| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2021/0243/Э |
| Дугаар | 2021/ ШЦТ/261 |
| Огноо | 2021-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ундармаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2021/ ШЦТ/261
2021 05 14 2021/ШЦТ/261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Д.Ундармаа,
шүүгдэгч Г.Б,
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Гүзээ овогт Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2111000000434 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Оросын Холбооны улсын Москва хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, Stay home онлайн шофд хүргэлт хийдэг, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 25 дугаар хороо Голден парк хотхон 105-150 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Гүзээ овогт Г.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлт бичигдсэнээр/ яллагдагч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банкны эцсийн автобусны буудал дээр хохирогч А.Мөнхзаяаг хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би өөрийн эзэмшлийн 67-12 УНӨ улсын дугаартай приус30 маркийн тээврийн хэрэгслээр хүргэлт хийгээд Чингэлтэй дүүрэг 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банктай автобусны буудал дээр зогсож байсан. Тэгэхэд араас 01-15 УБЛ улсын дугаартай Ниссан лаурэл маркийн тээврийн хэрэгсэл араас ирж мөргөсөн. Буугаад очтол жолооч Мэндсайхан нь согтуу байх тул түлхүүрийг нь булааж аваад жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан Мөнхзаяа гэх залуутай маргалдаж Мөнхзаяагийн нүүрэнд нь нэг удаа зүүн хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд Мөнхзаяа машинаас буугаад яваад өгсөн. Удалгүй цагдаа нар ирсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/,
- хохирогч А.Мөнхзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 03 сарын 18-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо гахайн байрны орчим Мийгаа Мандухай нартай 2,5 литрийн савлагаатай 1 ширхэг сэнгүр пиво хувааж уугаад би Мандухайн “Ниссэн лаурэл” маркийн тээврийн хэрэгслийн урд талын сандал дээр унтсан...Намайг сэрэхэд миний сууж явсан машин Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хаан банкны эцсийн автобусны буудал дээр приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Жолоон дээр Мандухай хойд талын сандал дээр манай Тэмүүжин /14 настай/ Одбаяр /11 настай/ байсан. Приусны жолооч Баясгалан гэх залуу машины хаалга онгойлгоод намайг яасан их унтдаг юм гээд хөлөөрөө 1 удаа л өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9х/,
- гэрч Б.Мэндсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо хаан банкны автобусны буудал дээр явж байгаад би приус-30 маркын тээврийн хэрэгслийг мөргөж арын купер хагарсан. Жолооч залуу бууж ирээд миний түлхүүрийг булааж аваад нөгөө талын хаалга онгойлгож Мөнхзаяагийн үснээс зулгааж машинаас буулгаад нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16х/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 2450 дугаартай “А.Мөнхзаяагийн биед баруун доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал, доод уруулын доод хэсэг, доод уруулын салстын шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 19-20х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Г.Бг хохирогч А.Мөнхзаяаг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гүзээ овогт Г.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Г.Бг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ