Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 00023

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Л ХХК-ний гомдолтой,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагчид холбогдох, “Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0031253 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдол бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш, хариуцагч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч А.Б, гуравдагч этгээд Д.Х, шинжээч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.У  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Л ХХК-ийн захирал С.Ж тус шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч А.Б нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0031253 дугаартай шийтгэлийн хуудсаар Мөрөн сумын 8 дугаар баг, 18 дугаар байрны 4 дүгээр орцны 4-н давхарын Рак-нд гал гарсан нь Л ХХК-ийг буруутгаж 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан юм. Аймгийн төвийн хэмжээнд манай компани нь байрны айл өрхөд IPTV гурвалсан интернет үйлчилгээний ашиглалт үйлчилгээг хариуцан ажилладаг. 18 дугаар байранд оршин суугчдын 8 айлд уг үйлчилгээг хүргэдэг. Манай компаний иргэдэд үйлчилгээ үзүүлдэг MDU  загварын МА5626 маркийн төхөөрөмж нь 12 вт-ын чадалтай, сүлжээний 0.05А авах хүчин чадалтай төхөөрөмж юм. Ийм бага хэрэглээтэй төхөөрөмж учраас бусад айлын шатсан төхөөрөмжинд нөлөө үзүүлэх ямар ч боломжгүй. Манай төхөөрөмжийн ракан дотор суурилагдсан разетка нь эрчим хүчний хэлбэлзэл, фазын өөрчлөлтөөс болж халалт өгч уг төхөөрөмж нь эрчим хүчний хэлбэлзлээс болж гэмтсэн. Иймд төхөөрөмжийн хэрэглээний үзүүлэлтүүд нь оршин суугчдын тоног төхөөрөмжинд эрсдэл үүсгэх ямар ч шалтгаан байхгүй. 0031253 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс дүгнэлт гаргаж ирүүлсэн байгаа. Энэхүү дүгнэлтэд хэт ачаалал болон холболт үүсээгүй мөн шилжилтийн эсэргүүцэл үүсээгүй гэсэн тул Юнивишний төхөөрөмжөөс болоогүй гэж үзэж байгаа. Төхөөрөмжийн зөвхөн тэжээлийн хэсэгт л гал гарсан. Харин цаашаа айл өрх рүү орж байгаа хэсэгт бол гал гарах учиргүй” гэв. 

            Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цаг 56 минутанд Хөвсгөл аймгийн Мөрөн сум 8 дугаар баг, 18 дугаар байр, 4 дүгээр орцны 38 тоотод оршин суугч иргэн Д.Х-ын орон сууцанд болон 4 дүгээр орцонд байрлуулсан Univision-yna Рак, Свич төхөөрөмжид гал түймэр гарсан. Тухайн гал түймэр гарсан хэргийн газарт үзлэг хийж дараах эд зүйлсийг дээжинд хураан авч Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнд хүргүүлж хариуг авч ажилласан. Дээжинд хурааж авсан эд зүйлс:

1.Univision-ний Свич төхөөрөмж түүнийг цахилгаанаар тэжээх, цахилгааны утас, залгуур, гал хамгаалагч зэрэг хэрэгсэлүүд,

2.Иргэн Д.Х-ын гэрээс Свич төхөөрөмжөөс хэрэглэгч рүү орсон дотоод сүлжээний утас, цагаан өнгийн Univision төхөөрөмж зэргийг 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хураан авч 04 сарын 08-ны өдөр шинжилгээнд явуулсан.

А. Гамшиг судлалын хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн галын инженер судлаач дэслэгч Д.Б, галын лабораторийн техникч, ахлагч О.Б нарын гаргасан дүгнэлт:

1. Univision-ний свич төхөөрөмжний тэжээлийн цахилгааны утсанд богино холболт үүсч бөмбөлөг үүссэн байна.

Б. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч Д.Аын 2019 оны 05 сарын 30-ны өдөр гаргасан дүгнэлт:

1. Мөрөн сумын 8 дугаар баг 18 дугаар байрны 4 дүгээр орцны 4 давхарт байрлах IPTV гурвалсан интернет үйлчилгээний MDU загварын МА 5626 маркийн төхөөрөмж нь газардуулга байхгүй, тэжээлийн автоматыг богино залгааны болон халалтын гүйдлийг нарийвчлан тооцоогүй өндөр ампертай автомат сонгож тавьсан байгаа нь тухайн тоног төхөөрөмжинд богино залгаа болоход тэжээлийн  автомат тасрахгүй цэнэг алдалтын гүйдэл газардуулга байхгүйгээс буруу замаар гүйж цахилгаан хэрэгслүүдэд нөлөөлсөн байна. “Монгол Улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм”-ийн 6.2.39, 6.3.3 дахь заалтуудыг зөрчиж байна.

2. Мөрөн сумын 8 дугаар багийн 18 дугаар байр нь тус байрны гадна байрлах ХПТ-18-с тэжээлтэй Хилийн цэргийн 0257 дугаар ангийн ард байрлах 4 замын уулзвар орчим дахь гэрлэн дохио нь 4 дүгээр хорооны 11 дүгээр гудамжинд байрлах АТП-45-аас тэжээлтэй учир бие биеэсээ үл хамааралтай бөгөөд тухайн үед цахилгааны тасралт саатал, хүчдэлийн хэлбэлзэл явагдаагүй болно.

            Дээрх 2 дүгнэлтийн хариу болон Лүнчэн ХХК-ний хууль ёсны төлөөлөгч, инженер Т.Т-ын 2019 оны 04 сарын 06-ны 19 цаг 15 минутанд тус байрны 42 тоотод өгсөн мэдүүлэг зэргийг үндэслэж үзэхэд Зөрчлийн тухай хуулийн 4.14.1 дэх хэсгээр арга хэмжээ тооцох үндэслэл болно. Би бол энгийн нүдээр харж дүгнэлт хийсэн юм байхгүй. Тухайн үед төхөөрөмжийн айлууд руу орсон утсан дээр хар тортог үүссэн байсан. Тусгай мэдлэг шаардаж байсан болохоор мэргэжлийн хяналтын байцаагчаар дүгнэлт гаргуулахад газардуулга хийгээгүй, сүлжээ цацдаг төхөөрөмжөө гэмтээх боломжтой гэсэн дүгнэлт болон Онцгой байдлын газрын гамшиг судлалын хүрээлэнгээс ирүүлсэн дүгнэлт зэргийг үндэслэж тухайн аж ахуй нэгж байгууллагыг 1 000 000 төгрөгөөр торгон гэсний дагуул арга хэмжээ авч шийтгэлийн хуудас бичсэн” гэв. 

            Гуравдагч этгээд Д.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Д.Х миний бие Мөрөн сумын 18 дугаар байрны 4-38 тоотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2019 оны 04 сарын 06-ны өдөр гэр бүлийн хамт салхинд гарсан хойгуур гэрт маань гал гарч сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирол амссан.  Гал гарах үед хажуу айлын хүн Онцгой байдлын газар болон надад утсаар мэдэгдэж гал унтрааж байх үед би өөрийн биеэр ирсэн. Гал унтрааж дууссаны дараа харахад гэрэл цахилгааны утас, разетка масс гараагүй нь тодорхой харагдаж байсан. Юнивишний төхөөрөмж шатаж буудаад хайлсан, телевизорын цахилгааны эх үүсвэр салгаатай байхад шатаж гал гарсан шинжтэй байсан. Тухайн өдөр би салхинд гарахдаа гэрэл цахилгаанаа шалгаад бүх цахилгаан хэрэгслээ унтраагаад гарсан. Зөвхөн юнивишний гаднаас ордог кабелын утас залгаатай байсан. Иймд аймгийн Онцгой байдлын газрын галын байцаагч болон Мэргэжлийн хяналтын байцаагч нарын тус тусын дүгнэлттэй санал нийлж байгаа ба юнивишн ХХК-иар хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаа. Тухайн гал түймэр гарснаар миний гэр бүлд сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирол учирсан. Уг хохирлоо өөрсдөө тооцоод 18 855 000 төгрөг болсоныг хөрөнгийн үнэлгээ хийдэг Итгэлт Эстимэйт ХХК -иар үнэлгээ хийлгээд 13 151 146 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоолгосон. Иймд миний бие холбогдох байгууллагуудад өргөдөл гомдол гаргаж өөрт болон гэр бүлдээ учирсан хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаа. Надаа юнивишний кабел шатсан тэр үеийн утсан дээрээ авсан зургууд байна” гэв.

            Шүүх хуралдаанд оролцсон шинжээч Д.А гаргасан тайлбартаа: “Баянхангай байцаагчийн дүгнэлт гаргуулахаар надад тавьсан 2 дахь асуулт буюу Свич төхөөрөмжийн цахилгааны утсанд үүссэн богино холболт нь интернетийн лан утсаар дамжиж хэрэглэгч 8 дугаар баг 18 дугаар байр 4 дүгээр орцны 38 тоотод оршин суух Д.Х-ын гэрт цахилгаан тоног төхөөрөмжид нөлөөлж болох эсэх, хэрэв нөлөөлсөн бол ямар шинж тэмдгээр мэдэгдэх вэ гэсэн асуулт байсан. Би энэ асуултанд яагаад хариулаагүй гэхээр би цахилгааны инженер хүн учраас энэ нөлөөлсөн эсэхийн тогтоох боломжгүй. Юнившиний төхөөрөмж нь 12 вт-ын хүчин чадалтай, сүлжээний 0.05 ампер дамжуулах бага хэмжээний төхөөрөмж байгаа юм. Энэхүү бага гүйдэлд тохирсон автоматаар салгах төхөөрөмж тавих байтал өндөр хүчин чадалд салгах зориулалтай төхөөрөмж тавьсанаас болж халалт үүсч гал гарах шалтгаан болсон. Тухайн байр нь дээр үеийн байр учраас 4-н утасны системээр явсан, газардуулах байхгүй. Тийм болохоор лангийн утсаар гүйдэл дамжих боломжтой харагдаж байсан. Би дүгнэх боломжгүй байсан болохоор 2 дахь асуултанд нь хариулаагүй юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судалж үзээд нэхэмжлэгч Л ХХК-аас Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0031253 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг хангах хуулийн үндэслэлгүй гэж үзлээ.

Хариуцагчаас “... галын аюулгүй байдлыг хангаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийг  2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар  Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасныг  баримтлан 1000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгууль ногдуулжээ.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах үндэслэлээ “ манай төхөөрөмж нь оршин суугчдын цахилгаан хэрэгслэлд эрсдэл үүсгэх боломжгүй, эрчим хүчний хэлбэлзлэлээс болж гэмтэж гал гарсан байхад шийтгэл ногдуулсан” хэмээн  тайлбарлан маргажээ.

 Нэхэмжлэгч Л ХХК нь  аймгийн төвийн байрны айл өрхөд IPTV гурвалсан интернет үйлчилгээг MDU загварын MA5626 маркийн төхөөрөмжөөр хүргэж ажилладаг бөгөөд  2019 оны 04 сарын 06-ны өдөр 8 дугаар багийн 18 байрны 4 дүгээр орцны 2 давхарт гал түймэр гарсан тухай дуудлагаар байцаагч А.Б гомдлын дагуу уг газарт очиж хэргийн газарт үзлэг хийж, холбогдох хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар зарчлийн хэрэг нээсэн тухай 2019 оны 04 сарын 09-ний өдөр 6 дугаар тогтоол  үйлдэж, холбогдох ажиллагааг хуулийн дагуу явуулсан байна.  /Зөрчлийн 1938000134 дүгээр хавтаст хэргийн 2 дугаар хуудас/  

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээч Д.А нь Онцгой байдлын гал түймрийн хяналтын улсын байцаагчаас дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн баримт, эд мөрийн баримтуудад шинжилгээ хийсэн дүгнэлтдээ:

“ 1. Мөрөн сумын 8-р баг, 18 дугаар байрны 4 дүгээр орцны 4 давхарт байрлах IPTV гурвалсан интернет үйлчилгээний MDU загварын MA5626 маркийн төхөөрөмж нь газардуулга байхгүй, тэжээлийн автоматыг богино залгааны болон халалтын гүйдлийг нарийвчлан тооцоогүй өндөр ампертай автомат тасрахгүй, цэнэг алдалтын гүйдэл газардуулга байхгүйгээс буруу замаар гүйж цахилгаан хэрэгслүүдэд нөлөөлсөн байна. Энэ нь Монгол улсын цахилгаан тоног төхөөрмжийн байгууламжийн дүрэм”-ийн 6.2.39, 6.3.3 дах заалтуудыг зөрчиж байна.

 2. Мөрөн сумын 8-р баг, 18 дугаар байр нь тус байрны гадна байрлах ХПТ-18-с тэжээлтэй, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн ард байрлах 4 замын уулзвар орчим дахь гэрлэн дохио нь 4 дүгээр хорооны 11 дүгээр гудамжинд байрлах АТП-45-аас тэжээлтэй учир бие биеээсээ үл хамааралтай бөгөөд тухайн үед цахилгаан тасралт саатал, хүчдэлийн хэлбэлзэл явагдаагүй болно” гэжээ.

Түүнчлэн нэхмжлэгчээс шүүхэд ирүүлсэн “шинжээч Д.А дүгнэлтэндээ дутуу хариулсан асуултыг асуулх тухай” хүсэлтийн дагуу шүүх хуралдаанд оролцсон  Д.А-аас тодруулахад: “би цахилгааны инженер хүн учраас энэ нөлөөлсөн эсэхийн тогтоох боломжгүй. Юнившиний төхөөрөмж нь 12 вт-ын хүчин чадалтай, сүлжээний 0.05 ампер дамжуулах бага хэмжээний төхөөрөмж байгаа юм. Энэхүү бага гүйдэлд тохирсон автоматаар салгах төхөөрөмж тавих байтал өндөр хүчин чадалд салгах зориулалтай төхөөрөмж тавьсанаас болж халалт үүсч гал гарах шалтгаан болсон” гэж тайлбарласан болно.

Мөн түүнчлэн Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн галын инженер судлаач дэслэгч Д.Б, галын лабораторийн техникч ахлагч О.Б нарын гаргасан 2019 оны 05 сарын 06-ны өдрийн 12/74 дүгээр Шинжээчийн дүгнэлтэнд”

1. Шинжилгээнд ирүүлсэн №2 гэж дугаарласан Univision-ний СВИЧ төхөөрөмжинд богино холболт үүсч бөмбөлөг үүссэн байна. Төхөөрөмжний богино холболт болсон хэсгийг 2, 3 дугаар зургаар, бөмбөлөг үүссэн цахилгаан дамжуулагчийг 4 дүгээр зургаар үзүүлэв.

2. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаартай  хар гялгар уут бүхий цагаан өнгийн Univision-ний төхөөрмжид цахилгаан тоног төхөөрмжийн хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцэл үүсээгүй байна” гэжээ

Нэхэмжлэгч Л ХХК нь Мөрөн сумын 8-р баг, 18 дугаар байрны 4 дүгээр орцны 4 давхарт байрлах IPTV гурвалсан интернет үйлчилгээний  MDU загварын MA 5626 маркийн төхөөрөмжөөр үйлчилгээг үзүүлэх явцад дээрх байдлаар Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт заасан “... хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн нь” дээрхи шинжээч нарын дүгнэлтээр нотлогдож байх тул уг дүгнэлтүүдийг үндэслэн  Зөрчлийн тухай хуульд заасны дагуу  хариуцлага оногдуулах бүрэн эрхийн хүрээнд шийтгэл ногдуулсан хариуцагчийг  буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч  Л  ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0031253 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 112 дугаар зүйлийн 112.4.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  баримтлан Л ХХК-ний Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0031253 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                                Б.ЭНХТАЙВАН