Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/176

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч ...Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ...Г-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ..., ... овогт ...Г /РД:.../

 

Шүүгдэгч ...Г нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Дашбалбар сумын 4 дүгээр баг “Чулуутын адаг” гэх газраас хохирогч ...Т хар халзан зүсмийн 1 тооны эм бяруу, хар халзан зүсмийн 1 тооны эр бяруу, нийт 2 тооны бяруу хулгайлж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч ...Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

            Хохирогч ...Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үхрээ бүртгэхэд хар халзан бяруу, халиун бяруу алга болсон байсан. ... Г нь С гэх эгч мөн нэрийг нь мэдэхгүй ахын хамт манай гэрт ирээд гэр бүрэх зориулалттай ногоон материал байна авах уу гэхэд нь 4 метрийг авсан. ... Г-тэй хамт явж байсан хүмүүс 2 тооны бяруу ачиж явсан гэх сургаар тухайн хүмүүсийн гар утасны дугаарыг олж аваад араас нь залгаж хэний бярууг авч яваа талаар асуухад Г-ээс 2 тооны бяруу авсан гэж хэлсэн. Улмаар тухай бяруунуудын зүсийг асуухад миний алдсан 2 бяруутай таарч байсан... Г надаас уучлалт гуйж, надад учирсан хохирлыг барагдуулсан тул гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй ...” гэжээ. /хх-ийн 7-8 тал/

 

Гэрч С-с мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г Портер маркийн - ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ... 2 тооны бяруу ачаад бид нарын өөдөөс ирсэн...” гэжээ. /хх-ийн 26-28 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 29-30 тал/

            - ...Г-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-20, 61-64 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ... овогт ...Г нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 4 дүгээр баг “Чулуутын адаг” гэх газраас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн орой 21 цагийн орчимд “HUNDAI Porter” маркийн ... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч ...Тхар халзан зүсмийн 1 тооны эм бяруу, хар халзан зүсмийн 1 тооны эр бяруу, нийт 2 тооны бяруу хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч Т, гэрч С нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ...Г нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

            Шүүгдэгч ...Г-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч ...Г-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан бусдын олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч ...Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан бусдын олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ...Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч ...Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг шүүхээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч ...Г-ийг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч нь өөрт учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тул шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд болоод шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ...Г-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “TOYOTA Porter” маркийн ... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь С болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч С мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ 2000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй юм.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ...Г-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт ... Г-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2.4-д зааснаар бусдын олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч ... Г-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...Г-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...Г-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “HUNDAI Porter маркийн ... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ...Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.БАТЖАРГАЛ