Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/162

 

 

 

 

 

 

 

 

 

2021        05        18                                               2021/ШЦТ/162                           

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................. овогт Бид холбогдох 2121000000147 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ................... багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: -Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, -Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1-д зааснаар 5 жил, 124 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жил, 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд багтаан нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар, -Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 299 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ............... овогт Б. /РД: ................../

 

Шүүгдэгч Б нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бэрх” гэх газарт 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэн Б.Б-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

            Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 10 цагийн үед хөрш айл болох Б, ******* нарын гэрт очсон... Ном уншуулна, лам дуудсан гээд байж байсан. Тэгээд бид 3 дэлгүүр ороод, ном уншуулахад хэрэглэх идээ, будаа, бас 1 шил архи авсан. Лам ирэхийг хүлээх зуураа бид гурав архиа хувааж уугаад дуусгасан.  Тэгээд нэмж нэг шил архи авсан. Удалгүй Хишигт лам ирээд гэрийн хойморт суусан. Би тухайн үед архи уугаад согтсон байсан бөгөөд ламын хажууд суусан... Б ах намайг татаад босгохоор нь би ширээн дээр нь зассан байсан идээ, будааг нь чирэгдэж байхдаа унагаачихсан юм. Тэгсэн чинь Б ах уурлаад миний нүүр рүү гараараа нэг удаа цохиод гэрээсээ гаргасан ...” гэжээ. /хх-ийн 9/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 193 тоот дүгнэлтэд:                   

1. Б.Бийн биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, зүүн завьж, эрүүний зүүн тал, хүзүү, хэвлий, 2 талын гуя, зүүн шуу, зүүн алганы цус хуралт, доод уруулын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон  удаагийн үйлчлэлээр 2- хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 21-22/

 

Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Ингээд Хишигт лам номоо уншиж эхлэх үед Батчимэг гэрийн зүүн урд талд сандал дээр сууж байснаа ном уншиж байгаа Х ламтай зэрэгцээд  гэрийн хойморт гарч суусан. Би “ахын дүү наанаасаа холд” гэж гуйсан. Тэгээд холдохгүй байхаар нь сугадаад өргөсөн чинь  шууд л ширээн дээр  зассан идээ будааг тарааж асгасан. Энэ үед уур хүрээд би Батчимэгийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа алгадаад, гэрээсээ чирч гаргасан ...” гэжээ. /хх-ийн 30/

 

Дорнод аймгийн Цагдаагийн газарт хохирогчийн гаргасан өргөдөл /хх-ийн 06/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 36-42, 44-46, 58-60/

Бийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, эд хөрөнгөтэй эсэх талаарх улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 49-50/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Бид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тохиолдолд хамаарахгүй байх бөгөөд шүүгдэгч нь “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Бид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч  .................. овогт Б нь 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бэрх” гэх газар орших өөрийн гэртээ  Б.Бийг зодож, биед нь зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, зүүн завьж, эрүүний зүүн тал, хүзүү, хэвлий, 2 талын гуя, зүүн шуу, зүүн алганы цус хуралт, доод уруулын зулгаралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “... холдохгүй байхаар нь сугадаад өргөсөн чинь  шууд л ширээн дээр зассан идээ будааг тарааж асгасан. Энэ үед миний уур хүрээд Б.Б-ийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа алгадаад, гэрээсээ чирч гаргасан …” гэх мэдүүлэг, хохирогч Б.Бийн “...Би тухайн үед архи уугаад согтсон байсан бөгөөд ламын хажууд суусан... Б ах намайг татаад босгохоор нь би ширээн дээр нь зассан байсан идээ, будааг нь чирэгдэж байхдаа унагаачихсан юм. Тэгсэн чинь Б ах миний нүүр рүү гараараа нэг удаа цохиод гэрээсээ гаргасан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 193 тоот дүгнэлт зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Бийн үйлдлийн улмаас хохирогч Б.Бийн биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, зүүн завьж, эрүүний зүүн тал, хүзүү, хэвлий, 2 талын гуя, зүүн шуу, зүүн алганы цус хуралт, доод уруулын зулгаралт  буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын  30-ны өдрийн 193 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгч Бийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг нь харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ................ овогт Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ..................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

  

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.НАМУУНТУЯА