Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/172

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Х.Насанжаргал

Шүүгдэгч Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Ц-т холбогдох эрүүгийн 2121000000179 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ......... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1997 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 144 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2, 200 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 93 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, .... овогт Ц /РД: .............../.

Шүүгдэгч Ц нь 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багт байрлах иргэн Э-ын эзэмшлийн “Дугуй засвар”-аас Самсунг Эс-8 плас маркийн гар утас, гар утасны гэр, банкны виза карт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв. 

Хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багт дугуй засвар 3 дахь жилдээ ажиллуулж байна. 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 09 цагт ажилдаа ирээд гадаа хогны машин ирээд хогоо өгчихөөд байж байхад зүс үл таних хүн ирж дугуй авахаар нь гаргаж өгөөд над руу “ХААН” банкны мобайлаар мөнгө хийхээр нь шалгаж үзэх гэхэд утас байхгүй байхаар нь ойр орчмоор хайгаад олдохгүй болохоор нь утас руугаа залгаж үзэхэд холбогдох боломжгүй болсон байсан. Би утсаа 2020 оны 03 дугаар сард 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Утасны гэрний ард талд Хаан банкны виза карт байсан. ...Би гар утсаа хүлээн авсан, гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 14-19/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө Хэрлэн сумын 2 дугаар багт сүүгээ зараад “Шүр” захаас мах, ногоо аваад СМУ хороололд явж байхад зүс таних Ц гэх хүнтэй тааралдаад мэнд мэдээд зогсож байхад “ахад нь мөнгөний хэрэг гарчихаад утсаа ломбарданд тавих гэсэн юм, бичиг баримт чинь байна уу” гэхээр нь би байна гэхэд хоёулаа ломбард оръё гээд явах замдаа 200.000 төгрөгт тавьчихаарай гэхээр нь би энэ хуучин утас 200.000 төгрөг хүрэхгүй байх, та буцааж авах юм чинь 100.000 төгрөгт тавьчихгүй юу даа гэхэд за гээд СМУ-гийн улаан дэлгүүрийн баруун талд байдаг ломбардны гадна очоод Ц ах “би гадаа байж байя, чи ороод тавьчихаад гараад ир” гэхээр нь би тухайн ломбарданд орж утсыг 100.000 төгрөгт тавиад гарч ирээд мөнгийг нь Ц ахад өгөөд би цаашаа явсан...” гэжээ. /хх-ийн 26-27/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн ******* Самсунг Эс-8 плас маркийн гар утсыг манай ломбардад 100.000 төгрөгөөр тавьсан. ...Тухайн гар утсыг барьцаанд тавьсан мөнгөн дүн болон хүүгийн хамт 107.000 төгрөг бэлнээр өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 32-33/

Ц мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Хэрлэн сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулах нэгэн дугуй засварын газарт очсон бөгөөд тухайн газрын гадна талд ямар нэгэн хүн байгаагүй юм. Тэгэхээр нь би өөрт байсан олгой хаймараа зарах санаатай тухайн дугуй засварын хаалгыг нээж дотогш ороход ямар нэгэн хүн байгаагүй. Тэгтэл тухайн дугуй засварын хаалгыг нээж дотогш ороход ямар нэгэн хүн байгаагүй. ...ширээн дээр андройд гар утас, кейс болон хаан банкны виза карт байж байсан. Улмаар би тухайн эд зүйлсийг аваад хойд зүгт чиглэн явсан...” гэжээ. /хх-ийн 37-39/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9/

“Дорнын Ингүмэл” ХХК-ийн ломбардын бичиг /хх-ийн 12/

Ц-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 40/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 42-43/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/

Хохирогч Э-ын Прокурорын газарт бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 67/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ....... овогт Ц нь 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багт байрлах хохирогч Э-ын эзэмшлийн “Дугуй засвар”-аас Samsung S-8 plus маркийн гар утас, гар утасны гэр, банкны виза карт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...тухайн дугуй засварын хаалгыг нээж дотогш ороход ямар нэгэн хүн байгаагүй. ...ширээн дээр андройд гар утас, кейс болон хаан банкны виза карт байж байсан. Улмаар би тухайн эд зүйлсийг аваад хойд зүгт чиглэн явсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Э-ын “...2021 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 09 цагт ажилдаа ирээд гадаа хогны машинд хогоо өгчихөөд байж байхад зүс үл таних хүн ирж дугуй авахаар нь гаргаж өгөөд над руу ХААН банкны мобайлаар мөнгө хийхээр нь шалгаж үзэх гэхэд утас байхгүй байхаар нь ойр орчмоор хайгаад олдохгүй болохоор нь утас руугаа залгаж үзэхэд холбогдох боломжгүй болсон байсан. Би утсаа 2020 оны 03 дугаар сард 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Утасны гэрний ард талд Хаан банкны виза карт байсан...” гэх, гэрч ******* “...СМУ хороололд явж байхад зүс таних Ц гэх хүнтэй тааралдаад мэнд мэдээд зогсож байхад “ахад нь мөнгөний хэрэг гарчихаад утсаа ломбарданд тавих гэсэн юм, бичиг баримт чинь байна уу” гэхээр нь би байна гэхэд хоёулаа ломбард оръё гээд явах замдаа 200.000 төгрөгт тавьчихаарай гэхээр нь би энэ хуучин утас 200.000 төгрөг хүрэхгүй байх, та буцааж авах юм чинь 100.000 төгрөгт тавьчихгүй юу даа гэхэд за гээд СМУ-гийн улаан дэлгүүрийн баруун талд байдаг ломбардны гадна очоод Ц ах “би гадаа байж байя, чи ороод тавьчихаад гараад ир” гэхээр нь би тухайн ломбарданд орж утсыг 100.000 төгрөгт тавиад гарч ирээд мөнгийг нь Ц ахад өгөөд би цаашаа явсан...” гэх, гэрч *******гийн “...2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн ******* Самсунг Эс-8 плас маркийн гар утсыг манай ломбардад 100.000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “Дорнын Ингүмэл” ХХК-ийн ломбардын бичиг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Ц нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч Ц-т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид 300,000 төгрөгийг төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, шүүгдэгч Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Хохирогч Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөрийн Samsung S-8 plus маркийн гар утсаа буцааж авсан болох нь хохирогч Э-ын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд харин гар утасны хальсан гэр, Хаан банкны виза карт зэргийг төлөөгүй байх тул шүүдэгчээс 10.000 төгрөгийг гаргуулж хохирогч Эд олгох нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Ц нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .....н овогт Ц-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц-т тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц-т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 10.000 /арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, .............. тоотод оршин суух, Э /РД: .........../-д олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ........... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА