Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2020/0644/З |
Дугаар | 221/МА2023/0134 |
Огноо | 2023-03-02 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2023/0134
“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч А.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А
Нэхэмжлэгч: “Ж” ХХК, А.Э
Хариуцагч: Засгийн газрын хэрэг эрхлэх газар
Нэхэмжлэлийн шаардлага: “А.Эийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл нь 2017 оны 04 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд хуралдаагүй болохыг тогтоож, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр зөвлөмжийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0876 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2020/0644/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ж” ХХК, А.Э нар нь Засгийн газрын хэрэг эрхлэх газарт холбогдуулан “А.Эийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл нь 2017 оны 04 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд хуралдаагүй болохыг тогтоож, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр зөвлөмжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0876 дугаар шийдвэрээр: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4, 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т тус тус баримтлан “Ж” ХХК, А.Э нарын нэхэмжлэлтэй, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт холбогдох, А.Эийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл нь 2017 оны 04 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд хуралдаагүй болохыг тогтоож, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр зөвлөмжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0876 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.
3.1. Шүүх Засгийн газрын дэргэдэх зөвлөл нь шийдвэрийнхээ огноог хуралдаан болсон өдрөөр огноолдоггүй, гарын үсэг зурсан өдрөөр огноолох нь зөв гэлээ.
Тодорхойлох хэсэгт талийгаач Ж.О оролцсон талаар тэмдэглэлд тусгасан гэх байх ба тодорхойлох хэсгийн 2.1-д дурдсан дүрс бичлэгт талийгаач Ж.О үг хэлж байгаа бичлэг байдаг. Гэтэл бодит байдлаар талийгаач зөвлөлийн гишүүнээр 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 103 тоот тушаалаар томилогдсон байдаг. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр талийгаач Ж.О Засгийн газрын ордонд нэвтрээгүй нь нотлогддог. Тэгэхээр аудио бичлэг, дүрс бичлэг, тэмдэглэл зэрэг нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш болсон бичлэгийг 13-ны өдөр болсон болгож шүүхийг хуурсан байх ба шүүх итгэсэн дүр үзүүлж шийдвэр гаргажээ.
3.2. Тодорхойлох хэсгийн 2.6-д талийгаач Ж.Оийг оролцогчийн тооноос хасахад үлдсэн гишүүдийн тоогоор хурал хүчинтэй гэж дүгнэжээ.
“Ж” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт гомдол гаргасан. Түүнд хариуг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ХЭГ/140 тоот бичгээр хариу өгсөн байгаа нь хуульд нийцнэ гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Өргөдлийг 30 хоногт багтаан шийдвэрлэнэ, шаардлагатай бол 30 хоногоор сунгах хуулийн зохицуулалттай байна. Дээрх хуульд заагдсан шаардлагыг хангаж ажилласан эсэхээ Засгийн газрын хэрэг эрхлэх газар нотолж чадаагүй бол 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт гомдол хариу өгвөл энэ нь хуульд нийцнэ гэж үзэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж, буруу жишиг тогтоох хандлага шүүхэд газар авсны нотолгоо гэж үзэж байна.
3.3. Харилцаа холбооны зохицуулах газраас Засгийн газрын хэрэг эрхлэх газар бичгээр нотлох баримт, тайлбар шаардсан байдаг ба 01 тоот зөвлөмжийг үндэслэж ХХЗХ-оос 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 14 тоот тогтоол гаргаж “Мобиком нетворкс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн болохоо илэрхийлдэг нь зөвлөмжийг заавал биелүүлэх үр дагавартай байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, манай шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч “Ж” ХХК, А.Э нар “А.Эийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл нь 2017 оны 04 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд хуралдаагүй болохыг тогтоож, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр зөвлөмжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хянаад нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасантай нийцэж байна.
4. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хоёр үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
4.1. “... Ж.О 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 103 дугаар тушаалаар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн гишүүнээр томилогдсон, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Засгийн газрын ордонд нэвтэрсэн талаар бүртгэгдээгүй байхад тус зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэлд нэр нь тусгагдсан, үг хэлж байгаа нь дүрс бичлэгт буусан байна ... өөрөөр хэлбэл 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш болсон бичлэгийг 13-ны өдрийн бичлэг гэж хуурамчаар гаргаж өгсөн” гэх гомдлын тухайд.
4.1.1. Хэрэгт авагдсан Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэл, гэрч Ш.Үнэнтөгсийн мэдүүлэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ХЭГ/976 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн дуу болон дүрс бичлэгээс үзэхэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл 2017 оны 04 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Төрийн ордны Үндсэн хуулийн В танхимд хуралдсан болох нь тогтоогдож байна.
4.1.2. Мөн маргаан бүхий хуралдаан болсон талаар 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Zasag.mn, News.mn, Ikon.mn, Үнэн.mn зэрэг мэдээ, мэдээллийн цахим хуудаснуудад тавигджээ.
4.1.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийн тухай” 21 дүгээр тогтоолын 2.2.3-д “Дахин нотлох шаардлагагүй баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болно. Энэ нь “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн зарчимд харшлахгүй. Нийтэд илэрхий үйл баримт гэдэг нь шүүхэд болон хэргийн оролцогчдод илэрхий байхаас гадна тухайн үйл баримтын талаар мэдээлэлтэй байх боломжтой тодорхой хүрээний хүмүүст илэрхий байхыг хэлнэ” гэж заасан.
4.1.4. Дээрхээс дүгнэвэл маргаан бүхий Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн хурал 2017 оны 04 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд болсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохоос гадна олон нийтийн мэдээллийн сайтуудад тавигдаж нийтэд илэрхий болсон байхад нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
4.1.5. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Засгийн газар үйл ажиллагааныхаа тодорхой чиглэлээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлаар урьдчилан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлтэй байж болно. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Засгийн газар тогтооно”, “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн ажиллах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д “Хөрөнгө оруулагчдад хамтран ажиллах тогтвортой орчныг бүрдүүлэх талаар Монгол Улсын төрөөс баримталж байгаа бодлогын хүрээнд зөвлөл дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 2.1.1-д “хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төрийн байгууллага, хууль тогтоомжийн дагуу судалж шийдвэрлэх”, 2.1.3-д “хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулахтай холбогдсон асуудлаар зөвлөмж боловсруулж, засгийн газарт танилцуулах”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Зөвлөлийн гишүүдийн олонх оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно” гэж тус тус заасан.
4.1.6. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар хуралдаанд Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч Ж.О, Монгол дахь Америкийн Худалдааны танхимын бодлогын асуудал эрхэлсэн захирал О.Адъяа нар оролцсон эсэхээс үл хамаарч Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 136 дугаар захирамжаар 17 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн 12 гишүүн хуралдаж гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр зөвлөмж хууль болон журамд заасан чиг үүргийнхээ дагуу гаргасан байх тул зөвлөмжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
4.2. “... хуульд өргөдлийг 30 хоногт багтаан шийдвэрлэх, шаардлагатай бол 30 хоногоор сунгах зохицуулалттай байхад хариуцагчаас хуульд заасан хугацааг хэтрүүлж хариу өгсөн байхад шүүхээс хуульд нийцнэ гэж тайлбарлаж байгаа нь хуулийг буруу хэрэглэж, буруу тайлбарласан” гэх гомдлын тухайд.
4.2.1. Нэхэмжлэгч А.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нар “Ж” ХХК-ийг төлөөлж 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн 2017 оны 01 дүгээр зөвлөмж”-ийг хүчингүй болгуулах, худал хариу өгсөн үйлдэлдээ уучлал гуйхыг шаардсан агуулга бүхий гомдол гаргасан байх ба хариуцагчаас гомдлыг шалгаж, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ХЭГ/2264 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн болох нь хэрэг авагдсан баримтаар тогтоогдож байна.
4.2.2. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтанд 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тус тус заасан.
4.2.3. Хариуцагч Засгийн газрын хэрэг эрхлэх газраас нэхэмжлэгч А.Эийн гомдлыг хүлээн аваад хариу өгөхдөө хуульд заасан хугацааг хэтрүүлж өгсөн болох нь тогтоогдож байх хэдий ч нэгэнт хариуг өгсөн байх тул эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй.
4.2.4. Түүнчлэн хариуцагчаас гомдлын хариуг хуулийн хугацаанд өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр зөвлөмжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.
Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0876 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ