| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 185/2017/0276/э |
| Дугаар | 524 |
| Огноо | 2018-06-05 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | С.Баттамир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 524
Ч.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Баттамир,
хохирогч Д.Б-, С.Н- нарын өмгөөлөгч Л.Хатанбаатар,
шүүгдэгч Ч.Б-, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Б-, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Б-д холбогдох 2015250001209 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч.Б, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, ял шийтгэлгүй,
Ч.Б- нь 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Бүгд Найрамдах Солонгос Улсаас барилгын зээл авах гэж байгаа юм, банкинд 30,000,000 төгрөг байршуулах ёстой 7 хоногийн хугацаатай 15,000,000 төгрөг зээлээч” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Цэцэг төвийн гадна иргэн Х.Д-ээс 15,000,000 төгрөг залилан авсан,
хохирогч С.Н-, Д.Б- нарт 2000 ширхэг гутлын захиалга байгаа, үүний дараа 3000 ширхэг гутлын захиалга орж ирнэ гэж итгүүлэн 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 21 дүгээр байрны хонгилд үйл ажиллагаа явуулдаг гутлын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийг хохирогч С.Н-, Д.Б- нарт худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийн мөнгө 50,000,000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд С.Н-, Д.Б- нар нь гэрээгээ цуцалж мөнгөө буцааж авъя гэхэд нь өөрийн компани буюу “Наяд угалз” компани орон сууцны барилга бариулж байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож С.Н-, Д.Б- нарыг төөрөгдүүлж, “Наяд Монгол” хотхоноос 38.7 мкв талбайтай 2 өрөө орон сууц авч өгнө гэж 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Энэрэл баялаг” компанийн нэр дээр илтэд биелэх боломжгүй “орон сууц худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулж, улмаар орон сууцны захиалгын зөрүү төлбөр 8,050,000 төгрөгт 8,001,000 төгрөгийн үнэ бүхий 127 ширхэг гутал залилан авч, 58,001,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Ч.Б-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар дүүргийн прокуророос Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон зөвтгөж, өөрчлөн зүйлчилж, Ч.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Б-ы эдлэх ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б-ы цагдан хоригдсон 88 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.Б-аас 70,501,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Д-т 12,500,000 төгрөгийг, хохирогч С.Н-д 33,001,000 төгрөгийг, хохирогч Д.Б-ид 25,000,000 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдаж, хэрэгт битүүмжлэгдэн Ч.Б-ы гутлын цех, 02-95 УНЭ улсын дугаартай “Toyota harrier” маркийн автомашиныг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Ч.Б-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Би бага насны хүүхэдтэй бөгөөд өрх толгойлсон эмэгтэй. Битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох гутлын цех болон 02-95 УНЭ улсын дугаартай Тоёота загварын автомашины эд хөрөнгийн үнэлгээг мөрдөн байцаалтын шатанд үнэлүүлээгүйн улмаас миний битүүмжлэгдсэн эд хөрөнгө хичнээн төгрөгөөр үнэлэгдэж, хэдэн төгрөг болж хохирлоо бүрэн барагдуулсан эсэх аль эсвэл дутсан, мөн илүү гарсан зэрэг нь тодорхойгүй, ойлгомжгүйгээр эцэслэн шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Иймд миний эд хөрөнгөнд үнэлгээг гаргуулж бусдад учруулсан хохирлоо барагдуулах хүсэлттэй тул битүүмжлэгдсэн эд хөрөнгийн үнэлгээг гаргаж хохирлыг барагдуулж, надад оногдуулсан ялыг ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна...” гэв.
Шүүгдэгч Ч.Б-ы өмгөөлөгч Б.Энх-Амгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгч Ч.Б-ыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “...үргэлжилсэн үйлдлээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэх”-ээр тогтоосон болно. Анхан шатны шүүхээс Ч.Б-ыг 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Бүгд Найрамдах Солонгос Улсаас барилгын зээл авах гэж байгаа юм банкинд 30,000,000 төгрөг байршуулах ёстой 7 хоногийн хугацаатай 15,000,000 төгрөг зээлээч” гэж хэлж, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Цэцэг төвийн гадна иргэн X.Д-ээс 15 сая төгрөг залилан авсан.
Мөн хохирогч СН, Д.Б- нарт 2000 ширхэг гутлын захиалга байгаа, үүний дараа 3000 ширхэг захиалга орж ирнэ гэж итгүүлэн 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 21 дүгээр байрны хонгилд үйл ажиллагаа явуулдаг гутлын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийг хохирогч С.Н-, Д.Б- нарт худалдах, худалдан авах гэрээ байгуулж төлбөрийн мөнгө болох 50,000,000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд С.Н-, Д.Б- нар нь гэрээгээ цуцалж мөнгөө буцаан авъя гэхэд нь өөрийн компани буюу “Наяд угалз” компани орон сууцны барилга бариулж байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож С.Н-, Д.Б- нарыг төөрөгдүүлж “Наяд монгол” хотхоноос 38.7 мкв талбайтай 2 өрөө орон сууц авч өгнө гэж 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Энэрэл баялаг” компанийн нэр дээр илтэд биелэх боломжгүй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар орон сууцны захиалгын зөрүү төлбөр 8,050,000 төгрөгт 8,001,000 төгрөгийн үнэ бүхий 127 ширхэг гутал залилан, 58,001,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүхээс үзжээ.
Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирогч С.Н-, гэрч Д.Б, гэрч Д.Б-, гэрч Б.Ц нарын мэдүүлэг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Орон сууцны худалдах, худалдан авах гэрээ, гэрч Э.Цацралтуяагийн мэдүүлэг, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичгийн хариу, Эд зүйлийн үнэлгээ, хохирогч X.Д, гэрч Б.Ц болон Ч.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдоно гэж дүгнэжээ.
Мөн анхан шатны шүүхээс “...Хохирогч нар шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар Ч.Б-ы үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлдэг бөгөөд мөнгө шилжүүлсэн баримтууд, гэрч нарын мэдүүлэг зэргээр хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон байх тул шүүх дээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно” гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн гол шинж нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, эсхүл урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй өөрийн эзэмшил, өмчлөлд авч байгаа шунахайн сэдэлттэй, шууд санаа зорилготой үйлдэл байдаг. Гэтэл энэ хэргийн нөхцөл байдлаас харахад үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдсан гэрээ хэлцэл хийсэн, уг гэрээ хэлцэл нь өнөөг хүртэл цуцлагдаагүй, дуусгавар болоогүй, худалдагдсан үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд болон гутлын түүхий эд материалууд, тухайн үед үйлдвэрлэсэн гуталнууд нь одоо болтол хэвээр хадгалагдаж байгаад битүүмжлэгдэн хураагдсан зэрэг үйлдлүүдийн хувьд ч Ч.Б-ы энэ хэрэгт хандсан санаа зорилгын хувьд ч анхан шатны шүүхээс түүнийг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолын дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад тус тус заасны дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Хохирогч Д.Б-, С.Н- нарын өмгөөлөгч Л.Хатанбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотолбол зохих асуудал, хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн. Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан. Харин давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг харахад үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх дээр хохирол төлөх талаар 5 хоногийн завсарлага авсан боловч хохирол төлөгдөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Прокурор С.Баттамир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Ч.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
1. Ч.Б- нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Х.Д-ээс 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “...Бүгд Найрамдах Солонгос Улсаас барилгын зээл авах гэж байгаа юм, банкинд 30,000,000 төгрөг байршуулах ёстой 7 хоногийн хугацаатай 15,000,000 төгрөг зээлээч” гэж худлаа хэлж 15,000,000 төгрөгийг авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
7 хоногийн дотор дансанд байршуулчихаад, хүүтэй буцаагаад өгнө гэж хэлээд 15,000,000 төгрөгийг Ч.Б- авсан талаар мэдүүлсэн хохирогч Х.Д-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 53-54 тал/,
Х.Д-ийн мэдүүлгийг гэрчлэн “...удахгүй хөрөнгө оруулалт орж ирнэ гээд 7 хоногийн хугацаатай 15,000,000 төгрөгийг авч байсан...” талаар мэдүүлсэн гэрч С.Отгонмаа /3-р хх-ийн 70-71 тал/, гэрч С.Сүнжидмаа /3-р хх-ийн 72-73 тал/ нарын мэдүүлэг,
“...Кёкүшю барилгын 8 давхарт Чой гэх Солонгос хүнд 30,000,000 төгрөгөө өгсөн. Тухайн мөнгөө өгч байхад Э орчуулга хийж байсан болохоор Э-т хүлээлгэн өгч Э-оор гарын үсэг зуруулсан. Э-т өгсөн 30,000,000 төгрөгт Б ганц ч төгрөг нэмэрлээгүй ба миний өөрийн мөнгө байсан юм...” гэх гэрч Б.Ц /4-р хх-ийн 119-121 тал/-ийн мэдүүлэг,
“...Би Б гэж хүнийг танихгүй. Уулзаж байгаагүй. Би тийм хүнээс огт мөнгө авч байгаагүй...” гэх гэрч Б.Э-ын мэдүүлэг /3-р хх-ийн 86 тал/ зэргээр нотлогдон тогтоогджээ.
2. Ч.Б- нь С.Н-, Д.Б- нарт “...2000 ширхэг гутлын захиалга байгаа, үүний дараа 3000 ширхэг гутлын захиалга орж ирнэ...” гэж итгүүлэн 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 21 дүгээр байрны хонгилд үйл ажиллагаа явуулдаг гутлын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг С.Н-, Д.Б- нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийн мөнгө 50,000,000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд С.Н-, Д.Б- нарыг гэрээгээ цуцалж мөнгөө буцааж авъя гэхэд нь Ч.Б- “...өөрийн “Наяд угалз” компанийн бариулж байгаа орон сууцны “Наяд Монгол” хотхоноос 38.7 мкв талбайтай 2 өрөө орон сууц өгнө...” гэж 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Энэрэл баялаг” компанийн нэр дээр “Орон сууц худалдах, худалдан авах тухай” биелэгдэх боломжгүй гэрээ байгуулж, улмаар орон сууцны захиалгын зөрүү төлбөр 8,050,000 төгрөгт 8,001,000 төгрөгийн үнэ бүхий 127 ширхэг гутал авч, С.Н-, Д.Б- нарт 58,001,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
их захиалгатай гутлын үйлдвэр худалдаж байгаа гэж 50,000,000 төгрөгийг дараа нь буцаана гэхэд нь “...өөрийн бариулж байгаа орон сууцнаас 2 өрөө байр өгнө...” гэж “орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан төлбөрийн зөрүү 8,050,000 төгрөгт нь тэнцэх гутал авч, нийт 50,801,000 төгрөгийг залилан авсан тухай мэдүүлсэн хохирогч С.Н- /1-р хх-ийн 9-11 тал/, хохирогч Д.Б- /2-р хх-ийн 32-34 тал/ нарын мэдүүлэг,
хохирогч нарын мэдүүлгийг гэрчлэн мэдүүлсэн гэрч Э.Ц-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 29-30 тал/,
хохирогч нарын Ч.Б-д өгсөн 127 ширхэг гутлыг 8,001,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3-р хх-ийн 90 тал/,
2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр компанийн нэр дээр “Орон сууц худалдах, худалдан авах тухай” гэрээ /1-р хх-ийн 35-37 тал/ нь биелэгдэх боломжгүй гэрээ байсан болох нь компанийн захирал С.А-ийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, “2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн хугацаанд “Энэрэл баялаг” компанийн захирлаар ажиллаж байсан Б.Ц-ийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 20-21, 4-р хх-ийн 96, 120 тал/,
“...оноосон нэр: хх итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд: ...Б.Ц бүртгэсэн:2014.04.24 өөрчилсөн:2014.09.02, ...Сандивын Амартүвшин бүртгэсэн:2013.12.31 өөрчилсөн 2014.04.24, бүртгэсэн:2014.09.02...” гэх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 23 тал/,
“...”Наяд угалз” ХХК гэсэн нэртэй хуулийн этгээд мэдээллийн санд бүртгэлгүй байна...” гэсэн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12/10619 дугаар албан бичиг /4-р хх-ийн 127 тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Ч.Б-ы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “...хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох, ...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан ...гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Ч.Б-ы үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Иймд Ч.Б-ы өмгөөлөгчийн гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэсэн ялын төрлөөс хорих ялыг сонгож, хорих ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар тогтоосон нь Ч.Б-ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, Ч.Б-ы гэмт хэрэг үйлдсэн арга, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд шүүгдэгч Ч.Б-ы гаргасан “...надад оногдуулсан ялыг ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Харин Ч.Б-ы “...миний эд хөрөнгөнд үнэлгээг гаргуулж бусдад учруулсан хохирлоо барагдуулах хүсэлттэй тул битүүмжлэгдсэн эд хөрөнгийн үнэлгээг гаргаж хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хангаж, хэрэгт битүүмжлэгдсэн гутлын үйлдвэрийн тоног төхөөрөмж /2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 02 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоолтой 4-р хх-ийн 64-71 тал/, 02-95 УНЭ улсын дугаартай “Toyota Harrier” загварын тээврийн хэрэгсэл /2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 01 дүгээр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоолтой 4-р хх-ийн 79-92 тал/ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар үнэлэх ажиллагааг Ч.Б-ыг оролцуулж явуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжлэгдсэн эд хөрөнгийн үнэлгээг эд хөрөнгийн үнэлгээний эрх бүхий байгууллагаар хийлгээгүй байх боловч битүүмжлэгдсэн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, тээврийн хэрэгсэл нь хэргийг мөрдөн шалгах, шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Б-ы өөрийн хадгалалт, хамгаалалтад байсан /4-р хх-ийн 64,79 тал/ байх тул уг эрүүгийн хэргийг заавал прокурорт буцааж байж эд хөрөнгө үнэлэх ажиллагааг явуулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Анхан шатны шүүх хохирогч Д.Б-, С.Н- нарт учирсан хохирлын хэмжээг хохирогч нарын мэдүүлгээс /1-р хх-ийн 9, 16, 2-р хх-ийн 29, 31, 35, 74, 76, 182, 194, 196, 4-р хх-ийн 35-37 тал/ зөрүүтэйгээр тогтоон гаргуулсан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолын:
1.1. тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.Б-аас 70,501,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Д-т 12,500,000 төгрөгийг, хохирогч С.Н-д 33,001,000 төгрөгийг, хохирогч Д.Б-ид 25,000,000 төгрөгийг тус тус олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.Б-аас 70,501,000 /далан сая таван зуун нэг мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.Д-т 12,500,000 төгрөгийг, хохирогч С.Н-д 28,001,000 төгрөгийг, хохирогч Д.Б-ид 30,000,000 төгрөгийг тус тус олгосугай...” гэж өөрчилж,
1.2. тогтоох хэсэгт “...хэрэгт битүүмжлэгдсэн Ч.Б-ы гутлын цехийн тоног төхөөрөмжүүд, 02-95 УНЭ улсын дугаартай “Toyota harrier” загварын тээврийн хэрэгслийг үнэлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд шүүгдэгч Ч.Б-ыг оролцуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
1.3. Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Ч.Б-ы “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
Д.ОЧМАНДАХ