| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2021/0216/Э |
| Дугаар | 2021/ ШЦТ/258 |
| Огноо | 2021-05-13 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2021/ ШЦТ/258
2021 05 13 2021/ШЦТ/258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Э.Бадрал,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж,
нарийн бичгийн даргаар Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их тугтан овогт Б.Г холбогдох 2102000500038 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Увс аймаг Улаангом суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Роксолт ХХК-д гүйцэтгэх захирал ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо 11 дүгээр хороолол Денвер гудамж 12Б байр 89 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. Их тугтан овогт Б.Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Б.Г нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шадивлан” задгай 1 тоотод биедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай цэвэр жин 1,4 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт үйлдэл хйисэн болох нь:
- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- шүүгдэгч Б.Гн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2014-2017 онд Америкийн нэгдсэн улсад сурч, ажиллах амьдрах хугацаандаа таксины жолооч, айл нүүлгэлтийн ажил зэрэг хийж байхдаа нуруугаа гэмтээж ядарсан үедээ нуруу өвдөөд дээшээ харж унтаж чаддаггүй байсан. Тэгээд тухайн үед америк найзынхаа зөвлөгөөгөөр өвс гэх зүйлийг оройн цагаар унтахын өмнө тамхи шиг цаасанд ороож сорж хэрэглэж үзэхэд нойр сайн хүрч байсан учраас 1араа нь эмчид үзүүлж зөвлөгөө аваад карт авч байнга биш ачаалалтай ажиллаж, ядарсан үедээ уг өвс гэх зүйлийг цаасанд ороож тамхи шиг сорж хэрэглэдэг байсан. Ингээд 2018 оны сүүлээр Монголд ирээд 2019 оны 08-р сард Дархан-Уул аймагт нэг айлд тэжээл хүргээд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу явах замдаа Дархан- /ул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрээс тариалангийн талбайн зах орчмоос жижиг гялгар уутанд түүж аваад өөрөө хэрэглэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 19-р гороо Шадивлангын задгай 1 тоотод байрлах гэрийнхээ гадаа хашаанд сүүдэрт тавьж хатаагаад саравчны доор гялгар уутанд хадгалсан байсан. Ингэж хадгалсан өвснөөсөө ачаалал ихтэй ядарсан үедээ хаяа бага зэргийг тамхи ороодог нимгэн цаасанд ороож тамхи шиг татаж хэрэглэдэг байсан. Хамгийн сүүлд 2020 оны 12-р сарын 25-27-ны үед ' удаа үйлдвэр дотроо тамхины цаасанд ороож татаж хэрэглээд үлдсэнийг нь гялгар уутны хамт ажлын куртикнийхээ энгэрийн халаасанд хийсэн байсан. 2021 оны 01-р зарын 07-ны өдөр миний биеэс хураан авсан гялгар ууттай өвс нь хамгийн сүүлийнх байсан, одоо манай гэр, үйлдвэр болон хашаанд нууж хадгалсан ямар нэгэн өвс, ургамал байхгүй, Чингэлтэй дүүргийн цагдаагаас манай гэр болон хашаанд үзлэг хийсэн тэгэхэд бас хадгалсан нуусан өвс байхгүй гэдгээ хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 66-69х/,
- гэрч Г.Оюунжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 07-нд өдөр Эрүүлжүүлэх саатуулах төвд эмчээр 24 цагийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2021 оны 01 дүгээр сарын 07-оос 2021 оны 01 дүгээр сарын 08-ны шилжих шөнө 00 цаг 40 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргаан буюу эхнэртэйгээ маргалдсан зөрчлөөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс Ганбилгүүдэй гэх залуу ирснийг хүлээн авч эрүүл мэндийн үзлэг хийхэд баруун гарын сарвуу хэсэг бага зэрэг шалбарсан байдалтай, биед өөр гэмтэл шархгүй байсан учир эрүүлжүүлэхээр болж Ганбилгүүдэй нь өөрийн биедээ болон бусдад аюул учруулж болохуйц эд зүйл авч орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор түүнийг биедээ авч яваа зүйлсээ гарга гэсэн шаардлага тавихад Ганбилгүүдэй нь хувцасныхаа халаасанд байгаа эд зүйлсийг нэг нэгээр нь гаргасан тэгтэл тухайн үед өмссөн байсан куртикнийхээ зүүн талын гадна энгэрийн халааснаас гялгар ууттай ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйл гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41х/,
- Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16х/,
- хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 1 дугаартай тогтоол /хх-ийн 23х/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 33х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1082 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “ЦЕГ-ХТТГ 210200050 хэргийн эд мөрийн баримт х/ч Н.Марал-Эрдэнэ” гэж хаягласан зиплок түгжээ бүхий гялгар ууттай 1,4г жинтэй ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илрэв. дельта-9 тетрагидроканнабинол / delta 9 tetrahydrocannabinol / нь НҮБ- ын 1971 оны сэтгэцэд нөлөөт.-бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-50х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 550 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-54х/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 59-60х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Гн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Гд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан 1 жил хорих ял оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ялыг гэм буруугаа хүлээж буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлуудыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодисыг хэрэглэсэн хүн нь өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлаж чадахгүйн улмаас нийгэмд аюултай үйлдэл хийдэг бөгөөд бие махбодидод эдгэршгүй олон тооны өвчнүүдийг тусах суурь болдгоороо нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээгээрээ аюултайд тооцогддог юм. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилгоор хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авахаас татгалзав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа нийт 8.7 грамм, цэвэр жин нь 1.4 грамм жинтэй ногоон өнгийн “Өвс” гэх нэршилтэй ургамлыг шүүгдэгч гэмт хэргийн замаар олж авч түүнийгээ хэрэглэсэн, хадгалсан байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их тугтан овогт Б.Г мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Б.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа нийт 8.7 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулж, устгасан талаарх баримтаа шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ