| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0160/э |
| Дугаар | 2021/ШЦТ/160 |
| Огноо | 2021-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/160
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Ө-д холбогдох эрүүгийн 2121000000178 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар баг ............ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..... овогт Ө /РД: .............../.
Шүүгдэгч Ө нь 2021 оны 04 дүгээр сарын 10-ны орой Дорнод аймгийн Матад сумын 2 дугаар багт байрлах Хүнсний дэлгүүрийн гадна хохирогч А-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...шинжээчийн дүгнэлтээр талийгаач хүү А-н биед хөнгөн гэмтэл тогтоогдсонд ямар нэг гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 118-19/
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...талийгаач А нь 2 хоногийн өмнө Д /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/-тэй сумын дэлгүүрийн үүдэнд маргалдаад нүдэндээ нэг цохиулсан байсан. Нүд нь жоохон хөхөрсөн байсан...” гэжээ. /хх-ийн 21-22/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өчигдөр орой ******* архи уугаад хүнтэй маргалдаж зодолдоод баруун нүд нь хөхөрсөн. Тэгээд өнөөдөр А нь цагдаа намайг дуудаж байна гэнэ. Очиж уулзана гээд явсан. Тэгээд удалгүй ирээд маргааш хоёулаа аймаг явна гэж байсан юм. ...манай нөхөр аав нь нас бараад удаагүй байхад ах маань нас барсан. Сумын захиргаанаас аймаг явах зөвшөөрөл авах гэсэн чинь аймгаас ахыгаа нас барсан талаарх бичиг авч ир гэсэн. Одоо аймгаас бичиг ирэхээр зөвшөөрөл аваад явна гэж байгаад ийм юм болчихлоо...” гэжээ. /хх-ийн 28-30/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн цогцост хийсэн 49 тоот дүгнэлтэд:
1. Талийгаач А-н цогцост баруун нүдний дээд зовхины цус хуралт, зулгаралт, зүүн гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр нас барахаас 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаач нь хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдсаны улмаас амьсгал бүтэж нас баржээ. Талийгаачийн цусанд 2.0 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 47-50/
Шинжээч эмч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...талийгаач А-н цогцост тогтоогдсон баруун нүдний дээд зовхины цус хуралт, зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно” гэжээ. /хх-ийн 38/
Ө мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2021 оны 04 дүгээр сарын 12-ны орой 19 цаг өнгөрч байхад “Хөтөл ухаа” хүнсний дэлгүүрээс юм аваад гарч байхад А гээд залуу таарсан. А архи уусан согтуу байдалтай байсан бөгөөд надаас 1 хонины 100,000 төгрөг өгчих гэсэн. Тэгэхээр нь би ахад нь мөнгө төгрөг байхгүй гэж хэлэхэд намайг чи ямар арчаагүй пизда вэ гэх зэргээр элдвээр хэлээд доромжлоод байхаар нь би машин руугаа явж байснаа буцаж очоод нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд машиндаа суугаад явсан. Маргааш нь намайг сумын цагдаагийн хэсгээс дуудаад очиход А байсан бөгөөд нүд нь хөхөрч туяа орсон байсан...” гэжээ. /хх-ийн 63/
Гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 34/
Ө-ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 64/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/
Т-н Прокурорын газарт бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 72/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ...... овогт Ө нь Дорнод аймгийн Матад сумын 2 дугаар багт байрлах Хүнсний дэлгүүрийн гадна 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч А-тай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний биед баруун нүдний дээд зовхины цус хуралт, зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...намайг чи ямар арчаагүй пизда вэ гэх зэргээр элдвээр хэлээд доромжлоод байхаар нь би машин руугаа явж байснаа буцаж очоод нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ******* “...талийгаач А нь 2 хоногийн өмнө Д /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/-тэй сумын дэлгүүрийн үүдэнд маргалдаад нүдэндээ нэг цохиулсан байсан. Нүд нь жоохон хөхөрсөн байсан....” гэх мэдүүлэг, гэрч *******, Б.Наранчимэг нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн цогцост хийсэн 49 тоот дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулж шинжээч эмч *******гийн өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Ө-ийн үйлдлийн улмаас амь хохирогч А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн цогцост хийсэн 49 тоот дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулж шинжээч эмч *******гийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Ө-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ө-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ө-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ө-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас амь хохирогч А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т нь “...шинжээчийн дүгнэлтээр талийгаач хүү А биед хөнгөн гэмтэл тогтоогдсонд ямар нэг гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Ө нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ө нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт Ө-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ө нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА