| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0165/э |
| Дугаар | 2021/ШЦТ/169 |
| Огноо | 2021-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/169
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Ариунаа
Хохирогч Г
Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Г-ад холбогдох эрүүгийн 2121000000156 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 292 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ..... овогт Г /РД: ................../.
Шүүгдэгч Г нь согтуугаар 2021 оны 03 дугаар сарын 29-ний орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, “Центр Пойнт” төвд байрлах бааранд Г-тэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж тархи доргилт, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх, дотор салстын цус хуралт, дээд буйлны цус хуралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, язрал, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 29-ний орой ангийн найз *******, ******* хоёртой Center Point төвийн ресторанд суусан. Миний бие 2 жил гаруй хугацаанд архи уугаагүй болохоор тэр хоёрт хундагалж, өөрөө 60 гр хэртэй архи уусан. Бид нарыг 1 шил архи дуусгаад гарах гэж байхад хоёр бүсгүй манай ширээнд ирж суусан. Бид тэр хоёрыг урьж, татаж чангааж ширээнд суулгаагүй, өөрсдөө ирж 10 гаруй минут юм ярьж суусан. Энэ хоёр бүсгүйд архи хундагалж өгсний дараа маргаан үүссэн. Тэгээд би Г-ийг баруун гараараа алгадан цохиж гэмтэл учруулсан. Бидний хэн ч энэ хоёр эмэгтэйг таньдаггүй байсан. Хохирогч Г-т учруулсан хохирол болох баримтаар нэхэмжилсэн 570,000 төгрөгийг хүлээлгэж өгөхөөр бэлэн мөнгөөр авчирсан байгаа...” гэв.
Хохирогч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би найз ******* хамт Center Point төвийн ресторанд орсон. Намайг тооцоо хийж байхад ******* энэ хүмүүсийн ширээнд очоод суусан. Би найзыгаа авч явах гээд тэд нар руу очсон. Би Г-тай хамт явж байсан *******г багаасаа таних бөгөөд тэдэнтэй хамт сууж ярилцсан. Бид бүгд халамцуу байсан. Намайг юм ярьж байхад гэнэт нэг гар хүчтэй орж ирээд нүүр рүү цохисон. ...Тэгээд шууд хүлээн авахад очиж оёдол тавиулж, цагдаагийн байгууллагад хандсан. Тэрнээс хойш зүрхний үйл ажиллагаа алдагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 570,000 төгрөгийн төлбөр гарсан. Дорнод аймагт шүд хийж, урууланд мэс ажилбар хийлгэх боломжгүй болохоор эмчилгээ хийлгэж чадаагүй. ...Г-аас хиймэл шүдний үнэ 180,000 төгрөг, имплант үүдэн 1 шүд хийлгэх үнэ 2,000,000 төгрөг, урууланд косметик гоо сайхны оёдол хийлгэх хагалгааны үнэ 2,000,000 төгрөг буюу 4,180,000 төгрөг дээр нэмж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр 550,000 төгрөг, рентген зурагны үнэ 20,000 төгрөг нийт 4,750,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн орчим найз Б.******* хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Центр пойнт” төвд байрлах бааранд орж үйлчлүүлсэн бөгөөд бид хоёр юм ярьж суунгаа хоол болон 0,5 литрийн архи 1 шилийг уусан. Бид хоёрыг үйлчлүүлж байхад хажуу талын ширээнд Б.******* таньдаг гэх гурван залуу сууж байна гээд очиж суугаад удалгүй намайг дуудсан юм. Тухайн үед тус ширээн дээр “Цацраг трейд” ХХК-ийн захирал Ж.*******, боксын спортын мастер Ө.*******, Г нар ширээн дээрээ архи задлаад сууж байсан. Тэгээд миний хувьд ширээн дээр очоод тэр гуравтай зүгээр юм яриад сууж байгаад боксын гавьяат тамирчин Үйтүмэнгийн талаар яриад байж байтал миний хажууд сууж байсан Г гэнэт уурлаад шууд гараараа миний нүүр лүү буюу уруул орчимд нэг удаа маш хүчтэй цохисон бөгөөд тэр үед миний уруулнаас цус гарч уруул сэтэрсэн ба шүд унаж гэмтэл авсан юм. Тухайн үед би өөрөө эмнэлэг явж үзүүлээд дээд урууландаа 8 оёдол тавиулж анхны үзлэгийн тодорхойлолт аваад цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэжээ. /хх-ийн 14-18/
Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...21 цаг болж байхад найз Гийн хамт “Центр пойнт” ресторанд хоол идэхээр орсон. Ороод хуушуур, 500 граммын Экс архи, 500 граммын хоёр пиво захиалаад уугаад сууж байхад хажуу талын ширээнд 50 гаран насны 3 хүний нэг нь Г-тэй мэндэлж байх шиг байсан. Яг хэн нь мэндэлснийг мэдэхгүй. Тэгээд бид хоёр хамт ширээн дээр нь дөнгөж суугаад байж байтал Г тэр хүмүүстэй спортын талаар яриад байж байтал Г-ийн хажууд сууж байсан хар цамцтай махлаг залуу нь гараараа цохиод авах шиг болсон. Тэгтэл Г-ийн амнаас цус гарсан. ...Г бид хоёр тэр гурван хүнтэй муудсан зүйл байхгүй. Дөнгөж суугаад байж байтал гэнэт л цохиод авсан. Тэр хүн нэлээн согтуу байсан...” гэжээ. /хх-ийн 27-28/
Гэрч Ө.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...биднийг архи уугаад байж байхад хажуу талын ширээн дээр сууж байсан зүс таних хоёр эмэгтэй ирж бидний ширээнд хамт суугаад юм ярьж байтал манай найз Г нэг эмэгтэйг нь цохиод авсан. Яг юунаас болж Г хүн цохисон талаар мэдэхгүй байна. Би өөрөө нэлээн согтуу байсан...” гэжээ. /хх-ийн 30-31/
Гэрч Ж.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г гээд эмэгтэй нь “******* ахаа би таныг сайн танина, та Дорнод аймагт боксоор олон медаль авч байсан” гээд ярихад Г “ах нь ч гэсэн боксоор хичээллэж байсан, олон медаль авч ирж байсан” гэхэд Г нь “би таныг бол мэдэхгүй юм байна” гээд салаавч гаргахаар нь Г уурлаад гараараа 1 удаа цохиод авсан...” гэжээ. /хх-ийн 33-34/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлтэд:
1. Г-ийн биед тархи доргилт, зүүн дээд 1-р шүдний булгарал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх, дотор салстын цус хуралт, дээд буйлны цус хуралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, язрал, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл, баруун дээд 1,2-р шүдний цооролтын /хорхой идсэний/ шалтгаантай хүзүүвч хэсгийн хуучин хугарал, баруун дээд 1,2-р хиймэл шүд тогтоогдлоо.
2. Дээрхи тархи доргилт, зүүн дээд 1-р шүдний булгарал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх, дотор салстын цус хуралт, дээд буйлны цус хуралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, язрал, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Баруун дээд 1,2-р шүдний цооролтын /хорхой идсэний/ шалтгаантай хүзүүвч хэсгийн хуучин хугарал нь хэрэг болсон гэх 2021.03.29-ний өдрөөс өмнө үүссэн байна.
3. Дээрхи тархи доргилт гэмтэл нь дангаараа, зүүн дээд 1-р шүдний булгарал нь дангаараа, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх, дотор салстын цус хуралт, дээд буйлны цус хуралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, язрал нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүний зөөлөн эдийн няцрал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид зүүн дээд 1-р шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулна гэжээ. /хх-ийн 46-48/
Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Г нь миний өөдөөс “би чамайг мэдэхгүй юм байна, харин хамт сууж байгаа найз *******г чинь мэднэ” гэж хэлсэн. Ингээд гол хэрүүл маргаан болох шалтгаан түүнээс болсон бөгөөд энэ үед Г нь миний өөдөөс хэрүүл маргаан үүсгэж салаавч гаргаад аархаад байхаар нь би уурлаад уурандаа баруун гараараа түүний ам орчимд нэг удаа хүчтэй алгадсан бөгөөд тэр үед Гийн амнаас цус гарсан...” гэжээ. /хх-ийн 55-57/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 08/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-11/
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12/
Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 07/
Хэрлэн сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 58/
Г-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 59/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/ болон шүүх хуралдаанд хохирогч Гээс шинээр гаргаж өгсөн 3 ширхэг фото зураг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Гад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч .... овогт Г нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах “Центр Пойнт” ресторанд согтуугаар хохирогч Г-тэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж түүний биед тархи доргилт, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх, дотор салстын цус хуралт, дээд буйлны цус хуралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, язрал, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн шүүгдэгч Г-ын “...би Г-ийг баруун гараараа алгадан цохиж гэмтэл учруулсан…” гэх, хохирогч Г-ийн “...Г гэнэт уурлаад шууд гараараа миний нүүр лүү буюу уруул орчимд нэг удаа маш хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.*******, Ө.*******, Ж.******* нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Г-ын үйлдлийн улмаас хохирогч Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Г-ад холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй, гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирогчид олгохоор шийдвэрлэсэн 570,000 төгрөгийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд шүүгдэгч Г-аас хиймэл шүдний үнэ 180,000 төгрөг, имплант үүдэн 1 шүд хийлгэх үнэ 2,000,000 төгрөг, урууланд косметик гоо сайхны оёдол хийлгэх хагалгааны үнэ 2,000,000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр 550,000 төгрөг, рентген зурагны үнэ 20,000 төгрөг нийт 4,750,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч эмчилгээний төлбөрийн 570,000 төгрөгийн баримт /хх-ийн 7/-ыг гаргаж өгчээ. Иймд шүүх хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон эмчилгээний төлбөр 570,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, харин хиймэл шүдний үнэ 180,000 төгрөг, имплант үүдэн 1 шүд хийлгэх үнэ 2,000,000 төгрөг, урууланд косметик гоо сайхны оёдол хийлгэх хагалгааны үнэ 2,000,000 төгрөг буюу нийт 4,180,000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтгүй учир энэхүү шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч Г нь цаашид хийлгэх эмчилгээний төлбөр, бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг шүүгдэгч Г хүлээн зөвшөөрч хохирогч Г-т олгохоор шийдвэрлэсэн 570,000 төгрөгийг шүүх хуралдаанаас завсарлага авч бүрэн төлж барагдуулав.
Шүүгдэгч Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... овогт Г-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ад 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ад оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г-ад мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г нь цагдан хоригдоогүй, хохирогч Г-т 570,000 төгрөгийг төлсөн, хохирогч Г нь цаашид хийлгэх эмчилгээний төлбөр, бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Г-аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА