж өгч байгаа харагдсан. ...нэг сэртэл би эрүүлжүүлэх байранд өглөө сэрсэн. Тэгээд цагдаагийн хэсэг дээр иртэл Н.Бадрал надад цохиулсан гээд зүүн нүд нь хөмсөгний орчим шалбарсан, ухархай орчим нь хөхөрсөн байдалтай байсан. Жолооч Сайнбаяр болсон асуудлыг бүрэн мэдэж байна лээ. Сүүлд Сайнбаяраас асуухад би согтуудаа Н.Бадралыг зодсон гэж байсан. ...Би Н.Бадралын биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43х/,
- хохирогч Н.Бадралын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Монгол банкны хамт олны хамт Ойн булаг гэх нэртэй амралтын газарт очиж хоносон бөгөөд хамт олноороо бага хэмжээтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд өрөөндөө Сайнбаяр, Ганжаргал, Мөнхбаяр нарын хамт хөзөр тоглож байгаад 2020 оны 10 дугаар сарын 3-ны шөнө 01 цагийн орчим унтахаар хэвтээд унтаж байтал шөнө 02-03 цагийн үед хаалга нүдээд нэг хүн орж ирээд маргалдаад байхаар нь би сэрээд хартал Эрдэнэчулуун согтуу архи нэхээд байгаа бололтой байсан. Манай өрөөнд маргааш өглөө хэрэглэхээр хадгалсан архийг нэхээд байх шиг болохоор нь би хэвтэж байсан орон дээрээсээ түүнд “архи байхгүй, бид нар амармаар байна, чи ч гэсэн явж амар” гэж хэлсэн чинь надруу дөхөж ирээд “өө Бадрал инженер үү” гэж хэлэнгүүтээ миний зүүн нүдний орчим гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26х/,
- гэрч Б.Сайнбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Шөнө 03 цагийн үед өрөөний хаалга балбаад байхаар нь би хаалга тайлж өгсөн чинь Эрдэнэчулуун гээд манай банкны слесарь Эрдэнэчулуун орж ирээд надаас архи нэхээд байхаар нь би түүнд байхгүй гэж хэлээд байж байтал хажуугаас Н.Бадрал инженер сэрээд орон дээрээсээ түүнд “өрөөнөөс гарч хүмүүсийг амраагаач, архи байхгүй” гэж хэлсэн чинь Эрдэнэчулуун Бадрал руу явж очоод Бадралын аль нэг нүдний орчим гараар нэг удаа цохихоор нь би Эрдэнэчулууныг араас нь татаж холдуулаад өрөөнөөс хүчээр гаргаж хаалгаа дотроос нь түгжсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18х/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 11391 дугаартай Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “... Н.Бадралын биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсөг, зүүн нүдний дотор буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг юм уу олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 34-36х/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №215 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 128х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Эыг хохирогч Н.Бадралыг үл ялих зүйлээр шалтаглан улмаар түүний зүүн нүдний орчимд гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Н.Бадрал нь шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөллийн хөлсөнд төлсөн гэх 600.000 төгрөг, үр дүнгийн шагналын мөнгө авах ёстой байсан 965.796 төгрөг, цалин, эрүүл мэндийн листийн хоорондын зөрүү 271.930.88 төгрөг нийт 1.837.726.88 төгрөгийг нэхэмжилсэн болно.
Үүнээс: өмгөөллийн хөлсөнд төлсөн гэх 600.000 төгрөг нэхэмжилснийг хохирогч өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа авах нь өөрийнх нь эрхийн асуудал, сайн дурын үндсэн дээр хийгддэг бөгөөд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй өмгөөлөгчийн хөлсний хэмжээ харилцан адилгүй, нэгдсэн өмгөөлөгчийн хөлсний хэмжээг тогтоосон аргачлал байхгүй, тус хэрэгт хохирогч Н.Бадрал нь хуульд заасан үндэслэлээр зайлшгүй өмгөөлөгч аваагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэх үндэслэлгүй тул шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Харин хохирогч Н.Бадралын авах ёстой байсан цалин, листийн зөрүү, үр дүнгийн урамшуулал гэж нийт 1.237.726.88 төгрөг нэхэмжилснийг хохирогчийн талаас шүүхэд ирүүлсэн зөвхөн Монгол банкны нягтлангийн гаргаж өгсөн тооцооны хуудас болох 2 хуудас бичгийн баримтад тулгуурлан тооцох боломжгүй, холбогдох баримт нь дутуу байх тул хэлэлцэхгүй орхиж холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шүүх шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Э нь хохирогч Н.Бадралд гэм хорын хохиролд нийт 1.800.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн өгсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсоныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Эд ял шийтгэл оногдуулахдаа хууль ёсны болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохиролд нийт 1.800.000 төгрөг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Б.Эд шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хохирогч Н.Бадралын өмгөөллийн хөлсөнд төлсөн гэх 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Хохирогч Н.Бадралын авах ёстой байсан цалингийн зөрүү, урамшуулал гэж нэхэмжилсэн 1.237.726.88 /нэг сая хоёр зуун гучин долоон мянга долоон зуун хорин зургаан мянга наян найм/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид нийт 1.800.000 төгрөгийг хохиролд төлсөн болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ