Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/171

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Х.Насанжаргал

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч ...У, ...О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Насанжаргалаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...овогт ...У, ...овогт ...О нарт холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, Гал түймэр унтраах ... дугаар ангид аврагч, гал сөнөөгч ажилтай байсан, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт, Дорнод аймгийн ... оршин суух, Монгол Улсын спортын мастер цол, Онц гал сөнөөгч шагналаар шагнагдаж байсан, урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, ...овогт ...У /РД:.../

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, Гал түймэр унтраах ... дугаар ангид аврагч, гал сөнөөгч ажилтай байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Дорнод аймгийн ... оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ...овогт ...О/РД:.../

 

Шүүгдэгч ...У, ...О нар нь бүлэглэн Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутаг “Туулай толгой” гэх газраас 2021 оны 03 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчим ...ДОР улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан иргэн ...Э-ийн 6 тооны хонийг хулгайлж, 1,080,000 (нэг сая наян мянга) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч ...У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би хонь хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйл байхгүй...гэв.

 

  Шүүгдэгч ...О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Тухайн өдөр Х.У намайг гэрээс аваад гарсан. Би ийм зүйл хийсэндээ харамсаж байна...гэв.

 

            Хохирогч ...Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 06-ны орой 21 цаг 45 минутын орчимд мал руугаа мотоциклтой явж байхад жижиг машин манай малын хашааны хажуугаас хөдлөөд явж байгаад намайг хараад замаа буруулан явсан. ... би цагдаа руу манай хашааны гаднаас жижиг машин явлаа хонь хулгайлсан байж магадгүй гэж утсаар хэлсэн бөгөөд маргааш нь сумын цагдаа намайг дуудан 6 тооны хонь байна ирж хар гэж хэлэхээр нь очиж харахад манай хонь им зүсээрээ байсан. Манай хонийг авсан гэх ...У, ...О нар байсан уг 2 хүн 2021 оны 03 дугаар сарын 06-ны орой манай дэлгүүрээр О нь орж надтай мэндлээд гарч явсан харин би араас нь дэлгүүрийнхээ цонхоор харахад У нь машиныхаа хажууд зогсож байсан. ... тэр 2 хөдлөөд явж багийн төвөөс баруун зүгт 3 орчим км байдаг малын хашаа руу очиж 6 хонь авсан гэж ярьж байсан... би ...У, ...О нарт ямар нэгэн мөнгөний өглөг, зээл байхгүй. Би 6 хонио амьдаар нь олж авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 30-31 тал/, 

            Иргэний нэхэмжлэгч У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...У нь 2020 оны 01 дүгээр сарын 14-нд 6000.000 төгрөгийг 2.7 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай өөрийнхөө эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн ...ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж зээлээр авсан. Гэрээний хугацаа нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр дуусна. У нь сард 295.000 төгрөг төлдөг. Одоогоор зээлийн үлдэгдэл 3.734.033 төгрөг төлөх үлдээд байна. Сардаа мөнгө төлсөн тохиолдолд төлөх мөнгө үлдэгдлээс хасагдаад явна. Тэгэхээр төлөхгүй тохиолдолд манай байгууллага шууд барьцаагаа хураах эрхтэй байдаг...” гэжээ. /хх-ийн 35 тал/

            Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр ...Э нь 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 21 цаг өнгөрөөгөөд багийн төвд байдаг хүнсний дэлгүүрээ хаагаад хөдөө малруугаа явсан. ... удалгүй 22 цагийн орчим буцан ирээд “хонь алдчихлаа малын хашаанаас машин гарч явж байгаад намайг хараад замаа муруйж явчихлаа, хонь бүгд боссон байна” гэж хэлээд сумын цагдаа руу хонь алдсан талаар утсаар ярьж байсан.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    ... маргааш нь хонь олдсон талаар хэлж сумын төв рүү явж үдээс хойш ирэхдээ 6 толгой хонио ачиж ирсэн. Манай 6 толгой хонийг ...У, ...О нар хулгайлан авсан талаар надад хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 51-52 тал/, 

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчим байх гэж санаж байна. Х , У манай гэрт ирээд надад “танай пингэнд хэдэн хонь хийе” гэх хэлэхээр нь их юм бодолгүй тэгээ тэг гэж хэлэхэд гараад явсан. У өдөр хонио авчирч хийгээгүй. Орой 23 цагийн орчим гэрийн гадаа машин ирж зогсоод хэсэг хугацааны дараа хөдлөөд явсан... машин хөдөлж явснаас хойш 1 цаг орчмын дараа сумын цагдаа нар ирж хойд пингээ онгойлго гэж хэлээд О-тэй хамт ирж пингийн түлхүүр аваад гарсан, тэгээд надаас хулгайн хонь танай пинд хийсэн талаар хэлж энэ талаар мэдсэн эсэхийг асуугаад пинг маань түгжээд түлхүүрийг нь аваад явсан. У хэнтэй хамт ирж, хэдэн хонь хийсэн талаар мэдэхгүй байна...” гэжээ. /хх-ийн 55/, 

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 11-12 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14, 22 тал/

- Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тааш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-21 тал/

            - Шүүгдэгч О, У нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ...У, ...О нар нь бүлэглэн Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутаг “Туулай толгой” гэх газраас 2021 оны 03 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчим ...ДОР улсын дугаартай TOYOTA Prius-20 маркийн ...ДОР маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч ...Э-ийн 6 тооны хонийг хулгайлж 1080.000 /нэг сая наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч Б, гэрч Б, Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тааш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ...У, ...О нарыг Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

            Шүүгдэгч ...У, ...О нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан бүлэглэн, бусдын малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч ...У, ...О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан бүлэглэн, бусдын малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ...У, ...О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хөндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 Прокурорын газрын хяналтын прокурор Х.Насанжаргалаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “бүлэглэж” гэсэн хуульд нарийвчилсан заалт байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг давхар журамлах шаардлагагүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч ...У, ...О нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүхээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч У-ыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч нь өөрт учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тул шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд болоод шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ...У, ...О нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “TOYOTA Prius-20 маркийн ...ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “Транс Капитал” ББСБайгууллага болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагчдагчаар өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ 4500.000 төгрөгийг шүүгдэгч ...У, ...О нараас хувь тэнцүүлэн нэг хүнээс 2250.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй юм.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Транс Капитал” ББСБ-ын эзэмшлийн 4500.000 төгрөгний үнэлгээтэй “TOYOTA Prius-20 маркийн ...ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, эзэмшигч “Транс Капитал” ББСБ-ын газарт буцаан олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ...овогт ...У, ...овогт ...О нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар бүлэглэн, бусдын малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч ...У-ыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч ... О-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У-т оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар, шүүгдэгч О-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Транс Капитал” ББСБ-ын эзэмшлийн 4500.000 төгрөгний үнэлгээтэй “TOYOTA Prius-20 маркийн ...ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, эзэмшигч “Транс Капитал” ББСБ-т буцаан олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...У, ...О нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “TOYOTA Prius-20 маркийн ...ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 4500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн нэг хүнээс 2250.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ...У, ...О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.БАТЖАРГАЛ