Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 523

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Л.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүгдэгч Л.Н-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 267 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Н-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Н-д холбогдох 1708026060082 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Л.Н, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт хх оршин суух, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлж, 2008 оны 2 дугаар сарын 27-ны өдөр эдлээгүй үлдсэн 6 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 

Л.Н- нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэрт ХХК-ийн хөөсөнцрийн үйлдвэрт хууль бусаар нэвтэрч, 4 зэсийн голчтой 84 метр цахилгааны кабелийн утас, 380 ВТ хүчин чадалтай 2 ширхэг цахилгаан мотор зэргийг хулгайлж, бусдад 1,388,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Л.Н-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Н-ийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Л.Н-ийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Л.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.Н- урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Л.Н-ээс 1,038,800 төгрөгийг 1 жилийн хугацаанд гаргуулж хохирогч ХХК-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Л.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож ухамсарлан өнөөдрийг болтол гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулаад байна. Анхан шатны шүүх надад ял шийтгэл оногдуулахдаа миний үйлдэлд тохироогүй хуулийн зүйл хэсгээр буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2-д заасан хэлбэрийг буюу тухайлбал хаалга, цонх, цоожийг эвдэх зэргээр ямар нэгэн хүч хэрэглээгүй. Тус компанитай харилцан тохирч тодорхой үүрэг хүлээн аман гэрээгээр хашаанд нь гэр бүлээрээ бууж, нэвтрэх эрх бүхий объект руугаа орж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хэрэв ингэж үзвэл гэм буруугаа хүлээсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр миний эрх зүйн байдал дээрдэж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Эдгээр байдлыг хянан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Л.Н-ийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Н- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлыг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр бүрэн төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх Л.Н-ийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан шаардлагыг хангасан байх тул хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Л.Н-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Л.Н- нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэрт дулаалгын хөөсөнцрийн үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн хөөсөнцрийн үйлдвэрт нэвтэрч, 4 зэсийн голчтой 84 метр цахилгааны кабелийн утас, 380 ВТ хүчин чадалтай 2 ширхэг цахилгаан мотор зэргийг авсан болох нь:

цоожтой үйлдвэрийн байрнаасаа 84 метр кабель утас, 380 ВТ хүчин чадалтай 2 ширхэг мотор хулгайд алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Б.Б-ын мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

хохирогчийн алдсан эд зүйлийг түүний нөхөр Л.Н- аваад зарчихсан гэж хэлсэн болохыг мэдүүлсэн П.С-ын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

 Л.Н- шатаасан зэс кабель авчирч өөрт нь 360,000 төгрөгөөр худалдсан болохыг мэдүүлсэн Ч.Т-ийн иргэний нэхэмжлэгчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

Л.Н- 2 ширхэг моторыг өөрт нь 20,000 төгрөгөөр худалдсан болохыг мэдүүлсэн Б.Б-ийн иргэний нэхэмжлэгчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31 тал/,

 үйлдвэрийн төхөөрөмжид залгаатай байсан кабель утсыг тасадсан болохыг үзлэгээр илрүүлсэн талаарх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

ХХК-ийн гадна цоожтой хаалгатай, тусгайлсан үйлдвэрийн зориулалттай байр болохыг бэхжүүлэн авсан тус хөөсөнцрийн үйлдвэрийн байрны гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 тал/,

Зэс голтой 84 метр урттай цахилгааны утсыг 1,108,800 төгрөгөөр, 380ВТ хүчин чадалтай 2 моторыг 280,000 төгрөгөөр тус тус үнэлсэн ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 88-90 тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Л.Н-ийн үйлдвэрийн байранд бусдад мэдэгдэлгүйгээр нууцаар нэвтрэн орж, эд хөрөнгө хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг ...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Л.Н-ийн “...компанитай харилцан тохирч тодорхой үүрэг хүлээн аман гэрээгээр хашаанд нь гэр бүлээрээ бууж, нэвтрэх эрх бүхий объект руугаа орж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй...” гэсэн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Анхан шатны шүүхийн Л.Н-ийн үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, түүний хэргийг зүйлчилсэн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж зааснаар Л.Н-д оногдуулах хорих ялын хэмжээг 2 жилийн хугацаагаар тогтоосон нь Л.Н-д “...итгэл хүлээлгэн үйлдвэрийнхээ түлхүүрийг орхисныг ашиглан уг түлхүүрээр үйлдвэрийн дотор нэвтрэн орж үйлдвэрийн эд зүйлүүдийг авсан...” үйлдлийн арга болон түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт нь тохирсон байна. 

 

Хохирогчид учирсан 1,388,800 төгрөгийн хохирлын 350,000 төгрөгийг мөрдөн байцаалтын явцад хохирогч Б.Б өөрөө барагдуулж авсан, давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө Л.Н- нь 1,189,800 төгрөгийг Б.Б-д /шүүх хуралдаанд 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Хаан банкны 5029183462 дугаартай Б.Б-ын дансанд төлсөн баримт гарган өгсөн/ төлж, давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд Л.Н- хохирогч Б.Б-д төлөх төлбөргүй болсныг тэмдэглэж байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 267 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Н-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Л.Н- нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад заасан төлбөр /1,189,000 төгрөг/-ийг хохирогч ХХК-д төлж, бусдад төлөх төлбөргүй болсныг дурдсугай.

 

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ