Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 00258

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан,шүүгч Л.Ариунцэцэг, Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран багийн 33-06 тоотод оршин суух Ээж барууд овгийн Баянжаргалын Нямсүрэнгийн /ФБ: 61082602/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 29-23 тоотод оршин суух, Боржигон овгийн Дансран Амартүвшинд /ФА:73062713/ холбогдох “Гэм хорын хохирол 28,204,853 төгрөг гаргуулах” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Нямсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагч Д.Амартүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, гэрч Пүрэвсүрэн, иргэдийн төлөөлөгч Ч.Бурмаа, нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Нямсүрэн нь 2016 оны 05 сарын 31-ний өдөр 06-р микрийн уулзвараар таксинд сууж яваад хорооллын зам дагуу сүмийн урд талын уулзвар руу уруудаад город руу явж байтал Дэнж талаас хүнд даацын шанагатай эксковаторын жолооч Амартүвшин нь миний сууж явсан Приус маркын 63-29 ОРХ улсын дугаартай машиныг ирж мөргөсөн юм. Манай машинд сууж явсан хүмүүс гэмтэл гайгүй харин миний талын хэсэг рүү мөргөсөн болохоор би гэмтэл авсан юм. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл учирсан бөгөөд Д.Амартүвшин нь өнөөдрийг хүртэл эмчилгээний зардал нэг ч төгрөг өгөөгүй мөн биеийн байдлыг маань асууж сураглаж байсангүйд гомдолтой байна. Би гэмтэл авснаас хойш БОЭТ-ийн гэмтлийн тасагт 2016 оны 09 сарын 14-ний өдрөөс 2016 оны 09 сарын 24-нийг хүртэл хэвтэж эмчлүүлсэн болно. Гэвч миний эмчилгээ сайн болоогүй тул Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгийн мэдрэлийн эмчид үзүүлж оношоо тодруулж томографикийн зургаа авахуулсан. Одоо миний толгой ар дагзаар маш их хатгаж өвдөөд байгаа ба гэмтэл авснаас өнөөдрийг хүртэл эмнэлэгээр явж эмчлүүлж эмнэлэгт хэвтэж байсан боловч сайн болохгүй л байна. Дэнж багт байрлах сэтгэл мэдрэлийн тасагт өдрийн 10.000 төгрөгөөр 10 хоног хэвтэж эмчлүүлсэн Би Хүрэнбулаг баг Холбооны газрын баруун талын хүнсний павилоныг хувиараа ажилуулдаг юм. Гэвч осолд орсноос хойш өнөөдрийг хүртэл ажлаа ч хийж чадахгүй байсны улмаас олох ёстой орлогоо ч олж чадахгүй болсон болно. Би өдөрт доод тал нь 100.000 төгрөгнөөс 150.000 төгрөгний орлоготой байсан юм. Иймд Амартүвшингээс  эмчилгээний зардал болон олох ёстой байсан орлого нийт 28,204,853 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Нямсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ. 2016 оны 05 сарын 31-ний өдөр осолд орж эмнэлэгт хэвтсэн.Энэ хүмүүс 150 000 төгрөгөөр зураг авахуулсан.Тэгээд нугасны ус авах гэж байхад нэг хүүхэн дагуулж ирээд толгой бариулаад зүгээр байна гээд болиулсан.Тэгээд 6 сарын 10 нд эмнэлгээс гарсан.ТҮЦ дээрээ сууж байгаад унаж тусаад байсан тул 6 сарын 07-нд,8 сард дахин зураг авахуулсан.Тэгээд 9 сарын 14-нд хэвтээд 23-нд гарсан. Эмчилгээний зардал 1 219 853 төгрөг,ТҮЦ ажиллуулж чадаагүй хугацааны олох байсан орлого 27 сая төгрөг нийт 28 204 853 төгрөг нэхэмжилж байна.Энэ хүн надад мөнгө өгөөгүй, худал баримт бүрдүүлсэн байна.Урд нь би эмнэлгээр ер нь явж байгаагүй гэжээ.

Хариуцагч Д.Амартүвшин шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Нямсүрэнгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 2016 оны 05 сарын 31-нд зам тээврийн осол болсон нь үнэн бөгөөд осол болох үед 63-29 ОРХ улсын дугаартай приус маркийн автомашинд сууж явсан 2 хүүхэд, 4 хүнийг дүүгээ дүудаж Нэгдсэн эмнэлэгт аваачиж үзүүлэхэд бие нь зүгээр байна гээд явуулсан. Харин Б Нямсүрэнг Медипас эмнэлэгт үзүүлж толгойн рентген болон томографийн зураг авахуулсан. Мен эмчийн бичиж өгсөн эмнүудийг худалдан авч өгсөн. Толгойн зураг авахуулахад 180,000 төгрөг, эм авахад 195,200 төгрөг нийт 375 200 төгрөг болсон. 2016 оны 6 сарын 13-ны үед гэрт нь сахиж биеийг нь асууж 300,000 төгрөг өгье гэж хэлэхэд өөдөөс илүү мөнгө нэхэж байсан. Гэтэл эмчилгээний зардал болон олох ёстой байсан орлого гэж 28,204,853 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д.Амартүвшин шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Худал яриад байна.Эмнэлэгт байхад нь би олон удаа очсон. Би ослын дараа авч явж эмнэлэгт үзүүлсэн. Ухаан алдаагүй. Маргааш нь хэвтсэн. Толгойн зураг авахуулсан,эм тариа авч өгсөн. Гэрт нь очиж 300 000 төгрөг өгье гэхэд аваагүй илүү их мөнгө нэхсэн.Худлаа гүтгэж янз бүрийн юм ярьдаг. Эмч нар хөнгөн гэмтэл гэсэн. ТҮЦ ажиллуулаад ийм их мөнгө олдог гэж бодохгүй байна. Үндэслэлгүй мөнгө нэхэж байна. Миний барьж явсан техник бол Одмон жиншинь ХХК-ний Пүрэвдорж гэж хүний машин байгаа юм. Ажлын шаардлага гарсан үед намайг дуудаж бариулдаг.Тэр өдөр ажилдаа гарч явсан юм гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зардлын баримтууд, амбулаторийн карт, Замын Цагдаагийн замын ослыг шалгасан баримтууд,өвчний түүх,автобусны буудлын павилоныг ашиглуулах гэрээ,түр зөвшөөрөл, өвчтөний шинжилгээний баримтууд,тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татвар төлөгчийн гэрчилгээ,гэрчийн мэдүүлэг,орлогын бүртгэлийн дэвтэр зэргийн нотлох баримтаар судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

     Нэхэмжлэгч Б.Нямсүрэн хариуцагч Д.Амартүвшингээс эмчилгээний зардал, олох байсан орлого нийт 28,204,853 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

     Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй.

      Хариуцагч Д.Амартүвшин 2016 оны 05 сарын 31-ний өдөр  Одмон жиншинь ХХК-ний 1142 УБ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж осол гаргасанаас Б.Нямсүрэнгийн биед “тархи доргилт,духанд цус хуралт” хөнгөн гэмтэл үүссэн ба 2016 оны 6 дугаар сарын 01-нээс 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Орхон аймгийн БОЭТөвд хэвтэн эмчлүүлсэн болох нь зохигчдын тайлбар,хэргийн 56-69 дүгээр хуудаст авагдсан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,Замын цагдаагийн болон шинжээч эмчийн шинжээчийн дүгнэлт,өвчний түүх зэргээр нотлогдож байна.

       Хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй.

          Нэхэмжлэгчийн биед Д.Амартүвшингийн гэм буруутай үйлдлээс шалтгаалан хөнгөн гэмтэл учирсан байх тул Б.Нямсүрэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлд “Бусдын эрх,амь нас,эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж №шаардах эрхтэй.

         Хариуцагч Д.Амартүвшин Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан...бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу тухайн үед бусдын тээврийн хэрэгслийг гэрээний үндсэн дээр эзэмшиж ашиглаж байсан байх тул хариуцлага хүлээх үндэслэлтэй.

       Нэхэмжлэгч эмчилгээний зардал 1 219 853 төгрөг,ТҮЦ ажиллуулж чадаагүй хугацааны олох байсан орлого 27 сая төгрөг нийт 28 204 853 төгрөг нэхэмжилж байна.

       Хариуцагч 375200 төгрөгний төлбөр төлсөн гэж зардлын баримтууд хавсаргасан./хэргийн 93-100 дахт хуудаст /Хариуцагчийн эдгээр эмийн болон оношлогооны баримтууд нь 2016 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 09-ний өдрийн хоорондхи хугацааг хамарч байна.Харин нэхэмжлэгч 2016 оны 9 дүгээр сарын 30-наас хойшхи хугацааны гарсан зардлаа нэхэмжилсэн.

      Нэхэмжлэгчийн гаргасан баримтуудаас 9 сарын 30-ны өдрийн 58100 төгрөгний эмийн 2ш баримт,2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн УБ Сонгдо эмнэлгийн үзлэгийн 20 000 төгрөгний баримт, 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 165 000 төгрөгний баримт,2016 оны 11 дүгээр сарын 02,04-ний өдрүүдийн тээврийн зардлын 30200 төгрөгний 2ш баримт зэргийг үндэслэн хариуцагчаас 273 300 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

     Харин 2016-6-07-ны өдрийн Орхон аймгийн Медипас эмнэлгийн оношлогооны 150 000 төгрөгийг хариуцагч төлсөн болох нь хэргийн 93-94 дүгээр хуудасны баримтаар нотлогдсон,хэргийн 76 дугаар хуудаст авагдсан Медипас эмнэлгийн 2016-8-16-ны өдрийн оношлогооны төлбөрийн баримт хэрэгт авагдаагүй,бусад төлбөрийн баримтуудын үйлчлүүлэгчийн овог нэр тодорхойгүй зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын эмчилгээний зардлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосон болно.

          Нэхэмжлэгчийн ТҮЦ ажиллуулж чадаагүй хугацааны олох байсан орлого 27 сая төгрөгний тухайд: нэхэмжлэгч Автобусны буудлын павилоныг ашиглуулах тухай 2016 оны 6 сарын 17-ны өдрийн 2 жилийн хугацаатай,Хот тохижуулах газартай байгуулсан гэрээ,Холбооны газрын баруун талд хүнсний худалдаа эрхлэх 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн түр зөвшөөрөл,2014-2016 оны “орлогын дэвтэр” ,гэрч П.Пүрэвсүрэнгийн шүүх хуралдаанд өгсөн “Нямсүрэнгийн ТҮЦ-д 2013 оноос хааяа,бараанд явсан үед нь суудаг.Өдөрт нь доод тал нь 150 000-160 000 төгрөгний орлоготой ажилладаг.Зуны улиралд илүү орлоготой.Орлогын дэвтэр хааяа хөтөлдөг”гэсэн мэдүүлэг зэргээр Б.Нямсүрэн нь хүнсний худалдаа эрхлэх зорилгоор ТҮЦ түрээсэлж ажиллуулж байсан болох нь тогтоогдсон.

      Харин нэхэмжлэгч 2016-6-01-нээс 2016 оны 12 дугаар сар хүртэлх 6 сарын олох байсан орлого 27 сая төгрөг нэхэмжилсэн нь үндэслэл муутай байна.Нэхэмжлэгч уг ТҮЦ-ийг 2016-6-01-нээс хойш 6 сарын турш ослын улмаас авсан гэмтлээс шалтгаалан ажиллуулаагүй болохоо хангалттай бүрэн нотлоогүй.Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбараар, тэрээр Татварын газарт орлогын татвар төлж байгаагүй байх бөгөөд энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй.

       Иймд ослын дараа эмнэлэгт хэвтсэн үе буюу 2016 оны 5 сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 9-ний өдөр хүртэл 10 хоногийн хугацааны олох байсан орлогыг өдрийн 150 000 төгрөгөөр тооцож 1 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй “гэж заасны дагуу хариуцагч олох байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.Өдрийн орлогыг тооцохдоо нэхэмжлэгчийн нэхэмжлэл,орлогын дэвтрийг үндэслэсэн болно.

       Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэлээ.Нэхэмжлэгч шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас зохих хураамжийг гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.

        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1,499 дүгээр зүйлийн 499.1,510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Д.Амартүвшингээс 1,773,300 төгрөг гаргуулан Б.Нямсүрэнд олгосугай.

2. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 26,431,553 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагаас 43 322 төгрөг гаргуулан  төрийн санд улсын тэмдэгтийн хураамжаар оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид,тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ

               ШҮҮГЧ                                                       Л.АРИУНЦЭЦЭГ

                                          Б.ХИШИГДАВАА