Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/158

 

 

 

 

 

 

 

 

 

  2021       05         11                                             2021/ШЦТ/158

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. овогт Жт холбогдох эрүүгийн 2121000000128 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3,  эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ......................оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, .................. овогт Ж /РД: ................/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар баг “Ульхан” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 73 ширхэг ургаа нойтон нарс мод, 23 ширхэг хуурай мод хөрөөдөж унаган 101 ширхэг болгон тайрч бэлтгээд Маяти маркийн 17-60 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би өөрийн гэсэн хашаа байшинтай болох зорилгоор хашааны мод бэлтгэсэн юм. Би сумын Засаг даргаасаа хашааны мод бэлтгэх талаар хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлсэн. Гэвч манай эхнэр төрөөд удаагүй учир мод бэлтгэх боломжгүй байсан учир эрхийн бичгийн хугацаа дууссан. Ингээд би мод бэлтгэх эрхийн бичгийн маань хугацаа дууссан байхад нь мод бэлтгэсэн. Би эрхийн бичгийнхээ хугацааг сунгуулсан байсан бол ийм байдалд орохгүй байх байсан. Би гэм буруугаа ухамсарлаж байна...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Г.Ганболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Ж нь мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 4,441,480 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

 

Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...би 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн орой 22 цагаас хойш экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Батбаярын хамт сумын төвөөс баруун хойш 7 км орчим зайд гарч эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ үед Баян-Уул сумаас хойш Ульхан явдаг замаар хойд талаасаа 23 цагийн үед нэг машины гэрэл сумын төв рүү ирж байгаа нь харагдсан. ...тэгтэл цагаан өнгийн Маяти маркийн 17-60 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Б гэх эрэгтэй хүн жолоодон түүний хажууд Ж гэх эрэгтэй хүн суучихсан хамт явж байсан. Уг тээврийн хэрэгсэл дээр 4 метр орчим урттай ойролцоогоор 100 ширхэг нарийн нарсан шургааг мод аччихсан явж байсан. ...модны эрхийн бичиг байгаа эсэх талаар асууж тодруулахад ямар ч мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй мод тээвэрлэн явж байсан тул тээврийн хэрэгслийг журамласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

 

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байхад нутгийн таньдаг дүү Ж өглөө 09 цагийн үед манайд ирээд ах дүү нь хашаа барих гэсэн юм та машинаараа мод татаад өгөөч дүү нь ирж очих бензинийх нь зардлыг хийж өгье гээд гуйхаар нь хамт хашааны модонд нь явалцаж өгсөн. ...Ульхан гэх нэртэй ой мод бүхий газарт очиж Жын тайрч бэлтгэсэн нарийн нарсан шургааг мод машиндаа ачиж ирсэн. ...Жын модонд явахад мод бэлтгэх эрхийн бичигтэй эсэхийг нь асууж тодруулаагүй байгаа л юм байх гэж бодсон. Гэтэл цагдаа зогсоож шалгахад Жт ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсныг тэр үед мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

 

Дорнод аймгийн Баян-Уул суман дахь сум дундын ойн ангийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №2021/03 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Нийт 101 ширхэг мод бэлтгэсэн байгаа ба үүний 28 ширхэг нь хуурай нарс төрлийн хэрэглээний бөөрөнхий мод 1,8215 м3, 78 ширхэг нь буюу 4,0237 м3 хэмжээтэй байна.

2. Дээрх моднууд нь нийт 101 ширхэг байна. Үүнээс 28 ширхэг нь хуурай, ой хээрийн түймэрт өртөж ургах чадваргүй болж унасан нарс мод, 73 ширхэг нь ургаж байсан байгалийнхаараа нойтон мод байна.  

3. 2021 онд Баян-Уул сумын 6 дугаар баг Ульхан гэх газарт мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл олгогдоогүй газар болно.

5. Ульхан гэх газар нь тусгай хамгаалалттай газар нутагт орохгүй. Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь заалтад заасны дагуу хилийн хориотой зурвасын ой –Хамгаалалтын бүсийн ой бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 дугаар тушаалаар “Ойгоос хэрэглээний мод түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлал”-д зааснаар 1-р мужлалд орж байна.

6.Уг моднууд нь 2.2 метрээс дээш урттай хэрэглээний мод болно. Хашааны хөндлөн шургаагаар ашиглаж болохуйц хэрэглээний мод байна.

7. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт ёсоор: Бэлтгэсэн мод нь хэрэглээний бөөрөнхий мод, туушийн мод учраас модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1.4, шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсэний буюу нийт үнээр 1-р мужийн ургах чадвартай 73 ширхэг нарс модон дээр нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 712,101 төгрөг, 1-р мужийн ургах чадваргүй хуурай нарс модон дээр нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээ нь бүх төрлийн хуурай мод 168,655 төгрөгөөр тус тус бодно. Модны ойн санд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээ нь: 73 ширхэг нойтон нарс мод 4,0237 м3 х 1.4 х 712101 = 4,011,393.1 төгрөг болно.  Модны ойн санд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээ нь: 28 ширхэг хуурай нарс мод 1,8215м3 х 1.4 х 168655 = 430,087.1 төгрөг болно гэжээ. /хх-ийн 49-54/

 

 

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-18/

-Жын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 57, 58, 59/

-Эд зүйл, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 60-61/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 62/

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 63-67, 69-72/

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 68, 73/

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 74/

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 77/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ж нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Нэг: Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч  Ж нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар баг Ульхан гэх газраас зөвшөөрөлгүйгээр 73 ширхэг ургаа нойтон нарс мод, 23 ширхэг хуурай мод хөрөөдөж унаган 101 ширхэг болгон тайрч бэлтгээд Маяти маркийн 17-60 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Ганболор, гэрч Б.Б, Б.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн 2021 оны 03 дугаар сарын 02, 03-ны өдрүүдийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” болон “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоолууд, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2021/03 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Жт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Жыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Жын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд .......... овогт Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь гэм буруугийн болон шудрага ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Жын зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэсэн 73 ширхэг нойтон нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 4,0237 м3 х 1.4 х 712101 = 4,011,393.1 төгрөг, мөн 28 ширхэг хуурай нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,8215м3 х 1.4 х 168655 = 430,087.1 төгрөг тус тус болох нь шинжээчийн /хх-ийн 49-54/ дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн ... нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Жын ойн санд учруулсан хохирлыг 13,324,440.6 төгрөг гэж тогтоох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан.

 

 

Шүүгдэгч Жын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Маяти маркийн 17-60 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Б.Б-ын эзэмшлийнх болох нь түүний “...Би уг тээврийн хэрэгслийг 2020 оны 06 дугаар сард хүргэн дүү болох Б.Ж гэдэг хүнээс 1,200,000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...уг тээврийн хэрэгслээ би өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байгаа юм ...” гэх мэдүүлгээр /хх-ийн 36-37/ нотлогдож байх бөгөөд уг тээврийн хэрэгслийг эд зүйлийн үнэлгээний комисс  /хх-ийн 57/  1,000,000 төгрөгөөр үнэлжээ. Иймд уг машины үнэ болох 1,000,000 төгрөг болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 28  ширхэг хуурай нарс мод, 73 ширхэг нойтон нарс мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  100,000 төгрөгний үнэлгээ бүхий YD-81 загварын бензин моторт хөрөө, 10,000 төгрөгийн үнэлгээ бүхий хус модон иштэй сүх зэргийг тус тус хураан авч гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан 13,324,440.6 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 4,441,480.2 /Дөрвөн сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун наян төгрөг хоёр мөнгө/ төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 28 ширхэг хуурай нарс мод, 73 ширхэг нойтон нарс мод нь Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Маяти маркийн тээврийн хэрэгсэл нь эзэмшигч Б.Баатаржавт тус тус хадгалагдаж байгаа болно.

 

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 100,000 төгрөгний үнэлгээ бүхий YD-81 загварын бензин моторт хөрөө, 10,000 төгрөгийн үнэлгээ бүхий хус модон иштэй сүх, шүүгдэгч Жын ................ тоот иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ........... овогт Жыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Жт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Жт мэдэгдсүгэй.

 

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад  зааснаар шүүгдэгч Жаас  гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохиролд 13.324.440,6 /ойн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 4,441,480,2 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/  төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 хэсгийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч Жаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1,000,000 /нэг сая/ төгрөг болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 4,441,480,2 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 73 ширхэг нойтон нарс мод, 28 ширхэг хуурай нарс мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  100,000 төгрөгний үнэлгээ бүхий YD-81 загварын бензин моторт хөрөө, 10,000 төгрөгийн үнэлгээ бүхий хус модон иштэй сүх зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, ойн экологид учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

 

7. Шүүгдэгч Жын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 4,441,480,2 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 73 ширхэг нойтон нарс мод, 28 ширхэг хуурай нарс мод нь Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Маяти маркийн тээврийн хэрэгсэл нь эзэмшигч Б.Б-т хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Маяти маркийн 17-60 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.Б-д олгож, 73 ширхэг нойтон нарс мод, 28 ширхэг хуурай нарс модыг битүүмжилсэн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

9. Энэ хэрэгт шүүгдэгч Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж,  баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн ......................тоот регистрийн  дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 100,000 төгрөгний үнэлгээ бүхий YD-81  загварын бензин моторт хөрөө, 10,000 төгрөгийн үнэлгээ бүхий хус модон иштэй сүх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА