Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 143

 

МАГАДЛАЛ

 

2017.01.06                                                   Дугаар 143                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Ард даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/01080 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ард даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Үлэмж” ХХК,

Хариуцагч “Шангри-Ла Улаанбаатар хотел” ХХК нарт холбогдох,

2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр "Ард даатгал" ХХК ба "Үлэмж" ХХК нарын хооронд байгуулсан 11/01/157 тоот даатгалын гэрээ, “Шангри-Ла Улаанбаатар хотел”   ХХК-ийн эзэмшиж буй даатгалын баталгааг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Мандах, Г.Уранцэцэг, Дамбаасүрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Мөнхбат, Э.Билгүүн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: "Ард даатгал" ХХК ба "Үлэмж" ХХК нар 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 11/01/157 тоот Даатгалын гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т "Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэжээ. Мөн Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.5, 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасны дагуу даатгалын хураамж төлнө гэсэн байдаг. Даатгалын гэрээнд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4-т заасан нөхцлүүдийг тусгасан бөгөөд гэрээг 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 00.00 цагаас 2012 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 24.00 цаг хүртэл хүчинтэй 6 сарын хугацаатайгаар байгуулсан. Уг даатгалын гэрээгээр даатгагч нь бүтээгдэхүүн үйлчилгээний хариуцлагын даатгалын эрсдлээс хамгаалсан. Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1-т заасны дагуу энэхүү төрлийн даатгалын гэрээ нь гуравдагч этгээдэд ашигтайгаар даатгах даатгалын төрөлд хамаарна. Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн "Сайн дурын даатгалын хэлбэрийг шинэчлэн батлах тухай" 356 тоот тогтоолын хавсралтын 1.13-т итгэлцлийн даатгалын бүтээгдэхүүнийг тодорхойлсон. Итгэлцлийн даатгал нь аливаа гэрээ, хэлцлээр хүлээсэн үүрэг зөрчигдсөнтэй холбоотой үүсэх алдагдал, зардлыг даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал бөгөөд гүйцэтгэлийн баталгааны даатгал үүнд хамаарна. Гүйцэтгэлийн баталгааны даатгалын гэрээгээр даатгуулагч нь өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд ашигтайгаар даатгалын гэрээ байгуулах бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр үүсэх гэрээнд заасан бүхий л эрх ашиг сонирхол нь даатгагдсан этгээд буюу ашиг сонирхол бүхий этгээд эдэлнэ. Даатгагч даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээний үндсэн дээр ашиг сонирхол бүхий этгээдэд даатгалын баталгаа гаргаж өгдөг. Даатгуулагч нь гэрээнд заасны дагуу даатгалын хураамжийг даатгалын гэрээ батлагдсанаас хойш ажлын 5 хоногт багтаан даатгагчид төлөхөөр үүрэг хүлээсэн Даатгалын гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1-т "Даатгуулагч нь төлбөл зохих даатгалын хураамжийг төлөөгүй тохиолдолд Даатгагч гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй" гэжээ. Иргэний хуулийн 437 зүйлийн 437.2-т "Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй" гэж хуульчилсан.

"Үлэмж" ХХК нь даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу даатгалын хураамжийг гэрээний хугацаанд төлөөгүй болно. Иймд 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр "Ард даатгал" ХХК ба "Үлэмж" ХХК нарын хооронд байгуулсан 11/01/157 тоот даатгалын гэрээ, “Шангри-Ла Улаанбаатар хотел” ХХК-ийн эзэмшиж буй даатгалын баталгааг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Үлэмж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Гэрээнд заасан даатгалын хураамжийг манай компани тухай бүрт төлж байсан. Үүнтэй холбогдуулаад нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нотолж чадахгүй байна. Мөн хураамж төлөөгүй гээд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хуулийн зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Шангри-Ла Улаанбаатар хотел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Үүний дагуу “Үлэмж” ХХК нь “Ард даатгал” ХХК-иар батлан даалт гаргуулсан. Энэ нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлд заасан батлан даалтын гэрээ болно. Гэтэл нэхэмжлэгч "Ард даатгал" ХХК нь энэхүү батлан даалтын гэрээгээ "Ард даатгал" ХХК ба "Үлэмж" ХХК нарын хооронд 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 11/01/157 тоот "Даатгалын гэрээ"-ний "Даатгалын баталгаа" гэж тайлбарласан байна. Бидний хувьд "Ард даатгал” ХХК-иас 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргаж өгсөн Бондын батлан даалтыг хуулийн зохицуулалт, гэрээний агуулга зэрэг аль ч талаас нь авч үзсэн "Ард даатгал" ХХК ба "Үлэмж" ХХК нарын хооронд 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 11/01/157 тоот "Даатгалын гэрээ"-ний "Баталгаа" гэж үзэх үндэслэлгүй байна. "Ард даатгал" ХХК ба "Үлэмж" ХХК нарын хооронд 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 11/01/157 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар тус гэрээг батлагдсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан даатгалын хураамжийг даатгагчид төлөхөөр талууд тохиролцсоны зэрэгцээ гэрээний 10.2.1-д зааснаар "даатгуулагч нь даатгалын хураамжийг төлөөгүй тохиолдолд даатгагч гэрээг өөрийн санаачлагаар цуцлах эрхтэй" байхаар зохицуулсан байна. Үүнээс хойш гурван сарын дараа буюу 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр батлан даалт гаргаж өгсөн байдаг. Эндээс харахад даатгалын гэрээ болон батлан даалтын гэрээ нь өөр хоорондоо аливаа хамааралгүй хэлцлүүд болохыг давхар нотлогдож байна. Мөн нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр "Ард даатгал" ХХК ба "Үлэмж" ХХК нарын хооронд 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 11/01/157 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байна. Иймд "Ард даатгал" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Үлэмж” ХХК болон “Шангри-Ла Улаанбаатар хотел” ХХК-нд холбогдуулан гаргасан 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Ард даатгал” ХХК, Үлэмж ХХК-ийн хооронд байгуулсан 11/01/157 тоот даатгалын гэрээ, “Шангри-Ла Улаанбаатар хотел” ХХК-ийн эзэмшиж буй даатгалын баталгааг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “Ард даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 407 996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх хэрэгт авагдсан баримтаар 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн “Ард даатгал” ХХК, “Үлэмж” ХХК-ийн хооронд байгуулсан 11/01/157 тоот даатгалын гэрээний даатгалын баталгааг “Шангри-ла Улаанбаатар хотел” ХХК-д шилжүүлэн олгосон үйл баримт тогтоогдсонгүй гэж зөв дүгнэсэн боловч баталгаанаас татгалзаж буй үндэслэл нотлогдож байгаад дүгнэлт өгөлгүй орхигдуулсан. Мөн Хариуцагч “Шангри-ла Улаанбаатар хотел” ХХК-ийн зүгээс гаргаж өгсөн хавтаст хэргийн 229-234 дүгээр талд буй нотлох баримтыг нэхэмжлэгч нь “Шангри-ла Улаанбаатар хотел” ХХК-нд гаргаж өгсөн баталгаа мөн, тухайн баримтын орчуулгатай маргахгүй гэжээ. Харин уг баримт нь 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн “Ард даатгал” ХХК, “Үлэмж” ХХК-ийн хооронд байгуулсан 11/01/157 тоот даатгалын гэрээний даатгалын баталгаад тооцогдох боломжгүй болох нь агуулга, тохиролцоо, зорилго болон даатгалын гэрээнд холбогдуулан авч үзээгүй, даатгалын гэрээг дурдаагүй байдлаар тогтоогдож байна гэж зөв дүгнэсэн боловч Баталгаанаас татгалзаж буй үндэслэл нотлогдож байхад нэхэмжлэлийг хангаж шийтвэрлээгүй нь хууль зөрчиж байна. Даатгалын үйл ажиллагаа нь нарийвчилсан зохицуулалттай эрх зүйн хэм хэмжээтэй бөгөөд даатгалын компаниуд Санхүүгийн Зохицуулах Хорооны хяналтан доор үйл ажиллагаа явуулдаг. Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх үүргээ биелүүлээгүй болно. Эдгээр нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох нэг үндэслэл болж байхад шүүх энэ байдлыг дүгнэж гэрээг хүчин төгөлдөр бусд тооцоогүйд гомдолтой байна. Гэрээ нь 2011 оны 6 дугаар сарын З-ны өдөр байгуулсан бөгөөд 2011 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 00 цагаас 2012 оны 3 дугаар сарын 4-ны өдрийн 24 цаг хүртэл хүчин төгөлдөр байна гэж гэрээний 3.1-т заасан байна. Уг гэрээнд “Ард Даатгал” ХХК нь “Үлэмж” ХХК-ийн “Шангри-Ла Улаанбаатар хотел” ХХК-ийн өмнө ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнгийн чанарыг нь даатгасан тухай нэг ч заалт байхгүй байна. Даатгалын тухай хуулийн 49 дүгээр зүйлтэй зөрчилдөж байгаа бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл болж байхад шүүх хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Даатгалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “Энэ хуулийг дагаж мөрдсөн өдрөөс хойш даатгагчийн байгуулсан хариуцлага хэмжээ, эсхүл дээд хэмжээ нь тодорхойгүй даатгалын гэрээ энэ хуулийн 52.2-т зааснаас бусад тохиолдолд хүчин төгөлдөр бус байна.

Шүүхийн шийдвэрт тавигдах үндсэн шаардлагын талаар Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбарт Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны шаардлага хангагдана. Харилцааг зохицуулсан хуулийн зүйл, заалт хоорондоо зөрчилтэй байвал шүүх нарийвчилсан зохицуулалттай хэм хэмжээг хэрэглэх ёстой гэж заасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч “Ард даатгал” ХХК нь хариуцагч “Үлэмж” ХХК, “Шангри-Ла Улаанбаатар хотел” ХХК нарт холбогдуулан 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр "Ард даатгал" ХХК ба "Үлэмж" ХХК нарын хооронд байгуулсан 11/01/157 тоот даатгалын гэрээ, “Шангри-Ла Улаанбаатар хотел” ХХК-ийн эзэмшиж буй даатгалын баталгааг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар 2 шаардлага гаргаж нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн дээрх шаардлагуудын үндэслэлээ ...хариуцагч “Үлэмж” ХХК нь даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу даатгалын хураамжаа төлөөгүй...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч болон “Үлэмж” ХХК-ийн хооронд 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 11/01/157 тоот Даатгалын гэрээ байгуулагдсан байх ба даатгуулагч “Үлэмж” ХХК нь даатгалын хураамжийг гэрээ батлагдсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан даатгагчид төлөх, гэрээ нь 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 00 цагаас 2012 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 24 цаг хүртэл хүчин төгөлдөр байхаар талууд тохиролцсон байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байжээ.

Хариуцагч “Үлэмж” ХХК нь даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлсөн гэж тайлбарласан боловч нотлох баримтаар тайлбараа нотлоогүй.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл буюу даатгалын хураамж төлөхийг “Үлэмж” ХХК-иас шаардсан баримт хэрэгт авагдаагүй, гэрээний 10.2.1-т даатгуулагч даатгалын хураамжийг төлөөгүй тохиолдолд даатгагч өөрийн санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй гэж талууд тохиролцсон, гэрээний хугацаа 2012 оны 3 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон, гэрээний хугацааг сунгаагүй зэргээс дүгнэвэл энэ гэрээний дагуу талуудад эрх, үүргийн үр дагавар үүсэхгүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн даатгуулагч нь гэрээгээр тохиролцсон даатгалын хураамжийг төлөөгүй нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй.

Иймд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Хэргийн 229 дэх талд авагдсан “Үлэмжийн бондын батлан даалт” гэх баримтанд нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Д.Чулуунцэцэг нь 2011 оны 9 дүгээр сарын      05-ны өдөр гарын үсэг зурсан талаар зохигчид маргаагүй, харин тухайн баримтанд англи хэлээр “баталгаа” гэснийг хариуцагч нь “батлан даалт” гэж буруу орчуулсан гэх боловч нэхэмжлэгч нь энэ баримтын орчуулгыг “агуулгын хувьд зөв орчуулагдсан” гэж шүүх хуралдаанд тайлбарласан байна.

Иймд дээрх баримтын талаар шүүх зөв дүгнэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/01080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 6 407 996 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                         ШҮҮГЧИД                                                         А.МӨНХЗУЛ

 

                                                                          М.НАРАНЦЭЦЭГ